Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/01387

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01480/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“6,410,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...М.******* нь 2022 онд самар худалдаж аваад өгье гэж 20,000,000 төгрөгийг авсан. 13,500,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 6,410,000 төгрөгийг өгөөгүй. Худлаа ярьж, утсаа авахгүй, алга болсон. Иймд М.*******аас 6,410,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...М.******* миний бие 2022 оны 09 дүгээр сард Г.******* гэдэг хүнээс 20,000,000 төгрөгийг самарт явахдаа авсан нь үнэн болно. Үүнээс өгсөөр байгаад 6,410,000 төгрөгийн үлдэгдэл байгаа нь үнэн. Тухайн үедээ Г.******* ахад тухай үеийнхээ ханшаар 2000, 3000 самраа өгч байсан. Тухайн үедээ энэ хүнийг самарт аваад яв ах нь таньдаг мэддэг гэж хэлээд цуг явуулсан. Хоёр ч хүн нь надаас мөнгө буюу хоол, хүнсний төлбөр тооцоо болох мөнгө тооцоогоо огт өгөөгүй. Танай ах бид нарыг самарт хямдхан авсан гэх шалтгаанаар тооцоо хийгээгүй. Би Г.******* гэдэг хүнээс мөнгө авсан үнэн боловч болсон болоогүй хүний миний таньдаг хүн гэж баахан хоол хүнсийг нь бэлдүүлж өгүүлсэн үнэн. Гэхдээ би энэ хүнийг хохиролгүй болгоно. Г.******* ахын нэхэмжилж байгаа 6,410,000 төгрөгийг төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан “6,410,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,410,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 58,800 төгрөг, төрийн сангийн орлогоос 58,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох “6,410,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 58,800 төгрөг, төрийн сангийн орлогоос 58,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН