Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01158

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01158

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Г

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/01255/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд, илгээлт авч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1987 оны 7 дугаар сараас эхлэн хонь маллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж явсан. Цэргийн албанаас 1990 оны 10 дугаар сард халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлд мал малласан бөгөөд компани болж хувьчлагдахад ч ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үед ажилд орсон гарсан тушаал, илгээлтээр гарч байсан тухай баримт байхгүй, нэгдлийн контор шатсан учир холбогдох баримтууд олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х.Гад олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/385 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11/980 дугаар албан бичиг, №************* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №************* дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №*** дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 3-10, 34 дэхь тал)

3. Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Гын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Ц, Д.Д нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14, 16-19, 26-29 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Х.Г нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Х.Г Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х.Гад олгосон 01. 1987 оны 07 сарын 01. Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр хэсэгт хоньчноор томилов. Нэгдлийн даргын 1987 оны 07 сарын 01-ний 48 тоот тушаал. 02. 1988 оны 11 сарын 01. Ардын цэрэгт явсан тул хэсгийн хоньчноос чөлөөлөв. Нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 01-ний 80 тоот тушаал. 03. 1991 оны 01 сарын 01. Ардын зориг нэгдэлд хоньчноор томилон ажиллуулав. Нэгдлийн даргын 1991 оны 01 сарын 01-ний 01 тоот тушаал. 04. 1991 оны 12 сарын 31. Нэгдэл хоршоо, компани болж салсан учир нэгдлийн хоньчноос чөлөөлж Ардын зориг компанид шилжүүлэв. Нэгдлийн даргын 1991 оны 12 сарын 30-ны 54 тоот тушаалаар. 05. 1992 оны 01 сарын 01. Ардын зориг компанид малчнаар томилов. Захирлын 1992 оны 03 сарын 02-ны 04 тоот тушаал. 06. 1994 оны 12 сарын 31. Нийгэм хангамжийн хууль гарсантай холбогдуулан компанийн малчнаас чөлөөлөв. Захирлын 1994 оны 12 сарын 30-ны 09 тоот тушаал. 1991-1993 оны цалин хөлсийг тэмдэглэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ... 5. Овог: Х 6. Нэр: Г...14. Ажилладаг байгууллага: Ардын зориг нэгдэл, ажилд орсон он: 1986, цех тасаг: 1-р хэсэг, эрхэлдэг ажил: малчин...оршдог сум район: Тосонцэнгэл...бүртгэгчийн нэр: Пүрэвдорж, 1988 оны 09 сарын 17 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 17 дахь тал)

Гэрч А.Цийн ...Х.Г нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1987 оны 07 сарын үеэс 1988 оны 10 сард цэргийн албанд явах хүртлээ хонь, адуу маллаж байсан. 1987 онд 8 дугаар анги төгсөөд тэр үеийн илгээлтээр нэгдэлд очиж байсан. Цэргээс ирээд Ардын зориг нэгдэлд 1990 оноос нэгдэл тарах хүртэл мал маллаж...Тасраагүй ажиллаж байсан...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 8 дугаар анги төгсөөд 1972 оноос нэгдэл тартал тасралтгүй саальчин, хоньчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Дийн ....Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1975 оноос хоньчноор ажиллаж байгаад 1977-1980 онд цэргийн алба хаасан. Ирээд мөн нэгдэлд хоньчноор ажилласан. Намайг ажиллаж байхад Х.Г нь 1987 онд 8 дугаар анги төгсөөд 1987 оны 07 сарын үеэс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор очиж, хонь маллаж байгаад 1988 оны 10 сард цэргийн албанд явсан. 1990 онд халагдаж ирж байсан. Тэгээд мөн нэгдэлдээ малчнаар ажиллаж байтал 1991, 1992 оноос хувьчлал болж нэгдэл тараад компани болж байсан. Тэр үед ч мөн маллаж байсан...Х гээд аав нь хонь малладаг, Д гээд ээж нь мөн нэгдэлд хонь маллаж байсан. Улсын аварга цолтой, 1984 онд улсын хошой аварга малчин болж байсан хүмүүс. Аав, ээжтэйгээ хамт нэгдлийн хонин суурь малладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 28-29 дэхь тал)

Нэхэмжлэгч Х.Гын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Х.Г өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Х.Гын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Х.Г 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *** дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: №************* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №************* дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 18-19 дэхь тал)

7. Нэхэмжлэгч Х.Гад холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн баримт байхгүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор галд шатсан болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тус газрын архивт хадгалагдаж байгаа Ардын зориг нэгдлийн 1986-1989 оны 70 дугаар дансны баримтыг шүүж үзэхэд Хын Гад холбогдох цалингийн цэс, бусад баримт байхгүй байна гэх бичилттэй 3/385 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оноос хойшхи тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Х.Гад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/980 дугаар албан бичиг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж, 2736534 төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт, гэрч А.Цийн ...Манай сумын захиргааны байр галд шатсан юм. Тэр галд олон хүний юм шатаж устсан байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Дийн ...Сумын контор шатсан гэж дуулсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 6-7, 34, 28-29 дэхь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хангай овогт Хын Гын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА