| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01421/И |
| Дугаар | 135/ШШ2024/01365 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01421/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,
“Газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.*******,
Хариуцагч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Н.*******ид холбогдуулан газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...З.******* миний бие 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар бүхий 639.0 м.кв газрын гэрчилгээг улсын бүртгэлээр баталгаажуулж өөрийн нэр дээр олгуулсан. Гэтэл ******* нь 2014 онд миний эзэмшлийн газарт буугаад өөр тийшээ нүүлгүй 10 жил болсон. Энэ тухай сануулан хэлсэн ч чи өөрөө миний газар дээр ирчхээд юу яриад байгаа юм. Эндээс нүүж чадахгүй гэдэг хариултыг өгсөн. Тухайн ******* гэгчид газар эзэмших гэрчилгээ байхгүй бөгөөд би өөрийн эзэмшлийн энэхүү газраа худалдаалах шаардлага тулгарсан учир миний энэхүү эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ.
2.Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...З. шүүхэд гаргасан нэхэмжлэл огт худлаа үндэслэлгүй нэхэмжлэл байх учир би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манайх 2007 оноос Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин сууж эхэлсэн. Тухайн үед аав маань хүнд өвчтэй байсан учир газрын кадастр, гэрчилгээний талаар хөөцөлдөх тухай огт яриагүй. Гэтэл сүүлд манай газрын залгаа газарт З.х буусан. Газрын албанд очиж тус тусынхаа эзэмшиж байсан газрыг өмчилж авах талаар газрын албадан гаргах ёстой байсан ч манайх амьдралын шаардлагын улмаас газрын өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлж амжихгүй байсан. Харин З.х 2013 онд газар өмчлөлийн асуудлаа хөөцөлдөж 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 639 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр авсан юм билээ. Миний эзэмшиж буй 287 м.кв газар нь түүний өмчлөлийн газарт огт хамааралгүй залгаа газар юм. З.******* нь өөрийн хэмжээт газраа цааш нь сунгаж 700 гаруй м.кв газар болгосон. Манай газар луу улайран дайрч Засаг даргаас олгосон газрын хэмжээнээс хэтрүүлсэн газар эзэмшихээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан сумын газрын даамалын тодорхойлолт, *******-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг (хх 2-4, 27-28 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас*******-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, З. нэр дээрх газрын кадастрын зураг, хариуцагчийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа (хх 21-23 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч З. хариуцагч Н.*******ид холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч З.******* нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот газрыг 2013 онд улсын бүртгэлээр баталгаажуулж, өөрийн нэр дээр болгосон. Гэтэл ******* нь 2014 онд миний эзэмшлийн газарт буугаад өөр тийшээ нүүлгүй 10 жил болсон. Энэ тухай сануулан хэлсэн ч чи өөрөө миний газар дээр ирчхээд юу яриад байгаа юм. Эндээс нүүж чадахгүй гэдэг хариултыг өгсөн. Г.******* гэгчид газар эзэмших гэрчилгээ байхгүй бөгөөд би өөрийн эзэмшлийн энэхүү газраа худалдаалах шаардлага тулгарсан учир миний энэхүү эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...би 2008 онд нэг ч айл байхгүй байхад тухайн газарт буугаад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Нэхэмжлэгч З. ээж болон эгч нь ирээд тус газарт буухаар гуйж, улмаар суурьшсан. Гэтэл одоо маргаан бүхий газрыг худалдан борлуулах гэдэг зүйлийг нэхэмжлэгч тал ярьж байгааг би ойлгохгүй байна. Тухайн үед аав маань хүнд өвчтэй байсан учир газрын кадастар, гэрчилгээний талаар хөөцөлдөж чадаагүй үед нэхэмжлэгч миний газрыг оролцуулан маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр болгож авсан. Би олон хүүхэдтэй ганц бие ээж учир өөр амьдрах газаргүй. Маргаан бүхий газар минийх. Иймд би өөрийн газрыг авч үлдэх хүсэлтэй байна” гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот, 639 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тус газар нь нэхэмжлэгч З. нэг иргэний өмч болох нь тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчээс ...миний бие тус газрын өмчлөгч учир газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэж, хариуцагчаас ...тухайн газарт нэг ч айл амьдарч байгаагүй байхад би ганцаараа ирж буусны дараа нэхэмжлэгчийнх нүүж ирж байсан, тус газар миний газар учир чөлөөлөхгүй гэж талууд мэтгэлцэх ба зохигчдын маргааны зүйл нь газрыг чөлөөлүүлэх эсэх асуудал байна.
6.Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг ойлгоно” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5-д “...Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь ...төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх; 5.1.5.2.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь ....төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд ...бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх;” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заажээ.
Уг хуулийн заалтуудаас үзэхэд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, Монгол Улсын иргэн төрийн өмчийн газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг олж авахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцлийн дагуу хүсэлт гаргаж, эрх бүхий Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр олж авах, зөвхөн тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч байж өмчлөх эрх үүсэхээр зохицуулжээ.
Хэдийгээр хариуцагч Н.******* нь ... тухайн газарт нэг ч айл байхгүй байхад би буугаад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Нэхэмжлэгч аавын минь бие муу байхад миний газрыг оролцуулан маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр болгож авсан. Би олон хүүхэдтэй ганц бие ээж учир өөр амьдрах газаргүй. Маргаан бүхий газар минийх... гэж маргаж байх боловч өөрийн амьдарч буй газраа эзэмших, өмчлөх эрхийг хууль ёсоор олж аваагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
7.Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.
Шүүх хуралдааны явцад талуудаас ...маргаан бүхий газарт хоёулаа хэмжилт хийлгэсэн... гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан*******-ийн “З.*******, Н.******* нарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” гэх баримтаар хариуцагчийн амьдарч байгаа, өөрийн гэж маргаж буй 287.9 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 639 м.кв газарт хамаарагдаж байгаа нь тогтоогдож байна.
8.Иймд нэхэмжлэгч З.******* нь маргаж буй газрын өмчлөгч мөн болох нь тогтоогдсон, хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчийн газрын зарим хэсэг дээр амьдарч нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд буюу газрыг худалдан борлуулах гэтэл нүүхгүй гэж саад болж байгаа үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
9.Хариуцагч Г.*******ээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад ...хэрвээ нэхэмжлэгч тал миний газрыг чөлөөлж өгөхгүй гэвэл би шинжээч томилуулна. Маргаан бүхий газар нэхэмжлэгч талд ямар ч хамааралгүй. Миний газар гэдгийг нотолж тухайн ойр хавийн айлууд болон багийн Засаг даргаас асуулгаж болно... гэж тайлбар гаргасныг шүүх хүсэлт гэж үзээгүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар нь газрын өмчлөлийн асуудлыг тодруулах агуулгатай байсан ба энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох боломжтой байна.
10.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч Н.*******ийн эзэмшлээс нэгж талбарын дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот газрыг албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.*******ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН