Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/01056 |
Огноо | 2016-10-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2016/01056
Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2016/00690 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар магадлалтай,
Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунчимэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерээр ажилладаг. Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ий өдрийн Б/145 тоот тушаалаар намайг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Захирлын энэхүү шийдвэрийг миний бие эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие ам бүл бага насны дөрвөн хүүхэд нөхрийн хамт зургуулаа амьдардаг. Амьдралын хувьд гэвэл нөхөр маань ажилгүй би хамаг амьдралаа авч явдаг юм. Тэгээд мөнгө төгрөгийн гачигдалд орж хүүхдээ хараад гэртээ сууж чадахаа байж ажилдаа орохоор шийдэн ажилд орох тухай өргөдлөө өгсөн. Гэтэл Гэрэлтуяа би жинхлэхээр хөөцөлдөж байна. Чи түр хүлээгээч гэсэн. Тэгэхээр нь би амьдрал хэцүү мөнгө төгрөгийн боломжгүй хэцүүдээд байна гэж хэлсэн. Гэрэлтуяа би чамд цалингаасаа мөнгө өгье гэдэг саналыг хэлсэн. Мөнгөний асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байсан. Эхлээд утсаар ярилцаж байгаад сүүлдээ би тохирохгүй орхичихсон юм. Тэгээд сүүлдээ яриад болохгүй болохоор нь би за яахав ажилдаа орохоо түр азная харин яаралтай ажлаа бэлэн болгоорой гэсэн. Тэгтэл Гэрэлтуяа над руу мөнгө шилжүүлсэн байсан. Манай ам бүлд би ганцаараа орлого олж, нөхөр маань зүрхний өвчтэй байнгын асаргаанд байдаг дүүгээ асардаг, ээж маань элэгний өвчний улмаас мөн хүнд өвчтэй байдаг зэрэг олон олон шалтгааны улмаас ажилдаа заавал орж цалиндаа хүрэх нь надад хэрэгтэй байсан. Энэ тухайгаа л Гэрэлтуяад хэлэхэд өөрөө мөнгө санал болгосон. Тэгээд би түүнд туслах зорилгоор ажилд орохоо хойшлуулсан. Гэвч түүний жинхлэх асуудал удаашраад байсан учраас 2016 оны 1 сард мөнгийг чинь буцааж өгье би ажилдаа оръё гэхэд элдвээр хэлж уурлан загнасан чамаас хариугаа авна хараарай чи ажилдаа байна гэж бодож байна уу гэх мэтээр дарамталсан юм. Тэгэхээр нь би хүүхдүүдийнхээ дэргэд уурлаж хэрэлдэхээс болгоомжилж утсаа тасалж мессеж бичсэн юм. Гэтэл Гэрэлтуяа өмнө ярьсан зүйлүүдийнхээ хариу болгож бичсэн мессежийг хэвлэж намайг дарамталсан мэтээр ашигласан байсан. Би хүнд туслах гэснийхээ төлөө л ийм зүйл хийсэн. Би мөнгө авахгүй гэж мөнгийг нь буцаан өгч ажилдаа оръё гэдэг асуудал тавьснаар л энэ асуудал босч ирсэн. Гэрэлтуяа намайг чи хэлсэн амандаа хүрсэнгүй миний ажил бүтээгүй байхад ажилдаа орох гэлээ гэж л намайг буруутган өс санаж захиралд өргөдөл өгч намайг ажлаас халуулах гэж улайрсан. Ингээд энэ өргөдлийг үндэслэж намайг ажлаас халсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа ямар нэгэн алдаа зөрчил огт гаргаж байгаагүй. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн Б/145 тоот тушаалыг хүчингүй болгож намайг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерийн ажилд маань эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин /нөхөн олговор/-г гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Оюунцэцэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд түүний оронд иргэн Б.Гэрэлтуяаг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллуулсан. Р.Оюунцэцэг нь өөрийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр хугацаагаар ажиллаж байсан Б.Гэрэлтуяагаас удаа дараа мөнгө авч өөрийн ажил, албан тушаалыг урвуулан хувийн зорилгодоо ашигласан бөгөөд энэхүү үйлдэл нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.7, Р.Оюунцэцэгтэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1204 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.2.6-д заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтойд тооцогдох зөрчил тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь хүүхэд харах асрах чөлөөг сунгуулж ажилдаа эргэн ороогүйн төлөө шан харамж болгож түүний оронд ажиллаж байсан иргэн Б.Гэрэлтуяагаас удаа дараа мөнгө авсан нь түүний өөрийн болон Б.Гэрэлтуяагийн тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог тул ажил олгогчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд иргэн Р.Оюунцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2016/00690 дүгээр шийдвэрээр: Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Р.Оюунцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/145 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Р.Оюунцэцэгийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар магадлалын 1 дэх заалтын зарим хэсгийг буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/145 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Р.Оюунцэцэгийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар менежерийн ажилд эгүүлэн тогтоосон”-ыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаар шийдвэрийг хуулийн үндэслэл бүхий гэж үзэж байх ба давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө авсан. Ажил олгогч хуульд заасны дагуу түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалж тэтгэмжтэй чөлөөг олгосон. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр түүний чөлөөний хугацаа дуусах үед нэхэмжлэгч нь “бусдаас шан харамж авч тохиролцон” өөрийн ажилд орох хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан тул 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13 тушаалаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан. Гэтэл дахин хүсэлт гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөөг сунгасан. Хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргах, сунгуулах хүсэлт гаргах хүртэл бүх хугацаанд тухай бүр ажил олгогч түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалсаар ирсэн.
Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өргөдөл гарган 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт дахин гаргасан. Р.Оюунцэцэг ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тухай бүртээ өргөдөлд дурдсан хугацаанаас эхлэн өөрийн ажил үүргээ эрхлэх, үндсэн ажилдаа эргэн орох эрх бүрэн нээлттэй, энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч бусдаас шан харамж авсны улмаас уг эрхээ эдлээгүй бөгөөд хуульд заасан чөлөө авах нэрээр хууль зөрчсөн өөр арга хэлбэрээр хугацааг хойшлуулсаар байсан. Ингээд эцсийн байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилдаа эргэн орохоор болж уг өдрөөр түүний оронд ажиллаж байсан Гэрэлтуяагийн хөдөлмөрийн хугацаатай гэрээ дуусгавар болж Р.Оюунцэцэг өөрийн өмнө эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэх эрх хуулийн хүрээнд бүрэн нээгдсэн тул Б.Гэрэлтуяа, Р.Оюунцэцэг нар ажлаа хүлээлцсэн.
Ажлаас халсан тухай тушаал 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан ба ажилд орсноос тушаал гарах хүртэл өөрөөр хэлбэл түүний гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг судлан тогтоож сахилгын шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байсаар байтал давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдал болон цаг хугацааны хувьд зөрүүтэй үйл явдалд буруу дүгнэлт гарган хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажил албан тушаалыг хэвээр хадгалаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үздэг. Энэ тайлбар нь хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба шүүхийн магадлал эргэлзээгүй, хуульд нийцсэн, тодорхой ойлгомжтой байх зарчмыг хангаагүй эргэлзээтэй гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх ажил олгогч нь нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн ороход ямар нэг шийдвэр гаргах ёстой гэж тайлбарлах боловч энэ талаар хөдөлмөрийн болон холбогдох бусад хуульд ямар нэг байдлаар заагаагүй, өөрөөр хэлбэл хуулиар зохицуулаагүй харилцааг ажил олгогч зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ажил олгогч нь анх Р.Оюунцэцэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Тэрхүү хөдөлмөрийн гэрээ нь тухайн үед дуусгавар болоогүй хуулийн хүчин төгөлдөр хэвээр байсан. Энэ тохиолдолд ажил олгогч түүний гаргасан хүсэлтийн дагуу ажилд нь эргүүлэн авахдаа ямар нэг тушаал шийдвэр гаргах хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаа шинээр үүсээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу ажил албан тушаал нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түүнийг эргэн орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан. Ажилдаа эргэн орох хугацаа буюу өдөр гэдгийг энэ заалтаас үзэхэд хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусгавар болсон тэр өдрийг гэж ойлгох боломжтой ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болмогц Оюунцэцэгийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх бүрэн боломжтой байтал давж заалдах шатны шүүх энэ байдалд бодитой тал бүрээс нь дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2, 176.2.3-т заасны дагуу Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 120 дугаар магадлалын нэг дэх заалтын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны Б/145 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Р.Оюунцэцэгийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газар менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож гэснийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ажил олгогчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.7, 8.9.13, Компанийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.15, 5.1, хөдөлмөрийн гэрээний 4.2.6, 4.2.10 дах заалтад үндэслэгджээ /хавтаст хэргийн 3 дугаар тал/.
Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар хот дах төлөөлөгчийн газар менежерээр ажиллаж байсан ба түүнд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгожээ. Тэрээр чөлөөтэй байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сард өөрийнхөө оронд ажиллаж байсан Б.Гэрэлтуяагаас 2.400.000 төгрөг авсан үйл баримт тогтоогджээ /хавтаст хэргийн 45-49 дүгээр тал/.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно.
Нэхэмжлэгч нь Б.Гэрэлтуяагаас 2.400.000 төгрөг авсан, энэхүү үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.2.6-т тухайлан заагаагүй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д сахилгын шийтгэл ногдуулах 15 үндэслэлийг тодорхойлсон, үүнд ёс зүйн зөрчлийг хамааруулжээ.
Хэрэгт авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.2-т “ёс зүйн хороог Компанийн ерөнхий захирлын тушаалаар 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ёс зүйн хорооны даргыг томилно”, 2.3.2-т “гомдол, мэдээлэлд холбогдох хэлтэс, цех, нэгжийн эрх бүхий албан тушаалтан, гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо материал, баримт бичгийг шаардан авах”, 2.3.4-т “гомдол мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх”, 4.1-т “ёс зүйн хороо дүгнэлтээ Ерөнхий захиралд танилцуулна”, 4.2-т “компанийн ажилтан ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар гаргасан ёс зүйн хорооны дүгнэлтийг Ерөнхий захирал үндэслэлтэй гэж үзвэл тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна”, 5.1-т “Ерөнхий захирал ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.
Р.Оюунцэцэг нь Б.Гэрэлтуяагаас мөнгө авсан нь ёс зүйн зөрчилд хамаарах хэдий ч энэхүү зөрчлийг дээрх журмын дагуу шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болох ба Р.Оюунцэцэгийн гаргасан гэх зөрчлийг дээрх журмын дагуу шалгаж тогтоогоогүй, энэ тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн 39-42 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р.Оюунцэцэг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажилд орсон байх тул түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэхгүй.
Давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэсэгт “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүйг анхаарах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ