Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0555

 

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0555

Улаанбаатар хот

 

Ц.И-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.И нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.И-ийннэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.И-ийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргы ажил, албан тушаалд тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 8,951,460 төгрөгийг нэхэмжлэгч Ц.И-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн “Худалдан авах ажиллагааны алба”-ыг аймгийн “Орон нутгийн өмчийн газар” болгон өөрчилсөн бөгөөд тус газрын даргын ажлын байрны тодорхойлотыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрны /Албан тушаалын/ тодорхойлолт боловсруулах заавар”-ын 7-д “тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ” гэж заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн.

Шинэчилсэн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг илүү хангаж байгаа иргэн Ч.М-ийг “Орон нутгийн өмчийн газар” ын даргаар түр томилсон.

Тус албан тушаалыг сонгон шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй зарлан зохион байгуулсан бөгөөд тус сонгон шалгаруулалтад Ц.И-ийн оролцох эрх нээлттэй байсан ч сонгон шалгаруулалтад орохгүй гэж шүүх хурал дээр хэлж байснаараа өөрөө ороогүй. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дгуаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Худалдан авах ажиллагааны албаны бүтэц зохион байгуулалтанд оруулж өөрчлөхөөс өмнө Засаг даргын Тамгын газарт өмчийн мэргэжилтэн алба, хэлтэс, газар байгаагүй, тэдгээрийг удирдах албан тушаалтан байгаагүй, харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өмч хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан учир орон нутгийн өмчийн газрын даргаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.И-ийг томилох нь зүйтэй байжээ гэж шүүх үзлээ” гэсэн нь тодорхой хууль тогтоомжийг үндэслэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны алба нь анх байгуулагдахдаа Засаг даргын дэргэдэх албаар байгуулагдсан бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаарахгүй нэгж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 8,951,460 төгрөгийг нэхэмжлэгч Ц.И-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг үүрэг болгосон шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу Ц.И-ийн ажиллаж байсан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан байх тул хуулийн дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон дүнг хасч тооцоогүй байна.

Нэхэмжлэгч Ц.И-ийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад үнэлүүлэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан, хэргийн оролцогчийн биелүүлсэн үйлдэл байх тул 1,500,000 төгрөгийг нөхөн төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 111/ШШ2017/0009 дүгээр шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн “Ц.И-ийг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах” шаардлагын тухай:

Анхан шатны шүүх “Худалдан авах ажиллагааны албыг бүтэц зохион байгуулалтад оруулж өөрчлөхөөс өмнө Засаг даргын Тамгын газарт өмчийн мэргэжилтэн, алба, хэлтэс, газар байгаагүй, тэдгээрийг удирдах албан тушаалтан байгаагүй, харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өмч хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан учир Орон нутгийн өмчийн газрын даргаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.И-ийг томилох нь зүйтэй байжээ” гэж дүгнэлт хийхдээ Орон нутгийн өмчийн харилцааны газрын даргын албан тушаалд Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргээс гадна тухайн орон нутгийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг хангах талаар ямар чиг үүрэгтэй болох, тэдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжил, мэргэшлийн шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа эсэхийг холбогдох баримтыг үндэслэн дүгнэлт хийвэл зохих байжээ.

Нэхэмжлэгч “Худалдан авах ажиллагааны албаны даргын чиг үүрэг хэвээр үлдэж, түүний үндсэн чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газрын дарга гэсэн нэр томьёогоор одоогоор хадгалагдаж байгаа” гэж маргасан байх бөгөөд Худалдан ажиллагааны албаны даргын чиг үүрэг нь шинээр байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын даргын эсхүл уг газрын Худалдан авах ажиллагааны албаны ямар албан тушаалд шилжсэн талаар тодруулах ажиллагаа хийх шаардлагатай байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэгчийг “... Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажил, албан тушаалд тогтоосугай” гэж шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч Ц.И Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагаан албатай/ байхаар тогтоосон байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шинээр байгуулагдсан “Орон нутгийн өмчийн газрын даргын ажил, албан тушаалд тогтоож” шийдвэрлэсэн байна.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн маргааныг шийдвэрлэсэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд гагцхүү уг албан хаагчийн урьд эрхэлж байсан албан тушаал хэвээр байгаа тохиолдолд “эгүүлэн тогтоож” шийдвэрлэх боломжтой, харин энэ хэргийн хувьд хэрвээ шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, магадлалд дурьдсан ажиллагааг бүрэн хийсний эцэст нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх болсон тохиолдолд  нэхэмжлэгчийн чиг үүрэг шилжсэн албан тушаалд түүнийг томилохыг эрх бүхий этгээдэд /хариуцагчид/ даалгаж шийдвэрлэх боломжтой юм. Түүнээс нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байгаагүй, өөрчлөн байгуулагдсан шинэ албан тушаалд шүүх одоогийн шийдвэрээр “тогтоож эсхүл томилж” шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нь шүүх өмнө нь тухайн албан тушаалд ажиллаж байгаагүй хүнийг тогтоох шийдвэр гаргах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ