Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/01366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01350/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-т холбогдох,

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 “...Хариуцагч Б.*******тэй 2021 онд танилцаж дотносон үерхэж эхэлсэн. Ийнхүү 2022 оны 04 дүгээр сард би өөрийнхөө хүүхэдтэй болсныг мэдсэн бөгөөд бид тухайн үеэс хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдрал эхлээд намайг 5 сартай жирэмсэн байх үед Б.******* нь би хүүхэдтэй болж гэр бүл зохиоход бэлэн биш байна. Цаашдаа чамтай ч хамт байж чадахгүй юм байна гэсэн тул аргагүй эрхэнд салцгаасан.

Ингээд 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Л. минь төрсөн. Охин минь төрөөд 3 сартай байх үед би охиноо хараад өөрчлөгдөх болов уу гэсэн итгэлээр цагаан сарын үеэр Б.*******ийн гэрт нь очсон боловч мөн л урьдынх шиг ээ би гэр бүлтэй болоход бэлэн биш, та хоёртой хамт амьдарч чадахгүй, харин та хоёрт сар бүр мөнгө өгч байя гэсэн хариултыг өгсөн.

Тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл Б.******* нь охинтойгоо холбоо барьдаггүй, уулздаггүй, бүр асууж сурагладаггүй, өгнө гэж амлаж байсан санхүүгийн дэмжлэгээ ч үзүүлэлгүй явсаар өнөөдөр охин минь 1 нас 8 сар хүрч байна. Хүүхэд гэдэг хэн нэгний дан ганцаар хүсээд болох зүйл биш бөгөөд хоёр хүний хариуцлагатайгаар гаргаж буй сонголт байдаг. Гэтэл энэхүү хариуцлагыг миний бие дангаар хүлээж байгаадаа туйлын гомдолтой байна.

Иймд Д.******* миний бие охин Л.ыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Б.*******өөс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.Хариуцагч Б.******* хариу тайлбартаа:

“...Миний бие Б.******* нь анхан шатны шүүхэд ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд охин болох Л.ыг ээж Д.*******гийн асрамжид байлгаж, тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.ын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, Гос хот өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт (хх 2-6 хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Би Б.*******тэй 2021 онд танилцаж дотносон үерхэж эхэлсэн. 2022 оны 04 дүгээр сард би өөрийгөө хүүхэдтэй болсныг мэдсэн бөгөөд бид тухайн үеэс хамтран амьдарсан. Хамтын амьдрал эхлээд 5 сартай жирэмсэн байх үед Б.******* нь би хүүхэдтэй болж гэр бүл зохиоход бэлэн биш байна. Цаашдаа хамт байж чадахгүй гэсэн тул аргагүйн эрхэд бид салцгаасан. Иймд хүүхдийн асрамжийг өөрийн нэр дээр авч, Б.*******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасангэж тайлбарласан.

3.Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд “...охин Л. миний хүүхэд мөн. Би охиныг ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

4.Талууд 2021 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, тэдний дундаас 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Л. төрсөн болох нь зохигчийн тайлбар, Л.ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. (хх 3 хуудас)

5.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан.

6.Хэрэгт авагдсан охин Л.ын төрсний бүртгэлийн гэрчилгээ дээр эцгийн нэр, мэдээлэл байхгүй, Л. нь эх Д.*******гийн овгийг авчээ.

7.Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд охин Л.ыг өөрийн охин мөн гэж тайлбарлаж байх тул охин А.ын төрсөн эцэг нь хариуцагч Б.******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

8.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

9.Хариуцагч Б.******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд насанд хүрээгүй охин Л.ыг нэхэмжлэгч Д.*******гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба дээрх хуульд зааснаар гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул охин Л.ыг эх Д.*******гийн асрамжид үлдээж, эцэг Б.*******өөс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

10.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ******* овогт *******гийн (РД:*******)-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.ыг эх Д.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.******* (РД: *******)-өөс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НОМИН