Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/01423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2024/01215/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

 “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт анх 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тулгуур автомашины слесариар ажиллаж эхэлсэн бөгөөд 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр жолоочийн курст суралцаж ирснээр 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл уг байгууллагад жолоочоор ажилласан. Иймд 1985 оны 07 дугаар сараас 1994 оны 01 дүгээр сар хүртэлх ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагч Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт (хх 3-9 хуудас) зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17/833 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 455 дугаартай албан бичиг, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дугаартай архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай албан бичиг, Говь-Алтай Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд авах тухай” тушаалын хуулбар, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөн томилох тухай” тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч О.******* гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 16-26 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оны 07 дугаар сараас 1994 оны 01 дүгээр сар  хүртэл Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч нь 1985 оны 07 дугаар сараас 1994 оны 01 дүгээр сар  хүртэл Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж байсан үеийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 1990.01 дүгээр сараас 1998.07 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хүсэлт гаргагч Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дугаартай “...Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газар нь 1991, 1992, 1993 онуудад НДШ төлж байсан болно” гэх  архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд авах тухай” тушаалын 1-т “...Завхан аймаг дахь авто жолооны курс төгссөн ******* *******...” гэх хуулбар, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөн томилох тухай” тушаалын 1-т “...******* ******* нарыг 7-р сарын 18-ны өдрөөс эхлэн засварчнаас чөлөөлж I-р хэсэгт жолоочоор ажиллуулсугай...” гэх хуулбар, гэрч О.******* “...Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын 7 дугаар базад Д.*******тэй хамт ажиллаж байсан. Намайг 1985 онд ажилд ороход Д.******* нь слесариар ажиллаж байсан. Сүүлд жолоочоор томилогдож, машин авсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар:

-Хүсэлт гаргагч Д.******* нь 1985 оны 07 дугаар сараас 1994 оны 01 дүгээр сар  хүртэл Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 1985 оны 07 дугаар сараас 1994 оны 01 дүгээр сар  хүртэл Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт /сүүлд Тээвэрчин Алтай ХК болж нэр өөрчлөгдсөн/ жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН