| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2022/0359/Э |
| Дугаар | 0011 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 0011
Б.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Хохирогчийн өмгөөлөгч Н.М
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Н.Мгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Б-н А,
Б.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Л-г өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж хуурч өөрийн Капитрон банкны дугаартай дансаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 420.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 480.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 650.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 900.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.550.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.050.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2.600.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1.700.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2.700.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1.700.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 12 удаагийн үйлдлээр 16.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутай овгийн Батбаярын Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Аг цагаатгаж,
Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Лхагва-Очирын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэсэн хэлбэртэй байхаар хууль тогтоогчоос хуульчилсан. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамж нь уг хуульд заасан хэрэг маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр бус, өргөдөл гаргагч болон төлбөр төлөгч нарын эвлэрлийг баталгаажуулсан байна.
Шүүхийн тухай хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар “энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчилснаас дүгнэхэд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэрэг маргааныг хэлэлцээд гаргасан Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэгт заасан шийдвэрийн аль ч хэлбэрт хамаарахгүй, харин өргөдөл гаргагч болон уригдагч талуудын маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 66 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбогдуулж иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай захирамж нь шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн эсэхэд дүгнэлт хийсэн, түүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биш, харин шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөртэй эсэхийг тогтоож байгаа шийдвэр гэж үзэх юм.
Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаас өөрөөр бичсэн.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцааны онцлогоос хамаарч хуулийн зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй, тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь дүгээр эсхүл дугаар гэж тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл гэх мэт, харин хэсгийг 1 дэх хэсэг гэж, хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор буюу 1.4 гэж тус тус дугаарлахаар хуульчилсан байтал
анхан шатны шүүхийн дугаартай цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33 дахь хэсэг гэж бичсэн нь шийтгэх тогтоол бичиглэлийн хувьд Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн байгаа зэргээр шүүхийн хийсэн “тухайн хэргийг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа бол” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШТЦ/04 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Н.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.А нь “бусдыг хуурч эд хөрөнгийг өөрийн болгосон залилах гэмт хэрэг үйлдсэн болохоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч“ мэдүүлсэн байдаг бөгөөд мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон.
Хохирогч Б.Л нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр өөрт учирсан хохирол болох 16,750,000 төгрөгийг авсан байдаг. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 сарын 05-ны өдрийн дугаартай эвлэрлийн гэрээгээр Б.Агаас 16,800,000 төгрөгийг гаргуулахыг талууд зөвшөөрч, энэ төлбөрийг төлж барагдуулах хугацааг буюу 2022 оны 09 сарын 06-ны өдөр төлж барагдуулах талаар өөрсдөө тохиролцон эвлэрлийн гэрээгээр талуудын тохиролцоог баталгаажуулсан.
Харин энэхүү эвлэрлийн гэрээгээр Б.А, Б.Л нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, эсхүл гэм хорын улмаас учирсан хохирол төлүүлэх буюу хохирол төлбөр төлүүлэхээр шаардсан эсэх зэрэг дээр эрх зүйн ямар харилцаа үүссэн эсэх, шаардах эрхийн үндэслэл бий эсэх, мөн болсон үйл явдалд эрх зүйн дүгнэлт өгч, хууль зүйн үндэслэлийг дүгнэж шийдвэрлэсэн зүйл байхгүй.
Гагцхүү эвлэрүүлэн зуучлалын дэмжлэгтэйгээр хохирол төлбөрөө төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь тухайн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос биш тухайн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл болохгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Гэтэл Б.А нь Б.Л-с цалингийн зээлээ хаагаад буцааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16,750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байгаа бөгөөд Б.Агийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож, хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад тухайн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжихгүй, нөгөөтэйгөөр гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших боломжийг олгож байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... цагдаад өргөдөл өгсний дараа Б.А, Б.Л нар нь хамт эвлэрүүлэн зуучлагч дээр ирж эвлэрлийн гэрээ байгуулсан байсан ... ” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Б.Аг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Л-г өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж хуурч 12 удаагийн үйлдлээр 16.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх “... тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа ...” гэж дүгнэж Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Н.М давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн нь хуульд заасны дагуу томилогдож, ийнхүү томилсон шийдвэрийг эрх бүхий шүүгч албажуулснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх “хууль ёсны” шүүх бүрэлдэхүүнд тооцогдоно.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд харин ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг түр орлон гүйцэтгэж буй шүүгч уг шийдвэрийг албажуулах эрхтэй.
Гэтэл Б.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Алтангадасыг томилсон шийдвэрийг шүүгч Ц.Алтангадас өөрөө албажуулжээ.
Тус шүүгч нь тухайн үед ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах эрхгүй шүүгч дээрх шийдвэрийг албажуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Мөн анхан шатны шүүх Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай захирамжийг “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр” гэж үзэж Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.
Хохирогч Б.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн газарт Б.Ад залилуулсан тухай өргөдлийг гаргасан /хх 5/ боловч мөн өдөр эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж Б.А нь өргөдөлд тусгасан 16.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэснийг Б.Л хүлээн зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Улмаар уг эвлэрлийн гэрээг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн өдрөө хүргүүлж, тус шүүхийн шүүгч дугаартай захирамжаар баталгаажуулсан байх ба шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон /хх 109-111/ үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “Шүүхийн шийдвэр гэж Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг ойлгоно” гэж, мөн зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаар бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус хуульчилсан боловч
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж заасан бөгөөд дээрх шүүгчийн захирамжийг Б.А, Б.Л нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг дүгнэж тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм.
Хохирогчид худал хэлж хуурах, иргэний эрх зүйн гэрээг ашиглах аргаар түүний эд хөрөнгө ба уг хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн аргууд билээ.
Залилах гэмт хэрэг нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж болдог.
Б.А нь хохирогч Б.Л-т өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн Капитрон банкны дугаартай дансаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 12 удаагийн үйлдлээр 16.750.000 төгрөгийг шилжүүлэн авч уг мөнгийг бооцооны сайтад байршуулах, өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэх зэргээр захиран зарцуулсан, залилах үйлдлээ хэрэгжүүлж байх үедээ түүний дансанд 30.000.000 төгрөг шилжүүлсэн мэт хуурамч баримт үйлдэж хохирогч руу явуулсан зэрэг нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн иргэний эрх зүйн гэрээг залилах гэмт хэргийн халхавчинд тооцдог бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжийг тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хамаарна гэж үзэж Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан ноцтой зөрчилд хамаарна.
Түүнээс гадна анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “ ... шүүгчийн захирамжийг баталгаажуулж, уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлсэн байх тул шүүх ... Б.Ад холбогдох ... эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай болжээ.
Мөн шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичихдээ Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаас өөрөөр бичсэнийг цаашид анхаарвал зохино.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын “... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “ ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.
2. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Н.Мгийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ