Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/01422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01212/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, *******)-ийн хүсэлттэй,

“Х.*******г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Х.******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр автомашинаар мөргөж осол гаргасан. Х.******* нь Улаанбаатар хот, ******* тоотод оршин сууж байгаа гэсэн мэдүүлэг өгсөн. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Х.*******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2024/22924 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Цагдаагийн ерөнхий газрын Х.*******гийн жолоодох эрхийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  Х.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зам тээврийн ослын байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зураг, ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх 2-17 хуудас) зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч А.******* нь Х.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч А.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод явж байтал Х.******* нь хажуугаас машинтайгаа миний машиныг мөргөсөн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг таны 100 хувь зөв гээд Х.Хүрэлээг та энэ хүний хохирлыг барагдуулж өг гэсэн. Гэтэл Х.******* нь би барагдуулахгүй гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш сураггүй болсон. Тэгээд Улаанбаатар хотод шүүхэд хандахад та Дархандаа шийдвэрлүүлж болно, наад хүн чинь хаягтаа байхгүй байна гэж хэлсэн. Х.******* нь Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух хаягтай гэж баримт бичиг дээр нь байгаа боловч албан ёсны хаягтаа байхгүй байна. Иймд Х.Хүрэлээг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү” гэж тайлбарлажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагчийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2024/22924 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Х.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна.

6.Иймд Х.Хүрэлээг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* (РД:*******)-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Х.*******г оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч А.******* (утас: *******, *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Х.******* нь Улаанбаатар хот, ******* тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН