| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2219000000227 |
| Дугаар | 2023/ДШМ/06 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | О |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ДШМ/06
2023 01 25 2023/ДШМ/06
Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: О,
Шүүгдэгч: Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/238 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор Оын эсэргүүцлээр шүүгдэгч Эт холбогдох 2219000000227 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э.
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э нь 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах 3 замын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Дгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгах явцад “ажилгүй болгоно, цагдаа нар ингэж ажиллаа” гэх үг хэллэгээр эсэргүүцэх, нүүрэн тус газар алгадах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Оаас шүүгдэгч Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,
Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “5.1. ... Анхан шатны шүүх, шүүгдэгч Эт холбогдох хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Эт холбогдох хэрэг хангалттай нотлогдож тогтоогдоогүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож 2022/ШЦТ/238 дугаартай тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн. Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д, гэрч М, З, О, Э, Э, гэрч У, гэрч Х, У нарын мэдүүлгүүд болон хяналтын камерын бичлэг, үзлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл буюу нотлох баримт болно.
5.2. Шүүгдэгч Э нь 2022 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах 3 замын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Дгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг шалгах явцад “ажилгүй болгоно, цагдаа нар ингэж ажиллаа” гэх үг хэллэгээр эсэргүүцэх, Дгийн нүүрэн тус газар алгадах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон.
5.3. ... Гэрч нарт хууль сануулж, хэргийн талаар ямар нэгэн байдлаар худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтын дагуу мэдүүлэг авсан. Эдгээр мэдүүлгүүд нь хууль, журмын дагуу цуглуулж бичүүлсэн баримтууд юм. Энэ нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар бол улсын яллагчийн дүгнэлт буюу яллаж байгаа нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийгээгүй.
5.4. Хэрэгт авагдсан баримтуудаас гэрч Мын мэдүүлгийг үндэслэж хяналтын камерын бичлэгт дүрслэгдээд байгаа нөхцөл байдал, гэрч Мын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлгүй болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн үйлдлээр гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуульчилсан. ... Хүч хэрэглэсэнтэй холбоотойгоор Дээд шүүхийн хуулийн тайлбар, тогтоолд ... хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан түүний тавьсан шаардлагыг эсрэг үл тоож, цохиж, зодох хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго нь идэвхтэй үйлдлээр илэрдэг. Энэ идэвхтэй санаа, зорилго нь бол шүүгдэгч Эын үйлдэл нь нотлогдон тогтоогдсон. Мөн тавьсан шаардлага нь хууль ёсонд нийцсэн үү, үгүй юу гэдэг шаардлага байх ёстой. Цагдаагийн албан хаагчийн тухай хуулийн зорилт нь Цагдаагийн албаны хуулийн тогтолцоо, цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, иргэний хяналтын эрх зүйн орчныг тогтооно, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гэсэн үүрэг нь хуулиар тогтоогдсон. Мөн нийтийн хэв журмыг хамгаалах, гудамж талбай, олон нийтийн бусад газарт нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагаа байгаа. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэнийг саатуулж байгаа, түүнээс урьдчилан сэргийлж байгаа ажилтан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэн нь зам тээврийн осол гаргах, эд хөрөнгөд хохирол учруулах, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй өндөр эрсдэлтэй нөхцөл байдал байдаг. Үүнийг таслан зогсоох, үүнтэй холбоотойгоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа иргэнийг саатуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах эрх зүйн зохицуулалт нь байгаа. Энэ эрх зүйн зохицуулалтын талаар гэрч Ууганбаяр тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль бас байгаа. Энэ хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж байсан.
Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/238 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.
6. Шүүгдэгч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэл дээрээ үндсэндээ хохирогч Д, гэрч М, гэрч З, бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, тайлбар, мөн холбогдох камерын бичлэг зэргийг үндэслэж эсэргүүцлээ бичсэн байна.
6.1. ...Хохирогч Д гээд байгаа. Үүнийг хохирогч гээд байгаа боловч энэ хүн ямар нэгэн санал гомдол байхгүй. Шүүх шинжилгээний үзлэгээр биед нь ямар нэгэн шарх, сорви илрээгүй. ... Гэтэл миний бие бол шүүхийн шинжилгээний үзлэгээр биед минь хөхрөлт, няцралт илэрсэн. Мөн хувцас хунар маань урагдсан байдалтай байсан. Прокурор маань иргэн Эын хөхрөлт, няцралт, эрүүл мэндэд нь учирсан гэмтэл бэртлүүдийг огт авч хэлэлцээгүй.
6.2. ... Тэгэхэд тухайн газарт зөвхөн гэрч М, З хоёр л байсан. М ямар тайлбар мэдүүлэг өгсөн байдаг вэ гэхээр “Би эргээд харахад цохих шиг л чимээ гарсан, тэрнээс биш би тэрийг хараагүй, мэдэхгүй” гэсэн тайлбар өгдөг. Тийм тайлбар мэдүүлэг байгаа. ... З гэдэг хүн л зөрчил гаргасан, тодорхой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэдэг үндэслэл байна гэсэн учраас тухайн зөрчил гаргасан хүнээ аваад явах ёстой. ... Бусад холбогдох гэрч гээд байгаа хүмүүс бол намайг хүч хэрэглэн Цагдаагийн байгууллага руу авч явсан, мөн тухайн өдөр жижүүртэй байсан хүмүүс байна.
6.3. ... Камерын үзлэг, бичлэгт бол тухайн үед З бид хоёрыг ирээд 20-30 минут байх хугацааны, тэнд болсон үйл явдал, би машины түлхүүр булаалдаж байхад Д араас ирээд, би эргэж хараад алгад байгаа яг тэр нөхцөл байдал бол байхгүй.
6.4. ...М ... Машинд орж ирээд шууд машин асаах гэсэн. Тэгэхээр нь би жолооч талын цонхоор очоод “хөөе чи яаж байна” гээд түлхүүрээ булааж авах гэж оролдсон. Түлхүүрээ авах гэж оролдсон. ... Хүн Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхтэй. Тэрэнд нь хууль бусаар хэн ч халдах эрх байхгүй. ... Д орж ирээд ... шууд миний гарыг ард нь өчсөн. ... Дий өөрийнх нь анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгт ... Баруун гараараа зүүн хацарт алгадсан гэж ярьдаг. ..Тэр хүмүүс л надад хүч хэрэглэсэн. Миний хувцсыг урсан. Надаас түлхүүр авахын тулд шороо, өвстэй хольсон, унагасан. Би босож ирээд өөрийнхөө утсыг гаргаж “би энэ байдлыг чинь утсандаа нотлох баримт болгож буулгая, мөн та нарын энэ байдлыг олон нийтэд харуулъя, та нар ингэж ажиллах юм бол удахгүй ажилгүй болно шүү” гэж хэлсэн. Би “ажилгүй болно шүү” гэж хэлсэн. Би “Ажилгүй болгоно” гэж хэлээгүй. Тэгээд би үнэхээр эргэж хараад Дийг алгадсан бол, мөн хэл амаар доромжилсон бол тэр яагаад хууль сахиулагч нарын энгэрийн камерт яагаад бичигдээгүй юм бэ. Прокурор та нэмэлт тайлбартаа оруулсан байна лээ. “Энгэрийн камер ажиллаагүй” гээд оруулсан байна лээ. ... Д бичлэг хийх гэсэн чинь надад бичлэг хийх боломж олгохгүйгээр миний утсыг авах гэж цаашаа булаалдсан. Над руу давшилсан, дайрсан, би утсаа өгөхгүй гэж тэр хүнтэй хөл гараа нааш, цааш болгосон. Тэрнээс биш би хүч хэрэглэсэн юм байхгүй. 2 дахь удаагаа миний эд хөрөнгөд халдаж байгаа юм. ... Энэ хүмүүс тэгвэл энгэрийн камерын бичлэг тухайн үед байгаагүй, ажиллахгүй байсан юм бол надаар тодорхой бичүүлчихгүй яасан юм бэ. ... Машинаас тодорхой зайд холдоход Д миний гар утсыг булаалдаж байгаад унагасан. Надаас гар утас булааж авах гээд байсан юм. Би бас эд хөрөнгөө өгөхгүй гэж тэр хүнтэй тэмцэлдсэн. ... Д өөрийн өгсөн тайлбар, мэдүүлэгтээ “намайг машины хажууд баруун гараараа зүүн хацар руу алгадсан” гэдэг. Гэтэл шүүхийн шинжилгээний дүгнэлтээр Дд ямар ч гэмтэл, бэртэл байхгүй зүгээр байна гэсэн. Надад нэлээд хэдэн хөхрөлт, няцралт үүссэн байсан.
6.5. ...Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 тоот тушаал байна. Тэр дээр “хэрэв хүний тээврийн хэрэгслийг хураах, түр саатуулах бол тухайн тээврийн эзэмшигчээс зөвшөөрөл авна” гэж байгаа. ... Шууд орж ирээд тээврийн хэрэгсэлд халдсан. ... хуульд хэргийг бүх талаас нь, бүрэн дүүрэн, үндэслэлтэйгээр, бодитойгоор, эргэлзээгүй нотлох ёстой гэж үздэг.”
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/238 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгч Э нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Згийн ээж төрийн одонгоор шагнуулсан тул ах дүү төрөл саднаараа нийлж баярлацгаасан ба гэр лүүгээ буцахдаа ***** ДГО улсын дугаартай Тоёота кровон маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эхнэр З жолоодож явах үед Сайншанд сумын 3 замын пост дээр 23:40 цагт олон нийтийн цагдаа Д автомашиныг зогсоож тандагч багажийг жолооч Зд үлээлгэхэд багажны улаан гэрэл ассан тул “ ...жолоочийг цагдаагийн байгууллагад аваачиж согтолтын зэргийг тогтоох, автомашиныг саатуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр замын цагдаагийн зохицуулагч М автомашиныг жолоодож авч явах гэхэд шүүгдэгч Э “...машинаа өгч явуулахгүй” гэж автомашины түлхүүрийг булаацалдаж, улмаар олон нийтийн цагдаа Дгээс “ та тавьсан шаардлагыг биелүүлээд арын суудалд суучих” гэхэд гар утсаараа бичлэг хийхийг оролдож, үг хэлээр эсэргүүцэж, маргалдсан ...” үйл баримт болсон нь хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, үйл баримтын талаарх CD-д авагдсан бичлэг, хохирогч Д /хх 13/, гэрч М /хх 15/, гэрч З /хх 19/, шүүгдэгч Э /хх 17/ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
2. Шүүгдэгчийн энэ үйлдэлд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Оаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж олон нийтийн цагдаа Дгийн нүүрэн тус газар алгадаж, үг хэллэгээр эсэргүүцэх зэргээр хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтдээ дээрх нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хууль сахиулагчийг албаны үүргээ биелүүлэхэд нь хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг прокурор О эс зөвшөөрч “...шүүгдэгч Эын үйлдсэн гэмт хэрэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн ” агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл гаргажээ.
4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэв.
5. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэх шинжийг гэмт хэрэгт тооцохоор заасан.
Энэ нөхцөл байдал буюу “албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан” гэдэг шинж нь хууль сахиулагч буюу олон нийтийн цагдаа Д нь хууль ёсны дагуу албан үүрэг гүйцэтгэж байсан эсэх, цагдаагийн алба хаагч М болон олон нийтийн цагдаа Д нараас тавьсан шаардлага нь хууль ёсны дагуу байсан эсэх нөхцөл байдал тогтогдсоноор тодорхойлогдох ба ийнхүү хэрэгт тогтоогдсон байдал нь шүүгдэгч Эыг энэ гэмт хэрэгт буруутгах, хэрэгт зайлшгүй тогтоогдвол зохих нэг үндэслэл болно.
Гэтэл хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчдын 2022 оны 08 дугаар сарын 13-ний өдөр ажиллах хуваарь /хх 6-7/-иар “ ... хяналтын телекамер 3-н замд ОНЦ Д 13:00-06:00, 12:00-20:00-т албан үүрэг биелүүлэх “ гэж бичигдсэн нь үйл баримт болсон гэх 23:40 цагт түүнийг хууль ёсны дагуу албан үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэхэд эргэлзээтэй буюу ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл: Түүнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч Мыг “24 цаг”-аар ажиллахаар хуваарьт тодорхой бичигдсэн бол олон нийтийн цагдаа Дг “13:00-06:00, 12:00-20:00” гэсэн нь түүнийг 23:40 цагт хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан эсэхийг энэхүү баримт нотолж чадаагүй, хэрэгт энэ талаар тодруулж, тогтоосон өөр баримтгүй.
Мөн замын цагдаагийн зохицуулагч М болон олон нийтийн цагдаа Д нар албан үүргээ биелүүлэхдээ иргэн Эт тавьсан шаардлага нь хууль ёсны дагуу байсан эсэхийг хангалттай тогтоогоогүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23, 63 дугаар зүйлийн 63.10.3-д тус тус зааснаар цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа нь хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих эрхтэй.
Олон нийтийн цагдаа Д Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017-06-21-ны А/122 тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм”-ийн хоёрдугаар зүйлийн 2.9-д “Олон нийтийн цагдаа нь үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-202, 205, 208, 213, 222, 224, 226,243, 400, 401, 404, 408-д заасан журмын холбогдох заалтыг баримтлан ажиллана” гэсэн шаардлагыг, Замын цагдаагийн зохицуулагч М нь Хууль зүйн сайдын 73 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл түр саатуулах журам”, “Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг албадан эрүүлжүүлэх тухай” хууль зэргийг тус тус хууль ёсны дагуу биелүүлж ажилласан эсэх нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдлыг хэрэгт тогтоогоогүй.
Тодруулбал: Тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын 7 дугаар зүйлд “ ...цагдаагийн алба хаагчаас тээврийн хэрэгслийг түр саатуулж болох үндэслэл, нөхцөлүүдийг заасан ба уг зүйлийн “в”-д ... согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулж ...болно” гэж заасан нь тээврийн хэрэгслийг заавал саатуулна гэх утга агуулагдаагүй гэж ойлгогдохоор байна.
Мөн “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуульд зааснаар өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг албадан эрүүлжүүлэх байхад шүүгдэгч Эыг “цагдаагийн албан хаагчийн биед халдсан” үндэслэлээр /хх 4/ эрүүлжүүлсэн.
Гэтэл тухай албан хаагчид нь тээврийн хэрэгслийг зайлшгүй саатуулах шаардлага тавьж, ийнхүү тээврийн хэрэгслийг саатуулах ажиллагааг явуулахдаа цагдаагийн албан хаагч өөрөө тээврийн хэрэгслийг жолоодох гэснээс болж шүүгдэгч Э болон цагдаагийн албан хаагчдын дунд маргаан үүсэх шалтгаан болсноос үзэхэд тухайн шаардлага хууль ёсны гэж үзэхэд учир дутагдалтай.
6. Хэрэгт шүүгдэгч Эын “…биед баруун шуу, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд учирсан” нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0378 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/-ээр тогтоогдсон.
Харин хохирогч буюу хууль сахиулагч Дгийн биед шүүгдэгчийн үйлдлийн улмаас гэмтэл учраагүй нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0387 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25/-ээр тогтоогдсон.
Дээрх тохиолдлуудад шүүгдэгчид учирсан гэмтлүүд нь цагдаагийн албан хаагчийн зүгээс биеийн хүч хэрэглэхдээ хуульд заасан журмын дагуу хэрэглэснээс учирсан, эсхүл хэтрүүлснээс үүссэн эсэхийг тогтоогоогүйгээс хууль сахиулагч нарын тавьсан шаардлага нь хууль ёсны гэж дүгнэх нөхцөлийг үгүйсгэсэн бас нэг үндэслэл болсон байна.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэдэг нь гэмт хэрэг болохынхоо хувьд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, ... үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” гэсэн зөрчлөөс ялгагдах шинж нь “хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” үйлдэл байх бөгөөд энэ нь гэмт хэргийн шинж болох юм.
Прокурор энэхүү хүч хэрэглэсэн гэх үйлдлийг шүүгдэгч Эыг олон нийтийн цагдаа Дгийн нүүрэн тус газар алгадсан гэж үзэж, яллах дүгнэлтдээ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үйл баримтын талаарх CD-д авагдсан бичлэг, хохирогч Д, гэрч М, гэрч З, шүүгдэгч Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэжээ.
Хэрэгт авагдсан хохирогч Дгийн мэдүүлэгт “... эргэж харан Э нь баруун гараараа нүүрэн хэсгийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадаж ...” гэсэн байх боловч түүний энэхүү мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар эргэлзээгүй хангалттай тогтоогдоогүй буюу энэ талаар гэрч М “... Э нь Дг эргэж хараад цохих чимээ гарахаар нь би тээврийн хэрэгслээс буун ...” гэж мэдүүлснээс үзэхэд тэрээр энэхүү үйл баримтыг шууд гэрчлээгүй, мөн камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... доогуураа хөх өнгийн өмдтэй хүнийг зүүн гараараа 1 удаа цохиж байгаа нь харагдав...” гэж дурдсан боловч шүүх хуралдаанд шинжлэн судалсан CD-д авагдсан бичлэгээр энэхүү нөхцөл байдал нь бүрэн бодитой тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэсэн энэхүү гэмт хэргийн шинжийг агуулаагүй, ийнхүү дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Энэ талаар анхан шатны шүүх “...гэрч М, хохирогч Д нарын мэдүүлэг нь хэрэг гарсан газарт байсан хяналтын камерын бичлэгээр тогтоогдоогүй, бичлэг дээрх үйлдэл мэдүүлгээс зөрүүтэй, ... шүүгдэгч нь хохирогчийг түлхэж байгаа эсвэл алгадаж байгаа эсэх нь тодорхой бус ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн.
8. Анхан шатны шүүх шүүгдэгч Эт холбогдох хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-нд хянан хэлэлцээд 2022/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсны дагуу Эыг яллагдагчаар дахин мэдүүлэг авсан, шинээр цагдаагийн алба хаагч нар болох О, Э, Э, У, У, Х, У нараас гэрчийн мэдүүлэг авсан, Цагдаагийн газрын 3-н замын постын хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийх /хх 96-127/ зэргээр нэмэлт ажиллагаанууд хийж нотлох баримт шинээр цуглуулжээ.
Улмаар прокурор яллах дүгнэлт дахин, шинээр үйлдээгүй, эдгээр нотлох баримтыг яллах дүгнэлтдээ тусгаагүй атлаа яллах байр сууриа тухайн нотлох баримтуудад үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэх журамд нийцээгүй болно.
Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/238 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС