Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/119

 

М.Б, П.А, Б.Э,

Б.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн П.А, М.Б, Б.Э, Б.Э нарт холбогдох 2008 00000 0905 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д овгийн П-ийн А, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ...-ийн дуудлагын эмчээр ажиллаж байсан, одоо ... эмнэлэгт яаралтай тусламжийн резидент эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Т овгийн М-ийн Б, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 284 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

  1. Б овгийн Б-ийн Э, 1972 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Б овгийн Б-ийн Э, 1978 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

1. М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод Н.Г-ын хэвлийн тус газар нь өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

2. П.А нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэх үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод Н.Г-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс Н.Г нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж, улмаар хүнд гэмтлийн улмаас нас барсан,

3. Б.Э нь М.Б-т холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод Н овогтой Г-ын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх, цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол бүхий хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

4. Б.Э нь М.Б-т холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод Н овогтой Г-ын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх, цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол бүхий хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, П.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт П-ийн А-д Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

шүүгдэгч Т овогт М-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ийн Э, Б овогт Б-ийн Э нарыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-т 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар М.Б-т оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Б-ын цагдан хоригдсон 300 /гурван зуу/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож,

энэ хэргийн улмаас Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Б-аас 7.439.051 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-д олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг М.Б нарт холбогдох эрүүгийн 2008 00000 0905 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, М.Б-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж, П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг Б.Э-д мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух 67 настай Б.Х-ийн харгалзан дэмжигч, асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засан даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэг болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хоёр өөр цаг хугацаанд маргалдсан хүмүүсийн хамт байсан цаг хугацаа, орж гарсан дараалал, түргэн, цагдаа ирсэн үйл явдлыг гудамжны камерын бичлэгт буусан цаг хугацаагаар ялган бусад нотлох баримтуудтай харьцуулахад:

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1146 дугаар дүгнэлтэд “Талийгаач Н.Г-ын цогцост цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ...” /1хх 154-156/,

хохирогч Н.Г-ын “...Ака гэх залуу юугаар цохисныг мэдэхгүй, биеийн гэдэс рүү цохиод байсан...” /1хх 7-9/,

гэрч Я.Б-ын “...Ака гэх залуу гэдэс рүү нь цохисон гэж Н.Г хэлж байсан. ...” /2хх 192/,

гэрч Б.А-ын “...Намайг манай гэрийнхэн болон манай гэрийн ойр орчмын хүмүүс бага байхаас эхлээд “Ака” гэж дууддаг. ...” /хх 101-102/ гэсэн мэдүүлгүүд,

түргэний дуудлагын хуудас “...зовиур: хэвлийгээр хөндүүрлэж өвдөнө, нүүр царай: зовиурлангуй, хэвлийн тэмтрэлтээр: хэвлийн булчин бага зэрэг чангалсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй, толгойн зулай хэсэгт өнгөц язарсан шархтай. ...” /2хх 100/,

эмч П.А-ийн гэрчээс мэдүүлсэн “...Н.Г гэх хүнийг үзэхэд “толгой өвдөөд байна, хэвлийгээр хөндүүрлэж өвдөнө” гэж ярьж байсан. Н.Г-ын биед үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, хэвлийг нь үзэхэд хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй байсан. ...” /1хх 132/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6077 дугаар дүгнэлтээр “Б.А-ын биед баруун гарын эрхий хуруу, баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1хх 199/,

гэрч Г.Б-ын “...Миний хажууд бол Б.А-аас өөр хүнтэй Н.Г зодоон хийгээгүй. ...” /1хх 107-108/,

эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл “...гэрч Б.Э-аас хураан авсан Б.А-ын хэрэг гарах үед өмсөж байсан гэх хар өнгийн савхин ханцуйтай цэнхэр өнгийн жинсэн богино куртик...” /1хх 20/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2600 дугаар дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн ханцуйтай цэнхэр өнгийн цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинж ханзралтууд, хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зулгаралтууд, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. ...” /1хх 208-210/, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2981 дугаар дүгнэлт “...Хөх өнгийн жинсэн хүрэм дээр цус илэрсэн. ...” /1хх 220-222/, шинжээчийн 6075 дугаар шинжээчийн дүгнэлт “...М.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” /1хх 196-197/,

Г.Ж-ийн гэрчээр “...М.Б, Н.Г хоёр маргалдаад байсан. Тэгээд жоохон маргалдах юм болоод М.Б тэр хоёр барилцаад авахаар нь би “Боль, боль” гээд татаж суулгаад салгасан. Тэд бие биеэ цохиж, өшиглөөгүй, барилцаад авахаар нь салгасан. ...” /1хх 112-113/ гэж мэдүүлсэн.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар байхад гэмтэл нь чухам хэний үйлдлээс болж үүссэн болохыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.А-т  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж заасан байдаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт Б.А, шүүгдэгч М.Б нарыг яллагдагчаар татаж шалгасан бөгөөд Б.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед хоёр өөр цаг хугацаанд 2 өөр маргаан болсон. Эхний маргаан нь 20 цагт, дараагийн маргаан 23 цагт болсон. Өөрөөр хэлбэл, 20 цагт шүүгдэгч М.Б, 23 цагт Б.А-ын асуудал байдаг. Шүүгдэгч М.Б-ыг гэрч Б.Э, Б.Э нарын өгсөн мэдүүлгээр буруутгадаг. Гэтэл гэрч Б.Э, Б.Э нар хоорондоо зөрүүтэй бөгөөд тогтворгүй мэдүүлэг өгдөг. Тухайлбал, нэг нь “гараа зангидаад гэдэс рүү нь 2 удаа цохисон” гэж, нөгөөх нь “хөлөөрөө өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй байгаа шалтгаан нь тухайн үед Б.Э-ы гэрт Б.А амьдардаг байсан. Харин М.Б тухайн үед л очсон. Мөн Б.А-тай Б.Э нь хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед нь Б.Э-ы эхнэр ирж авсан байдаг. Иймд Б.Э, Б.Э нар Б.А-ыг хамгаалж М.Б-ын талаар мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, М.Б-ыг гэрч Б.Э, Б.Э нарын мэдүүлгээр буруутгасан. Гэтэл хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд М.Б нь амь хохирогчид гэмтэл учруулсан болох нь үгүйсгэгдэж байдаг. Гэрч Г.Ж “М.Б амь хохирогчийг цохиогүй, босоод ирэхэд нь 2 талаас нь салгаад аваад явсан. Нэг ч цохиогүй” гэж мэдүүлсэн. Харин Б.А-ын гэм буруутай талаар маш их нотлох баримтууд цугларсан. Амь хохирогч “Б.А миний гэдэс рүү цохиод байсан” гэж мэдүүлсэн. Хорооны цагдаа н.Б “хорооны байцаагч Н.Г нь Б.А гэдэс рүү нь цохисон гэж өөрөө хэлсэн гэж мэдүүлсэн” гэж мэдүүлэг өгсөн. Б.А-ыг сэжиглэж байгаа шалтгаан нь түүний олон тооны урагдалтай хувцаснаас цус илэрсэн байдаг. Мөн эхний түргэний эмч “ямар нэгэн гэмтэл байхгүй” гэж, 2 дахь түргэний эмч буюу Б.А-тай зодолдсоны дараа ирсэн эмч “биед нь өөрчлөлт орсон” гэж үзлэгийн тэмдэглэлд дурдсан байдаг. Гэрч Г.Б “Миний хажууд Н.Г, Б.А-аас өөр хүнтэй зодоон хийгээгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл Б.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт цугларсан баримтуудаар М.Б-аас болж амь хохирогчийн биед гэмтэл учраагүй. Харин Б.А-ын үйлдлээс болж гэмтэл учирсан болох нь тогтогдож байгаа тул шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 30 минутын үед Б.Э-ыд очоод 21 цаг 10 минутын үед гэр рүүгээ явсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурлаар Б.Э-ы 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...М.Б, Н.Г хоёр муудалцаад М.Б гарч яваад Н.Г, Б.Э, Б.А, Болдоо бид тав 0.75 литрийн архи хувааж уусан. ...” гэсэн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн. Гэтэл хохирогч Н.Г нь 20 цаг 34 минутад Б.Э-ыхаас гарч Г-ынх руу 20 цаг 34 минутад орж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн. Гэтэл би 20 цаг 50 минутад Б.Э-ыхаас гарч М.Г-ынх руу орсон. Намайг ороход хохирогч Н.Г нь М.Г-ынд унтаж байсан. Би Г-ынхоос 21 цаг 10 минутад гарч гэр рүүгээ явж байгаа бичлэг байдаг. Иймд Б.Э-ы өгсөн мэдүүлэг нь худал болох нь камерын бичлэгээр нотлогдож байна. Мөн Н.Г нь хамт архи уусан байх боломжгүй. Эхний түргэн тусламж 21 цаг 27 минутын үед ирээд хохирогч Н.Г-ын биед үзлэг хийхэд шарх, сорви, зодуулсан ул мөр байгаагүй, архины хордлого гээд явсан байдаг. 2 дахь түргэн тусламж 23 цаг 20 минутад цагдаатай хамт ирэхэд хохирогч Н.Г нь “3-4 хүн толгой руу дэвсээд, гэдэс рүү өшиглөөд байсан” гэж мэдүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч амь насаа алдсан гэмтлийн цаг минутыг нарийн тогтоогоогүй. Эхний шинжээчийн дүгнэлт гүн хордлого, олон эрхтний дутагдал гэж гарсан. 2 дахь шинжээч тухайн цаг үед авсан байж болзошгүй гэж зөрүүтэй гаргасан. 3 дахь шинжээч шүүх хуралд цахим сүлжээгээр оролцохдоо “Хүчтэй хөдлөх, унгах, дүлэх, хатуу баас гарахад шулуун гэдэс тасарч гэмтэнэ” гэж хэлсэн. Иймд шинжээчийн дүгнэлт намайг хохирогчийг гэмтээсэн гэх үндэслэлгүй байна. Иймд зөрүүтэй шинжээчийн дүгнэлтийг нарийн шалгаж, намайг хохирогчид гэмтэл учруулсан гэж тогтоогоогүй байна. Гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй нотлох баримтаар ял оногдуулж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан. Иймд, дээрх зөрүүтэй нотлох баримтыг үндэслэж ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсны улмаас амь хохирогч Н.Г амь насаа алдсан болох нь тогтоогдсон. Хэрэгт хяналтын прокурор Г.Яндагийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай Б.А-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол авагдсан. Уг прокурорын тогтоолтой бүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар танилцсан. Б.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, бүх гэрчүүд “Б.А нь амь хохирогчийн толгой тус газар нь точилоор цохисон” гэж тогтвортой мэдүүлдэг. Шинжээч “Б.А-ын амь хохирогчид учруулсан толгойн гэмтэл нь 0.5 миллиметрийн зулгаралт байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээчийг асуусан. Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч нараас “Б.Э, Б.Э нарын өгсөн мэдүүлэгт үндэслэж гэм буруутайд тооцсон” гэж тайлбарладаг. Амь хохирогч Н.Г нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Ака намайг цохисон” гэж мэдүүлсэн. Мөн гэрч н.Д “М.Б Н.Г хоёр барьцалдаж байсан. Би харсан” гэж, гэрч Н.Ц “талийгаач намайг Ака, Нэргүй хоёр цохисон гэж хэлсэн” гэж, гэрч М.Г “Нэргүй миний салтай руу өшиглөсөн” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Шинжээч уг гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Б, П.А, Б.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот Б.Э-ы гэрт Н.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хэвлийн тус газар нь өшиглөж, цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч Н.Г 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь:

гэрч М.Г-ын: “...Н.Г  “Салтаа руугаа өшиглүүлчихлээ, Нэргүй миний салтаа руу өшиглөсөн” гээд нэлээд зовиуртай орж ирээд орон дээр хэвтсэн. ...Эмч Н.Г-ыг үзэхэд толгой нь баруун дээд хэсэгтээ хагарсан, цус гарсан байсан. Би тэгэхэд нь Н.Г-ыг толгойн тус газраа цохиулсныг мэдсэн. Н.Г-ыг эмч хэвтүүлж байгаад хавиргыг нь үзээд, толгой тархийг нь барьж үзээд байсан. Н.Г  “Салтаа руугаа өшиглүүлсэн” гэсэн чинь эмч Н.Г-ыг жижиг гал зуухны өрөө рүү дагуулж ороод үзсэн. Тэр эмч Н.Г-ыг “Гэмтлийн эмнэлэгт одоо аваачиж үзүүлээрэй” гээд явсан. ...Эхлээд зодуулаад гаднаас орж ирэхдээ “Салтаа руу М.Б өшиглөсөн” гэж ярьсан. “Салтаа руу өвдөөд байна” гэж хэлээд орон дээр хэвтээд байсан. ...Эмч, цагдаа нар орж ирээд эмч Н.Г-ыг үзээд “Тархи нь хагарсан байна” гэхээр нь би Н.Г-ыг бусдад зодуулсныг мэдээд “Хэн цохисон юм” гэж асуухад “Ака толгой руу төмрөөр цохисон” гэж хэлсэн. Тэгснээ “Миний салтаа өвдөөд байгаа, миний салтаа руу Нэргүй цохисон” гэж хэлсэн чинь эмч Н.Г-ыг гал тогооны өрөө рүү дагуулж яваад үзсэн. ...” /1хх 121-122/

гэрч Б.А-ын: “...Б.Э ахын гэр рүү ороход том өрөөний пийшингийн хажууд байдаг матрасс дээр Н.Г  дээшээ хараад аахилаад хэвтэж байсан. ...Болдоо бид хоёр Н.Г  ах дээр очоод “Та яасан юм бэ” гэхэд надад “Хэвлий хэсгээр өвдөөд байна” гэхээр нь би “Архинаас нэг татчих, гайгүй болж магадгүй” гэсэн. ...Н.Г-ын хэвлий хэсэг юунаас болж өвдсөн талаар мэдэхгүй байна. Намайг Болдоотой хамт дэлгүүр рүү архинд явахаас өмнө зүгээр байсан. Дэлгүүр яваад ирэхэд матрасс дээр хэвлий хэсгээ тэврээд “Аймар өвдөөд байна” гээд сууж байсан. ...Намайг манай гэрийнхэн бага байхаас “Ака” гэж дууддаг. М.Б-ыг хүмүүс ихэвчлэн “Нэргүй” гэж дууддаг. ...” /1хх 101-102/,

гэрч Г.Б-ын: “...Б.А бид хоёр дэлгүүрээс архи, ундаа, тамхи аваад буцаж орж ирэхэд М.Б, Ж хоёр хашааны хаалган дээр зөрөөд гарч явсан. Дотогш гэрт ороход Х ах, хазгар М, Н.Г  нар явчихсан, Б.Э, Б.Э хоёр байсан. Б.А болохоор үүдэн дээр Нэргүй, Жавхаа хоёртой таараад хамт буцаад алхсан, удалгүй ардаас Б.А ороод ирсэн. ...Тэгээд хоол болоод бид нар хоолоо идчихээд ор засаад хэвтэцгээсэн чинь Н.Г гэдсэн дээрээ дараад “Ахын чинь энд өвдөөд байна, түргэн дуудаадах” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн утсаар түргэн дуудаад, “Юу гэж хэлэх юм” гэж Н.Г-аас асуухад “4 хүүхэд зодуулсан гээд хэлчих” гэсэн. ...Н.Г  миний хажууд Б.А-аас өөр хүнтэй зодоон хийгээгүй. Б.А Н.Г-ын толгой руу нь нэг удаа точилоор цохисон. ...” /1хх 107-108/,

гэрч Г.Ж-ийн: “...М.Б бид хоёрын авч очсон эхний архийг ууж байхад М.Б, Н.Г  хоёр маргалдаад байсан. Яг юунаас болж маргасныг нь анзаараагүй, би утасныхаа фейсбүүкийг ухаад сууж байсан. Тэгээд жоохон маргалдах юм болоод М.Б, Н.Г  хоёр юу юугүй босоод барилцаад авахаар нь би “Боль, боль” гээд татаад суулгасан. ...” /1хх 112/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогч Н.Г-ын цогцост амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол гэмтэл тогтоогдсон, энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр өшиглөх, цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой, тэрээр хэвлийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан, харин түүний зулай хэсэгт үүсгэгдсэн 0,5 см өнгөц язарсан шарх нь гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1146, мөн оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 987 дугаар дүгнэлтүүд /1хх 151-167/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...Талийгаач Н.Г нь цутгалан болон мухар гэдэсний урагдал, цоорол гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь хэвлий хүчтэй өшиглөх үед үүсэх боломжтой ба унах, доргих үед үүсэх боломжгүй. ...Учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Энэ гэмтлийг авсан тохиолдолд уг урагдал, цоорлын хэмжээнээс хамаарч хэвлийн хөндий рүү баас ямар хэмжээтэй гарахаас хамаараад харилцан адилгүй. Мөн тухайн хүний дархлаа, биеийн байдлаас хамаарч амьд явах хугацаа харилцан адилгүй. ...” /1хх 148/ гэсэн мэдүүлэг,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22569 дугаар өвчний түүх /2хх 82/, хэргийн газрын үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 10-15, 28-33/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

амь хохирогч Н.Г, шүүгдэгч М.Б, Б.Э, Б.Э, гэрч Б.А, Г.Б, Г.Ж, С.Х нар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот Б.Э-ы гэрт архидан согтуурсан, Б.А нь Г.Б-ын хамт дэлгүүр рүү гарсны дараа Б.Э-ы гэрт шүүгдэгч М.Б, хохирогч Н.Г  нар нь маргалдаж, М.Б нь Н.Г-ын хэвлий рүү өшиглөж, цохиж, учрах үедээ амь насанд аюултай цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол бүхий хүнд хохирол учирсан,

үүний дараа Н.Г гэрээс гарч гэрч М.Г-ын гэрт орохдоо “Нэргүй өшиглөчихсөн, салтаа руу өшиглөсөн” гэж хэлсний дагуу эмнэлгийн түргэн тусламж дуудахад ирсэн эмч “архины хордлого” гэж оношилсон,

Н.Г  нь дахин Б.Э-ы гэрт дахин очин архидан согтуурсан, улмаар “гэдэс өвдлөө” гэж гэрч Г.Б-оор “3-4 хүүхдэд зодуулсан” гэсэн түргэн тусламжийн дуудлага өгсний дагуу ирсэн эмч П.А-д “гурван залуу гудамжинд зодсон” гэж хэлсэн,

улмаар Н.Г  нь 2020 оны 5 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд хоёр удаа мэс засал, эмчилгээ хийлгэсэн боловч мөн сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт хамаарах “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйл, тухайлбал гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, учирсан хүнд гэмтэлтэй бусад байдлаар шууд шалтгаант холбоо үүсч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үздэг.

Амь хохирогч Н.Г-ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл ба энэхүү хэвлийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан нь шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар дүгнэлт /3хх 103-110/-ээр Н.Г  нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 21:15 минутад дуудлага өгсөн, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 18:55 цагт хэвтсэн нь хугацаа алдсан, түргэний эмч нар талийгаачид удаа дараа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ЭХО-д харуулах зөвлөгөө өгсөн ба Н.Г  хугацаа алдсан болохыг тогтоосон бөгөөд Н.Г  нь эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын дагуу ирсэн эмчид бусдад өшиглүүлж гэмтэл авсан талаар хэлээгүй, цаг алдаж эмнэлэгт хандсаны улмаас эмчилгээ хийлгэсэн боловч нас барсан зэргээр шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдэл, шалтгаант холбоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын зүгээс М.Б-ын холбогдсон хэрэг хангалттай нотлогдож тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгуулахаар давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцоход хүрэлцээтэй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул үүнийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Нотлох баримтын цогц байдал нь бүрэн дүүрэн шинжтэй, өөрөөр хэлбэл, тогтоох гэж буй үйл явдал, нөхцөл байдлыг шаардлагатай бүх ажиллагаа явуулан шийдвэр гаргахад хүрэлцэхүйц нотлох баримт цугларсны үр дүнд түүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны зарчим хэрэгжинэ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэрэг эргэлзээгүй, бүрэн нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд нь тохирно гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

  1. Прокуророос П.А-ийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэх үедээ Н.Г-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор билүүлээгүйгээс Н.Г  нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж, хүнд гэмтлийн улмаас нас барсан буюу “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

П.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллахдаа хэрэгт авагдсан гэрч Н.Ц /1хх 117/, гэрч М.Г /1хх 121-122/, шинжээч эмч Б.Ариунзул, Ж.Ганцэнгэл /3хх 142-143, 144-145/ нарын мэдүүлгүүд, П.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх 167-168/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх 151-157, 116-122/, Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам зэргийг яллах үндэс болгожээ.

Дээрх нотлох баримтуудаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр түргэн тусламжийн эмч П.А нь амь хохирогч Н.Г-д түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхдээ түүний биеийн шинж байдлыг үзэж, түүний толгойд учирсан шарх гэмтлийг цэвэрлээд, харин хэвлий хэсгийг нь үзээд амь хохирогчид болон түүнтэй хамт байсан хүмүүст “нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх, ЭХО-д үзүүлэх” зөвлөмж өгч, ар гэрийнхнийх нь асрамжид үлдээгээд явсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1146, мөн оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 987, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар дүгнэлтүүдээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон бөгөөд “Хохирогч гэмтэл авч, түргэний эмч нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгөхөд хугацаа алдсаны улмаас нас барсан” гэсэн бол гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаар дүгнэлтэд “Түргэн тусламжийн эмч талийгаачийн гэмтлийг сэжиглэж Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэсэн бол амь нас аврагдах боломжтой байсан” гэж зөрүүтэй дүгнэсэн байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШТ/05 дугаартай шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу гаргасан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ерөнхий мэс заслын мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчдийн хамтарсан 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/01 дүгээр дүгнэлтээр амь хохирогч Н.Г-д яаралтай түргэн тусламж үзүүлэхээр очсон эмч П.А нь яаралтай тусламж үзүүлэх стандарт удирдамж зөрчөөгүй, түүний үзлэгээр тогтоосон амь хохирогчийн биеийн хэв байдал нь хэвлийн хөндийт эрхтний цоорлын шинж тэмдэг гэж үзэх үндэслэлгүй, харин эмнэл зүйн ижил төстэй шинж тэмдэг болох хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал, цус хурсны улмаас илэрч болох тул яаралтай эмнэлэгт тээвэрлэх заалтгүй бөгөөд П.А нь зөвлөгөөг зохих журмын дагуу зөв өгсөн боловч Н.Г  нь эмчийн зөвлөгөөг цаг тухайд нь биелүүлээгүй, эмчийг үзлэг хийх үед хүндрэл үүсээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх уг дүгнэлтийг салбар зөвлөлүүдийн хамтарсан “5 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан, тухайн шинжээчид нь ерөнхий мэс засал болон яаралтай тусламжаар мэргэшсэн, тэргүүлэх зэрэгтэй эмч нар гаргасан” зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар тооцож, П.А-ийн амь хохирогч Н.Г-ыг түргэн тусламжийн дуудлагаар очиж зөвлөгөө өгсөн нь Н.Г-ын нас барсантай шалтгаант холбоогүй гэж дүгнэж, П.А-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Прокуророос Б.Э-ыг М.Б-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Б.Э-ыг М.Б-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг дээрх байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Учир нь, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Э-ы гэрт хохирогч Н.Г-ын биед халдан, түүний хэвлийн тус газар өшиглөж, гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, энэ талаарх нөхцөл байдлыг Б.Э, Б.Э нар нь мэдсээр байж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа:

Б.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр “...Н.Г-ын аюулхай орчимд чанга цохиогүй. Н.Г  зүгээр өөдөөс нь босож ирээд хэрэлдээд байсан. Н.Г-ын биед нь сүйдтэй цохиогүй. Тэгээр тэр хоёр эвлэрээд архиа уусан. ...” гэж /1хх 90/,

- 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрч Г.Ж-тэй нүүрэлдэн өгсөн “...М.Б уурлаад Н.Г-ыг орон дээр хэвтэж байхад нь нэг удаа алгадсан. Бас цээж рүү нь нэг цохих шиг болсон. Би сайн санахгүй байна. Нэлээн согтсон байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад эвлэрээд архиа уусан. ...” гэсэн /2хх 178-179/,

- 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч М.Б-тай нүүрэлдэн “...М.Б уурлаад Н.Г-ыг орон дээр хэвтэж байхад нь нэг удаа алгадсан. Бас цээж рүү нь нэг цохих шиг болсон. Би сайн санахгүй байна. Нэлээн согтсон байсан. ...” гэж /2хх 172-173/,

- 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Б.Э-тай нүүрэлдэн “...М.Б тухайн үед Н.Г-ын нүүр рүү цохисон. Би тухайн үед согтуу байсан болохоор өөр зүйл мэдэхгүй байна. Миний одоо өгч байгаа болон хамгийн сүүлд шүүх дээр өгсөн мэдүүлгүүд үнэн. Миний эхний өгсөн гурван мэдүүлэг худлаа. Би тухайн үед дандаа шартсан байдалтай байсан. ...” гэж /3хх 203-204/

- 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрч Г.Ж-тэй нүүрэлдэн “...Тухайн үед М.Б Н.Г-ын нүүр рүү цохисон. Миний одоо өгч байгаа мэдүүлэг болох шүүх дээр өгсөн мэдүүлгүүд үнэн. ...” гэж /3хх 205-206/,

Б.Э нь удаа дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Нэргүй /М.Б/ Н.Г-ыг зүүн гар руу нь “Та цаашаа бай” гээд ор руу түлхсэн. ...Н.Г  нь бөлдөг рүүгээ өшиглүүлсэн гэж хэлж байсан. Хэн, яаж өшиглөсөн тухай хэлээгүй. Н.Г  зүгээр унтах гэж байснаа гэнэт “Бие өвдөөд байна” болоод эргэж хөрвөөгөөд эхэлсэн. ...” гэж /1хх 92/,

- 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрч Г.Ж-тэй нүүрэлдэн “...М.Б Н.Г-ыг цохиогүй зүгээр мөр рүү нь түлхэж ор руу суулгасан. ...” гэж /2хх 176/,

- 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч М.Б-тай нүүрэлдэн “...М.Б хэрэг болсон өдөр Н.Г-ыг ерөөсөө цохиогүй, зүгээр мөр рүү нь түлхээд ор руу суулгаж байсан. Н.Г  агсам тавиад “Хосыг чинь шувтарна” гээд орилоод агсам тавиад байхаар нь би гараад явчихсан. ...М.Б Н.Г-ыг өшиглөөгүй. ...” гэж /2хх 174/,

- 2021 оны 4 дүгээр сарын 03-нд гэрч Б.Э-тай нүүрэлдэн “...Би тэр өдөр болсон зүйлийг тод санаж байсан учраас миний эхний өгсөн мэдүүлэг үнэн. М.Б тухайн үед Н.Г-ын гэдэс рүү өшиглөж зодоогүй. Н.Г  гаднаас орж ирэхдээ хэнд зодуулснаа тодорхой хэлээгүй. “Гадаа хүнд зодуулсан” гэж л хэлсэн. ...” /3хх 203/ гэж  тус тус мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай эрс зөрүүтэй буюу М.Б нь Н.Г-ын гэдэс рүү өшиглөх, цохих зэргээр хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдлыг нуун дарагдуулах, М.Б-т ял завшуулах, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зорилгоор мушгин гуйвуулж, Н.Г-ын гэдэс рүү цохиогүй, өшиглөөгүй мэтээр худал мэдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэмт санаа зорилго нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг илэрхийлэх үндсэн хүчин зүйл бөгөөд гэмт хэргийн бүхий л үйл явцын туршид хадгалагдан хэрэгжиж тухайн гэмт хэргийн онцгойрон ялгарах шинж чанарыг тодорхойлж байдаг

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.Э нь “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бол шүүгдэгч Б.Э нь “...Би болсон хэргийн талаар хольж хутгаад, тэгэж хэлэх юм болов уу, ингэж хэлэх юм болов уу гэж сандраад л олон янзаар мэдүүлэг өгсөн нь үнэн. ...Хүний хүүхдийг хэрэгт хийчих юм болов уу гэж бодсон. ...Нэргүйг /М.Б-ыг/ өшиглөснийг хэлээгүй бас нэг шалтгаан нь Нэргүйгийн аав нь өнгөрөөд удаагүй байгаа, 49 хоног нь саяхан болсон. Нэргүйгийн ээж нь зүрх муутай, эвгүй л юм болвол зүрх нь хаагдах гээд байдаг хөгшин байдаг юм. Тэгээд Нэргүйг Н.Г-ын гэдэс рүү өшиглөсөн гэж хэлээгүй юм. ...” гэж тус тус худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, ийнхүү худал мэдүүлэх болсон санаа зорилгынхоо талаар мэдүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар аливаа этгээд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд үүнээс бусад тохиолдолд хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь мэдүүлэг өгөх бүртээ хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж, худал мэдүүлэг өгөх нь гэмт хэрэгт тооцогдох болохыг мэдсээр байж зориуд худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын зөв тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учрах хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан тус хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт өргөн хүрээтэй буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч нарыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэйг харгалзан тэдгээрийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлсийг заасан бөгөөд “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон” болохыг тусгахаар заажээ.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 182 хоног цагдан хоригдсон байна.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 182 хоног цагдан хоригдсон, цагаатгагдсан этгээд П.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй байхад зөвхөн “шүүгдэгч Б.Э-ыг цагдан хоригдсон хоноггүй” болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтдаа дурдсан байх тул давж заалдах шатны шүүх П.А нь цагдан хоригдсон хоноггүйг болон шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон хоногийг дурдсан өөрчлөлтийг оруулав.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б нь өөрийн төрсөн эх, 67 настай Б.Х-г асарч хамгаалдаг, төрөл төрөгсөд нь хөдөө байдаг гэх тул Б.Х-г харгалзан дэмжих хүнийг томилох, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг харьяа дүүргийн засаг даргад даалгахдаа Гэр бүлийн тухай хуулийн буруу зүйл, хэсгийг баримталсан байх тул зөвтгөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх болон хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны ажиллагаанаас бүрдэх бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлснээр гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нь “шүүгдэгч” гэсэн нэршилтэйгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хуульд заасан эрх үүргийг эдэлдэг болно.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг “яллагдагч” нэршлээр  бичсэн нь буруу болохыг энэхүү магадлалд тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-ыг цагаатгуулахаар гаргасан шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1308 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүд оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1308 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох...” гэснийг “...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох...” гэж,

8 дахь заалтын “Энэ хэргийн улмаас Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй...” гэснийг “Энэ хэргийн улмаас Б.Э, П.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Э нь 182 /нэг зуун наян хоёр/ хоног цагдан хоригдсон...” гэж,

14 дэх заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 97 /ерэн долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ