Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/121

 

С.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонсүрэн,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Б-т холбогдох 2111 00000 1229 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн С-ын Б, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 давхрын 6 тоотод Б.Ж-тэй маргалдан, улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн С-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 162 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 22.300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, 28 см урттай, ажлын хэсэг 18 см ягаан өнгийн бариултай заазуур 1 ширхэг, 25 см урттай, ажлын хэсэг 13 см хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 17 см урттай, ажлын хэсэг 7 см ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох талсан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...С.Б хүний амь нас хохирсонд маргахгүй байгаа. харин хуульд заасан санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэрэг гэдэгт мэтгэлцсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар буюу гэрч М.О, С.Б, Б.М нарын мэдүүлгүүдээс харахад С.Б амь хохирогчийн амь насыг хохироох гэсэн шууд санаа, сэдэл байгаагүй. Тухайн үед хардалтын асуудал үүссэн ба үүнээс улбаалж маргалдаж хоорондоо зодолдсон, бие биедээ шарх гэмтэл, сорви учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан М.О-ын мэдүүлэгт “...амь хохирогч цохиод унагаасан, ...дээр нь гарсан, ...С.Б хутгаа саваад байсан...” гэдэгт дүгнэлт хийвэл хутгыг булаацалдсан нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн уг нөхцөл байдлыг гэрч С.Б, Б.М нар ярьдаг. Эдгээр мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгчид алах талаар санаа зорилго байгаагүй. Хутга зэвсгийг булаацалдсан үед гэмтэл учирсан байх боломжтой гэж үзэж байна. хэргийн зүйлчлэлийн асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хүртэл өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан ба хүлээж аваагүй. Гэрч М.О анхны мэдүүлгээс 14 хоногийн дараа мэдүүлэг өгөхөд мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Алийг үнэлэх нь асар их ач холбогдолтой. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр хуульд заасан. Тиймээс энэхүү гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, гэм буруутайд тооцох хуулийн үндэслэл байсан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг болгон өөрчилж, эрүүгийн хариуцлага оногдуулна уу. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 онд хууль ёсны нөхөртэйгөө гэр бүлийн маргаан үүсч, тусдаа амьдарч байхдаа 2020 оны 12 дугаар сард талийгаачтай танилцаж, хэн хэн нь өмнөх амьдралдаа алдсан учраас бие биедээ сэтгэлийн дэм өгч, дотно харилцаатай болсон байсан. Архи, согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо муудалцаж, талийгаачид зодуулж, шалан дээр унаж, газарт хутга булаацалдах үедээ болгоомжгүйгээр гэмтэл учруулж, амьдралдаа юугаар ч нөхөшгүй алдаа гаргаж, хайртай хүнийхээ амийг эрсдүүлж, өөрөө хоригдож, үр хүүхдээ өнчрүүлж, талийгаачийнхаа эцэг, эх, ах, дүү нарт хүнд гарз учруулж, хайртай хүү, ах, дүүг нь хэзээ ч уулзахгүй нөхцөлд хүргэсэндээ гашуудан харамсаж байна. Би хэрэг гарснаас хойш анхнаасаа өөрийн бурууг ойлгон ухамсарлаж, харамсаж, мөрдөн байцаалтын шатанд ямар ч маргах зүйлгүй гэм буруугаа зөвшөөрч, талийгаачийн гэрийнхний зүгээс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулж, уучлал гуйсаар өдийг хүрсэн. Зөвхөн зүйлчлэл дээр гомдолтой байна. ...Миний том хүү 14 настай, бага охин 11 сартай бөгөөд өдий балчир насанд нь зовлон шаналал үүрүүлж, бусдын хүүхдийн мэдэрдэг эхийн хайр халамжийг мэдрүүлж чадахгүй болсондоо харамсаж байна. Би псориаз өвчнөөр 21 жил өвдөж, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай группт байдаг. Мөн удамшлын улаан хоолойн сөөргөөт үрэвсэлтэй, үрийн хоолойн 2 талын дээд угт битүүрэл, наалдацтай, наалдац салгах хагалгаанд орох шаардлагатай, одоо өвдөлтийн шоконд орж, заримдаа муужирч унах болсон. Иймд би анхан шатны шүүх хуралдаанд орсон болохоор сандарч, хэлэх гэсэн үгээ сайн тодорхой ойлгуулж чадаагүй. Хэрэг болох үед талийгаач намайг цохиод газарт унагасан, газарт миний дээрээс тонгойгоод хутга булаацалдаж байсныг би үе үе санадаг. Талийгаачид би ямар нэгэн хор хөнөөлтэй зүйл хийх талаар бодож төсөөлөө ч үгүй байсан. Миний баруун гарын эрхий хурууны дотор тал, мөн гэдэс дээр хүртэл хутгаар зүсэгдсэн шарх, сорви үлдсэн байдаг. Энэ нь биед хоёрыг хутга булаацалдсанаас үүссэн. Талийгаачийг би босоод цамцаа тайлах үед л хутганд зүсэгдсэн гэдгийг мэдсэн. Надад амь насыг нь хохироох санаа байгаагүй. Миний хувийн байдал, эрүүл мэнд, гэм буруугаа анхнаасаа ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, бага насны хоёр хүүхдийн минь ирээдүйн амьдрал, ажил, хөдөлмөр эрхэлж талийгаачийн аав ээжид тус дэмтэй амьдрах гэсэн сэтгэлийг харгалзан үзэж, анх удаа гэмт хээг үйлдсэн, талийгаачийн биед шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, амь насыг нь хохироох санаа зорилго байгаагүйг харгалзан үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б хүний амь нас хохирсонд маргахгүй байгаа. Харин хуульд заасан санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэрэг гэдэгт мэтгэлцсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар буюу гэрч М.О, С.Б, Б.М нарын мэдүүлгүүдээс харахад С.Б амь хохирогчийн амь насыг хохироох гэсэн шууд санаа, сэдэл байгаагүй. Тухайн үед хардалтын асуудал үүссэн ба үүнээс улбаалж маргалдаж хоорондоо зодолдсон, бие биедээ шарх гэмтэл, сорви учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан М.О-ын мэдүүлгээр “...амь хохирогч цохиод унагаасан, ...дээр нь гарсан, ...С.Б хутгаа саваад байсан...” гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Гэрч М.О-ын сүүлийн мэдүүлгүүд нь зөрүүтэй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч гэрч оролцоогүй. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр хуульд заасан. Иймд С.Б-т холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарах үед анх 4 хүн байсан. Хажуу талын өрөөнд нь 2 хүн байсан. Нийтийн байр учраас нимгэн ханатай яг нэг өрөөнд байгаа юм шиг сонсогддог. Гэрч М.О-аас анх мэдүүлэг авахад хутга саваад байгаа талаар дурдсан. Тэрхүү мэдүүлгээс хойш дахин 3 удаагийн мэдүүлэг авсан. Бага багаар мэдүүлгээ өөрчилсөөр байгаад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан мэдүүлэгт “С.Б нь талийгаачийг хутгалсан” гэдэг. ...Гэрч М.О-ын “хутга саваад байсан” гэх мэдүүлэг хэр үндэслэлтэй вэ гэдэгт шинжээчийн 2450 дугаар дүгнэлтэд цогцост үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Уг дүгнэлтэд “...баруунаас зүүн чиглэсэн, хатгагдаж, зүсэгдсэн, нэвтэрсэн шарх байна...” гэсэн байдаг. Гэрч М.О-ын сүүлийн мэдүүлэгт “С.Б-ийг газар унасан байх үед талийгаач дээр нь байхад хутгалсан” гэдэг. Энэ нь хэр бодитой вэ, баруунаас зүүн рүү чиглэсэн шарх үүсэх боломжтой юу гэдэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн туршилт, ажиллагаа хийгдээгүй. С.Б-ийн биед 9 гэмтэл учирсан байгаа. Дух, хацар, хамартаа гэмтэл авсан. Хамгийн ноцтой нь цээжний эгэм хэсэгт 5 см урагдсан шархтай, баруун хөхний дээд хэсэгт 4.3 см урагдсан шархтай, гэдэсний дээд хэсэгт 9 см урагдсан шархтай, бусад нь шалбархай, хөхрөлт, цус хуралт зэрэг байгаа. Эдгээр гэмтлүүд С.Б-т хэрхэн учирсан талаар шалгаагүй. Гэтэл хавтаст хэргээс үзэхэд хамт байсан бүсгүйтэйгээ давхралдаж унахдаа гэмтсэн гэдэг байдлаар орхигдуулсан. Харин С.Б-т учирсан шарх, гэмтлүүд нь хутга булаацалдсан гэх үйл баримтыг нотолж байгаа юм. Хүн хутгалахад голдуу чигээрээ хутгалдаг эсхүл доороос дээш зүг рүү чиглэж хутгалах боломжтой. ...Мөн үзлэгт “баруун гарын сарвуун алганд шарх байна” гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан 11107 дугаар шинжээчийн дүгнэлтэд “зүүн гарын алганд шархтай байна” гэж, үзлэгт “баруун тохой хэсэгт хөхрөлттэй байна” гэхэд дүгнэлтэд “зүүн бугалгадаа хөхрөлттэй, зөөлөн эдийн цус хуралттай байна” гэж, үзлэгт “баруун шилбэний урд хэсэгт 5 см урагдсан шархтай байна” гэхэд “зүүн шилбэнд зулгаралттай байна” зэрэг зөрүүтэй нотлох баримтуудаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа сонгож авсан нотлох баримтуудаас нь бусад зөрүүтэй баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээр тогтоолдоо заагаагүй гэх мэтчилэн хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэдэгт өмгөөлөгчийн хувьд эргэлзэж байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О бичгээр гаргасан болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд заасан санал, хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд бараг л болгоомжгүй байдлаар уг гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон гэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх санал гаргасан байна. хохирогч тал хуулийн болон шүүхийн шийдвэрт итгэж, ямар ч санал гомдол, элдэв асуудал тавихгүй шүүхийн шийдвэрийг харж, хүлээж байсан. Шүүх ч хуулийн дагуу, хуульд заасан ял шийтгэл хариуцлагын хамгийн хөнгөн ялыг оногдуулсан. Нэгэнт хуульд заасан ялыг оногдуулсан болохоор бид гомдол гаргахаа больсон. Үнэхээр талийгаач минь босоод ирэх биш дээ гэж гомдол гаргаагүй. Гэтэл бүр даварч зүйл хэсгийг хөнгөрүүлж, ял шийтгэлгүй салахыг санаархаж гомдол гаргасанд гомдолтой байна. Талийгаач архи уусан байсан ч ухаан мэдрэлээ алдаагүй хөнгөн хэлбэрийн согтолттой байсан учир биеэ барих чадваргүй байгаагүй. Биеэ яаж барьж чадаж байсны нотолгоо нь нүүр амгүй олон удаа маажуулж сууж байсныг харуулсан зураг, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг нотолж байгаа. Хэрэлдэж, маргалдаж байсан ч талийгаач шүүгдэгч С.Б-ийг зодсон, цохисон асуудал байхгүй. Гар хүрээгүйг дэргэд нь байсан гэрчүүд батлан мэдүүлсэн ба маажиж, самардаж, элдвээр доромжилж, орилж байхад нь ойртож очоод “Чиний хаана чинь хүрэх юм бэ” гээд эмэгтэй хүнд хүрч чадахгүйгээ илэрхийлсэн байгаа. Хутгалах гэсэн санаа бодолгүй байсан бол хутгыг нь талийгаач авах гээд байхад яагаад өгөхгүй байсан юм. Алъя гэж бодоогүй байж болох ч хутгалах гэсэн санаа зорилго байсан нь илэрхий байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт маш ойлгомжтой, тодорхой бичигдсэн. Талийгаач хүнлэг чанартай, өөрийн гэсэн чадвар, зан төлөвтэй хүмүүжилтэй хүн байсан. Маргааш гэрлэлт цуцлах онлайн хурал нь болох гэж байхад найз нөхөд нь ингэж л бэлдэж байгаа шүү дээ. Яаж ийм нүүртэй хуралд орох вэ. Тэгээд ээжийн минь авч өгсөн утсыг ийм болгочихлоо шүү дээ гэж хэлж байсан байдаг. Талийгаач чөлөөт спортын тамирчин хүн ингэж хэлээд өнгөрч байхын оронд нам цохих чадал байгаагүй гэхгүй. Эмэгтэй хүнд хүч хэрэглэдэггүй хүн юм. Гэтэл С.Б хайрладаг гэчихээд алж хаячихаад юу гуйгаад, ямар заль зохиогоод байгаа юм бэ. ...Ялаас яавал салах вэ гэж зохиомол үрчлэлт хийлгэсэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хүн амины хэрэг үйлдсэн хүн ямар зорилготой 2022 оны 7 дугаар сард эгчийнхээ хүүхдийг үрчилж авсан байх вэ. Хүнийг болгоомжгүй алсан болж, эцэст нь нялх хүүхэдтэй болж л ял завших зорилготой байсан нь шууд харагдаж байна. Хохирол 100 хувь төлсөн гэжээ. Оршуулгын зардлыг төлсөн болохоос талийгаачийн амь насыг босгож ирээгүй. Дөнгөж 29 настай хүн яаж амьдарч, юу бүтээж, ар гэр, үр хүүхдээ хэрхэн авч явж, хэдэн жил амьд явах байсан гээд бодохоор залуу хүний амь нас, бидэнд учруулсан сэтгэл санааны хохирол учирсан. Бид сэтгэл санааны хохирол, үр хүүхдийнх нь ирээдүйг бодож дараа нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх болно. ...Бидний хувьд зүйлчлэл зөв, ял хөнгөдсөн үү гэхээс хүнддээгүй. Харин С.Б нь өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгохгүй янз бүрийн аргаар зүйлчлэлийг өөрчлүүлж, ял завшихыг санаархаж байгаад гомдолтой байна. Харин ч ялыг хүндрүүлэх саналтай байна. ...С.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилготойгоор төрсөн эгчээсээ хүүхэд үрчилж авсан. Мөн С.Б давж заалдах гомдолдоо үрийн хоолойн мэс засалд орох талаар бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанаар бас “үрийн хоолойн мэс засалд орно” гэж тус шүүх хуралдааныг хойшлуулж байсан. С.Б-ийг гэм буруугаа ухамсарлан ойлгоогүй. ...” гэв.

Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Ж-ийн зүрхэн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцно гэсэнтэй нийцэж байна. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч М.О, мөн нийтийн байранд хөрш амьдардаг гэх гэрч С.Б нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан. Дээрх цугларсан баримтыг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Ж-г хутгалах идэвхтэй үйлдэл хийсэн ба энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ийн амь нас хохирсон байна гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн С.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...гаднаас хутга авч орж ирэхдээ хохирогчоос нуух зорилгоор цааш нь далд хийж, хутганы зөвхөн үзүүр хэсгийг ил гаргаж барьсан байсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч С.Б хохирогчийн амь насанд хүрэхгүй ч ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулах санаа зорилгыг анхнаасаа агуулсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Үйлдэлдээ хөнгөмсгөөр хандах, хайхрамжгүй хандсан байхыг шаарддагаараа хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг. Мөн шүүгдэгч С.Б “Мөрдөгч надаас өмгөөлөгчгүйгээр хууль зөрчиж мэдүүлэг авсан” гэж хэлж байгаа боловч энэ талаар мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийг шүүхэд хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гомдол, хүсэлт гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, гэмт хэргийн бодит байдалтай нийцсэн зүйл ангиар ял оногдуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. ...Гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаж, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Хэргийг гомдлын дагуу дахин хянасан учраас яллах дүгнэлт үйлдсэн даруй хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээгүй нөхцөл байдал харагдсан. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн : “...Б.Ж-г 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдад хутгалуулж нас барсан талаа мэдээд Улаанбаатар хотод ирсэн. ...” /1хх 28/,

гэрч Г.О-ийн: “...М.О, С.Б, талийгаач Б.Ж бид дөрөв 1 шил цагаан архи хувааж уусан. ...Миний санаж байгаагаар С.Б, талийгаач Б.Ж нар хоорондоо үг хаяад байх шиг байсан. ...Сүүлдээ маргалдаад Б.Ж “Чи намайг Ээгий шиг дутуу үнэлэхгүй шүү” гээд С.Б-тэй түлхэлцээд зууралдсан. Бие биедээ “Чи намайг цохь, чи намайг цохь” гээд байсан. ...Би хэвтээд, зүүрмэглээд унтсан байсан. Нэг мэдсэн чинь унтаж байхад миний толгой, нүүр рүү хүчтэй цохиод байх шиг санагдаад нүдээ нээхэд М.О дээр гарчихсан “Найз чинь үхэх гээд байна, чи босооч дээ” гэж хэлээд намайг цохисон. ...Би өндийгөөд хартал Б.Ж газар хэвтэж байсан. ...Цагдаа нар ирээд манай өрөөнд үзлэг хийх явцад хутга хайж байсан бөгөөд би Б.Ж-г хутгалуулаад нас барсан байна гэдгийг ойлгосон. ...” /1хх 40-41/,

гэрч С.Б-ийн: “...Шөнө дунд 3 цаг өнгөрч байтал нөгөө хүмүүс хашхиралдаад нэг ах “Би чамд хайртай, би чамд 6 саяыг өгье болох уу, чи янхан шүү дээ” гэж олон удаа хэлээд бас “Чи намайг шаавал шаа, шаахгүй бол би шаая, би маргааш шүүх хуралд орно шүү дээ” гээд байн байн хэлээд байсан. Юм газар унах чимээ болон хоорондоо хашхиралдаад орилоод байхаар нь Б.М цагдаа дуудах гээд өөрийн утсаараа 102 дугаарт залгахад утас нь залгаж болохгүй “ашиглалтад байхгүй” гээд байсан. Тэгээд миний утсаар цагдаа руу залгахад бас болохгүй байсан. Б.М “Гарч чимээгүй бай гэж хэлье” гээд гарах гэсэн чинь өөр нэг эрэгтэй хүн ирээд тэр айлын хаалгыг тогшоод “Унтаж амармаар байна, энэ нийтийн байр шүү дээ, та нар ганцхан энд байгаа юм уу” гэхэд “Хэн юм чи пизда минь, орилохоор яадаг юм” гээд эхнээсээ агсраад байсан эрэгтэй нь хэлсэн чинь нэг эмэгтэй нь “Ойлголоо, одоо чимээгүй боллоо” гэж тэр хүнд хэлсэн. Тэгээд нэг эгч нь “Би янхан биш” гээд чарлаад байсан чинь нөгөө ах “Чи янхан шүү дээ” гэж хэлсэн чинь нөгөө эгч нь гүйгээд гараад явснаа 10 гаруй минут болоод эргээд орж ирсэн. Тэр эгчийг гараад явсны дараа хүмүүс юм яриад байсан. Юу ярьсныг нь мэдэхгүй. Тухайн үед зөөлөн яриад байсан. Гарч явсан эгч орж ирээд чимээ шуугиан намдчихаар нь эргээд бид хоёр унтсан чинь дахин хүн орилоод сэрсэн. Тухайн үед цаг харахад 04:40 цаг болж байсан бөгөөд гарч яваад орж ирсэн эмэгтэй нь “Хайраа, ханиа би чамгүйгээр байж чадахгүй, намайг ал” гээд нэг эрэгтэй нь “Хүн үхчихлээ шүү дээ, хүн дуудаач ээ” гээд байсан. Нэг эмэгтэй нь “Дуудсан шүү дээ” гээд нөгөө ах тэр эмэгтэйг зодоод байх шиг байсан. Гарч гүйдэг эмэгтэй багалзуурдуулж байгаа юм шиг хоолойгоор “Хайраа өвдөж байна шүү дээ" гээд орилоод байсан. Харин нөгөө эмэгтэй нь “Давраад байгаарай чи яахаараа намайг зоддог юм. Эндээс зайл” гээд хашхираад байсан. Үүний дараа тавиур унаж байгаа юм шиг чимээ хоёр удаа дараалан гараад гадагшаа гарч гүйдэг эмэгтэй нь дахин гадагшаа гараад гадаа “Такси” гээд орилоод байсан. Үлдсэн эмэгтэй нь утсаар хаягаа хэлээд “Хүн хутгалуулчихлаа” гэж хэлээд байсан. 5-6 минутын дараа гадагшаа гарсан эгч “Такси олчихлоо” гээд гаднаас орж ирээд нөгөө хутгалуулсан хүнээ өрөөнөөс гаргаад байх шиг байсан бөгөөд “Аятайхан өргөөч, арчаагүй хүүхэн” гээд сүүлд үлдсэн эрэгтэй хэлсэн болохоор өргөөд гарч байна гэж ойлгосон. Энэ үед манай цонх дээр гэрэл анивчаад түргэний машин ирсэн. Тэгээд нөгөө хүмүүс “Түргэн ирчихлээ” гээд коридорт хашхираад байсан. Гарч явдаг эмэгтэй нь “Хайраа тэвчээрэй, үхэж болохгүй шүү, чи минь мундаг” гээд байсан. Эмч коридорт “Хэн хутгалсан юм” гэж асуухад такси дуудсан эгч өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. Тэгээд тэр эмч нь цагдаад дуудлага өгөөд хаягийг нь хэлж өгөөд байх шиг байсан. Нөгөө хоёр эгч өрөөндөө ороод хоорондоо “Одоо яах вэ” гээд уйлаад байсан. Хамт байсан эрэгтэй нь орж ирээд “Чи хүн алчихлаа шүү дээ” гээд такси дууддаг эгчийн хоолой “Чи тийм л байсан юм бол надаас найзыгаа холдуулахгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд коридорт үлдсэн нөгөө эрэгтэйгээс юм асуугаад байх шиг байсан. Тэгээд би чимээ намдахаар нь унтсан бөгөөд дараа нь хаалга тогшиход сэрсэн. Тэр гарч такси дууддаг эгч л хутгалчих болсон. Тэр ах гарч ороод байсан эмэгтэйг “янхан” энэ тэр гээд есөн шидээр хэлээд байсан болохоор хутгалсан байх. ...” /1хх 45-46/,

гэрч Н.Э-ийн: “...Би Б.Ж, М.О, Г.О, С.Б нарыг Чингэлтэй дүүрэгт байх нийтийн байранд 01 цагийн үед хүргэж өгөөд, ороод цай уугаад, юм ярьж байгаад 02 цагийн үед гараад гэртээ харьсан. ...” /1хх 39/,

гэрч Б.М-ын: “...Би нэг зүүрмэглээд сэрсэн чинь нэг эмэгтэй нь “Хайраа туслаач ээ” гэж хэлээд байсан ба нөгөө эмэгтэй гарч гүйгээд “Такси” гээд орилоод гүйгээд байсан. Удалгүй гарч явсан эмэгтэй эргэн орж ирээд нэг эмэгтэй нь уйлаад байсан. Нөгөө ах нь “Түргэн дуудаач, найз чинь үхлээ шүү дээ” гэсэн. Тэгээд эрэгтэй нь “Чи чинь ямар тэнэг найзтай юм бэ” гэж хэлээд ноцолдож байгаа юм шиг түжигнэсэн. Нөгөө уйлаад байсан эмэгтэй “Зөндөө л зодууллаа шүү дээ, одоо зайлаач ээ” гээд орилоод байсан. Нөгөө ах “Түргэн рүү залгаач ээ” гэхэд нэг эмэгтэй нь “Залгасан шүү дээ” гэхэд нөгөө эрэгтэй өөрөө залгаад “Та нар чинь ямар удаан ирдэг юм бэ, хүн үхэх гээд байна шүү дээ” гэсэн. Тухайн үед түргэний машин ирээд үзээд нэг хүнийг дамжлаад аваад гарах шиг болсон. Учир нь эрэгтэй нь “Хөл чирэгдээд байна шүү дээ” гээд байхаар нь нэг хүнийг нь аваад гарч байна даа гэж бодсон. Түргэний машин руу гарчхаад эргэж эрэгтэй эмэгтэй хоёр нь гэрт буцаж орж ирээд нөгөө “янхан, пизда” гээд аймаар орилоод байдаг ах “Чи яах гэж хутгалж байгаа юм бэ, өөр газар нь бүлчихэд яадаг юм” гэхэд эмэгтэй нь уйлаад байсан. ...” /1хх 48-49/,

гэрч М.О-ын: “...О “Манай гэрт очъё” гээд бид нар Дэнжийн мянгад О-ийн амьдардаг байранд ирсэн. Н.Э бид нарыг хүргэж өгчихөөд явсан. Б.Ж, Б, О бид дөрөв ороод ресторанаас авсан нэг шил архийг хувааж уусан. Б.Ж, Б хоёр “Чи тэрэнтэй уулздаг байсан” энэ тэр гээд урьдын асуудлаа яриад, маргалдаад байсан. Б.Ж “Би чамтай харьцахгүй” гээд Б-г өрөөнөөс хөөж гаргасан. Б удалгүй гаднаас орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирсэн. Талийгаач “Чи намайг шаавал шаа л даа” гээд Б-г газарт унагаад дээр нь гараад хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх үед Б хутгаа саваад байсан. Гэтэл Б.Ж-ийн цээжнээс нь цус гарчихсан босож ирээд ширээ налаад хэвтсэн. Б “Би нөхрөө алчихлаа” гээд орилоод байсан. ...Талийгаач С.Б-т огт гар хүрээгүй. ...С.Б гаднаас 10 орчим минут болоод ирж ирэхдээ хутгатай орж ирсэн юм шиг байсан. Гэхдээ би гарт нь хутга байсныг мэдээгүй. С.Б талийгаач руу “Чи намайг элдвээр хэлээд хөөдөг хэн юм бэ” гээд орилоод нүүрийг нь маажих гээд дайраад байсан чинь талийгаач С.Б-ийг түлхэхэд газар бөгсөөрөө суучихсан. Тэгээд С.Б-ийг газар суучихсан байхад талийгаач түүний дээр нь тонгойгоод хэрэлдсэн. Тэгээд сууж байхдаа С.Б талийгаачийг хутгалчихсан. Талийгаач С.Б-ийг цохиж, алгадсан зүйл огт байхгүй. 2, 3 удаа түлхэж унагаасан. Босож уурлаад “Би чиний хаана чинь цохих юм бэ” гээд байсан. ...С.Б-ийн хэлээд байгаа шиг 1 цаг зодсон зүйл байхгүй. Мөн сандлаар огт цохиогүй. ...С.Б амиа хорлоно гээд ярьсан. Гэхдээ талийгаачийг нас барсныг мэдсэнийхээ дараа ярьсан. Өөрийнх нь яриад байгаа шиг талийгаачийг амьд байхад хутга барьж, амиа хорлоно гэж яриагүй, тийм үйлдэл ч хийгээгүй. ...С.Б айж сандарч гарсан зүйл байхгүй. Гэрээс гарахдаа хэрэлдээд гараад явсан. ...” /1хх 54-58, 2хх 90-91/,

гэрч О.М-ийн: “...С.Б нь түүний /Б.Ж-ийн/ нүүр, биеийг нь маажиж, цохиод байдаг байсан. Тэр үед нь би С.Б-т “Боль” гэж хэлэхээр больчихдог байсан. ...” /1хх 60/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх, дух, хоёр зовхи, хацар, баруун чамархай, зүүн бугалга, шуу, баруун сарвуу, нуруунд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон, цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд энэхүү гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж, зүрх чихэлдэж нас барсан, түүний цусанд 1.0 промилли спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарах болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2450 дугаар дүгнэлт /1хх 103-111/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-13/ зэрэг нотлох баримтуудаар:

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байх нийтийн байрны 1 давхрын 6 тоот Г.О-ийн гэрт шүүгдэгч С.Б, амь хохирогч Б.Ж, Г.О, М.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, С.Б нь Б.Ж-тэй маргалдаж, тухайн айлаас гарч явсан, ийнхүү гарахдаа тухайн өрөөнд байсан хутгыг аваад гарсан,

хэсэг хугацааны дараа уг хутгаа барьж эргэн орж, үргэлжлүүлэн Б.Ж-тэй маргалдахад Б.Ж нь С.Б-ийг түлхэн унагааж, түүний гарт байсан хутгыг авах гэхэд нь С.Б нь Б.Ж-ийн цээжинд нэг удаа хутгалсны улмаас амь хохирогч нь нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжтэй, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” талаарх тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Гэмт хэргийг субъектив шинжээр зүйлчлэхэд нийгэмд аюултай хэрэгт гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааны бодит агуулга болон тодорхой төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийн хоорондын нийцэл тохироог анхаарч үздэг. Гэм буруутай этгээдээс тухайн төрлийн гэмт хэрэгт харьцсан оюун санааны болон хүсэл зоригийн агуулгаар санаатай болон болгоомжгүй гэмт хэргийг ялган зүйлчилдэг.

Шүүгдэгч С.Б-ийн амь хохирогч Б.Ж-тэй маргалдан тухайн байрнаас гарч, хэсэг хугацааны дараа эргэн орж ирж үргэлжлүүлэн маргалдаж, түүний хутгыг нь авах гэсэн Б.Ж-ийн эсрэг гартаа барьсан хутгаа савсны улмаас Б.Ж-ийн амь нас нь хохирсон талаар мэдүүлсэн гэрч М.О-ын “...Талийгаач “Чи намайг шаавал шаа л даа” гээд Б-г газарт унагаад дээр нь гараад хутгыг нь булааж авах гээд ноцолдож байх үед Б хутгаа саваад байсан. Гэтэл Б.Ж-ийн цээжнээс нь цус гарчихсан босож ирээд ширээ налаад хэвтсэн. ...” /1хх 54-58/ гэсэн мэдүүлэг нь хэрэг болох үед хажууд нь байсан гэрч Г.О, хэрэг болсон байрны хажуугийн өрөөнд амьдарч байсан гэрч Б.М, С.Б нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаагаас гадна шүүгдэгч С.Б нь амь хохирогчийг хутгалсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэгт оюун санааны талын агуулга нь гэм буруутай этгээд хүний амь насыг хууль бусаар үрэгдүүлснээ ухамсарлаж, урьдаас мэдсэн, хүсэл зоригийн талын агуулга нь тус хор уршгийг хүсэж буй болгосон, эсхүл түүнд үйлдлээрээ зориуд хүргэснээр илэрдэг бол болгоомжгүй гэмт хэргийн хувьд гэмт этгээд Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт халдахыг хүсээгүй, халдах боломжтой гэдгээ мэдээгүй, мэдсэн боловч өөрийн хөнгөмсөг, хайхрамжгүй байдлаас болж хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан байхыг хамааруулдаг эрүүгийн эрх зүйн тогтсон ойлголт билээ.

Шүүгдэгч нь хутгаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бүрэн боломжтой болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр өөрийн үйлдлийн улмаас учирч болохыг хор аюулыг хүсээгүй боловч гартаа барьсан хутгаа савчсан санаатай үйлдлээрээ тэрхүү хор уршигт “зориуд” хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар амь хохирогч Б.Ж нь шүүгдэгч С.Б-ийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг халдан довтлоогүй, шүүгдэгчийн эрх, эрх чөлөөнд халдсан бодитой заналхийлэл бий болоогүй буюу гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд нь тохирно гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, энэхүү ял нь тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “...хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн ...өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Б-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч С.Батнасанг байлцуулж, сэжигтний эрх, үүргийг танилцуулахад тэрээр “...Би мэдүүлгээ өмгөөлөгч С.Батнасангийн хамт өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч С.Батнасантай ганцаарчилсан уулзалт хийсэн. ...” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж авсан мэдүүлэгт өмгөөлөгч Х.Баатарбилэгийг байлцуулж, яллагдагчийн эрх, үүргийг танилцуулахад “...мэдүүлгээ өмгөөлөгч Х.Баатарбилэгийн хамт өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх ба эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус харьцсан, нэр төрийг нь доромжилсон, хөтөлж, тулгаж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь “...санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ...” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/896 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Мөнхдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ