Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 540

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч М.М өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011568 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн М.М, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, Хууль сахиулах их сургуулийн Хилийн албаны 431 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11-138Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.М нь 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар нутаг дэвсгэрт байрлах “Мүүн” баарны гадна хохирогч Г.Батзоригийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.

Хохирогч Г.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Намайг тэр эрэгтэй хүн чирээд зам дээр гаргаад хавираад унагаагаад хэдэн талаас өшиглөж зодсон. Тухайн үед би нүүрээ дараад хэвтэж байсан чинь нөгөө эрэгтэй хүн маань өөрөө болиод буцаад явсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Миний биеийн уруул дотор талаараа язарсан, толгойн оройн хэсэг зүүн талаараа хавдсан, толгой өвддөг…” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

              Яллагдагч М.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Батзоригийг баарны гадна зогсож байхаар нь би очиж Батзоригийн зүүн талын шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. “...Батзориг намайг тэвэрч аваад бид 2 газарт унаж өнхрөлдсөн ингээд байж байхад Батзоригтой хамт байсан залуу салгаж, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дугаар сарын 17-ны өдрийн №5214 тоот дүгнэлтэд: 

  1. Г.Батзоригийн биед  тархи доргилт, дээд уруулын өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-31/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар нутаг дэвсгэрт байрлах “Мүүн” баарны гадна хохирогч Г.Батзоригийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Батзориг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.М-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР