Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010007 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.Б, 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Angeis грүппийн жүжигчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, охин, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо,  Хангайн 64-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх товчооны зүүн талын замд 17-50 УНН улсын дугаартай Samsung SM-5 маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 9.2-д заасан “хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хашлага төмөр мөргөн замын хажуу руу онхолдож зорчигч С.Амарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “6 дугаар сарын 22-ны өдөр шөнө 22 цагийн үед явж байгаад гэрэлийн гялбаанд явж байгаад сандарсандаа зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би өөрийнхөө эзэмшлийн Samsung SM-5 маркийн 17-50 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон Төв аймгийн Баяндэлгэр сум орчихоод буцаад хот руу чиглэлтэй Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрхийн товчооны зүүн талын шунхлай клонкийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байтал өөдөөс дунд оврын машин ирсэн. Тэр машин их гэрэл дээрээ тавьчихсан явж байгаад зөрж өнгөрсөн, тэгэхэд миний нүд өөдөөс ирсэн машины гэрэлд гялбачихаар нь би машинаа зогсоолгүй машиныхаа хурдыг бага зэрэг хасаад зөрөхөд урдах зам юу ч харагдахгүй болчихсон. Тэр үед машины баруун талын урд, хойд дугуйнууд зорчих хэсгээс гарч шороон зам руу орчихсон. “... зүүн талаас нь дарж хувилаас нь гарчих байх гэж бодоод зүүн зүүн гар тал руугаа дартал хэтрээд эсрэг урсгал руу орчихоор нь сандарсандаа болиод баруун гар тал руугаа дараад гүүрний төмөр хашлагыг мөргөөд замаас гарч онхолдсон” гэсэн мэдүүлэг.

Хохирогч С.Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сум орчихоод буцаад Улаанбаатар хот руу чиглэлтэй Самсунг маркийн автомашиныг дүү А.Баттөр нь жолоодон би жолоочийн урд суудал дээр Баттөр аавынх нь таних залуу арын суудал дээр суугаад унтаад явж байсан, тэгээд юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь осол болчихсон машины хажууханд хэвтэж байсан..” гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Г.Жамъянцогзол мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...ослын улмаас Баянзүрх товчооны зүүн талын гүүрний төмөр турва хайсыг тэр чигээр нь унагааж гэмтээсэн  байсан. Үүнийг бид Ашит Билгүүн ХХК-ны үнэлгээний байгууллагаар үнэлгээг хийлгэсэн байгаа. Үнэлгээний тайланд 868.000 төгрөгийн хохирол учирсан байгаа..” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №8382 дугаартай дүгнэлт:

-“Амарын биед тархи доргилт, эгэм, өвчүү, цээжний баруун талын 2, 3, 4, 6-р хавирга, сээрний 6, 10-р нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн хугарал, цээж, хүзүү нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт баримтаар учирсан хохирлыг барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. А.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-г 450 нэгж буюу 450*1.000=450.000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын дотор төлөхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР