| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01151/И |
| Дугаар | 155/ШШ2024/01154 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/01154
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/01154 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2024/01151/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний хөл өвдөөд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны хавар ажилд ороод 1982 оны 6 дугаар сар хүртэл буюу цэргийн албанд явах хүртлээ ажилчнаар ажиллаж байсан. Хугацаат цэргийн албыг 3 жил хаагаад, 1985 оны 8 дугаар сард халагдаж ирээд, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл манаачаар, чанарын бригадад 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилчнаар тасралтгүй ажиллаж байсан. Тэгээд байгууллага маань хувьчлагдаад Жаргалант хоршоо болоход нь тус хоршооны малыг маллаж байсан. Анх шүүхэд хүсэлт гаргахдаа Давшилт нэгдэлд ажиллаж байсан хугацаагаа бичихгүй орхигдуулсан байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход миний ажиллаж байсан тухай тушаал, шийдвэр байхгүй, нэгдлийн захиргаа галд шатсан тул холбогдох баримт бичгүүдийг архивт шилжүүлээгүй, мөн Давшилт нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт бараг байхгүй болсон. Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийн тушаалыг би өөртөө хадгалж үлдсэн боловч тушаалын хувийг аймгийн архивт мөн шилжүүлээгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл манаачаар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл чанарын бригадын ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/912 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд түр томилох тухай №12 дугаар тушаалын хуулбар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №12 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1987 оны 2-р сарын шагналт цалин олгох тухай №16 дугаар тушаалын хуулбар, Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаас 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Д.М-ад олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №********* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №******* дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/68 дугаар албан бичиг, хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбар, №********* дугаартай 1995 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/1049 дугаар албан бичиг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №12 дугаар тушаал, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №12 дугаар тушаал, 1987 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тэтгэмж олгох тухай №23 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/121 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.М-ын Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олонтой авахуулсан гэрэл зураг зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-10, 30, 35-40, 45-49 дэхь тал)
3. Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.М-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг баримтын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Э-, Ж.Э-нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14, 16-20, 22-24, 31-34 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.М- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа тодруулан, нэмэгдүүлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Д.М- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд чанарын бригадын ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1, 30 дахь тал)
Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаас 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Д.М-ад олгосон ...03. 1985 оны 09 сарын 01. ХБАнгид манаачаар авч ажиллуулав. ХБ ангийн даргын 1986.9.01-ний өдрийн 12-р тоот тушаал. 04. 1986 оны 03 сарын 25. Өөрийн хүсэлтээр манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв. ХБАнгийн даргын 1986 оны 03 сарын 25-ны өдрийн 12 тоот тушаалаар. 05. 1986 оны 04 сарын 01. Чанарын бригадын ажилчнаар авч ажиллуулав. ХБ Ангийн даргын 1986 оны 04 сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар. 06. Өөрийн хүсэлтийг үндэслэн Жаргалант хоршооны малчнаар томилон ажиллуулав. Хоршооны захирлын 1995 оны 01 сарын 05-ны өдрийн №01 тоот тушаалаар. 1995.01.01. улсад нийт 9 жил 4 сар ажилласныг тооцож хөдөлмөрийн дэвтрийг хаав гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)
Д.М-ын Жаргалант ББХХоршооноос 1995 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл төлсөн тухай бичилттэй ********* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 35 дахь тал)
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Өөрийн хүсэлтийг үндэслэн Тушаах нь: 1. Манаач Д.М-ыг 1986-03-25-ны өдрөөр тасалбар болгон манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №12 дугаар тушаал, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ХБ Ангийн хариуцлагатны хурлын шийдвэрийг үндэслэн тушаах нь: 1. Чанарын бригадын ажилчин Д.Цэрэнпүрэвийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан ажлаас нь 1986-4-1-нээр чөлөөлж, мөн өдрөөс Д.М-ыг чанарын бригадын ажилчнаар авч ажиллуулах... гэх бичилттэй Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №12 дугаар тушаал, 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тушаах нь: 1. Мөрөнд удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа түүхий эдийн туслах ажилчин Д.М-ад 100 төгрөгийн тэтгэмжийг олгосугай... гэх бичилттэй Тэтгэмж олгох тухай 23 дугаар тушаал, (хавтаст хэргийн 38-40 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Тус сумын ЗДТГ-ын архивын баримт болох 70-р дансны 1980, 1981 онуудын Давшилт нэгдлийн цалин хөлсний баримтуудад Д.М-тай холбоотой цалин хөлс, тушаал шийдвэр байхгүй ба 1982 оны цалин хөлсний лавлагааг гаргаж хүргүүлэв. 1982 оны цалингийн тооцооны хүснэгт, цалин хөлсний тодорхойлолтыг хавсаргав гэх бичилттэй 3/121 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.М-ын 1982 оны 1 дүгээр сараас 10 дугаар сард Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 45-48 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.М-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д, 6. Нэр: М-...10. Ажилладаг байгууллага: Төмөрбулаг Х.Б.Анги, ажилд орсон он: 1984, цех тасаг бригад: чанарын бригад, эрхэлдэг ажил: ачигч буулгагч, эрхэлж эхэлсэн он: 1984, оршдог сум район: Төмөрбулаг...бүртгэгчийн нэр: Эрдэнэ-Очир, он сар өдөр: 1988 оны 09 сарын 20... гэх бичилттэй архивын хуулбар, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Дын М-, 2. Төрсөн он сар өдөр: 1964-08-29...10. Хаана ямар ажилтай: Төмөрбулаг сумын үйлдвэр бригадын ажилчин...14. Хуудас бичсэн: 1980 оны 12 сарын 05... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 17, 18 дахь тал)
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Дын М-ын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг хуулбарлан хүргүүлэв гэх бичилттэй 533 дугаар албан бичиг, Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөвсгөл аймаг Төмөрбулаг сумын 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын 1. Овог нэр: Д М-. 2. төрсөн он сар өдөр нас: 1964-08-29 /18/... 5. Үндсэн захиргаа: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р бригад...7. Хаана ямар ажил хийж байсан: Үйлдвэр бригадад грушик хийж байсан...11. Ямар сургууль курс төгссөн, боловсролын байдал: үгүй, 1978 онд 4-р анги төгссөн, бага...бүртгэлд авсан: 1982-6-21 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 22-24 дэхь тал)
Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхдаа хамт олонтойгоо 1985 онд авахуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 49 дэхь тал)
Гэрч Х.Э-ын ...Д.М-тай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оноос эхлэн хамт ажиллаж байсан. Д.М- нь 1985 оны намар цэргээс халагдаж ирээд 1985 оны 09 сард Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар анх ажилд орж байсан. Түүнээс хойш чанарын бригадын ажилчнаар 1995 он гартал ажилласан. 1995 он гараад Худалдаа бэлтгэлийн анги нь 2 хоршоо болж салсан. Д.М- нь Жаргалант хоршоонд 1995 оноос 1996 онд ажилчнаар...Тасраагүй ажиллаж байсан...Д.М- бага наснаас сургуулиас гарсан. Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажилладаг байсан. 14, 15 наснаас туслах ажилчин, туслах малчнаар ажиллуулдаг байсан. Ажиллаж байгаад 1982 онд цэрэгт явсан. 3 жилийн алба хаасан. 1985 онд халагдаж ирээд сумын ХБАнгид ажилласан нь тэр...Би 1979 онд 8-р, 1981 онд 10-р анги төгссөн. Тэгээд ТМС-д суралцаж 1982 онд төгсөөд аймгийн ХБТрестэд ажиллаж байгаад 1984 оны сүүлээр Төмөрбулаг суманд шилжин очиж, сумын ХБАнгид хүнсний дэлгүүрийн худалдагчаар 1989 оныг дуустал ажиллсан. Тэгээд 1989-1993 онд Улаанбаатар хотод техникумд суралцсан. Ирээд мөн сумын ХБАнгид ажиллаж байгаад 1995 он гараад ХБАнги нь хоршоо болсон. Би тэгээд хоршоонд ажиллаагүй... гэх мэдүүлэг, гэрч Ж.Э-ийн ...Би гэр бүлийн хүнээ дагаад Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 09 сард очиж ажиллаж байсан. Д.М- нь 1985 онд цэргээс халагдаж ирээд, 1985 оны 09 сард Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар анх ажилд орсон. Түүнээс хойш 1995 он гартал манаач, чанарын бригадын ажилчнаар ажилласан. 1995 он гараад сумын ХБАнги нь хоршоо болж тарсан. Д.М- лав Жаргалант хоршоонд ажилчнаар ажиллаж байсан. Би ч тэгээд 1995 оны 09 сард аймгийн төвд буцаад ирсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 33-34 дэхь тал)
Нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин Д.М-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Д.М- 1964 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 1980 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 16 насанд хүрчээ. Нэхэмжлэгч нь бага боловсрол эзэмшсэн хэдий ч дээрх хугацаанд хөдөлмөрийн насанд хүрээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд 1980 оны хавар ажилд орсон гэж хүсэлтэд бичсэн үндэслэлээ өөрөөр тайлбарласан. Мөн дээрх хугацаанд ажиллаж байсан тухай нотлох баримт байхгүй байна. (хавтаст хэргийн 17-19 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.М- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.М-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд чанарын бригадын ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл
аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд түр томилох тухай №12 дугаар тушаалын хуулбар, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №12 дугаар тушаалын хуулбар, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1987 оны 2-р сарын шагналт цалин олгох тухай №16 дугаар тушаалын хуулбар зэрэг баримтууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, №********* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №******* дугаар баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4-6, 8 дахь тал)
6. Д.М- 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 506861 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 9, 23 дахь тал)
7. Нэхэмжлэгч Д.М-ад холбогдох тушаал, шийдвэр, цалингийн баримт байхгүй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн конторын байр 1991 онд галд шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.М-ад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/912 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Төмөрбулаг сумын ЗДТГ-ын архивт тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын ажилд орсон гарсан тушаал шийдвэр, цалин хөлсний баримт шилжиж ирээгүй тул Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан 1-р багийн иргэн Д овогтой М-ад холбогдох цалин хөлсний баримт байхгүй гэх бичилттэй 3/68 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын 1980-1982 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Д.М-ад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/1049 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Тус сумын ЗДТГ-ын архивын баримт болох 70-р дансны 1980, 1981 онуудын Давшилт нэгдлийн цалин хөлсний баримтуудад Д.М-тай холбоотой цалин хөлс, тушаал шийдвэр байхгүй... гэх бичилттэй 3/121 дугаар албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах Давшилт нэгдлийн конторын байр 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шатсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, гэрч Х.Э-ын ...Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цалингийн баримт аймгийн архивт ч сумын архивт ч байдаггүй, өгөөгүй юм билээ. Баримт сэлт гэж гарч ирэхгүй юм билээ... гэх мэдүүлэг, гэрч Ж.Э-ийн ...тэр үеийн ангийн баримт материал олдохгүй юм билээ. Аймгийн архивт ч, сумын архивт ч байдаггүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3, 10, 36, 45, 37, 33-34 дэхь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Дын М-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд чанарын бригадын ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА