| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01846/И |
| Дугаар | 135/ШШ2024/01474 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2024/01474
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01846/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-д холбогдох,
“430,977.52 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Зээлдэгч Б.******* нь *******-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаа илэрхийлж үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон цахим зээлийн гэрээ тус тус байгуулж зээл авсан. Зээлдэгч нь зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул 430,977.52 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Б.******* миний бие хугацаа хэтрэлттэй байгаа зээлийн үлдэгдэл 344,557.52 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх боломжтой байна. Миний хувьд цалин данс битүүмжтэй 11 дүгээр сард зээлийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл болох 280,000 төгрөгийг төлнө гэдгийг танай авлагын мэргэжилтэнд хэлж мэдэгдэж байсан. Одоогийн үлдэгдэл болох 344,557.52 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулах ба зээлийн мэдээллийн санг хэвийн ангилал руу шилжүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзаяа нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Б.******* нь 430,977.52 төгрөгийн зээлээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 167,420 төгрөг төлсөн. Үлдэгдэл 344,557.52 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан 430,977.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч нь үлдэгдэл 344,557.52 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,580 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 6,790 төгрөг, төрийн сангийн орлогоос 6,790 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ад холбогдох “430,977.52 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,580 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 6,790 төгрөг, төрийн сангийн орлогоос 6,790 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Б.НОМИН