Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч М.М өөрөө өөрийгөө өмгөөлөн,

шүүгдэгч О.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн хялбаршуулсан журмаар хэргийг нээлттэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М, О.Д нарт холбогдох эрүүгийн 1706011490063 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн М.М, 1985 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын менежмэнт мэргэжилтэй, “Мөнх таски” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51-24 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн О.Д, 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо ногоон нуурын 512 дугаар байрны 31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.М, О.Д нар нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны автобусны буудлын орчимд автомашинтай явж байгаад шүргэлцсэний улмаас хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөр байна. Улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна. 1 сарын хугацаанд төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөр байна. Улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна. 1 сарын хугацаанд төлж барагдуулна” гэв.

Хохирогч О.Доржсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо офицеруудын автобусны хойд буудлын орчимд гэр бүлийнхээ хамтаар өөрийн 14-71 УНЭ улсын дугаартай автомашинтайгаа явж байсан бөгөөд Батлан хамгаалахын их сургууль руу эргэх 2 дугаар эгнээнээс тасархай шугамаараа эргэтэл 1 дүгээр эгнээнд явж байсан такситай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Тэр машины жолооч бид хоёр машинаасаа буугаад шууд харилцан маргалдаж муудалцсан. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Зодоон хоромхон зуур болж өнгөрсөн бөгөөд тэр эрэгтэй эхлээд намайг заамдсан. Тэгээд би мөргөх шиг болсон. Тэгээд яг бие биенээ хэрхэн зодож цохьсон талаар сайн санахгүй байна…” гэв./хх-13/,

Хохирогч М.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд  өөрийн 33-40 УБЦ улсын дугаартай автомашинаараа Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо офицеруудын ордны зүүн талд 1 дүгээр эгнээгээр явж байтал  14-71 УНЭ улсын дугаартай панкарго маркийн автомашин урдуур орж ирээд миний машиныг мөргөсөн. Тэгээд тэр машинаас миний үеийн нэг залуу бууж ирээд бага насны хүүхэдтэй явж байхад чинь машин мөргөчих юм гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад цагдаа дуудаад байж байтал, тэр эрэгтэй гэнэт миний зүүн нүд орчим нэг удаа мөргөсөн. Намайг тонгойх үед зүүн хавирга руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг тонгойгоод байж байхад дээрээс 2-3 удаа цохиод байх шиг байсан. Тэгээд тэр хүний машинаас гэр бүлийнх нь эмэгтэй гарч ирээд нөхрөө болиулсан…” гэв./хх-13/,

Гэрч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би нөхөр Доржсүрэн, 4 настай болон 6 сартай 2 хүүхдийнхээ хамт явж байтал манай машин өөр машинтай мөргөлдсөн. Манай нөхөр Доржсүрэн машинаас буусан. Мөргөлдсөнөөс болоод би жаахан манарсан байсан бөгөөд 5-6 минутын дараа хойд цонхоороо хартал манай нөхөр нөгөө машины жолоочтой зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №10475 тоот дүгнэлтэд: 

  1. О.Доржсүрэнгийн биед тархи доргилт, хүзүү, зүүн шуу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-22/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №10301 тоот дүгнэлтэд: 

  1. М.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-24/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М, О.Д нар нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны автобусны буудлын орчимд автомашинтай явж байгаад шүргэлцсэний улмаас хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.М, О.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М, О.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч М.М, О.Д нар нь харилцан зодолдож улмаар бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М, О.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.М, О.Д нар харилцан зодолдож улмаар эрүүл мэнддээ тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.М, О.Д нарыг тус бүрийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М, О.Д нарт оногдуулсан торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ сарын хугацаагаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М, О.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. М.М, О.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.М, О.Д нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР