| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01200/И |
| Дугаар | 155/ШШ2024/01097 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2024/01097
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2024/01097 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Д
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2024/01200/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуульд 1977 онд элсэн орж, 6 дугаар анги хүртэл суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар гарсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас эхлэн 1988 оны 9 дүгээр сард цэргийн албанд татагдах хүртэл үхэр, хонь маллаж байсан. Хугацаат цэргийн албыг Ардын армийн **** дугаар ангид хааж, 1990 оны 10 дугаар сард халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед авсан хөдөлмөрийн дэвтэр алга болсон, ажилд орсон гарсан тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул дээрх хугацаа ажилласан жилд тооцогдохгүй гэсэн.
Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслээд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, №*********** дугаартай Баталгаажилтын хуудас, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл зэрэг баримтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/476 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Д-ийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1029 дугаар албан бичиг зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 3-47, 68 дахь тал)
3. Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Д-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр ************ нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 51-55, 61-64 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ж.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Ж.Д Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/476 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Дийн 1985 оны 7-8 дугаар сар, 10-12 дугаар сар, 1986 оны 1-5 дугаар сар, 7-8 дугаар сар, 10-12 дугаар сар, 1987 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 1988 оны 1-5 дугаар сар, 7-8 дугаар сар, 10-12 дугаар сарыг дуустал хугацаанд Рашаант сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 7, 8-47 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ж.Дийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РЗ*****, 5. Овог: Ж, 6. Нэр: Д...10. Ажилладаг байгууллага: Улаан-Од, ажилд орсон он: 1986, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: малчин, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум район: Рашаант...бүртгэгчийн нэр: Буянзаяа, он сар өдөр: 1988 оны 09 сарын 20... гэх бичилттэй архивын хуулбар, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Ж Д, 2. Төрсөн он сар өдөр: 1969.02.18...10. Хаана ямар ажилтай: Хөвсгөл Рашаант сум 2-р бригад үхэрчин... 14. Хуудас бичсэн: 1986 оны 09 сарын 04... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 53, 54 дэхь тал)
Гэрч О.А- ...Ж.Д нь...бага ангиас сургуулиас гарч... Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оноос цэргийн албанд явах хүртлээ малчнаар ажиллаж байсан. Хонь малладаг байсан. 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сард цэргийн алба хаасан...тасраагүй ажиллаж байсан. Цэргээс ирээд ч мөн нэгдэлд мал маллаж байгаад хувьчлалаас хойш хувийн малаа маллаж байгаа...Би 1988 онд 10 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болж, Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1988 оны 7 дугаар сараас нэгдэл тарах хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч П.М- ...Ж.Д нь 5, 6 дугаар ангиас сургуулиас гарч...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын үеэс 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд явах хүртлээ нэгдлийн хонь маллаж байсан. Би 1989 онд 10 дугаар анги төгсөөд Улаан-Од нэгдэлд мал малласан. Ж.Д нь 1990 оны 10 дугаар сард цэргээс ирээд мөн Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1994 оноос нэгдэл тараад хувийн малаа маллаж байгаа... тасраагүй ажиллаж байсан...Ж.Дтой 1990 оноос хойш нэгдэлд хамт ажиллаж байсан. Гэхдээ нэг нутгийн хүмүүс учир Ж.Дийг бага наснаас мал маллаж байсныг сайн мэднэ. Манай үеийхэн сургуульд сурч байхад Ж.Д сургуулиас гарсан хөдөө мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 63-64 дэхь тал)
Нэхэмжлэгч Ж.Дийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Харин Ж.Дийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх тушаал шийдвэр болон холбогдох нотлох баримт байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргын 1985, 1988-1989 оны тушааал шүүж үзэхэд Ж.Дийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/1029 дугаар албан бичиг ирүүлсэн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний баримтад дээрх хугацаанд цалин хөлс авсан тухай бичигдээгүй байна. Мөн дээрх хугацаанд ажиллаж байсан тухай холбогдох нотлох баримтгүй болно. (хавтаст хэргийн 68, 7-47 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Д өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ж.Дийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, №*********** дугаартай Баталгаажилтын хуудас, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл зэрэг баримтын хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4-6, 55 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чонос овогт Ж-ын Дийн, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА