Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706000000003 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 1983 оны 7 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 4-120 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 10-258 тоот иргэн Л.Нэргүйн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожийг эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлсан,

-мөн 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 9-27 тоотод байрлах Л.Мөнхбаярын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор орж 42 инчийн самсунг брендийн зурагт хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энхтөр гэх залуу эд зүйлийг авч, зарахад нь би хамт явсан. Булгаа гэх найз дээрээ очиж хивс, дрож, хулдаас зэргийг зарсан. Энхтөр эд зүйл авчихлаа, өргөлцөөд өг гэсэн тул би тусалсан. Тэгээд 10.000 төгрөгөөр зарсан. Зурагтыг Булгантамир гэх айлд архи ууж байгаад хажуу талынх нь айлаас авч Да хүрээ зах дээр 80.000 төгрөгөөр зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэв.

Хохирогч Б.Нэргүй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...12 цаг болж байхад буцаад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой дотогш яваад ортол амбаарын хаалга онгорхой дотроос нь 2 ширхэг хивс, 1 боодол хулдаас алдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-26/,

Хохирогч Л.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...орой 22 цаг 10 минутын орчимд гэртээ орж ирэхэд хашааны хаалга зүгээр байсан. Тэгээд байшин руу орж иртэл том өрөөний зүүн талын модон цонх том шил нь хагарсан байсан. Зурагтны суурин дээр байсан 42 инчийн Самсунг зурагт мөн байшингийн гадна байсан усны тэрэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-30/,

Гэрч Т.Булган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай эгч складанд байсан миний өрөөний гэрийн юм байгаа юм. Дүү нь архи уух гээд зарах гэсэн юм. Та намайг боломжийн айлын хүүхэд гэдгийг мэднэ биз дээ” гэж хэлээд шалны хулдаас, дрож, хивс барьсан явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-38/,

Гэрч М.Цэрэннадмид мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай хойд талын 2 давхар мансарттай айл руу өдөр 11 цаг орчимд хашаанд нь 2 залуу орж харагдсан. Толгой нь нарийн шоовон хүн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-42-43/,

Яллагдагч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...хулдаас, хивс хулгайлахад би цоожийг нь эвдэж орсон, миний араас Энхтөр орж ирсэн. “...Дараагийн зурагт хулгайлахад би цонхийг нь хагалаад ганцаараа орж зурагт авж, түрдэг тэргэн дээр түрээд Улаанхуарангийн дээшээ яваад машинаа засуулж байсан хүнд зарсан. Би тухайн үедээ согтуу зарим зүйлээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-55/,

Яллагдагчаар татах тухай тогтоол /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-22/, илтгэх хуудас /хх-24/, хохирогч Б.Нэргүйн мэдүүлэг /хх-26/, эд зүйлийн үнэлгээ /хх-29/, хохирогч Л.Мөнхбаярын мэдүүлэг /хх-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/, гэрч Т.Булганы /хх-38/, гэрч А.Гуулиагийн мэдүүлэг /хх-39/, гэрч М.Цэрэннадмидын мэдүүлэг /хх42-43/, яллагдагч Г.Баярсайханы мэдүүлэг /хх-55/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судласан болно.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 10-258 тоот иргэн Л.Нэргүйн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожийг эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь,

мөн 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 9-27 тоотод байрлах Л.Мөнхбаярын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор орж 42 инчийн самсунг брендийн зурагт хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Л.Мөнхбаярт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Г.Баярсайханаас гаргуулж хохирогч Л.Мөнхбаярт олгохоор шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Б нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Б-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б урьд цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-с нийт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхбаярт олгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  •  , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР