Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2024/00498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************* хүсэлттэй,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ********** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ********* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1991 оноос эцэг, эхийн хамт мал, маллаж байгаад тусдаа гарсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим жилийн мал тооллогын баримт байхгүй, зарим жил мал тоолоогүй байгаа тул шүүхээр шийдүүлэх шаардлагатай байна. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 07 дугаар сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл аав *******, ээж ************ нарын хамт, мөн 2006 оны 01 сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/2840 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/2839 дугаартай архивын лавлагаа

- Нас барсны бүртгэлийн лавлагаа/********/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******** 1991-2000 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 179 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ************** 2005-2009 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 492 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********* 2000 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Төрсний бүртгэлийн лавлагаа/********/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/********, ***********/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч *********** хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ********** нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. *********** нь 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 15-ны хүртэл, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Бугат сумын Гаханч багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********* мал маллаж байсан хугацаа 1991-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

- Нэхэмжлэгчийн эцэг ************ 1991-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 179 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Бугат сумын Гаханч багийн малчин, өрхийн тэргүүлэгч ************* мал маллаж байсан хугацаа 2005-2009 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

- Нэхэмжлэгч ************* 2005-2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 492 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Бугат сумын Гаханч багийн малчин, өрхийн тэргүүлэгч ************ мал маллаж байсан хугацаа 2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

- Нэхэмжлэгч ************* 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *********** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд *********** нь ********** өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Бугат сумын *********** дугаарт 1975 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ********** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанд ************ нь ********** өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Бугат сумын *********** дугаарт 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэжээ.

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/2840 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ************ настай, эхнэр ********* настай, хүү ********* настай, охин ********* настай, хүү ********* настай, хүү *********** настай, охин *********** настай нар нь Говь-Алтай аймгийн Бугат сумын хөдөөд оршин суудаг гэжээ.

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-08/2839 дугаартай архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ********* настай, эхнэр *********** настай нар нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн хөдөөд оршин суудаг гэжээ.

- Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас олгосон гэрлэлтийн гэрчилгээнд ******, ********* нар нь ******** өдөр гэр бүл болсныг 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгэжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******** нь 1993-1999 онуудад эцэг ************** өрхөд харьяалагдаж байсан мөн 2000, 2005-2009 онуудад мал маллаж байсан болох нь нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ************* 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 15-ны хүртэл, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Харин 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Бугат сумын Гаханч багийн малчин, өрхийн тэргүүлэгч ************ мал маллаж байсан хугацаа 1991-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон ба нэхэмжлэгч *********** эцэг ********** хамт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мал маллаж байсан гэж үнэлэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч ******** нь *********** өдөр төрсөн, ************ өдөр 18 нас хүрч, эрх зүйн бүрэн чадамжтай болж, бие даан эрх зүйн харилцаанд оролцож, хөдөлмөрлөх эрх үүссэн байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хууль/1963 он/-ийн 9 дүгээр зүйлд Иргэдийн эрх олох, үүрэг бий болох чадвар, тухайлбал үйл ажиллагаагаараа өөртөө иргэний эрх олж авах, үүрэг бий болгох чадвар 18 наснаас эхлэн бүрэн дүүрэн үүснэ гэжээ.

Ийм учраас Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүхээс нэхэмжлэгч ********** 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

8. Иймд ************* 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 15-ны хүртэл, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтээс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ************ 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 15-ны хүртэл, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлтээс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт мал маллаж байсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН