Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

 

 

  2023              1              18                                                 2023/ДШМ/02

 

 

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

                                                                                    хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Ц.С

            Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.А

            Иргэний нэхэмжлэгч Б.Т

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Ш.А-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2134000000177 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ...  дүүрэг, 5 дугаар хороо, 70-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Г Г,

 

Г.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжийн хөндий” гэх газарт замд таарсан гэх шар өнгийн ковшийн жолоочид 500.000 төгрөг өгч 144м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, алтны агууламжтай шороог “1765 УБЗ” улсын дугаартай “Хово” маркийн, “7273 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдээр ачуулж, байгаль орчинд 1.517.258 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г.Г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хасаж, түүний торгох ялыг 5.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.985.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 5.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.985.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Howo Sinotruck” маркийн “7273 УНЦ” улсын дугаартай хэрэгслийн үнэлгээ болох 82.600.000 төгрөг, “Howo Sinotruck” маркийн “1765 УБЗ” улсын дугаартай хэрэгслийн үнэлгээ болох 49.626.700 төгрөг, нийт 132.226.700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн 38.4 грамм /гялгар ууттай дүн/ шаргал өнгийн металл /алт/-ыг улсын орлого болгуулахаар харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь зээлийн гэрээний талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Ш.А гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Г.Г 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1442 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, алтны агууламжтай шороог 1765 УБЗ улсын дугаартай “Хово” маркийн, 7273 УНЦ улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдээр ачуулж, байгаль орчинд 1.517.258 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлохыг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэл байхыг гэмт хэргийн үндсэн шинж болгосон.

 

Дээрх гэмт хэргийн үндсэн шинжүүд болох ашигт малтмалыг олборлох гэж зөвшөөрөгдсөн техник, эдийн засгийн үндэслэл, төлөвлөгөөний дагуу газрын гадаргуу, түүний хэвлий, үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал, байгалийн уснаас үйлдвэрлэлийн аргаар ашигт малтмал гарган авах, угаах, ангилах үйл ажиллагааг,

 

Мөн ашигт малтмал боловсруулах гэж ашигт малтмалыг цэвэршүүлэх, хайлуулах, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр ашигт малтмалын ашигт агуулга, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой үйлдвэрлэлийн үйл ажиллагааг,

 

Ашигт малтмалын хайгуул гэж эрлийн ажлын үр дүнд тодорхойлогдсон талбайд ашигт малтмалын биетийн хэлбэр хэмжээ, байршил, найрлага, баяжигдах чанар, геологийн бүтэц, ашигт малтмал олборлох уул техникийн нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож, нөөц, баялгийн тоо хэмжээг баталгаатай тооцох, түүнийг цаашид олборлох эсэхийг шийдэх зорилгоор шаардагдах бүх төрлийн геологи, геофизик, өрөмдлөг, лаборатори, гидрогеологийн стандартын дагуу хийж гүйцэтгэх цогц үйл ажиллагааг,

 

Ашигт малтмалын эрэл гэж ашигт малтмалын байршил, баялаг, нөөцийн тойм хэмжээг үнэлэх, найрлага, геологийн бүтцийг тогтоож түүнийг цаашид үргэлжлүүлэн хайгуул хийх эсэхийг тодорхойлох зорилгоор бүх төрлийн шаардагдах геологи, геофизик, өрөмдлөг, лабораторийн ажлыг хэтийн төлөв бүхий талбайд стандартын дагуу хийж гүйцэтгэх цогц үйл ажиллагааг,

 

Ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан гэж заасан.

 

Мөн газрын хэвлий гэж “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.

 

Хөрс гэж газрын гадарга ургахад тохиромжтой өнгөн хэсгийг хэлнэ тус тус хуульчлан тодорхойлсон. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр “...өвс ургамал тачир талархаг газар байх бөгөөд гүн хэсэгтээ 20см, нам хэсэгтээ 10см гүнтэй байна...” гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хавтаст хэргийн 151 дүгээр хуудаст Хөрөнгийн үнэлгээний “Дамно” үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирлыг тооцоолон гаргасан ба тухайн бүс нутгийн онцлогоос шалтгаалж газрын хөрс янз бүр байдаг ба Сэргэлэн сумын уг газрын хөрсний зузаан 60 см байна гэдгийг тодорхойлсон байдаг.

 

Үүнээс үзэхэд Г.Г үйлдэл нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан зэрэг шинжид хамаарахгүй болох нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй...” гэж зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй үйлдлийг эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж ял оногдуулсан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоосон явж байхаар нь шороо ачаад угаалгая гэж бодоод ачсан. Хашаанд байсан машинтай шороог мөрдөгч нар авч яваад угаалгаад алтыг нь гаргаж авсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Г үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж миний үйлчлүүлэгчид ял оногдуулсан. Бодит нөхцөл байдлын хувьд Төв аймгийн Сэргэлэн суманд газрын хөрснөөс алт гарсан, тухайн нутгийн хүмүүс болон бусад орон нутгийн хүмүүс гар аргаар алт олборлолт явуулах буюу “нинжа” гэх хүмүүс ирээд газрыг ухацгаасан. Тухайн үед хорио цээрийн дэглэм үйлчилж байсан. Тус газар дээр Портер машинтай шуудайтай хүрзээр ухаж байсан хүмүүсийг хорио цээрийн дэглэм зөрсөн гэж зөрчлийн арга хэмжээ авсан атлаа Г.Г болон 2-3 хүнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд ялласан. Энэ нөхцөл байдлаас үзэхэд хуулийг нэг мөр хэрэглэхгүй, өөр өөрөөр хэрэглэж, дээр нь хуулийг төсөөтэй хэрэглэж хүнд ял оногдуулж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г цагаатгаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Г.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжийн хөндий” гэх газрын 144м2 талбайгаас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, алтны агууламж бүхий шороог “1765 УБЗ” улсын дугаартай “Хово” маркийн, “7273 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдэд замд таарсан гэх шар өнгийн ковшийн жолоочид 500.000 төгрөг өгч ачуулан авч байгаль орчинд 1.517.258 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Ц.Нарантуяагийн “...уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт сүүлд нь очиж үзсэн чинь өмнө нь тэгш газар байсан газрын хөрс болон доош 2 орчим метр газар ухаж хөрсийг нь сэндийчсэн байсан...” гэх[1],

 

Гэрч Т.Г “...миний хувьд Г.Г гэдэг хүний машиныг жолоодож цалинждаг хүн бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргээс Г.Г цагаан өнгийн “7273 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн машинаа бариад би Улаан өнгийн “1765 УБЗ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Мөнхийн баян гал” ХХК-ийн шохойны ачаанд явахаар очсон чинь гэнэт Г.Г өөр тийшээ явна гээд дагуулаад явсан. Тэгтэл хаана гэдгийг нь бол мэдэхгүй, нинжа нар байгаа газар очоод жижиг шар ковшоор шороо ачаад буцаад налайх орсон...” гэх[2] мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

 

Г.Г бусдад 500.000 төгрөг өгч 2 тээврийн хэрэгсэлд ачуулан авч явсан 46м3 шороог баяжуулахад нийт 38.4гр баяжмал /алт/ ялгарсан гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл алтны металл мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл мөнгө-/Ag-4.0%/, алт-/Au-85.3%/, зэс-/Cu-0.6%/, төмөр-/Fe-6.0%/, хар тугалга-/Pg-3.8%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл 38.8 грамм /гялгар ууттай хэмжсэн үр дүн/ масстай байна...” гэх болон шүүгдэгч Г.Г хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Дамно” /Damno/ ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №Т22-10 дугаартай үнэлгээний тайлан[5] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн...” гэж заасан.

 

Үүний дагуу Эрүүгийн хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт хүрээлэн буй орчныг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хуульчилсан ба хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинж, оногдуулах ялыг тодорхойлж өгсөн.

 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр газрын гадаргуу болон хэвлийд үүсэж бий болсон эрдсийн хуримтлал, ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахыг чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдэл байхыг ойлгох ба газрын гадаргуу, эсхүл хэвлий дэх ашигт малтмалыг ашигласан, олборлосон нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын газрын гадаргуу, түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн нийтийн өмч тул түүнийг хайх, олборлох, ашиглах, үйл ажиллагаа нь зөвхөн хуульд заасан болзол шаардлагыг хангасан хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас тодорхой хугацаагаар олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг онцгой харилцаа учир иргэн хүн хувиараа уг үйл ажиллагааг эрхлэн явуулах хууль зүйн боломжгүй тул прокуророос Г.Г үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд зургаан мянган нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан, түүний цагдан хоригдсон нэг хоногийг хуульд заасны дагуу арван таван нэгжтэй дүйцүүлэн хасаж тооцон, нийт биечлэн эдлэх торгох ялыг 5985 /таван мянга есөн зуун наян таван мянга/ нэгж буюу 5.985.000 /таван сая есөн зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирчээ.

 

Түүнчлэн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 132.226.700 төгрөг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 38.4 грамм алт зэргийг улсын орлогод оруулан шийдвэрлэсэн зэрэг нь гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А-ын “...Г.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, анхан шатны шүүх хуулийг төсөөтэй хэрэглэн ял шийтгэсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Ш.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                         З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 31-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 34-р тал

[3] Хх-ийн 1-р хавтас 7-10-р тал

[4] Хх-ийн 1-р хавтас 15-21-р тал

[5] Хх-ийн 1-р хавтас 147-148, 151-179-р тал