| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2022/0320/Э |
| Дугаар | 0012 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 0012
Н.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч Н.М, Б.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц /цахим/, Д.О
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Эийн давж заалдах гомдлоор Н.М, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Н-н М,
Ц овогт Б-н Э,
Б.Э нь аймгийн сумын тоотод 2022 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө иргэн Ц.Э-г цохиж, үснээс нь зулгаан тархи доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
мөн тухайн үед иргэн Ц.Э-н эзэмшлийн Тоёота Прадо загварын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймгийн сумын тоотод иргэн Б.Эийг “өөрийн эхнэрийг зодлоо” гэх шалтгаанаар цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар
Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ц овгийн Б-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С овгийн Н-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо:
... М, Э нарын мэдүүлэг нь таасан, гүтгэсэн, үгсэн тохирсон гэхээр байна. Эд мөрийн баримт алга, хэргийн газрын үзлэг хийгээгүй байна. Хэргийн бусад оролцогч нараас шил хагарах, нохой хуцах дууг сонсоогүйгээр үгүйсгэгдэж байна. Харилцан зөрүүтэй байхад М.Э нарын мэдүүлж байгаагаас бусад нь үгүйсгэсэн тухай үзэгдлийг шүүх заагаагүй байна. /1, 3/ ноцтой зөрүүтэй байна.
Эзэн Э рүү нохой хуцахгүй гэдэг нь шүүх дахин нотлох шаардлагагүй баримт юм. Гэр бүлийн хамаарал бүхий этгээд иргэн Э-т Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийг хэрэглэхээр байна. Э хүчирхийллийг 5 жил үргэлжилсэн шинжтэй үйлдэл нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Э нь Эийг жирэмсэн байх хугацаанд хараагдсан болохоор эхийнхээ, 2 дүүгийнхээ толгойг залгисан гэж дайран 2020 оны 08 дугаар сарын 17-нд үр зулбах гээд мөн 2021 оны 01 дүгээр сарын 01, 2021 оны 03 дугаар сарын 03-нд шөнө 2 цагийн үед залгаж өглөө болтол янз бүрийн үг хэлж доромжилж, араар тавиулж байхдаа таарсан хүүхэн гэж согтуу ярьж зовоосноос болж үр зулбахыг завдан эмнэлэгт хэвтэж байсан. /эмнэлгийн тодорхойлолт над руу ярьсан утасны бичлэг баримтууд байгаа/
Төрсний дараа миний гэрт согтуу шалдан надад баригдаж байсан. Энэ хэргээс болж сүүтэй хүнийг дусал сүүгүй болгож, Нярай хүүхдийг минь хохироосон. Энэ мэт гэрт минь ирж байнга архидан согтуурч байсаар байна. Төрөөд удаагүй нялх биетэй байхад М нь зодож олон удаа өшиглөж биед минь гэмтэл учруулсан, өнөөдрийг хүртэл эмчлүүлж байна. Хууль ёсны зарчим алдагдсан байх тул хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.
Эмчилгээний нийт зардал 2.920.334 төгрөг болсон. Тэрнээс 1.242.233 төгрөг өгсөн. Үлдсэн зардал болох 1.678.101 төгрөгийг гаргуулж өгч хохирлыг барагдуулж өгнө үү. Н.М руу шилжүүлсэн машины эвдрэлийн мөнгө болох 1.818.000 төгрөгийг буцааж гаргуулж өгнө үү. Хуучин цуурсан урд салхины шил, хуучин сэвтэй машинаа засуулсан. Ц.Э-н эмчилгээний зардал болох 800.000 төгрөгийг буцааж олгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Д.О тайлбартаа:
“... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эийг машины шилийг хагалсан үйлдэлд хийсэн дүгнэлтийг буруу гэж үзжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тэрээр машины цонхыг хагалсан болох нь тогтоогдсон. Хохирогч Ц.Э-г 5 жилийн турш хүчирхийлэл үйлдсэн. Энэ нь гэмт хэргийн шалтгаан болсон гэжээ. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнчлэн хэл амаар доромжилсон, гэр оронд нь согтуу шалдан нүцгэн байсан тухай, гэр оронд нь одоо хүртэл очиж архидаж байгаа тухай нөхцөл байдал тогтоогдоогүй тийм баримт байхгүй юм.
Шүүгдэгч Н.М нь Б.Эийг нялх биетэй байхад зодсон тухайд бол шүүгдэгч өөрөө Мын эхнэр Ц.Э-г үсдэж зодсон тул тэрээр эхнэрээ Б.Эийн гараас салгах үйлдэл хийхдээ хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй бөгөөд шүүх түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзээгүйд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой боловч үйлчлүүлэгчийн зүгээс энэ асуудлыг хурдан дуусгаж хөдөө ажилдаа явах шаардлагатай байна, гомдол гаргаад яах вэ гэсний дагуу гомдол гаргаагүй юм.
Хэргийн материалтай танилцаж үзвэл Н.Мын үйлдэл аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх үүргийн хүрээндээ анхаарч дүгнэлт хийхийг хүсэж байна. Хэрэв М болон Б.Эийн нөхөр болох Э.М нар салгаагүй бол хохирогчид ямар гэмтэл үүсэхийг хэлж мэдэхгүй тийм нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Шүүгдэгч Э нь хохирлыг бүрэн төлүүлсэнгүй гэж гомджээ. Б.Эийн хохирогчийн хувьд нэхэмжилсэн мөнгийг шүүх нотлох баримтын хэмжээнд зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эцэст нь санал гэвэл шийтгэх тогтоолд Н.Мыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.М тайлбартаа: ... Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөр М нь хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан. Нэмж хэлэх тайлбар байхгүй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э тайлбартаа: “ ... Ямар ч гэрч, нотлох баримт байхгүй байхад намайг хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна ... ” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: “ ... Давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Нохой хуцсан, шил хагарсан гэсэн үйл баримт тогтоогддоггүй. Нохойгоо гөлөг байхаас нь тэжээсэн над руу хуцдаггүй гэсэн. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр нохой хуцаагүй, шил хагарсан чимээ гараагүй гэдэг. Хэрэг Цагдаагийн байгууллагаас буцаад шил хагарсан гэж мэдүүлдэг. Буруу дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Б.Эийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: “... Б.Э хохирлыг бүрэн төлсөнгүй гэж байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүйцүүлж төлөх төлбөргүй байна. Хохирогч Ц.Э өнөөдөр хуралдаа ирэх байсан боловч ээжийнх нь бие муудаад Улаанбаатар хот руу явсан. Б.Э өмнө нь нэг бус эмэгтэйг нөхөртэйгөө хардаж байсан үйл баримт хэрэгт байгаа. Тийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “... Б.Эийн гаргасан намайг баримтгүй ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Эийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймгийн сумын тоот хашаанд байсан иргэн Ц.Э-н эзэмшлийн “Тоёота Прадо” загварын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн Ц.Э-г зодож, эрүүл мэндэд “тархи доргилт бүхий” хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Н.М нь тухайн үед “өөрийн эхнэр Ц.Э-г зодлоо” гэх шалтгаанаар шүүгдэгч Б.Эийг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн
шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Э нь “ ... машины цонхыг хагалаагүй ..., Э-т гомдолтой байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү. Эмчилгээний үлдсэн зардал болох 1.678.101 төгрөгийг гаргуулж, ... Н.М руу шилжүүлсэн машины эвдрэлийн мөнгө болох 1.818.000 төгрөг, ... Ц.Э-н эмчилгээний зардал болох 800.000 төгрөгийг буцааж олгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан аймгийн сумын тоот хашаанд үзлэг хийсэн тухай “...Үзлэгийг үргэлжлүүлэн хашаан дотор явуулахад хашааны хаалганы орчимд цагаан өнгийн Портер машин зогсож байх бөгөөд машины харалдаа хойд талд хагарсан машины шил байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 28-30/,
нөхөн үзлэг хийсэн тухай “... уг тээврийн хэрэгслийн хойд хаалганы шил хагарч бутарсан хар өнгийн салхи борооны хаалт доош унжсан зүүлттэй байх ба машины хойд багаж хэсэгт шилний хар үйрмэг мэт их хэмжээгээр ундуй сундуй зүйлүүд байна ... ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 20-27/,
хохирогч Ц.Э-н “... хэсэг хугацааны дараа 02 цагийн үед гадаа нохой хуцсан дуу чимээ гарсан. Дараа нь юм хагарч байгаа мэт чимээ гарсан. Би М-н гэрийн зочны өрөөний буйдан дээр сууж байтал гаднаас М-н эхнэр Э хашхирч ороод намайг чамайг алнаа гэж хэлээд л үснээс зулгаан гартаа ороож гал тогооны өрөө рүү чирч газарт газарт унагаасан. Тэгээд нүүр, хөл гар луу өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр М намайг салгахаар босож ирсэн. Дараа нь М босож ирсэн. М, М нар намайг салгах гээд Эийг мөрнөөс татсан. Тухайн үед би үснээсээ зулгаагдан давхар чирэгдсэн ... бид нарыг 3 цагдаа Цагдаагийн газарт авчирсан. Би өөрийнхөө машиныг үүрээр авахад машины шил нь хагарсан байсан. Машины шил хагарсан талаар цагдаагийн машинд суугаад явж байхад манай нөхөр надад хэлсэн ...“ гэх мэдүүлэг /1 дүгээр хх 57-58/,
гэрч Г.У-н “ ... Э-н машины шилийг хагарсан талаар М-с дуулсан. М хэлэхдээ машиных нь шил хагарсан байна лээ гэсэн ...” гэх мэдүүлэг /1 хх 67/,
гэрч Э.М-н “ ... маргааш нь М ах машины шил хагарсан байна гэхээр нь хаана хагарчихав гэтэл танай хашаанд л хагарсан байх, чи хашаандаа шил байна уу үзээдэх гэхээр нь хашаандаа үзтэл манай хашаанд машины хагарсан шил байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 70/,
гэрч Г.Б-н “... намайг машиныг нь М гэх айлын хашаанаас нь авахад хойд шил хагарсан, дотроо бөөн шил болсон байсан. Би тухайн үед яагаад шил хагарсан талаар асуугаагүй. Тэд нарын яриагаар М-н эхнэр гэртээ орж ирэхээсээ өмнө л хагалсан байна гэсэн зүйлийг яриад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 223/,
“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 751 дугаартай тайлан /1 дүгээр хх 86/ зэрэг нотлох баримтуудыг судалж дүгнэвэл Ц.Э-н эзэмшлийн “Тоёота Прадо” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шил нь өөр бусад хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас хагарч гэмтсэн гэж үзэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эийг уг тээврийн хэрэгслийн арын шилийг хагалаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй боловч шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад уг автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотой тайлан болон хавтаст хэргийн материалтай танилцсан атлаа автомашинд учирсан хохирлыг дахин шалгуулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйл баримтын талаар хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу хууль сануулж мэдүүлэг авсан байх тул дээрх дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Э-ийн давж заалдах гомдолд дурдсан “хохирол төлбөр гаргуулах” хэсгийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Хохирогч Ц.Э-н эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэмтэл, хохирол нь шүүгдэгч Б.Э-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.
Түүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөх асуудлаар хоорондоо харилцан тохиролцож зөрүү мөнгө 645.418 төгрөгийг Н.М-аас Б.Э-ийн данс руу шилжүүлж, хохирол төлбөр төлөгдсөн гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан байх ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Б.Эийн давж заалдах гомдолд дурьдсан “...Э-т гомдолтой ... хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хэсгийн хувьд тэрээр өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл энэ талаарх гомдол, хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Д.О нь “...Мын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан боловч
тухайн үйл баримт болох үед хамт байсан гэрч Э.М “...Эийн нэг гарыг салгах гээд ноцолдож байхад М ах миний эхнэрийг зодлоо гэж орилоод манай эхнэр Эийг цээжинд нь 2 удаа өшиглөсөн. Би эхнэрийн нэг гарыг нь Э-н үснээс тавиулаад эхнэрээ хамгаалах явцад М ах эхнэрийн хөл рүү нь олон удаа өшиглөсөн. Тэгээд би Ууганаа М ахыг аваарай гэж хэлтэл Ууганаа М ахыг татаж холдуулсан... ” гэж,
гэрч Г.У “... М, М, Э бид дөрөв архи уугаад сууж байтал 23 цаг өнгөрч байхад М-н эхнэр Э орж ирээд Э-г шууд л үсдээд авсан. Тэгтэл М босож ирээд тэр хоёрыг салгах гэтэл газарт гурвуулаа унасан. Тэгтэл М ах босож ирээд миний эхнэрийг зодлоо гэж хэлээд Эийг 3-4 удаа өшиглөөд авсан ...” гэж,
хохирогч Б.Э “... манай нөхөр намайг салгах гээд хоёр гарнаас барьчихсан байж байтал Э-н нөхөр М миний эхнэрийн үсийг зулгаалаа, тавь чи гэж хэлээд зүүн талын хөх рүү өшиглөсөн ... дахин гэдэс рүү өшиглөсөн. Дахин баруун хөлийн өвдөг рүү өшиглөсөн ... Э-н үснээс нь гараа автал манай нөхөр М М ахад хандаж одоо болноо, У босоод ахыг аваарай гэсэн. У М ахыг холдуулсан ... ” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, бие биенээ нотолсон шинжтэй байна.
Бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оийн дээрх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эийн гаргасан “ ... машины цонхыг хагалаагүй ..., Э-т гомдолтой байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү ... Эмчилгээний үлдсэн зардал 1.678.101 төгрөгийг гаргуулж, ... Н.М руу шилжүүлсэн машины эвдрэлийн мөнгө 1.818.000 төгрөг, ... Ц.Э-н эмчилгээний зардал 800.000 төгрөгийг буцааж олгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ