Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Н.Д-д  холбогдох эрүүгийн 1705013180253 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөөрөг хийдэг, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 33-00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, .... овогт Н.Д

 

Шүүгдэгч Н.Д нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан иргэн Э.-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дмэдүүлэхдээ:

  Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Д-н өгсөн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой ... Б Д хоёр хоорондоо маргаад байсан. Тоглоомноосоо болоод л маргасан байх. Тэгээд ноцолдоод газар унасан ба Д Б-н дээр гараад дарчихаар нь очиж салгаад, Б-н баруун гарыг мушгиад өөр рүүгээ харуулаад, нүүр рүү нь 2 гараараа боль гээд түлхчихсэн юм. Нилээн хүчтэй түлхсэн. ... Би Б-н эмчилгээний зардалд 900,000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ө-н өгсөн:

 “... караокед байхад л Д М руу салаавч өгөөд л амжихгүй шүү гээд цохиж аваад байсан. Ер нь л согтчихоод дарамтлаад байгаа байдал үзүүлсэн. ... Тэгээд гарчихаад хэрүүл  хийгээд байсан ба Д надтай үзье гээд байсан. Тэгж байгаад Д нь надтай маргаад дайраад байсан ба зууралдаж байгаад газар унаад босоход Д миний баруун гарыг мушгиад ам руу нэг удаа цохиод авсан. Яаж байгаа юм бэ гэхэд би адилхан дүүгээ алгадаад авлаа гээд Д-г нүүр рүү нь алгадсан. ... Д-н цохисноос болоод миний үүдэн 2 шүд унаад уруул яз цохигдон 2 оёдол тавьсан. Баруун гарын мөрөнд мах хавчуулсан гэмтэл учирсан ...  Эмчилгээний зардалд Д 900,000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  7, 9 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.М-н өгсөн:

            “... Д Б хоёр л чи амжихгүй шүү гээд тоглоом шоглоомоор маргаад салаавч гаргаад байсан. Үүнээс болоод тэр хоёр хоорондоо зодолдоогүй. Ингээд Д Б-г салгаж аваад цаашаа явсан ба больцгоо гээд Б-г Д түлхэх шиг болсон чинь Б-н амнаас нь цус гарсан бөгөөд намайг цохичихлоо гэсэн. Бас шүд уначихлаа, уруул сэтэрсэн байна гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 14106 тоот: 

1. Э.Б-н биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, зүүн шанаа, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 % нөлөөлнө.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

 

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Н.Д-н хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 43-44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

             Шүүгдэгч Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан иргэн Э.Б-н эрүүл мэндэд доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, зүүн шанаа, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Д-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  мөродөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Э.Б, гэрч О.М нарын мэдүүлэг,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 14106 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Б нь “Эмчилгээний зардалд Д 900,000 төгрөг өгсөн. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 9/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулсан болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Н.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Д-д торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ