Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01140

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01140

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01077/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, Стадионы Оргил-1, Чингисийн өргөн чөлөө, Х банк цамхаг хаягт байршилтай, регистрийн дугаар 2***, Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Тусгай активын газрын Хуулийн зөвлөх, М.Ц , Тусгай активын газрын мэргэжилтэн, Э.А ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 7 дугаар багийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Ж.М д холбогдох ЗГ/201843650129, ЗГ/2018121901 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 32,050,817.02 төгрөг, нотариатын үйлчилгээний зардлын 25,000 төгрөг, нийт 32,075,817.02 (гучин хоёр сая далан таван мянга найман зуун арван долоон төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.М нь Х банкны СБ Х цамхаг тооцооны төвтэй 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843650129 тоот Зээлийн гэрээ болон БГХ/201843650129 тоот Барьцааны гэрээ (Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө) байгуулан 10,000,000 (арван сая) төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулсан.

Мөн зээлдэгч Ж.М нь Х банкны СБ Х цамхаг тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/2018121901 тоот Зээлийн гэрээ болон БГ/2018121901 тоот Барьцааны гэрээ (хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө) байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 7,836,495.68 (долоон сая найман зуун гучин зургаан мянга дөрвөн зуун ерэн таван төгрөг жаран найман мөнгө) төгрөг дээр 10,000,000 (арван сая) төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх орлогыг барьцаалуулсан. (нийт 17,836,495.68 төгрөг)

Зээлдэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 5,000,557 төгрөг, зээлийн хүүд 3,344,171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,881 төгрөг, нийт 8,346,609 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн

1/ Хариуцагчид холбогдуулан 317201843650129 тоот, 3172018121901 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 14,999,443.12 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 15,371,947.91 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,679,425.99 төгрөг, нийт 32,050,817.02 төгрөгийг гаргуулах,

2/ Хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 25,000 төгрөг, бүгд 32,075,817.02 төгрөгийг гаргуулах,

Улсын тэмдэгтийн хураамжид 318,329.08 төгрөг төлсөн болно.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. гэжээ.

Хариуцагч Ж.М 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд: Миний бие Ж.М нь Х банк ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би Х банк ХК-аас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг, тус зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,836,495.68 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулан, зээлсэн нь үнэн.

Миний бие зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээд явж байсан боловч миний ажиллаж байсан уурхайд осол гарч, уурхай хаагдсаны улмаас ажилгүй болсон, мөн баруун хөлний тавхай нумгүй болсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

Дээрх шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй нь үнэн.

Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 14,999,443.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,371,947.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,679,425.99 төгрөг, нотариатчийн зардал 25,000 төгрөг, нийт 32,075,817.02 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. гэх хариу тайлбар ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Ж.М д холбогдуулан ЗГ/201843650129, ЗГ/2018121901 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 32,050,817.02 төгрөг, нотариатын үйлчилгээний зардлын 25,000 төгрөг, нийт 32,075,817.02 (гучин хоёр сая далан таван мянга найман зуун арван долоон төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Ж.М гийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,329.08 төгрөгийн 50 хувь болох 159,164.54 төгрөгийг хариуцагч Ж.М гаас, 50 хувь болох 159,164.54 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М д холбогдох ЗГ/201843650129, ЗГ/2018121901 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 32,050,817.02 төгрөг, нотариатын үйлчилгээний зардлын 25,000 төгрөг, нийт 32,075,817.02 (гучин хоёр сая далан таван мянга найман зуун арван долоон төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.М гаас 159,164.54 төгрөгийг, улсын орлогоос 159,164.54 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА