| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01166/И |
| Дугаар | 155/ШШ2024/01174 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2024/01174
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 155/ШШ2024/01174 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01166/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суух, Г.Ч ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Г.Ч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтаншагай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ч нь шүүхэд Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 55 нас хүрэх бөгөөд нийгмийн даатгалын байцаагч 1986 оноос цэрэгт явах хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Учир нь хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал холбогдох газруудад байхгүй...гэв.
Хүсэлт гаргагч Г.Ч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/903 дугаар албан бичиг, Х аймгйин Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.М , Д.Л нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал холбогдох газруудад байхгүйгээс миний цэрэгт явахаас өмнө ажиллаж байсан хугацаа тасалдаж хохироход хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгйин Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 21, 2024 оны 12 сарын 02-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр: ...нэгдлийн малчин гишүүдийн 1987 оны ээлжийн амралтыг хавсралтаар 1987 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тус бүрийн амралтыг ажлын 15 хоногоор олгосугай...,
Хавсралт: 3-р хэсгийн төлчдийн амралтын хуваарь ...28.Г.Ч , амрах хугацаа VII/1... гэсэн бичвэр бүхий Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 30/1296 дугаар албан бичгээр ирүүлсэн: Г.Ч , ажилладаг байгууллага: Улаан туг нэгдэл, ажилд орсон он: 1987, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум, район: Ж ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А),
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 535 дугаар: Г.Ч БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Х аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 1230 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: Г.Ч , Цэргийн албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: 3 дугаар хэсэгт 1986 оноос адуучин... гэсэн мэдээлэл бүхий Х аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Г.Ч нь Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Л.М ын: ...Г.Ч нь Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдэлд малчин байсан, нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан... гэх,
Гэрч Д.Лхамжавын: ...Г.Ч нь Х аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаан туг нэгдэлд малчин хийж байсан. Манай ахтай нэг оных, хамт цэрэгт явж байсан учраас би сайн мэддэг юм. Ер нь нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад, одоо ч хувиараа мал малладаг, насаараа л мал маллаж байгаа хүн... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Г.Ч ын Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хэрэгт Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/908, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/1066 дугаар албан бичгүүд, хүсэлт гаргагчийн ХААТР21(А) маягт зэрэг баримтууд авагдсан ба эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Ч ын Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА