| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0002/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 04
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж.Н-т холбогдох эрүүгийн 1710006910236 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Ж.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байх үедээ бага насны хүүхэд 2 настай М.Э-н зүүн гарын шууг нь хүчтэй татаж гэмтээн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................-н цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байх үедээ бага насны хүүхэд 2 настай М.Э-н зүүн гарын шууг нь хүчтэй татаж гэмтээн биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би Э-г эхний өдөр ирэхэд нь байхгүй байсан. Хоёр дахь өдөр Э-г ирэхэд нь би байсан. Анги даасан Э багш Э-г өчигдөр өдөржин уйлсан, Э-н ээж нь танай цэцэрлэгт янз бүүрийн юм гардаг гэж ярьж байсан гэхээр нь гайгүй байлгүй дээ гэсэн. Намайг ороход Э уйлж байсан. Хоолны үеэр уйлах нь арай гайгүй болоод ширээн дээр дөхүүлэе гээд ойртохоор уйлаад байсан. Ариун цэврийн өрөөний хана түшээд сандал дээр сууж байсан. Багш нь Э өглөөнөөс хойш бие засаагүй гэхээр нь би бие засах уу гээд ариун цэврийн өрөө рүү гарын бугуйнаас барьсан. Хойно нь хана ойрхон байсан учраас хана руу унах байх гэж бодоод гарнаас нь чанга бариад тэвэрсэн. Маргааш өглөө Э-н ээж нь хүүхдийн гарын шуу даагдахгүй байна гэж ирсэн гэхээр нь би Э-н гарын шуунаас нь татсанаас болсон байх, өөр хүүхэдтэй тоглосон биш гэхэд Э багш гайгүй байлгүй дээ гэж хэлж байсан. 5 дахь өдөр нь би чөлөө авч яваад Э-н гар яаж байна вэ гэж Э багшаас асуухад “яав л гэж гайгүй гайгүй” гэж хэлсэн. Би Э-н ар гэрийнхэнтэй нь уулзах гэсэн боловч Б “чи эцэг эхтэй нь битгий янз бүрийн юм ярь, уулзах шаардлага байхгүй, Э-н ээж нь гарын зургийг нь авахуулаад ирсэн боловч цэцэрлэгийн нэр сэвтээх гэж байгаа гээд уулзуулаагүй. Тэгээд би 1 дэх өдөр ажилдаа ирсэн, камер шүүсэн байгаа. Би хохирол төлбөрөө төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.У-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Э гэх хүүхдээ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... цэцэрлэгт оруулсан юм. Тэгээд 3 дахь өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн охин Э-г аваад гэртээ орсон чинь зүүн гар нь хөдлөхгүй маш өвдөлттэй байгаа юм шиг уйлаад байсан. Тэгээд цэцэрлэгийн менежер болох Б гэх эмэгтэй рүү залгахад утсаа авахгүй байсан. Маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд хүүхэд гар хуруугаа гэмтээсэн, унаж бэртсэн асуудал байна уу гэхэд үндсэн болон туслах багш хоёр нь хоёулаа ямар ч тийм асуудал байхгүй, тийм зүйл болоогүй гэсэн. Туслах багш нь над руу та бид хоёрыг танай хүүхдийг зодсон гэж бодоод байгаа юм уу гээд аймар уурлахаар нь арай ч үгүй юм шиг байна гэж бодоод явсан. Орой нь очиж авахад багш нь зүүн гараа ашиглахгүй байна, зүүн гар нь гэмтсэн юм уу яасан юм бол гэж надад хэлж байсан. 4 дэх өдрийн шөнө нь гараа хөдөлгөхгүй халуураад байхаар нь 5 дахь өдөр буюу 10 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү эмээтэй нь явуулаад үзүүлэхэд зүүн гарын бугуй хэсгээрээ зөөлөн эдийн бяцрал оноштой байна гэж эмч хэлсэн гэсэн. Мөн хүүхдийнхээ онцлогоос болж яс гэж байхгүй мөгөөрсөн хэсгийнх нь үзүүр хэсэгт цайрчихсан байсан тэрийг нь эмч цуурсан байх магадлалтай байна гэж хэлсэн. Үзээд гарыг нь гипсдүүлчихлээ гэж ээжийг ярихаар нь Б рүү нь залгаад танайд очиж бичлэгийг чинь үзнэ манай хүүхэд танай дээр гэмтсэн нь тодорхой боллоо гэж ярихад орой ирээд үзээрэй гэсэн...гарынх нь ар хэсэгт цохиж байсан бичлэгийг нь би үзсэн. Тэгээд гэртээ ороод ээжээс аль хэсэгтээ гэмтсэн байна гэсэн чинь гарын бугуй хэсэгтээ гэмтсэн гэж заахаар нь ангийн үндсэн багш руу нь залгаад би хүүхдийнхээ рентген зургийг харлаа, та нар угаасаа гэмтээсэн байна чамайг хүүхэд цохиж байхыг чинь харсан, та нар хариуцлагаа хүлээнэ шүү гэж хэлсэн чинь тийм юм байна чамайг яана аа тийм байна уу одоо яана аа л гээд байсан...Надад гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...Манай охин сэтгэл санааны маш их дарамтанд орсон. Цэцэрлэгийн талаар ярихад уйлаад би явахгүй гэдэг. Шөнө орой унтаж байгаад цочиж сэрээд хэцүү байсан. Одоогоор гайгүй байгаа...Гарыг нь гипсдсэн болохоор өрөвслийн эсрэг эм уулгаж, 5 хоног тутам нэг удаа гипсийг сольж боолгож байгаа...Би охиноо аваад ихэвчлэн улсын эмнэлгээр явсан. Надад баримттай 67.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн зардал байгаа. Тэрнээс гадна баримтгүй...витамин эм тариа зэргийг авсан...Нийт 200.000 төгрөг болж байгаа...Өөрийн гэм буруугаа ухамсарлаж уучлалт гуйсан болохоор энэ хүнд гомдолтой гэж явах шаардлагагүй байна. Би 15 хоног ажлаасаа чөлөө авч хүүхдээ өөрөө харсан, миний дундаж өдрийн цалин 50.000 төгрөг байдаг. Нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 13, 14/
3. Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах ................ цэцэрлэгт 2 дахь жилээ ажиллаж байгаа. Одоо бага анги удирдсан багшаар ажиллаж байгаа. Манай туслах багшаар Н багш ажиллаж байгаад сая ажлаасаа гарсан. Манай анги 10 хүүхэдтэй байж байгаад 10 дугаар сарын 02-ны өдөр Э гэх охинтой өөр нэг хүүхэд шинээр хамт ирсэн. Э гэх охин их уйлдаг хүүхэд байсан. Шинэ орчинд ирж байгаа болохоор уйлж байгаад дасах байх гэж бодсон. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өглөө ээж нь хүргэж ирэхдээ манай хүүхдийн гар нэг эвгүй болчихсон юм шиг байна өвдөөд байна гээд байна өчигдөр орой утсаар ярих гэсэн болохгүй байсан гэсэн. Тэгээд өнөөдөртөө өгчихье анзаарч байгаарай гэхээр нь гар нь нээрээ эвгүй болчихжээ, гар нь мултарчихсан юм болов уу гэж бодоод байж байсан чинь ээж нь эрт ирэхээр нь хүүхдээ үзүүлчих гэсэн...Тэгээд 10 дугаар сарын 06-ны өдөр ээж рүү нь залгасан чинь би гадуур ажилтай байна, эмээ нь дүүргийн эмнэлгээр явж байгаа гэсэн. Тэгээд...манай хүүхдийн гар нь гипстэй болчихлоо гээд...Тэр орой нь ирээд надтай уулзаад манай хүүхэд зүүн гараа гипсдүүлсэн гээд над дээр ирж уулзчихаад гэр лүүгээ орсон. Тэгээд Н голоор орж ирээд юу гэж танай хүүхдийг яах гэж тэгдэг юм гээд уурлаад яваад байсан. Тэгээд тэр өдөр Б гэх менежертээ бичлэгийг нь үзээрэй гэж хэлсэн. Бүтэнсайн өдөр над руу Б яриад бичлэг үзчихлээ ерөнхийдөө би мэдчихлээ маргааш уулзъя бичлэг үзсэн гэж чимэээгүй байгаарай гэчихээд Н багшийг дуудаж уулзсан. Тэгээд Н юмаа аваад явлаа гээд уурлаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хяналтын камерийн процессорт байгаа “playback” гэсэн цэсрүү орж... ch00_20171004113140 дугаартай бичлэгийг нээж үзэхэд...04 минут 17 секундэд туслах багш очиж гараас нь татаж босгон нойлын өрөөнд М.Э-г хийгээд...08 минут 27 секундыг дуустал хоолоо идэхдээ зүүн гар нь огт хөдлөхгүй уйлаад байв...ch00_20171004120700 дугаартай камерын бичлэгийг үзэхэд 01 минут 11 секунд хүртэл зүүн гараа хөдөлгөхгүй байснаа 01 минут 11 секундэд баруун гараараа зүүн гарынхаа бугуй хэсгийг бариж 02 минут 33 секунд хүртэл суугаад зүүн гараа зөөсөн байдалтай гаргаж ирээд хоолоо буцаж идэв. 04 минут 24 секунд хүртэл мөн охины гар нь хөдлөхгүй уйлж байхад...өрөөнийхөө баруун хойд булангийн орчим очиж зогсоод зүүн гарын бугуй хэсгээ бариад уйлж байхад нь үндсэн багш нь очиж хувцасыг нь тайлуулаад 05 минут 10 секунд дээр оронд нь оруулаад унтуулсаныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг дуусгаж цагаан өнгийн сиди дээр хуулбарлан авч бэхжүүлэв...” /хх-ийн 7/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12884 тоот дүгнэлт:
-М.Э-н биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 21/
6. Яллагдагч Ж.Н-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Би 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. хотхоны ............. цэцэрлэгт бага бүлэгт туслах багшаар ажилд орсон. Анги удирдсан багш нь Э гэж хүн байсан. Манай анги 10 хүүхэдтэй байсан. Сүүлд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байх гэж сана байна Э гэдэг хүүхэд шилжиж ирсэн...Эхний өдөр уйлаад байж байснаа өдөр тийшээгээ хоол ундаа идээд гайгүй болчихсон. Тэгээд ер нь уйлаад байдаг байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө орж ирээд уйлаад байсан. Гайгүй болсноо буцаж хоолны үеэр нойлын хананы орчим уйлаад байхаар нь зүүн гарнаас нь барьж өргөөд босгох гэсэн чинь хөлөөрөө тийчигнээд байхаар нь хананд савчихвийдээ гээд бугуйнаас нь нилээн чанга бариад дээш нь татаад тэврээд нойл руу орсон...Тэгээд орой нь ээж нь ирээд уулзаад гар нь эвгүй болчихсон байна гэнэ. Яг аль нь гэдэг нь мэдэгдэхгүй байна гэхээр нь маргааш нь бодсон чинь миний бугуйнаас нь чанга базаж татсан тэр л байх шиг байна гэж бодсон....Тэгээд 1 дэх өдөр ажилдаа очсон чинь надад юу ч хэлээгүй байснаа Б буюу менежер намайг өрөөндөө дуудаад за нөгөө хүүхдийн эцэг, эх гомдол гаргаад байх юм би чиний бичлэгийг үзсэн. Чи хүүхэдтэй ямар ширүүн харьцсан байна гэхээр нь яагаад намайг эцэг эхтэй нь уулзуулахгүй байгаа юм гэсэн чинь чамайг уулзуулахгүй гэсэн. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад болсон асуудлыг ярья дугаарыг нь өгчих гэхэд дугаарыг нь өгөхгүй байснаа чамайг энд ажиллуулахгүй гэсэн...Би баруун гараараа зүүн гарнаас нь чанга татчихсан...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний учруулсан гэмтэл мөн байна...Би өөрийн хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байгаа, ээжээс нь уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12884/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байх үедээ бага насны буюу 2 настай М.Э-г уйллаа гэж түүнийг нойлын өрөөний хажууд сууж байхад нь зүүн гарын бугуй хэсгээс нь хүчтэй татаж босгон биед нь зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Н-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Н-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өөрийн гэм буруугаа ухамсарлаж уучлалт гуйсан болохоор энэ хүнд гомдолтой гэж явах шаардлагагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, “...Н-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан...шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбар /хх-ийн 78/, хохирол барагдуулах тухай баталгаа /хх-ийн 84/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Ж.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Н-с 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-д олгох нь зүйтэйг дурдъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж.Н-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Ж.Н-г 510 /таван зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Н-т оногдуулсан 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Э.Н-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-с 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч /бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ Г.У-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР