| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01107/И |
| Дугаар | 155/ШШ2024/01120 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/01120
| 2024 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/01120 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Ц.Я
Хариуцагч: Х.С
Зээлийн үлдэгдэл төлбөр 9,215,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд төлсөн 467,114 төгрөг, нийт 9,682,114 (есөн сая зургаан зуун наян хоёр мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2024/00833/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
1. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь *********** үсчний салонаар үйлчлүүлдэг байсан бөгөөд тус салоны үсчин Х.С-ийг эчнээ таньдаг болсон юм. Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Х.С-э нь надтай ирж уулзан ...нөхөр маань Англи руу ногоо хураах ажлаар 4-5 сар хугацаанд явах гээд яаралтай мөнгөний хэрэг боллоо. Та 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлээч. Би хоёр хуваагаад 10,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг нэмээд өгье... гэсэн. Би түүнд итгээд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хугацаатай хадгаламжаа барьцаалан 9,500,000 төгрөгийн зээл авч, өөрт байсан 500,000 төгрөгөө нэмж, 10,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн боловч Х.С-э өнөөдрийг хүртэл надаас зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Зээлсэн мөнгөнөөсөө увуулж, цувуулж 785,000 төгрөг авсан. Одоо үлдэх 9,215,000 төгрөгийг Х.С-ээс гаргуулан авах хүсэлттэй байна. Би Х.С-эд итгээд өөрийн өөрийн ХААН банк дахь хугацаатай хадгаламжаа барьцаалж, 9,500,000 төгрөгийн зээл авч түүнд зээлдүүлсэн. Гэтэл Х.С-э нь миний итгэлийг даалгүй, зээлийг минь төлье, барагдуулъя гэсэн сэтгэл гаргахгүй байна. Хэлж, ярьсан хугацаандаа надаас зээлсэн мөнгөө өгөөгүйн улмаас би хадгаламж барьцаалсан зээлийн хүүг өөрөө төлсөн. Одоо тэр зээлийн хүүгээ ч Х.С-ээр төлүүлж авмаар байна.
Иймд Х.С-ээс зээлийн үлдэгдэл төлбөр болох 9,215,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд төлсөн 467,114 төгрөг, нийт 9,682,114 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан Ц.Ягийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.С-э нь Ц.Ягаас 2022 оны 8 дугаар сард зайлшгүй шаардлага гараад 10,000,000 төгрөгийг түр хугацаагаар зээлж авсан нь үнэн болно. Түүнээс хойш Х.С-э нь хүүхэд төрүүлж, тогтмол орлогогүй болсон тул тухайн мөнгийг эргүүлж өгч чадаагүй байна. Одоо түүний нэхэмжилсэн 9,215,000 төгрөг зээлийн хүүнд төлсөн 467,114 төгрөг, нийт 9,682,114 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Иймд тухайн маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)
3. Нэхэмжлэгч Ц.Я шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х.С-ээс зээл, зээлийн төлбөрт төлсөн хүү нийт 9,682,114 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай танилцлаа. Х.С-э нь 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 9,682,114 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Я нь хариуцагч Х.С-эд холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 9,215,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд төлсөн 467,114 төгрөг, нийт 9,682,114 (есөн сая зургаан зуун наян хоёр мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С ...нэхэмжилсэн 9,215,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 467,114 төгрөг, нийт 9,682,114 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгч Ц.Я ...Х.С-э нь 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 9,682,114 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрч байна... гэх тайлбар тус тус гаргаж, хариуцагч Х.С-э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Зохигчийн шүүхэд ирүүлсэн дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Х.С-э нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,864 төгрөгийн тал хувь болох 84,932 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.С-ээс улсын тэмдэгтийн хураамж 84,932 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ягийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,215,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд төлсөн 467,114 төгрөг, нийт 9,682,114 (есөн сая зургаан зуун наян хоёр мянга нэг зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.С-э 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,864 төгрөгөөс 84,932 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.С-ээс улсын тэмдэгтийн хураамж 84,932 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Ц.Яд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА