Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/120

 

Д.Л, Д.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Д.Л, Д.Х нарын өмгөөлөгч Ө.Болормаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1419 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Л, Д.Х нарт холбогдох 1808 00350 1254 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Д-ийн Л, 1984 оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Б овгийн Д-ийн Х, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Д.Х, Д.Л нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны хойд талд иргэн Г.Ч-ийн цүнхийг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 221.737 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Х нь ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Б-ийн эзэмшлийн “Samsung” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Л нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн автобусны буудал дээр иргэн Н.Б-ийн эзэмшлийн булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Х” нэртэй баарны гадна Ч.Б-ын “Samsung A20” загварын 170.000 төгрөгийн үнэ бүхий, Б.Г-ийн “Samsung А70” загварын 376.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг халаасанд нь гараа оруулан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Д.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Л-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1 жилийн ялыг нэмж нэгтгэн Д.Х-ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Д.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх хорих ялд, шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон 84 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохоор,

шүүгдэгч нараас Төрийн сангийн 1009 0000 5407 тоот Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа дансанд хохирол төлөхөөр байршуулсан 221.737 төгрөгийг хохирогч Г.Ч-т олгохоор, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Л-д авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Л давж заалдах гомдолдоо: “...Би нийгэмд болон бусдад учруулсан гэм хороо ухамсарлан ойлгож, бусдыг хохиролгүй болгосон. 2019 оноос хойш би өндөр настай эхийн хамт нутгийн “Ө” ХХК-д трактор барьж, хавар, намрын улиралд ногоо тарьж амьдарч байсан. Гэтэл 2022 оны өвөл нутгийн цагдаа болох дэслэгч Бат-Эрдэнэ намайг “Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Ерөөлт асууж байна” гэж хэлэн Улаанбаатар хотод 2022 оны 01 дүгээр сард Ерөөлт байцаагч дээр авч ирж өгсөн. Хотод ирээд таних айл нэг их байхгүй, танилцсан найзуудынхаар хэргээ шийдүүлэхээр хотод байж байгаад дахин гэмт хэрэгт холбогдсон. Би байцаагчид бүгдийг хэлсэн. 2018 оны 01 дүгээр сард дэслэгч Оргил дээр байсан. Би Төв аймагт хэрэгтэй байсан. Дэслэгч Оргил байцаагч хэлэхдээ “энэ хэрэг чамд хамаатай бол хэргийг чинь нэгтгээд шийдвэрлэнэ. Эсвэл дуудлагаар авч ирж ирээд шийдчихнэ” гэсэн. Тэгээд би Төв аймгийн хэргээр шийтгүүлээд 2019 онд суллагдсан. Тухайн үед дэслэгч Оргил нэгтгээд шийдсэн бол би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж болох байсан болов уу гэж боддог. Нутагтаа ажлаа хийгээд байж байх байсан. Тухайн хэрэгт би согтуу байсан, огт юм санадаггүй. Д.Х-ыг юмыг нь авсныг мэдээгүй, сүүлд буудалд өрөөнд нь мэдсэн. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэм хороо ухамсарлан ойлгож байна. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан. 2009 онд Батлан хамгаалах их сургуулийг төгсөөд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллаж байгаад ажлынхантайгаа хамт архи уун зодолдож, ажлаасаа гарч хорих ял шийтгүүлсэн. Үүнээс хойш эхнэр хүүхдээсээ салж, архи дарс ууж, гэмт хэрэгт холбогдсон. Би сүүлд нутгийнхаа хоёр хүүхэдтэй бүсгүйтэй хамтран амьдрахаар болж байсан. Би урьд өмнө хийсэн бүх хэргээ дүгнэн, дүгнэлт хийж дахин гэмт хэрэг хийхгүй, гэмт хэргийн хор уршгийг ухамсарлан ойлгож, бусдын адил шударгаар хөдөлмөрлөж, нийгэмшин амьдарч чадна. Иймд уян хатан, энэрэнгүй хандан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт багтаан нэгтгэн, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Л, Д.Х нарын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д.Х, Б.Л нар нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломж, бололцоог олгож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Шүүгдэгч Б.Л Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан удаа байхгүй, хийсэн хэрэгтэй гэмшсэн, оногдуулсан ял шийтгэлийг өөрийн биеэр эдэлж гарсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. ...” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс 2018 онд Д.Х-тай бүлэглэн хүч хэрэглэн үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. 2022 оны хүч хэрэглээгүй үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь яллах дүгнэлтдээ зүйлчилж анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  1. Шүүгдэгч Д.Х, Д.Л нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны хойд талд иргэн Г.Ч-ийн цүнхийг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 221.737 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ч-ийн: “...Найзуудтайгаа архи уучихаад харих гээд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо согтуу явж байхад үл таних хоёр залуу араас ирээд намайг боож унагаагаад миний энгэрт байсан пасктай эд зүйлийг дээрэмдээд зугтаад явсан. ...паск дотор миний иргэний үнэмлэх, гадаад пасспорт, 110 юань, 60.000 төгрөг, 2 ширхэг гар утас байсан. ...Цагдаагаас миний алдсан хоёр гар утасны хар өнгөтэй жижиг утсыг буцааж өгсөн. ...” /1хх 58-59/,

шүүгдэгч Д.Х-ын: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг Д.Л-той бүлэглэн үйлдсэн нь үнэн. Ямар нэгэн байдлаар маргах зүйл алга. ...Үл таних эрэгтэй бид хоёрын хажуугаар өнгөрөхөд Д.Л араас нь очоод татаж унагахад би энгэрт нь байсан паскыг нь аваад гүйхэд Д.Л араас ирээд хороолол явсан. ...” /1хх 155-156/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Ч-ийн эзэмшлийн гар утас, бэлэн мөнгөний үнэлгээг нийт 221.737 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /1хх 67-68/,

таньж олуулах ажиллагаа явуулахад “Намайг боож унагаан надтай ноцолдсон хүн мөн байна” хэмээн шүүгдэгч Д.Л-ийн гэрэл зургийг заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /1хх 48-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Г.Ч-ийн эд хөрөнгийг авахаар түүний эсрэг хүч хэрэглэж, довтолсон Д.Л, Д.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

  1. Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Б-ийн эзэмшлийн “Samsung” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-ийн: “...Дэлгүүр орж ус аваад гарах гэтэл үүдэнд дэлгүүрийн шатан дээр үл таних нэг залуутай таарсан. Тэр үед би яг шат руу унах гэтэл тэр үл таних залуу намайг түшиж шатнаас буулгасан. Тэгээд бид хоёрын араас дагаад байсан. “Зайлаач” гэсэн чинь араас дагаад, манай найзыг хоргоогоод байсан бөгөөд би тухайн эрэгтэй хүнээс зугтаад найзынхаа араар тойроод байх үед миний зүүн гар талын халаасанд байсан гар утсыг минь авсан байсан. Түүнийг нь би дараа нь дэлгүүрийн хяналтын камерын бичлэг үзээд мэдсэн. ...” /1хх 178/,

гэрч И.Н-ын: “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр найз Н.Б-тэй ус ундаа аваад дэлгүүрээс гарах гэж байгаад дэлгүүрийн шатан дээр манай найз охин унах гэж байтал нэг залуу түшиж буулгасан. Шатнаас буугаад холдолгүй Н.Б утсаа үзсэн чинь халаасанд нь байсан гар утас алга болчихсон. Тэгээд цагдаад дуудлага өгөөд уг дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд манай найзыг түшиж авсан хар өнгийн савхин куртиктэй, шаргал өнгийн саравчтай малгайтай, нүдний шилтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу гар утсыг хулгайлаад авсан байсан. ...” /1хх 182/,

шүүгдэгч Д.Х-ын: “...Дэлгүүрээс бохь аваад гарч явтал хоёр эмэгтэй миний урд алхаж яваад шатнаас унангаа алдахад нь тэр эмэгтэйг түшиж авсан. Халаасанд нь утас байхаар нь авчихсан. ...Монтел худалдааны төвд 250.000 төгрөгөөр үл таних залууд зарсан. ...” гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Б-ийн эзэмшлийн “Samsung A90” загварын гар утасны 600.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /1хх 196-197/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Н.Б-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

  1. Шүүгдэгч Д.Л нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн автобусны буудал дээр иргэн Н.Б-ийн эзэмшлийн булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн автобусны буудал дээр буусан бөгөөд тэр хоёр эрэгтэй хүн дагаад хамт буусан. Тэгэхээр нь би дэлгүүр ороод тухайн хоёр хүнд “Архи авч өгье” гэсэн бөгөөд тэнд байсан хөгшин, сахалтай эрэгтэй хүн нь миний урд зогсоод “Тэгвэл наад малгайгаа үлдээ” гээд намайг заамдаж авсан. Тэгээд малгай шүүрээд зугтаачихсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд би эхнэртэй болсон явдлыг хэлсэн бөгөөд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл учраагүй. ...Би алдсан малгайгаа хүлээн авсан. ...” /2хх 55, 58/,

гэрч Н.Н-ы: “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай найз Д.Л-ийн төрсөн ээж Д эгч над руу залгаад “Манай хүү ирэхдээ булган малгай аваад ирсэн. Тэр нь гэмт хэргийн замаар олж ирсэн малгай гэдгийг нь цагдаа залгахад мэдсэн юм. Би хот руу энэ малгайг нь явууллаа. Миний дүү тосож яваад цагдаагийн байгууллагад хүлээлгээд өг” гэж надад хэлсэн. ...” /2хх 65/,

шүүгдэгч Д.Л-ийн: “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Буурал ээжийн автобусны буудал дээр булган малгайтай залууг харсан бөгөөд тухайн үед цагаан сар болох гээд нутаг буцах гэж байсан. Тэр залуу автобусанд суучихаар нь би араас нь дагаж очоод суусан бөгөөд булган малгайг нь шүүрч аваад зугтаачихсан. Тэгээд би тойрч зугтааж байгаад автобусанд суугаад шууд Төв аймаг руу явсан. ..” /2хх 73/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Н.Б-ийн эзэмшлийн булган малгайн үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон “Мастер Үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт /2хх 92/,

хохирогч Н.Б-ийн эзэмшлийн булган малгайг гэрч Н.Н-аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /2хх 50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Н.Б-ийн эзэмшлийн малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаасан шүүгдэгч Д.Л-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэн хангаж байна.

  1. Шүүгдэгч Д.Л нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Х” нэртэй баарны гадна Ч.Б-ын “Samsung A20” загварын 170.000 төгрөгийн үнэ бүхий, Б.Г-ийн “Samsung А70” загварын 376.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг халаасанд нь гараа оруулан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Б-ын: “...2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр найз Б.Г-ийн хамт бааранд суусан. Гадаа гарсан чинь нэг сахалтай залуу бид хоёроос тамхи асуухаар нь тамхилсан чинь нутаг ус асуугаад “Нэг нутгийн залуучууд байна шүү дээ” гэх зэргээр яриа өдөөд байж байтал цаанаас нь гурван залуу ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Бид хэд хоорондоо маргалдаж байтал анх тамхи гуйж авсан залуу миний өмдний халаасанд байсан “Samsung A20” загварын гар утсыг халааснаас авчихсан. Тэгээд удаагүй тэр залуучууд яваад өгсөн бөгөөд би найздаа “Миний гар утсыг авчихлаа” гэж хэлсэн чинь манай найз Б.Г “Миний ч гар утсыг авчихсан шүү дээ” гэж хэлсэн. ...Цагдаа нар ирээд тэр хүмүүсийг ойр хавиас хайж байгаад автобусны буудал дээр зогсож байхад нь барьж авсан юм. Тэгээд миний утсыг авсан сахалтай залуу халааснаасаа миний болон манай найзын гар утсыг гаргаж ирж цагдаад өгсөн. ...” /2хх 150-151/,

хохирогч Б.Г-ийн: “...Сахалтай ах бид хоёр дээр ирээд тамхи асуухаар нь би нэг тамхи өгсөн. Тэгсэн чинь тэр хүн “Дүү нар аль нутаг вэ, ах нь Төв аймгийнх шүү дээ, нэг нутгийн дүү нар юм байна” гээд бид хоёрыг нэлээн дээрэлхэх маягтай болж ирээд байж байхад цаанаас 3 залуу ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгээд бид хоёрыг явуулахгүй маргалдаад зогсож байтал өөрийгөө Төв аймгийнх гээд байсан хүн миний өмдний халаасанд байсан гар утсыг авчихсан. ...” /2хх 155-156/,

гэрч Г.А-ийн: “...Хархорин захын хажуугийн автобусны буудал дээр сууж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг “Хүний гар утас авсан байна, гаргаж өг” гэсэн. Гэтэл хоёр маргалдсан залуу байсан бөгөөд Д.Л-ийг заагаад “Энэ залуу бид хоёрын өмдний халааснаас гар утас авсан” гэхэд Д.Л халааснаасаа хоёр гар утас гаргаж ирээд цагдаад өгсөн. ...” /2хх 165/,

гэрч Ө.Т-ийн: “...Г.А, Д.Т бид нар явж очоод Д.Л-ийг өмөөрөөд тэр хоёр залуутай маргалдсан. ...Тэгээд салаад Г.А, Д.Л, Д.Т бид нар автобусны буудал дээр харих санаатай хоорондоо юм яриад сууж байхад эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг “Хүний утас авсан байна, гаргаж өг” гээд байсан. Тэгээд харсан чинь түрүүний маргалдсан хоёр залуу ирсэн байсан бөгөөд Д.Л-ийг заагаад “Энэ залуу бид хоёрын өмдний халааснаас гар утсыг авсан” гэхэд Д.Л “Би авсан юм аа” гээд халааснаасаа хоёр гар утас гаргаж цагдаад өгсөн. ...” /2хх 168-169/,

гэрч Д.Т-ийн: “...Автобусны буудал дээр ирээд сууж байхад цагдаа нар ирсэн. Гэтэл Д.Л-ийг нөгөө маргалдаж байсан хоёр залуу “Чи бид хоёрын гар утсыг халааснаас авсан биз дээ” гэхэд Д.Л халааснаасаа хоёр ширхэг гар утас гаргаж ирээд цагдаагийн албан хаагчид өгсөн. ...” /2хх 172-172/,

шүүгдэгч Д.Л-ийн: “...Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /3хх 49/ гэсэн мэдүүлгүүд,

Хохирогч Ч.Б-ын эзэмшлийн “Samsung A203 загварын гар утасны үнэлгээг 170.000 төгрөгөөр, хохирогч Б.Г-ийн эзэмшлийн “Samsung A70” загварын гар утасны үнэлгээг 376.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /2хх 179-180/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Л-ийн хохирогч Ч.Б, Б.Г нарын гар утсыг халааснаас нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Г.Ч, Н.Б, Н.Б, Ч.Б, Б.Г нар, гэрчүүд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Л-ийн үйлдсэн дээрэмдэх, шүүгдэгч Д.Х-ын үйлдсэн дээрэмдэх, хулгайлах гэмт хэргүүд нь хангалттай нотлогдсон, эдгээр нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Л, Д.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Х-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Л-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан.

Дээрэмдэх гэмт хэргийн энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүн нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах гэсэн шунахайн сэдэлтээ хэрэгжүүлэхдээ сонгож авсан арга буюу хүч хэрэглээгүй эсхүл хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон шинжээр ялгагдах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж хуульчилсан зохицуулалт нь бие даасан, тус тусдаа өөр өөр гэмт хэргийн шинжийг агуулсан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорын яллах дүгнэлтийг дахин үйлдүүлэн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлсэн нь хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Д.Л-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Д.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, шүүгдэгч Д.Л-ийн урьд удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдалд тус тус тохирсон гэж дүгнэв.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тав, түүнээс доош жилийн хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасны дагуу шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналт дор оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсэн нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчимд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Д.Л-ийн хувьд урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 153А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу өршөөлд хамааруулахааргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохоор заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохдоо шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг оруулалгүйгээр тооцсоныг давж заалдах шатны шүүх зөвтгөв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1419 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1419 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон 84 хоногийг...” гэснийг “...шүүгдэгч Д.Х-ын цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ