Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 529

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би иргэн Ч.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Ч.Ц******* би тус шүүхэд дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилласан хугацааны цалинг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргасан ба дүүргийн Засаг дарга М.Ч******* 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/41 тоот захирамж гаргаж 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, 2016 оны 4, 5, 6 дугаар сарын цалинг нөхөн олгох шийдвэр гаргасан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц******* нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Ц*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ. 

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгч Ч.Ц******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ч.Ц*******ид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн Ч.Ц*******ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ц*******ид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                            Н.ДОЛГОРСҮРЭН