Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 117/2018/0007/з |
Дугаар | 481 |
Огноо | 2018-12-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 481
“ЧХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ДУА-ийн ТХ-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын шүүгч М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: “...”ЧХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгах”
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0496 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, хариуцагч М.Туяацэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 18 дугаар 18.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 48 дугаар зүйлийн 48.9, 46 дугаар зүйлийн 46.5.1-т заасныг баримтлан “ЧХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн татварын хэлтэст /дарга Туяацэцэгт/ хариуцагдах “Ашигт малтмал ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа татварын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн залруулж гаргасан тайланг хүлээн авч татварын цахим мэдээллийн систем татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0496 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.5.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧХ” ХХК-аас Дундговь аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцагаан, Н.Чинбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “ЧХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0496 дугаар магадлалаа гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Монгол Улс нь татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлдөг татварын тогтолцоотой улс бөгөөд үүнийг Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж заасан нь татвар төлөгч өөрөө тухайн татварын хуулийн дагуу татвар ногдох орлогоо тодорхойлох, татвараа тооцоолох, түүнийгээ бүртгэж, тайлагнах үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт бөгөөд энэ хүрээнд татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор ялангуяа татварын ногдлоо үнэн зөв тодорхойлох хуулийн шаардлагын дагуу татвар төлөгч өмнө нь татварын ногдлоо буруу тооцоолж тайлагнасан алдаагаа өөрөө үнэн зөв болгон засварлах, нөхөн ногдуулж, Татварын албанд тайлагнах үйл ажиллагаа ч хамаарна, харин тайлангаа зөв болгон засварлахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй.
5. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан. Мөн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 43 дугаар зүйлийн 43.1-т “татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлөх хуулийн зохицуулалтын дагуу татвар төлөгч өмнө гаргасан тайлангаа засварлаж, татварын ногдлоо зөв болгон нөхөн ногдуулж гаргасан тайланг Татварын албанд хүлээн авч татварын тайлангийн Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэж байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч өмнө гаргасан тайлангаа сарын дараа, улирлын дараа гэх зэргээр 1 жил буюу дараа оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тайлангаа засварлаж ирүүлснийг Татварын алба хүлээж авдаг, харин 1 жилээс дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байна. Гэтэл “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын үндэслэж тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус байгаа юм.
6. Магадлалын Хянавал хэсэгт “...Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах гэж хуульчилснаас үзвэл хариуцагчийн тайлан хүлээн авах үед илэрсэн тооцооллын алдааг өөрөөр нь засуулахаас өөрөөр татварын тухай хууль тогтоомжоор татварын тайланд залруулга хийхтэй холбоотой зохицуулалт байхгүй гэх агуулгаар маргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлдөг татварын тогтолцоог хуульчилсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн тайландаа залруулга хийж буй бодит байдал болон хуулийн энэхүү зохицуулалтуудад нийцээгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “журам бүртгэлгүй учраас хуулиа дагаж мөрдөнө. Хуульд засах, залруулах талаар хэнд, ямар эрх өгсөн талаар ямар ч заалт байхгүй, ...залруулга хийх боломжгүй” гэж бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй тайлбар нь магадлал гарахад нөлөөлсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэсэн заалтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтлаагүй гэж үзэж байна.
7. Татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор татвар төлөгч тайландаа залруулга хийж ирүүлсэн тохиолдолд Татварын алба тайланг хүлээж авсны дараа харин татвар төлөгч татварын ногдлоо буруу тодорхойлсон гэж үзвэл Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.3-т “нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын ногдлоо тооцоолох талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай татварын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг хүлээн аваагүй болон татварын ногдлоо буруу тодорхойлсон байдал илэрвэл татварын хяналт шалгалт хийх тухай дүгнэлт бичиж хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулах”, 47 дугаар зүйлийн 47.1-т: “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж заасны дагуу татварын хяналт шалгалт хийж, мөн энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг татвар төлөгчид хүлээлгэх бүрэн эрхтэй байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтуудыг анхаарч үзэлгүй татварын хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
8. Мөн магадлалын Хянавал хэсэгт “анхан шатны шүүх дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэдгийг хэрхэн нотолсноо нэхэмжлэгч тал татварын албанд нотлоогүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцох боломж үгүйсгэгдэнэ гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй” гэж Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, тогтоол, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоол болон холбогдох журам, аргачлал зэрэг хууль тогтоомжуудын холбогдох зүйл, заалттай харьцуулан хууль, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт давж заалдах шатны шүүх хийгээгүй байна.
9. Дундговь аймгийн татварын хэлтсийн “тайланд залруулга хийх боломжгүй гэж мэдэгдсэн” хууль бус татгалзлын улмаас 2014 оны алдаатай буруу гаргасан тайлангаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хууль бусаар 97,824,651 төгрөг илүү төлөх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар “хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй” бөгөөд харин шүүхээс “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг үндэслэн Татварын албаны шаардлагаар татвар төлөгч татвар хууль бусаар илүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
10. “ЧХ” ХХК нь 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасны дагуу “төмрийн хүдэр”, “баяжмал” худалдан борлуулсан борлуулалтын орлогын дүнгээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнаж төлөх хууль, эрх зүйн үндэслэлтэй бөгөөд уг дүнгээр тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны 2014 оны төлбөрийг тус компани төлж барагдуулсан болно. Эдгээр асуудлуудад Шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
11. Мөн “ЧХ” ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа буюу төмрийн хүдрийн олборлолт, экспортын борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК 2010-2014 онд гэрээний үнээр буюу борлуулалтын орлогын дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож тайлан гаргасныг Татварын албанаас шалгаж, “Олон улсын зах зээлийн жишиг үнэ”-ээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон боловч уг актыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 930 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 125 дугаар тогтоолоор “Хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолыг үндэслэн маргаан бүхий акт гаргасан захиргаа хуульд үндэслэх зарчмын дагуу хүчингүй болгосон хэм хэмжээг үндэслэн захиргааны акт гаргах боломжгүй” гэж хүчингүй болгож, шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр буюу борлуулалтын орлогын дүнгээр тооцож төлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
12. “ЧХ” ХХК 2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож, борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88, 2011 оны 193, 2013 оны 131 дүгээр тогтоолд заасны дагуу олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцож тайлагнасан. Гэтэл уг тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалд холбогдох заалтууд 2014 онд хүчингүй болсон байхад Дундговь аймгийн Татварын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сард “ЧХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын буюу жилийн эцсийн тайланг хүлээн авахдаа тус тайлангийн хууль зүйн болон тооцооллын алдааг татвар төлөгчөөр засуулаагүй, тайланг хууль ёсны болгоогүй, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Тайлан хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараахь байдлаар арилгуулна”, 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагч “үүрэг хүлээж байгаа албан хаагчдад ирж байгаа мэдээлэл тухайн үед дутмаг байсан” гэж 2015 оны 01 сард тайлан хүлээн авах үед Засгийн газрын тогтоолуудын төмрийн хүдэр, баяжмалтай холбоотой заалт хүчингүй болсныг Дундговь аймгийн Татварын хэлтэс, холбогдох ажилтнууд мэдээгүй байсан мэтээр тайлбарлаж байсан нь ойлгомжгүй бөгөөд Засгийн газрын дээр дурдагдсан тогтоолуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага, түүний албан тушаалтнуудын энэ байдал, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль. Захиргааны ерөнхий хуульд заасан Төрийн байгууллагын үйл ажиллагаа "хуульд үндэслэх” үндсэн зарчимд нийцэхгүй байна. Шүүх энэ асуудалд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
13. Иймд, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0496 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. “ЧХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай байна.
15. Нэхэмжлэгч “ЧХ” ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн залруулга хийсэн тайланг хүлээн авч, Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Дундговь аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргажээ.
16. “ЧХ” ХХК нь 2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд олборлож борлуулсан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг “Олон улсын зах зээлийн үнэ”-ээр тооцож тайлагнасан үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.
17. Харин нэхэмжлэгч нь олон улсын зах зээлийн үнийг баримтлах үндэслэл болсон “Биржийн үнэ зарлах тухай” Монгол Улсын Засгийн Газрын 2007оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт, “Аргачлал батлах тухай“ 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, “Тогтоолуудын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн 2014 оны 546 дугаар тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон маргаж, 2014 оны тайланд залруулга хийлгэх хүсэлтийг 2018 оны 1 дүгээр сард захиргааны байгууллагад, мөн оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
18. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь тайлан болон Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 4 жилийн дараа захиргааны байгууллага болон шүүхэд хандаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6,12 дугаар зүйлд “...30 хоног...” дотор гомдол, нэхэмжлэлээ гаргахаар заасныг зөрчсөн байгааг шүүхүүд анхаараагүй нь буруу болжээ.
19. Улсын Дээд шүүхийн 2014 оны 546 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний 0802201707 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаж байснаас үзвэл, түүний “...шалгалтын явцад 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн...” гэх тайлбар нь хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
20. Мөн Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “тайланд залруулга хийхээс татгалзсан” 08/26 дугаар албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан хугацаанаас түүний захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг тооцож, дүгнэх боломжгүй. Учир нь, залруулга хийлгэх хүсэлт гаргах нөхцөл байдал үүссэнээс хойш маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой байжээ.
21. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулж, зөвтгөөгүй нь буруу байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ЧХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
22. Хяналтын шатны шүүхийн энэ тогтоол нь татварын улсын байцаагчийн 2017 оны 0802201707 дугаар захиргааны акттай холбоотой маргаанд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0496 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “...”ЧХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2014 оны 4 дүгээр улирлын тайланд залруулга хийх хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Татварын албаны эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн залруулж гаргасан тайланг хүлээн авч Татварын цахим мэдээллийн систем, Татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ