| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0586/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2017-09-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.У |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч О.Э, Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Э, Б.Д нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010270 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Э, 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Д, 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эгч, ах, эхнэр, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюушийн 6 дугаар гудамжны 180 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52а-44 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч О.Э, Б.Д нар нь бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжх шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи Белла” хотхоны хашаанд байсан “Грийн Бьюлдинг” ХХК-ны барилгын материалын чингэлэгт нэвтэрч, 04-67 УНС, 32-21 УНУ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2.940.000 төгрөгийн үнэ бүхий 392 ширхэг паркетан шал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Э.Төгөлдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд би 23 цагийн үед тоормозныхоо гэрлийг салгаад 500 метр орчим зайтай айлын хашааны үүдэнд өдөр болон шөнийн дурангаар дурандаад хүлээж байтал 02 цагийн үед нэг жижиг тэрэг ирж зогсоод гэрлээ унтрааж багажаа онгойлгоод копудаа сөхсөн. 4-5 минутын дараа бас нэг машин ирээд багажаа онгойлгоод копудаа сөхсөн. 5 хүн зогсож байснаа 1 нь түрүүлээд, араас нь 2 нь хашаа руу орсон. Манаач надад хойд машины дугаар 04-67 гэж хэлсэн. “...тулж ирээд гэрлээ асаагаад ухасхийгээд очиход нөгөө 3 хүн нь байхгүй зугтаачихсан, 2 жолооч л байсан ба нийт 22 хайрцаг шал машиндаа ачаад 27 хайрцагийг гаргаад тавьчихсан байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-67-69/,
Гэрч Б.Бадамцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...хулгай хийсэн хүнийг барилаа гэх жижүүрийн дуудлагын дагуу очиж шалгахад “Хаппи белла” хотхоны хашааны баруун талд төв зам дагуу Соната-5 маркийн машинтай 2 залуу, уг барилгын эзэн гэх дуудлага өгсөн Төгөлдөр, манаач нь гэх 2 хөгшин байсан. Уг 2 машинд хайрцагтай паркетан шалнууд ачсан, заримыг ачиж амжаагүй блокон хашааны урд талд хана дагуулаад тавьчихсан байсан. “...шалнуудыг Э.Төгөлдөр тоолоход машин дотор 20 гаруй, хашаа налуулаад 20 гаруй хайрцаг байна гэсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-72/,
Яллагдагч О.Э мэдүүлэхдээ: “...Ургах наран хотхоноос офицер руу хүн ачих гээд зогсож байсан. Урд талын барилгын хашааны гадаа хүн юм зөөгөөд байхаар нь цаг гаран харж байгаад би хоёр явган алхаад хашааны жим гарсан хэсгээр бид хоёр ороод явж байтал хаалгыг нь шороогоор даруулсан контейнер байхаар нь хаалгыг нь онгойлгож хартал дотор нь боодолтой паркетан шал байсан. Доржжагдаг бид хоёр хулгайлахаар болж би дотогш ороод Доржжагдагт гаргаж өгсөн. Би тэр дотроос 40 гаран ширхэгийг зөөгөөд гаргасан. “...Тэгээд бид машинаа очиж аваад шороон зам дээр хашааны ойролцоо хоёуланг нь урд талыг нь сөхөхөд би өөрийн 32-21 УНУ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн машин руугаа зөөж оруулаад байж байтал энгийн хувцастай барилгын эзэд ирж барьсан...” гэсэн мэдүүлэг. /хх-30/,
Яллагдагч Б.Д мэдүүлэхдээ: “...Эрхэмбаяр бид хоёр хүн олдохгүй болохоор Ургах нарангаас офицер орох хүн авах гээд явж байтал усны тэрэгтэй хүн “Хаппи белла” хотхоны хашаанаас юм зөөгөөд байсан. Тэгээд бид хоёр хашаа руу ороод контейнерт очсон. Модоор хаалгыг нь даруулсан байсан бид хоёр модыг нь автал хаалга нь онгойсон. Дотор нь Эрхэмбаяр ороод үзтэл паркетан шал байсан. Бид хоёр эзэнгүй болохоор нь хулгай хийхээр болж Эрхэмбаяр над руу цаасан боодолтой паркетан шал гаргаж өгсөн. Бид хоёр 49 ширхэгийг зөөж гаргаад хашааны гадна ачихад бэлэн болгосон. Машинуудаа авчираад Эрхэмбаярын машинд ачиж байтал нэг машинтай хүн ирээд зогсож хоёр хүн бууж ирээд та нар хулгай хийлээ гээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг. /хх-25/,
Иргэний нэхэмжлэгч С.Мөнхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Уг машин нь миний өмчлөлийн машин байгаа юм. Би өөрийн төрсөн дүү Одончимэдэд түр унуулж байсан юм. Эрхэмбаяр нь миний төрсөн дүү Одончимэдийн хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-74/,
Хохирогч Э.Төгөлдөрийн мэдүүлэг /хх67-69/, гэрч Б.Бадамцэрэнгийн мэдүүлэг /хх-272/, яллагдагч О.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-30/, яллагдагч Б.Доржжагдагийн мэдүүлэг /хх-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-8/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх65-67/, иргэний нэхэмлэгч С.Төрмөнхийн мэдүүлэг /хх-74/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Э, Б.Д нар нь бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжх шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи Белла” хотхоны хашаанд байсан “Грийн Бьюлдинг” ХХК-ны барилгын материалын чингэлэгт нэвтэрч, 04-67 УНС, 32-21 УНУ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2.940.000 төгрөгийн үнэ бүхий 392 ширхэг паркетан шал хулгайлсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч О.Э, Б.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч прокуророос шүүгдэгч О.Э, Б.Д нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Э, Б.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хамаарч байх боловч дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялаас хүндэрсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.Э, Б.Д нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 04-67 УНС улсын дугаартай Соната5 маркийн автомашин, 32-21 УНУ улсын дугаартай Соната5 маркийн автомашинууд нь бусдын эзэмшлийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: