Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 17

 

                                                                                                                                                                                                                            

                                                           

                                                                                                                 

                                                                          

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ж.Т,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Г,

хохирогч Ц.Т-н өмгөөлөгч Ж.Энхтуяа,

хохирогч С.Д, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Ц.Ц, Боржигон овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн 201301010679 тоот дугаартай, 5 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ХХК-д ачигч машины жолооч ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамж 287 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... дугаарын регистртэй, Олхонууд овогт Ц.Ц.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамж 287 тоотод оршин суух,

ял шийтгэл; 2007 оны 4 дүгээр сарын 1З-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлсэнийг,

2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн 295 дугаартай магадлалаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 215 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 13.303.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, уг торгох ялаас 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 171 дугаартай захирамжаар чөлөөлсөн, ... дугаарын регистртэй, Боржигон овогт Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Д.Б-тай бүлэглэн:

1.1 2011 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70/2 байрны 01 тоот орон сууцийг иргэн Ц.Т-с 33,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 23,000,000 төгрөгийг “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр шилжүүлсний дараа банкнаас зээл аваад өгнө” хэмээн хуурч 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилан иргэн Ц.Т-д 40,071,000 төгрөгийн,

1.2 2011 оны 12 дугаар сард иргэн Э.А-с “хямдхан байр захиалж авч өгнө” хэмээн байрны урьдчилгаа нэрээр 2011 оны 12 дугаар сарын эхээр 4,000,000 төгрөг, 12 дугаар сарын сүүлээр 10,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сард 11,500,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сард “хийж буй бизнест мөнгө дутаад байна зээлээр өгөөч” хэмээн 2,800,000 төгрөг, дараа нь нэмж 1,000,000 төгрөг, мөн 2012 оны 12 дугаар сард “захиалгаар авч буй байрны нэр шилжүүлж өгье” хэмээн 4,100,000 төгрөг, нийт 33,400,000 төгрөгийг хуурч, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан,

1.3 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн Э.Г-н эзэмшлийн Санта Фэ маркийн автомашиныг “автомашин худалдах худалдан авах” гэрээгээр халхавчлан худалдан авах нэрээр хуурч залилан авч иргэн Э.Г-т 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4 2012 оны 3 дугаар сард Л.Х-с “бизнес хийх гэсэн мөнгө дутаад байна” хэмээн 10,000,000 төгрөгийг хуурч залилан авсан,

1.5 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Д-д “...” болон “...” ХХК-ийн хооронд хийсэн хамтран ажиллах гэрээг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж бизнесийн үйл ажиллагаа хамтран явуулж ашиг орлогоо хуваая” хэмээн хуурч 36,000,000 төгрөгийг залилан авсан,

1.6 мөн яллагдагч Ц.Ц нь ганцаараа 2011 оны 9 дүгээр сард иргэн Э.А-р дамжуулан М-с “цагдаагийн сургуульд эргүүлэн оруулж өгнө” хэмээн 3,000,000 төгрөгийг хуурч залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Б нь Ц.Ц-тай бүлэглэн:

1.1 2011 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70/2 байрны 01 тоот орон сууцийг иргэн Ц.Т-с 33,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 10,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 23,000,000 төгрөгийг “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр шилжүүлсний дараа банкнаас зээл аваад өгнө” хэмээн хуурч 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилан иргэн Ц.Т-д 40,071,000 төгрөгийн,

1.2 2011 оны 12 дугаар сард иргэн Э.А-с “хямдхан байр захиалж авч өгнө” хэмээн байрны урьдчилгаа нэрээр 2011 оны 12 дугаар сарын эхээр 4,000,000 төгрөг, 12 дугаар сарын сүүлээр 10,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сард 11,500,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сард “хийж буй бизнест мөнгө дутаад байна зээлээр өгөөч” хэмээн 2,800,000 төгрөг, дараа нь нэмж 1,000,000 төгрөг, мөн 2012 оны 12 дугаар сард “захиалгаар авч буй байрны нэр шилжүүлж өгье” хэмээн 4,100,000 төгрөг, нийт 33,400,000 төгрөгийг хуурч, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан,

1.3 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн Э.Г-н эзэмшлийн Санта Фэ маркийн автомашиныг “автомашин худалдах худалдан авах” гэрээгээр халхавчлан худалдан авах нэрээр хуурч залилан авч иргэн Э.Г-т 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4 2012 оны 3 дугаар сард Л.Х-с “бизнес хийх гэсэн мөнгө дутаад байна” хэмээн 10,000,000 төгрөгийг хуурч залилан авсан,

1.5 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Д-д “...” болон “...” ХХК-ийн хооронд хийсэн хамтран ажиллах гэрээг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж бизнесийн үйл ажиллагаа хамтран явуулж ашиг орлогоо хуваая” хэмээн хуурч 36,000,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. Цаашид хохирол төлбөр төлнө. Гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй гэв.

 

Хохирогч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би шүүгдэгч Ц-д 36.000.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг өгөхдөө  би 16.000.000, 20.000.000  төгрөгөөр нь 2 удаа хувааж данс руу нь шилжүүлсэн. Ц-д өгсөн 20.000.000 төгрөгийг нь би хүнээс зээлж өгсөн. 20.000.000 төгрөг зээлсэн хүндээ би буцааж төлөхдөө 26.000.000 төгрөг болгож өгсөн.  Тэгэхээр миний хохирол 42.000.000 төгрөг болоод байна. Би өөрт байсан Ланд крузер 80 авто машиныг 26.000.000 төгрөгөөр зараад мөнгө зээлж авсан хүнд өгсөн. Энэ талаар шүүгдэгч Ц мэдэж байгаа. Би тухайн үед Ц-д  20.000.000 төгрөг хүнээс зээлээд өгч байгаа талаараа хэлж байсан. Иймд надад учирсан бодит хохирол 42.000.000 төгрөг болсон. Үүнд 36.000.000 төгрөг надаас зээлэхэд тохирсон хүүний мөнгө  ороогүй гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хавтас 177/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтас 175/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтас 176/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /2-р хавтас 10/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтас 13/,

шүүгдэгч Ц.Ц-н сэтгэцийн талаарх Шүүх сэтгэц гэм судлалын “…Ц.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Ц нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хариуцах чадвартай байсан байна. Ц.Ц нь хэрэг хариуцах чадвартай гэсэн 125 тоот магадлагаа /1-р хавтас 134/,

 

Шүүгдэгч Д.Б-н хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хавтас 180/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтас 178/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хавтас 179/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /2-р хавтас 11/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтас 12/

Шүүгдэгч Д.Б-н сэтгэцийн талаарх Шүүх сэтгэц гэм судлалын “…Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б нь хэрэгт холбогдох үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан. Д.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн 141 тоот магадлагаа /1-р хавтас 136/

 

Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол /1-р хавтас 183-186/,

Нийслэлийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаартай магадлал /2-р хавтас 228-229/,

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай “Торгох ялаас чөлөөлөх тухай” захирамж /2-р хавтас 90/

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

шүүгдэгч Ц.Ц-г ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 6 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Б-г бусадтай бүлэглэж нийт 5 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрчүүдийн мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар “Залилах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол бусдад учруулсан нь, тухайлбал;

 

1-рт; шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар бүлэглэж, 2011 оны 2 дугаар сарын  5-ны өдөр иргэн Ц.Т-н өмчлөлийн, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах, ... дугаарын гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ХД-70/2 дугаар байрны 0-1 тоот, 2 өрөө орон сууцыг түүнээс 33.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа 10.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 23.000.000 төгрөгийг “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрийн нэр дээр шилжсэний дараа банкнаас зээл аваад өгнө” хэмээн төөрөгдүүлэн 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” хийж Ц.Ц нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн, өмчлөх эрхийг хууль бусаар олж аван, улмаар бусдад барьцаалан зарж үрэгдүүлэн хохирогч Ц.Т-г залилан түүнд их хэмжээний хохирол учруулсан болох нь

хохирогч Ц.Т- “... би Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, 70/2 дугаар байрны 1 тоотод амьдардаг ба уг байраа зарах гэж 2011 онд зар мэдээ сонинд зар өгсөн. Зарын дагуу Ц, Б гэж хоёр хүн хоёулаа ирээд манай байрыг дахин дахин ирж үзээд авахаар ярилцаж тохиролцон бэлэн 10 сая төгрөг байна, үлдэгдэл мөнгөө байрыг чинь банкны зээлэнд тавиад өгье, мөнгө өгсөн үед та байраа суллаж өгөөрэй гэсэн юм. Тэгээд ТБД-Андууд дэлгүүрийн зүүн талд байдаг нотариатаар батлуулан гэрээ хийж, байрны гэрчилгээ заавал миний нэр дээр байхгүй бол болохгүй гэж Ц нь хэлээд Ц-ны нэр дээр байраа шилжүүлээд үлдэгдэл төлбөрөө банкнаас зээл авсан хойно өгч барагдуулахаар хэлцэл хийсэн. Тэр өдөртөө нотариатаар батлуулан байраа шилжүүлээд явсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа чиний мөнгийг өгчихнө, зээл бүтэх гэж байгаа, санаа зоволтгүй гэж хэлээд байнгын холбоотой яваад байдаг байсан. Холбоо барихгүй алга болоод л, байрныхаа гэрчилгээг авъя, бүтэхгүй юм байна гэхээр өө жаахан хүлээчих, зээл бүтэх гэж байна гээд яваад байдаг байсан. Би байрандаа байсан болохоор нэг их санаа зовдоггүй байсан юм.

2012 оны 10 дугаар сарын 14-нд шиг санаж байна, би хөдөө Хэнтий аймагт явж байхад над руу Б утсаар яриад чи хаана байгаа юм бэ, банкнаас зээл авах гэсэн чинь байрыг чинь үзье гээд байна гэхээр нь би Хэнтий аймагт явж байна, орой хот руу орох байх гэж хэлээд орой 21 цагийн үед хот руу орж ирэхэд Б, Ц хоёр, бас хоёр залуугийн хамт хүлээж байсан. Тэр хоёр залууд манай байрыг үзүүлээд нэг их юм яриагүй гараад явсан. Зээл бүтэх гэж байна гэж хэлж явсаар өдийг хүрсэн.

2013 оны 4 дүгээр сарын 8-ны орой манай гэрт 3 залуу ирээд энэ байрыг би Ц гэж хүнээс худалдаж авсан, одоо байраа суллаж өг гэхээр нь би Ц, Б хоёроос авлагатай, 5 дугаар сарын 30 хүртэл гарахгүй гэтэл тэгвэл чи түрээсийн мөнгө өгөөд суу гэж хэлсэн. Би Б руу залгасан чинь утсаа авахаар нь ийм хүмүүс ирээд байна, энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь харин тиймээ би учрыг нь олж өгнө, хүлээж бай гэж хэлээд утсаа тасдаад утас нь холбогдох боломжгүй болсон. Би Б, Ц нарын Хөгжил хотхонд байдаг гэрт очиход нэг эгч, эмээ хоёр байж байхаар нь асуухад “тэр хоёрыг цагдаад шалгагдаж байгаад хоригдсон” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан.

Бензиний наймаа хийдэг гэж хэлж, мөнгө хэрэг болоод байна гэж үлдэгдэл 23.000.000 төгрөгтэйгөө буцааж өгье гэж хэлээд надаас 7.000.000 төгрөг буцааж авсан. Энэ мөнгө төгрөг яахав байраа буцааж авмаар байна” /1-р хавтас 1-8, 9/,

“... би Ц, Б нараас өөрийнхөө эзэмшлийн байрыг нэхэмжилж байна. Байр одоог хүртэл миний нэр дээр битүүмжлэлтэй байгаа. Манай байр тухайн үеийнхээ ханшаар л Ц-д зарагдсан. Би зарахдаа үнэлгээгээ 33.000.000 төгрөг гэсэн байсан. Яг ямар үнэлгээгээр М нь А-с 70.000.000 төгрөгөөр худалдаж авсан гээд байгааг би гайхаж байна. Шүүх хурал дээр А, М нар өөрсдийгөө таньдаггүй хүмүүс гээд байсан мөртлөө манайд ирээд намайг хөөхдөө байнга л цугтаа яваад, байрнаас гар гээд дарамтлаад байдаг байсан шүү дээ. Би Ц, Б нарт 7.000.000 төгрөгийг нь эргүүлж өгөөд өөрийн байрыг буцааж авах хүсэлтэй байна” /3-р хавтас 169/ гэсэн мэдүүлгээр,

 

2-рт; шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар бүлэглэж, 2011 оны 12 дугаар сард иргэн Э.А-с “хямдхан байр захиалж авч өгнө” гэж байрны урьдчилгаа нэрээр 2011 оны 12 дугаар сарын эхээр 4.000.000 төгрөг, 12 дугаар сарын сүүлчээр 10.000.000 төгрөг, 2012 оны 7 дугаар сард 11.500.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сард “хийж буй бизнест мөнгө дутаад байна, зээлээр өгөөч” гэж 2.800.000 төгрөг, дараа нь нэмж 1.000.000 төгрөг, мөн 2012 оны 12 дугаар сард “захиалгаар авч буй байрны нэр шилжүүлж өгье” гэж 4.100.000 төгрөг нийт 33.400.000 төгрөг залилан авч хохирогч Э.А-д их хэмжээний хохирол учруулсан болох нь

хохирогч Э.А-н “… 2011 оноос эхлэн Б хааяа утсаар яриад ойр зуурын юм асуугаад, одоо хаана амьдарч байна гэхээр нь би өөрийн гэсэн байргүй байгаа гэсэн чинь Б “... Хурд хороололд шинээр байрны захиалга авч байгаа, манай дүү тэнд амьдардаг, надад таньдаг хүн байгаа, 10 хувийг нь өгчих юм бол тэнд ажилладаг ажилтных нь нэр дээр хямдхан нэг өрөө байр 1 м.кв нь 1.300.000 төгрөг болох юм байна” гэж хэлээд 2011 оны 12 дугаар сард Хурд хорооллын Рапид харш нэртэй танилцуулга авч ирж үзүүлсэн. Тэгээд мөнгөө бэлнээр өгчих, миний таньдаг хүний нэр дээр тушаах болохоор нийт 30 хувийг төлсний дараа би чамд баримтуудаа авч ирж өгье гэж хэлээд надад 10 хувийг өгч болно гэхээр нь боломжийн санагдаад 2011 оны 12 дугаар сарын эхээр 4.000.000 төгрөгөө бэлнээр нь өгсөн. Дараа нь 12 дугаар сарын сүүлээр 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би 30 хувийг нь өгсөн болохоор 2012 оны 7 дугаар сар хүртэл мөнгө нэхээгүй ба 7 дугаар сарын дундуур ирээд байрны чинь хүн мөнгөө нэхээд байна, нэг мөр 2 өрөө байр захиалчих гээд байна, зөрүү гээд 20.000.000 төгрөг өгчих гээд манай дүү Г-т тухайн үед Б 8.500.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд Б би дүүд чинь 8.500.000 төгрөгийн өртэй юм чинь 20.000.000 төгрөгнөөсөө хасаад үлдсэнийг нь өгчих гээд 11.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Ерөнхийдөө 20.000.000 төгрөг өгсөний дараа 2012 оны 7 дугаар сарын сүүлчээр Хурд хороололд таньдаг хүнд маань бэлэн байр байна, ирээд амьдарч байгаад бэлэн мөнгөө өгчих гэж хэлэхээр нүүж орсон. Нүүж ороод 1 сар болсны дараа гэнэт хүн ирээд “та нар юун хүмүүс вэ, энэ манай байр ш дээ, бид нар энэ байраа зарна гээд зар өгөөд Б гэж эмэгтэй ирээд дүүдээ авахаар болоод урьдчилгаа 6.000.000 төгрөг надад өгөөд үлдсэн мөнгийг нь манай дүү АНУ-аас явуулж өгнө гэж хэлсэн ш дээ” гэж хэлээд тэр хүмүүс өөрийн байрны ордероо үзүүлээд яваад өгөхөөр нь бид нар 2012 оны 8 дугаар сарын сүүлчээр байрнаасаа гарахаар болсон. Гэтэл Б бид нарт “энэ байр жаахан асуудалтай болчихлоо, та нар хэд хоног гадуур байж бай” гээд түлхүүр аваад явсан. 3-4 хоногийн дараа Б манай гэрийн тавилгыг бүгдийг нь зөөгөөд тэр үед уг байрны 4-р орцонд Б амьдарч байсан байр руугаа зөөгөөд оруулсан байсан. Тэр байраа өөрөө ярихдаа манай худалдаж авах гэж байгаа байр гэж хэлж байсан. Бид нар 1 сар шахуу гадуур явсаар, 2012 оны 10 дугаар сарын эхээр Хурд хороололд бас өөр 2 өрөө байранд оруулаад “энэ байрныхаа учрыг олтол энд түр амьдарч бай” гэж хэлсэн.

Бид нарыг 2012 оны 8 дугаар сарын сүүлчээр байрнаас гарахад Б бизнес хийж байгаа, мөнгө дутаад байна гэж хэлээд надаас 2.800.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд 2012 оны 8 дугаарын сарын сүүлчээр байрнаас гарах жинхэнэ эздүүдийг худлаа яриад надаас байрыг авах гээд байна, өмгөөлөгч авах хэрэгтэй байна гээд дахин 1.000.000 төгрөг бэлнээр авсан.

2012 оны 12 дугаар сард бид нар сүүлчийн түрээсийн байранд амьдарч байхад Б утсаар яриад “одоо яг байрны чинь нэрийг шилжүүлэх гэж байна 4.260.000 төгрөг өг, Бгэх хүний 5028431826 данс руу хийчих” гэхээр нь би 4.100.000 төгрөгийг 2 өөр хүнээс зээлж аваад хэлсэн данс руу нь шилжүүлсэн.

Үүнээс хойш одоо юу болж байна, байр яасан бэ гэсэн чинь “одоохон орлоо, гэрээ нь гээд өөр хүний нэртэй орон сууц захиалан бариулах гэрээ авч ирж үзүүлээд удахгүй чамайг дуудаад нэрийг чинь шилжүүлчихнэ, тэр хүн нь байр авч өгч байгаа хүний дүү нь” гэж хэлсэн ба Б-н нөхөр Ц манай дүүгийн найзыг нь сургуульд оруулж өгнө гэж 3.000.000 төгрөг аваад сургуульд ч оруулсан юмгүй дээрээс нь би өөрөө Ц-тай танилцуулсан болохоор санаа зовоод би өмнөөс нь 3.000.000 төгрөг дүүгийнхээ найзад өгсөн. Тэгээд үүнээс хойш холбоо бариад байгаа боловч өнөө маргаашгүй гээд худлаа хэлээд байхаар нь 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хурд хорооллын оффис дээр очиж шалгуулахад надад өгсөн гэрээн дээр байсан хүний нэрээр байхгүй, харин уг гэрээ өөр хүний нэр дээр шилжсэн байсан. Ингээд Б худлаа хэлснийг мэдээд цагдаад хандсан. Байранд оруулна гэж худлаа хэлж залилсанд гомдолтой байна.

Мөнгө авахдаа байрны захиалга гээд худлаа хэлээд аваад байсан бөгөөд 2011 оны 12 дугаар сард 14.000.000 төгрөг бэлнээр, 2012 оны 7 дугаар сард 11.500.000 төгрөг бэлнээр, манай дүү Г-с 8.500.000 төгрөгөөр бодож машин авсан, 2012 оны 8 дугаар сард 3.800.000 төгрөг бэлнээр, 2012 оны 12 дугаар сард 4.100.000 төгрөг дансаар өгсөн, нөхөр Ц нь сургуульд оруулж өгнө гээд худлаа хэлж авсан 3.000.000 төгрөгийг би өмнөөс төлсөн ба надаас нийт 44.900.000 төгрөгийг залилан мэхэлж аваад байна.

Ерөнхийдөө худлаа хэлээд надаас мөнгө авах бүрдээ гэрээ хийхгүй байж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би өөрөө Б-с шаардаад “мөнгө хүлээлцсэн хэлцэл” хийж нотариатаар батлуулаад надаас 34.000.000 төгрөг авсан гэсэн баримт гаргуулсан. Нөхөр Ц нь манай дүүгийн найз М-с 3.000.000 төгрөг авсан нь үнэн гэсэн гарыг үсэгтэй баримт хийлгэж авсан. Ингээд нийт 44.900.000 төгрөгнөөс дээрх 37.000.000 төгрөгийг 10.000 төгрөгийн 4.100.000 төгрөг нь миний хоёр танилаас Г.Б гэх хүний данс руу шилжсэн, үүнээс 3.800.000 төгрөг нь надаас бэлнээр авсан өөр зүйл ярьж авсан болохоор 2012 оны 11 дүгээр сарын 30-нд хийсэн гэрээндээ тусгалгүй хасаж бодоод 34.000.000 төгрөг гэж хийсэн.

Байранд оруулна гэж худлаа хэлж залилсанд гомдолтой байна, надаас залилан мэхэлж авсан нийт 44.900.000 төгрөгөө нэхэмжилнэ. Том охин нь одоо Хууль сахиулахын их сургуулийн Хилийн албаны 4-р дамжааны оюутан бөгөөд удахгүй гадагшаа сургуульд явж магадгүй гэж бодож байна. Учир нь найз залуу нь Америкт суралцдаг юм байна лээ. Надаас авсан мөнгөө охиндоо зарцуулаад байгаа юм шиг байна лээ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” /1-р хавтас 76-79/,

“... би анх Ц, Б нараас надаас болон миний дүү Г-с авсан нийт  44.900.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэтэл миний төрсөн дүү Э.Г-г 8.500.000 төгрөгөө өөрөө нэхэмжлэн эрүүгийн 201301010679 тоот хэрэгт хохирогчоор тогтоогдон байцаалт өгсөн тул миний анх нэхэмжилж байсан 44.900.000 төгрөгнөөс Г-н 8.500.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй” /3-р хавтас 168/ гэсэн мэдүүлгээр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г-н “... би А-н төрсөн дүү нь. Уг байрыг бол ер нь миний нэр дээр авах зорилготой А эгч бид нар ярилцан хөөцөлдөж эхэлсэн юм. Цувуулж увуулаад зөндөө л мөнгө авсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” /1-р хавтас 80-82/ гэсэн мэдүүлгээр,

 

3-рт; шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар бүлэглэж, 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн Э.Г-н эзэмшлийн Санта Фи маркийн автомашиныг “автомашин худалдах, худалдан авах” гэрээгээр халхавчлан залилан хохирогч Э.Г-т 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Э.Г-н “… Солонгосоос миний ачуулсан Санта Фи маркийн бор шаргал өнгийн суудлын автомашин 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ирээд түүнийгээ хашаанд тавьсан байсан. Тэгээд урьдны танил Ц ахад машин ирсэн шүү, авах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. 2012 оны 3 дугаар сарын 20-дын үеэр Ц манайд ирээд машин үзэж яваад 2 хоногийн дараа буцаж ирээд хүнд үзүүлье гээд миний машиныг аваад явсан. Тэр өдрийн орой нь яриад чиний машиныг бид нар өөрсдөө авахаар боллоо гэж хэлээд маргааш нь уулзаад “Худалдах, худалдан авах” гэрээг Саппоро-гийн нотариатын газар хийгээд 1 хувийг нь үлдээгээд, нэгийг нь эхнэр Байгалмаа нь өөрөө аваад, би машинаа 8.500.000 төгрөгөнд зараад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд аваад явсан.

Машиныхаа мөнгийг авъя гэхээр удахгүй өгнө, чиний машиныг өөр хүнд зарсан, мөнгийг нь шатахууны бизнест оруулчихсан, удахгүй мөнгийг нь авна, байж бай гэсээр 1 сар гаруй ийм зүйл ярьж яваад, өгөхгүй болохоор нь сүүлдээ цагдаад хандсан.

Ц, Б нар манай эгчид байр захиалж өгнө гэж мөнгө аваад байдаг байсан бөгөөд эгч надад хугацаа боллоо гэнэ гээд эгч өөрөөсөө 11.500.000 төгрөг өгөөд дээрээс нь миний машины мөнгийг оруулаад нийт 20.000.000 төгрөг болгоод өгсөн болоод би өргөдлөө авсан. Тэгээд сүүлдээ байр ч үгүй, машин ч үгүй болоод Ц эхнэр Б-н хамт худлаа ярьж бид нарыг залилаад байгааг мэдээд цагдаад хандсан” /1-р хавтас 45-46, 83-85/ гэсэн мэдүүлгээр,

 

4-рт; шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар бүлэглэж, 2012 оны 3 дугаар сард иргэн Л.Х-с “бизнес хийхэд мөнгө дутаад байна” гэж 10.000.000 төгрөгийг залилан мэхлэн авч, хохирогч Л.Х-т 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Л.Х-н “... Би болсон асуудлын талаар өмнөх гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн байцаалт дээрээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Өөрийн хүргэн ах Ц, эгч Б нарт 2012 оны 3 дугаар сард 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед бид нар хамт тэднийд амьдардаг байсан юм. Надаас мөнгө авахад ах, эгч хоёр хоёулаа байсан.

Ах, эгч хоёрыг цагдаад шалгагдаж байгаа болохоор би нэг их мөнгө төгрөгөө нэхээд байдаггүй юм. Миний мөнгийг өгөхөөс илүү Д-н мөнгийг өгөөдөх, намайг энэ балай хэргээсээ салгаадах гээд ах эгч хоёрт байнга л хэлээд байгаа. Уг нь би энэ хэрэгт ямар нэг байдлаар оролцоод бусдыг залилан мэхлээд байсан зүйл байхгүй, ах эгч хоёр ч гэсэн өөрсдийнхөө байцаалт дээр намайг энэ хэрэгт хамааралгүй талаар мэдүүлсэн. Мөн шүүхийн шатанд ч мэдүүлсээр л байдаг. Гэтэл намайг энэ хэрэгт яагаад хамаатай болгоод сэжигтэн, яллагдагчаар байцаагаад байгаад гайхаж байна.

Би үндсэн зээлүүлсэн 10.000.000 төгрөгөө л нэхэмжилж байна. Надад зарсан гэх /Г-н/ Санта Фи маркийн машины барьцааны үнэ болох 3.900.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар шийдсэн. Би болсон асуудлын талаар өмнөх байцаалтууд дээрээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа тул нэмж хэлэх зүйл байхгүй” /3-р хавтас 166/ гэсэн мэдүүлгээр,

 

5-рт; шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар бүлэглэж, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Д-д “...” ХХК “....” ХХК-ний хооронд хийсэн Хамтран ажиллах гэрээ үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж “бизнесийн үйл ажиллагаа хамтран явуулж ашиг орлогоо хуваая” гэж худал хэлж түүнээс 36.000.000 төгрөгийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан болох нь

хохирогч С.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн

“... 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би шүүгдэгч Ц-д 36.000.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг өгөхдөө  би 16.000.000, 20.000.000  төгрөгөөр нь 2 удаа хувааж данс руу нь шилжүүлсэн. Ц-д өгсөн 20.000.000 төгрөгийг нь би хүнээс зээлж өгсөн. 20.000.000 төгрөг зээлсэн хүндээ би буцааж төлөхдөө 26.000.000 төгрөг болгож өгсөн. Тэгэхээр миний хохирол 42.000.000 төгрөг болоод байна. Би өөрт байсан Ланд крузер 80 авто машиныг 26.000.000 төгрөгөөр зараад мөнгө зээлж авсан хүнд өгсөн. Энэ талаар шүүгдэгч Ц мэдэж байгаа. Би тухайн үед Ц-д  20.000.000 төгрөг хүнээс зээлээд өгч байгаа талаараа хэлж байсан. Иймд надад учирсан бодит хохирол 42.000.000 төгрөг болсон. Үүнд 36.000.000 төгрөг надаас зээлэхэд тохирсон хүүний мөнгө  ороогүй ...”

 

 “... 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б гэгч над руу Скайтелийн дугаартай утсаар залгаж “би Х-н эгч байна, нөгөө түлш өнөө маргаашгүй орж ирэх гэж байна, даруйхан мөнгө хэрэгтэй байна, надад 36.000.000 төгрөг байна, нэг воган нь 72.000.000 төгрөг болдог, чи 36.000.000 төгрөг олоод ир, 14 хоногийн дотор мөнгө нь буцаад гараад ирдэг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 32-н тойргийн хажууд байдаг Сансар худалдааны төвийн гадаа машин дотор уулзахад Б, Х, Ц гурав байсан. Албан ёсны гэрээ байгаа юм уу гэж би хэлэхэд байгаа, маргааш үзүүлье гээд маргааш нь буюу 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нотариатын газар уулзаж, надад 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ... ХХК, ... ХХК-н Худалдах, худалдан авах гэрээ үзүүлсэн. Гэрээг нь хараад би итгэж улмаар Сүхбаатар дүүргийн 6 буудал дээр байдаг нотариатиар гэрээ байгуулаад ХААН банкнаас мөнгөө авч өгөх гэтэл хүн ихтэй байсан учраас хорооллын Өргөө кинотеатрын эсрэг талд буюу урд нь байрладаг ХААН банкны 5042204828 данснаасаа 36.000.000 төгрөг Ц-ны 5029520715 данс руу 20 сая болон 16 сая төгрөгөөр салган шилжүүлсэн. Үүнээс хойш түлш орж ирээгүй, заримдаа бол утсаа авахгүй өнөөдрийг хүртэл ямар ч хариу байхгүй, дээр нь утасны дугаар нь солигдсон. ... Тухайн үед би 20 сая төгрөгийг найз М-саа зээлээд, мөнгөө буцааж өгөхдөө би өөрт байсан Ландкруйзер 80 машинаа зараад хүүтэй нь бодож 26 сая төгрөг болгож өгсөн. Ингээд өнөөдрийн байдлаар жилийн хугцаанд 42 сая төгрөгний бодит хохирол учраад байна ...” гэсэн мэдүүлгээр,

 

6-рт; шүүгдэгч Ц.Ц ганцаараа, 2011 оны 9 дүгээр сард иргэн Э.А-р дамжуулан хохирогч Н.М-с “цагдаагийн сургуульд эргүүлэн оруулж өгнө” гэж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.М-ны “... сургуульдаа буцаж орох гээд Гансүхийн эгч А-д бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Асуудал хойшлоод байхаар нь манай ээж Д Г-н эгч А-н ажил дээр нь очоод 3.000.000 төгрөгөө бэлнээр буцаан авсан байсан. Заримыг нь санахгүй байна, гэрчээр өгсөн байцаалт дээрээ дэлгэрэнгүй үнэн зөв мэдүүлсэн байгаа. Миний хувьд энэ хэрэгт хохирсон зүйл байхгүй, санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй. Мөнгөө бэлнээр буцаагаад авсан тул хохирогчоор тогтоолгон байцаалт өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Би Б, Ц нарыг сайн танихгүй, мөнгө төгрөгөө авах гээд нэг удаа уулзаж байсан” /3-р хавтас 164/ гэсэн мэдүүлгээр,

Н.М-ны гэрчээр мэдүүлсэн “... 2008 онд анх Цагдаагийн академи байх үед элсэж, үндсэн ангийн 3 дугаар дамжааны сонсогчоор суралцаж байгаад 2011 оны 5 сард сургуулиасаа хасагдаад эргэж сургуульдаа орох гэж хөөцөлдөөд таньдаг хүн хайсан. Тэгэхэд манай нэг найз Ц гэж ах байгаа, тэр хүнд таньдаг хүн байна, чамайг эргүүлээд сургуульд оруулаад өгье гэсэн бөгөөд манай найзын эгч А Ц гэх хүнийг сайн таньдаг, сургуульд оруулж чадах хүн гэж хэлээд 2011 оны 9 дүгээр сард А-д 3.000.000 төгрөгийг хорооллын гэрэл зургийн студи дээр очоод өгсөн. Үүнээс хойш ярьсаар яваад сүүл рүүгээ худлаа яриад сургуульд оруулах асуудал бүтэхээ болиод 9 дүгээр сард Ц гэх хүн рүү утсаар яриад Их дэлгүүрийн гадаа сургуульд оруулах асуудал юу болж байна гэж асуухад Ц гэх ах бүтэж байгаа, ах нь бичиг баримтыг нь хөөцөлдөж байгаа, болохоор нь ах нь хэлье гэж хэлээд явсан. Түүнээс хойш ерөөсөө сургуульд ороогүй. Манай ээж манай найзын эгч А дээр 2012 оны 12 дугаар сарын 20-дын үед хороололд очоод 3.000.000 төгрөг авсан байсан. Тэгээд саяхан над руу А-н дүү Гутсаар яриад бид нар цагдаад Ц-ыг өгсөн байгаа гэж хэлсэн” /1-р хавтас 87-88/ гэсэн мэдүүлгээр,

Э.А-н гэрчээр мэдүүлсэн “... Б-н нөхөр Ц манай дүүгийн найзыг нь сургуульд оруулж өгнө гэж 3.000.000 төгрөг аваад сургуульд ч оруулсан юмгүй дээрээс нь би өөрөө Ц-тай танилцуулсан болохоор санаа зовоод би өмнөөс нь 3.000.000 төгрөг дүүгийнхээ найзад өгсөн” /1-р хавтас 76-79/ гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ нэр бүхий хохирогчдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг олж авахын тулд өөрсдийн ... үг, үйлдлээрээ бодит байдлыг гуйвуулан ойлгуулж тэдгээрийг /эзэмшигч, өмчлөгчийг/ төөрөгдүүлдэг,

... баталгаатай, албан ёсны /хуулийн дагуу/ мэт харагдуулахын тулд Иргэний эрх зүйн гэрээгээр халхавчилж, улмаар уг гэрээгээ нотариатчаар баталгаажуулдаг,

... ашиг хүртээхийг амлах буюу наймаа хийгээд олсон мөнгөө хувааж авна гэх залилах аргаар үйлддэг байжээ.

 

жишээ нь: хохирогч Ц.Т-н орон сууцыг залилан мэхлэж авахын тулд шүүгдэгч Ц.Ц нь түүнтэй 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” болон “Хэлцэл” хийсэн /1-р хавтас 14, 15/,

хохирогч С.Д-н 36.0 сая төгрөгийг залилан мэхлэж авахын тулд шүүгдэгч Ц.Ц нь түүнтэй 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ” болон “Хэлцэл” /1-р хавтас 50, 52, 53/ хийж, улмаар түүнийг залилан мэхлэх явцдаа итгэл үнэмшил төрүүлэхийн тулд “...” ХХК “...” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх “Худалдах, худалдан авах гэрээ” буюу хуурамч гэрээг үзүүлсэн. /1-р хавтас 55-57/

хохирогч С.Д-ыг залилан мэхлэх цаг хугацаанд шүүгдэгч Д.Б, Ц.Ц нар нь дүү Л.Х-саа “наймаа хийнэ” гэж 10.0 сая төгрөгийг нь мөн авсан байна. Энэ үйлдлийг залилан биш гэж үгүйсгэх аргагүй юм. Учир нь; Л.Х гэгч анх гэрчээр мэдүүлэхээс эхлээд л “... 10.0 сая төгрөгийг ах, эгч хоёр надаас наймаа хийнэ гэж авсан” гэж мэдүүлж байсан.

хохирогч Э.А-г залилан мэхлэж эд хөрөнгийг /мөнгийг нь/ авахын тулд шүүгдэгч Д.Б нь түүнийг үг, үйлдлээрээ төөрөгдүүлэхийн зэрэгцээ “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх хуурамч гэрээ үзүүлэхийн зэрэгцээ /1-р хавтас 89/, Э.А-тай “Мөнгө хүлээлцсэн хэлцэл” хийж байсан /1-р хавтас 95/

ингэж хохирогч Э.А-ыг залилан мэхлэх явцдаа түүний төрсөн дүү болох хохирогч Э.Г-н итгэлийг олж, улмаар түүний эзэмшлийн Санта фи маркийн, 8.5 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг шүүгдэгч Ц.Ц “зарахаар бусдад үзүүлье” хэмээн авч явсныг нь, түүний эхнэр буюу шүүгдэгч Д.Б нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. /1-р хавтас 86/

Мөн хохирогч Э.А-д итгэл төрүүлэн түүнийг залилан мэхлэж байх явцдаа “... цагдаагийн сургуульд нь буцааж оруулж өгнө” хэмээн Э.А-р дамжуулан шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Н.М-ны 3.0 сая төгрөгийг залилан авсан. /1-р хавтас 87-88/ зэрэг болно.

 

Иргэний эрх зүйн гэрээгээр “халхавчлан” хийгдсэн гэрээнүүдээс үзвэл гэрээний нэг талд Ц.Ц, Д.Б нарын аль нэг нь л гарын үсгээ зурж гэрээний харилцаанд орж байсан мэт,

эсхүл бусдаас эд хөрөнгийг /мөнгийг нь, машиныг нь/ авахдаа идэвхитэй үйлдэл гаргаж байсан этгээд нь л зөвхөн залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн мэт,

өөрөөр хэлбэл дээрх байдлаараа Ц.Ц, Д.Б нар “бүлэглэж” гэмт хэрэг үйлдээгүй мэт харагдах боловч тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, хамтарсан байх бөгөөд тэдгээрийн үйлдлээс нэгийг нөгөөгөөс нь салгах ямар ч боломжгүй юм.

Тухайлбал, бусдыг хуурч мэхлэн эд хөрөнгийг нь авахын тулд хэн нэг нь голлон оролцож ямар нэгэн эрх зүйн үр дагавартай мэтээр “хуурамч Гэрээ” хийдэг, нөгөөдөх нь үг, үйлдлээрээ бодит байдлыг гуйвуулан ойлгуулж хохирогчийг төөрөгдүүлдэг байжээ.

 

Мөн шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь зүйтэй.

 

Иймд ...овогт Ц.Ц, .... овогт Д.Б нарыг бүлэглэж залилах гэмт хэргийг хуурч мэхлэх аргаар үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Ц, Д.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заажээ. Энэ төрлийн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлээр Ц.Ц, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Ц. Д.Б нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий хохирогч нарт тухайлбал;

 

Ц.Ц-с нийт 31.750.000 /хучин нэгэн сая долоон зуун тавин мянга / төгрөг гаргуулж,

Хохирогч С.Д-д 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг,

Хохирогч Э.Г-т 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,

Хохирогч Э.Г буюу Э.А-д 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Л.Х-т 5.000.000 /таван сая/ төгрөг,

 

Д.Б-с нийт 31.750.000 /хучин нэгэн сая долоон зуун тавин мянга / төгрөг гаргуулж,

Хохирогч С.Д-д 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг,

Хохирогч Э.Г-т 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,

Хохирогч Э.Г- буюу Э.А-д 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Л.Х-т 5.000.000 /таван сая/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.Т-н өмчлөлийн, ... дугаарын гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, ХД-70/2 дугаар байрны 0-1 тоот, 2 өрөө орон сууцыг түүнд буцаан олгох, дээрх Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгав.

 

Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ц.Т мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн тул хохирогч Ц.Т-с 7.000.000 төгрөг буцаан гаргуулж шүүгдэгч Ц.Ц-д 3.500.000 төгрөг, шүүгдэгч Д.Б-д 3.500.000 төгрөг тус тус олгож, уг мөнгийг тэдгээрийн бусдад төлөх төлбөрт тооцон, нэр бүхий хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Ц, Д.Б нар санаа зорилгоо нэгтгэн бүлэглэж хохирогч Ц.Т-н өмчлөлийн орон сууцыг “Бэлэглэлийн гэрээ”-ээр халхавчлан Ц.Ц өөрийнхөө нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авчээ.

 

Харин Ц.Ц-с Л.А-т, Л.А-с М.М-д дээрх орон сууцны гэрчилгээ шилжсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог боловч иргэн Л.А М.М нарын хооронд “Бэлэглэлийн гэрээ” хийгджээ. /2-р хавтас 83/

“... 2 хувийн татвар төлөхөөс зайлсхийж Л.А-тай Бэлэглэлийн гэрээ хийсэн” гэж М.М мэдүүлсэн байх тул тэдгээр нь эхний ээлжинд энэ асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Учир нь, талуудын хүсэл зоригийн үүднээс хийгдсэн гэх Иргэний эрх зүйн маргааныг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд М.М-н иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Ц, Б.Б нарыг бүлэглэн “... 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Д-д “...” болон “...” ХХК-ийн хооронд хийсэн хамтран ажиллах гэрээг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж бизнесийн үйл ажиллагаа хамтран явуулж ашиг орлогоо хуваая” хэмээн хуурч 36,000,000 төгрөгийг залилан авсан..” гэх 2012 оны үйлдлийг 2013 гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа байсан талаар улсын яллагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч 2012 гэж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц 82 хоног, шүүгдэгч Д.Б 98 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ... овогт Ц.Ц, ... овогт Д.Б нарыг бүлэглэн хуурч, бусдын эд хөрөнгийн залилаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ц.Ц, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

Ц.Ц-с нийт 31.750.000 /хучин нэгэн сая долоон зуун тавин мянга / төгрөг гаргуулж,

Хохирогч С.Д-д 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг,

Хохирогч Э.Г-т 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,

Хохирогч Э.Г буюу Э.А-д 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Л.Х-т 5.000.000 /таван сая/ төгрөг,

 

Д.Б-с нийт 31.750.000 /хучин нэгэн сая долоон зуун тавин мянга / төгрөг гаргуулж,

Хохирогч С.Д-д 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг,

Хохирогч Э.Г-т 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,

Хохирогч Э.Г- буюу Э.А-д 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Л.Х-т 5.000.000 /таван сая/ төгрөг тус тус олгосугай.

 

4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар

... дугаарын  гэрчилгээтэй, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ ХД-70/2 дугаар байрны 01 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь ... дугаарын регистртэй, Ц.Т болохыг тогтоож,

дээрх Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Хохирогч Ц.Т-с 7.000.000 /долоон сая/ төгрөг буцаан гаргуулж, шүүгдэгч Ц.Ц-д 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Б-д 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг тус тус олгож,

уг мөнгийг тэдгээрийн бусдад төлөх төлбөрт тооцон, нэр бүхий хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

7. М.М-н иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ