Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01042

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01042

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ж

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2024/00802/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Намайг 1987 онд 8 дугаар ангиа төгсөхөд Дарханд амьдардаг ээжийн маань дүү нар ажилд оруулахаар дагуулж явсан. Тэгээд Байшин үйлдвэрлэх комбинатад 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үйлчлэгчээр ажилд орж, 1989 оныг дуустал ажилласан. Би 16 нас хүрсэн тул Дархан хотоос иргэний паспорт авч байсан. Миний ажиллаж байсан Байшин үйлдвэрлэх комбинат нь олон цех, тасагтай байсан бөгөөд барилгын хавтан, арматур зангидах зэрэг эд зүйл үйлдвэрлэдэг байсан. Би 1 давхарт үйлчлэгчээр 3 ээлжээр ажилладаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн комбинатад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй зэрэг шалтгааны улмаас улсад ажилласан жил маань тооцогдохгүй болсон. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.

Иймд намайг Дарханы Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатад 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд түр томилох тухай №437 дугаар тушаалын архивын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт (1990-2000 он) зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 3-7 дахь тал)

3. Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Жы ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр ************ нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас С.Жд холбогдох нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Дархан-Уул аймгийн Архивын тасгаас С.Жыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тухай тодорхойлолт, Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1987 оны Ажилд түр томилох тухай №437 дугаар тушаал, 1989 оны 1989 оны орон тоо цалинг мөрдөх тухай №19 дугаар тушаал, хавсралтын архивын хуулбар зэрэг баримт ирүүлсэн. Нэхэмжлэгч нь ************ нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан. (хавтаст хэргийн 11-14, 21, 22-25, 36-40, 48 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч С.Ж нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч С.Ж Дарханы Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатад 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэн С-ын Жд холбогдох Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1987 оны 437 тоот, 1989 оны 19 тоот тушаал болон тодорхойлолтыг хавсралтаар хүргүүллээ гэх бичилттэй 11-10/115 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 36 дахь тал)

Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Тушаах нь: 1. Ажилд орохыг хүсч холбогдох бичиг баримтаа бүрдүүлж ирсэн С- овогтой Жыг МТХ-ийн хэлтэст үйлчлэгчээр 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түр ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд түр томилох тухай №437 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 38 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын 1. Аймаг хот: Дархан, сум, район: 2. Найрамдал...5. Овог: С-, 6. Нэр: Ж...7. Иргэний баримтын нэр: паспорт...14. Ажилладаг байгууллага: БҮК, ажилд орсон он: 1987, цех тасаг: ЗАА, эрхэлдэг ажил: үйлчлэгч...оршдог сум район: Найрамдал...бүртгэгчийн нэр: -, 1988 оны 08 сарын 29 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 13 дахь тал)

Дарханы ТТБҮН-ийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1989 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Тушаах нь: 1. Захиргаа, үйлдвэрлэлийн ИТА, албан хаагч, бага тушаалын ажилтны 1989 оны орон тоо, цалинг хавсралт №1-д зааснаар, үйлдвэрлэлийн ажилчдыг хавсралт №2-д зааснаар баталж, 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй... гэх бичилттэй 1989 оны орон тоо цалинг мөрдөх тухай №19 дугаар тушаал, тус тушаалын ...18. Үйлчлэх ажилчид: ...104. Үйлчлэгч /давхрын/ С.Ж 260... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 39-40 дэхь тал)

Нэхэмжлэгч С.Жы шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч С.Ж өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд С.Жы Дарханы Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатад 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1987 оны Ажилд түр томилох тухай №437 дугаар тушаал давхардсан, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт (1990-2000 он), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, зэрэг баримт ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4, 5-7, 14 дэхь тал)

7. Нэхэмжлэгч С.Жд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1990-1992 оны тушаалын баримт шүүн үзэхэд С- овогтой Жы ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй гэх бичилттэй 1347 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 37 дахь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бүргэд овогт С-ын Жы Дарханы Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Л.И.Брежневийн нэрэмжит Байшин үйлдвэрлэх комбинатад 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА