Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э.А-д холбогдох эрүүгийн 1710006560222 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Ш овогт Э.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.А нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ............... хорооллын ...... дугаар байрны ...... тоотод иргэн О.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.А нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо .......... хорооллын ...... дугаар байрны ..... тоотод эхнэр О.М-тай “цайны газрын кассыг бариулсангүй” гэх зүйлээс болж маргалдаж хохирогчийг нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохих, хаалгаар түлхэж цохих зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

   1. Шүүгдэгч Э.А-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр таньдаг хүмүүстэйгээ таараад архи уусан. Архи уулаа гэсэн шалтгаанаар эхнэр бид хоёр маргалдаж, хэрэлдсэнээс болж манай эмээ гэрт байж байгаад бие нь өвдөж даралт нь ихэссэн.  Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад уурандаа эхнэрээ алгадсан. Тэгээд цагдаа дуусан...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...Би уучлалт гуйсан...Би  2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө эхнэртэйгээ муудалцаад бухимдалтай байсан. Би ........... цайны газрыг ажиллуулдаг. Гэтэл манай хуучин ажиллаж байсан газрын ахмадууд ороод ирсэн. Тэгээд нөгөө хүмүүст хоол унд өгөөд архи уусан...Би эхнэртээ гар хүрдэггүй, би эхнэрээ гомдоосон, эхнэр бид хоёрын хооронд маргаан гараад байдаггүй, манай эхнэр жил дараалаад төрсөн...Аюулгүйн зэргийн үнэлгээ 12 буюу өндөр гарсан. Гэхдээ хохирогч би уурандаа ийм мэдүүлэг өгсөн байна, гомдол саналгүй гэдэг...Улсын яллагчаас санал болгож байгаа 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял саналыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрийн хариуцаж байгаа цайны газар байгаа. Би ......... цайны газрыг ажиллуулж байгаа, би тогтмол орлоготой. 1.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч О.М-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө бага хүүдээ вакцин хийлгэхээр эмнэлэг рүү нөхөртэйгөө хамт явсан юм тэр үед манай нөхөр чи цайны газарт касс барьж байгаа эхийгээ зайлуул би өөрөө сууна гэж хэлэхээр нь би уурлаад чи дандаа мөнгө үрэн таран хийдэг, байж байгаад архи уудаг, чи яасан гэж касс барих юм бэ гээд бид хоёр маргалдаад...буцаж гэрлүүгээ 3-уулаа аваад би эмнэлэг рүү ганцаараа хүүгээ аваад явсан. Нөхрийгөө гэртээ үлдээсэн. Орой 18 цагийн үед нөхрийн хамаатных нь эгч А надруу залгаад манай пабад нөхөр чинь хүмүүстэй архи уугаад согтуу байна, дахиад нэмж уух гээд байх шиг байна гэж хэлэхэд нь би байгаа газар нь очтол хуучин ажиллаж байсан газрынхаа ахмад настангуудтай архи уугаад байж байсан. Би нөхрөө аваад такси бариад гэртээ ирсэн. Манай гэрт манай 4 хүүхэд болон нөхрийн эмээ байсан. Өглөөнөө маргалдаад салсан учраас гэртээ орж ирээд нөхөр маань өглөөнийхөө асуудлаар надтай маргалдаж эхэлсэн.Энэ үед миний гар утас хүүхдийн өрөөнд дуугарсан чинь манай 7 настай охин А миний утсыг надад авчирч өгөхөөр нь ээж нь ярих боломжгүй байна гээд...Тэгтэл манай охин миний утсыг аваад байна уу гэтэл манай нөхөр араас нь очоод чи хүний утсыг хүний өмнөөс авах юу юм бэ, чамд би хэлдэг биз дээ гээд миний гар утсыг охиноосоо булааж аваад охин руугаа 2-3 удаа шидсэн...гар утсаа авах гэтэл миний утсыг өгөхгүй намайг түлхээд хойш нь унагаагаад миний нүүр лүү гараараа 1 удаа цохьсон. Би бага хүүгээ тэвэрчихсэн байсан байхад л түлхээд унагаагаад байсан...Миний утсыг өгөхгүй 00-ын өрөө рүү аваад орчихсон...утсаа авахаар 00 руу орох гэтэл нөхөр маань оруулахгүй хаалганы цаанаас намайг түлхээд хаалганд миний гарыг хавчсан...Өглөөний маргаанаас болж дахин маргалдаад намайг зодсон...Манай нөхөр тийм айхтар харгис хэрцгий аргаар зодоод байдаггүй ч гэсэн дандаа гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу өөрөө ажил төрөл хийхгүй, би амьдралын төлөө зүтгээд байхад нөхөр маань архи болон элдэв янзын гадуур дэмий тэнэж мөнгөө үрдэг, гэр бүлдээ ямар ч халамжгүйгээс нь болж би уурлаж бухимдаж хэрүүл маргаан гардаг. Манай нөхөр намайг урьд өмнө зодож цохиж байгаагүй...Одоо би өөрийнхөө аав, ээжийн гэрт 4 хүүхдээ аваад очиж амьдарч байна. Надаас ирээд уучлалт гуйвал 1 боломж олгоод гэртээ харьж амьдарна...Би нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20, 21-22/

            3. Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай бэр М бага хүүдээ вакцин хийлгэчихээд гэртээ байж байгаад А-г би аваад ирье жаахан юм уусан юм шиг байна гэж хэлээд хүүгээ унтуулчихаад гараад явсан. Удалгүй хоёулаа гэртээ хүрч ирээд гар утас булаацалдаад хэрэлдээд байх шиг байсан. А угаалгын өрөө рүү ороод хаалгаа цоожилчихсон байсан миний даралт ихсээд байсан учир жижиг өрөө рүү орж хэвтсэн...хэвтэж байхад угаалгын өрөөний хаалгыг цохиод нүдээд бэр М онгойлгох гээд байх шиг байсан...Би зодож цохихыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12605/-ний дүгнэлт:

                        -М-н биед зүүн хацар эрүү, баруун тохойн дотор хэсэг, шууны урд доод хэсэгт цус хуралт тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.

                        -Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 38/

            5. Яллагдагч Э.А-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өглөө босоод гэртээ байж байгаад би цайны газрынхаа мөнгийг нь баръя гэж хэлсэн чинь манай эхнэр надад мөнгө бариулахгүй хуц, солиор гээд өөрийнхөө ээжийг суулгана гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэлдчихээд гэрээсээ 16 цагийн үед Нисэхийн байрны буудал дээр ......... нэртэй рестораны тэр хавиар явж байгаад хуучин хамт нэг газар ажиллаж байсан газрын ахмадуудтай тааралдаад би хоолонд оруулаад 1 шил архи авч өгөөд архиа хамт хувааж уугаад тэгээд дахиад нэг шил архи аваад нийт 2 шил архи уусан юм. Ингээд би эхнэр М руу 18 цагийн үед залгаад намайг байгаа газраас маань ирээд авчих гэж хэлээд эхнэр удалгүй ирээд намайг аваад гэр рүү явсан. Миний санаж байгаагаар 20 цагийн орчим...байрандаа ирээд байж байсан чинь манай бага охин дүүгээ уйлуулаад байхаар нь загнаад эхнэрийнхээ гар утсыг шидсэн чинь оноогүй, тэгээд хүүхдүүд орилолдоод байхаар нь анхаарлыг сарниулах гээд машиныхаа түлхүүрийг шидсэн чинь 7 настай охин А-н хөлийг оноод охин уйлсан юм. Тэгсэн чинь манай эхнэр охиноо өмөөрөөд эхнэрийнхээ гар утсыг авсан чинь надаас гар утсаа авах гээд жижиг өрөөнд булаацалдаад байхаар нь би зүүн гараас нь татаж байгаад буцаагаад түлхээд, тэгээд болохгүй дайраад байхаар нь зүүн хацар руу баруун гараараа 1 удаа цохьсон юм...Намайг ариун цэврийн өрөөнд орчихсон байхад манай эхнэр гадна талаас нь түлхүүрээр онгойлгож орж ирэхээр нь би чамтай хэрэлдмээргүй байна гээд түлхэж хаалга хаалгахгүй байхаар нь түлхэж гаргачихаад хаалгаар цохьсон юм...Би эхнэрийнхээ зүүн хацар, эрүүний цус хуралтыг баруун гараараа 1 удаа цохиж...Харин баруун тохой дотор хэсэг, шууны урд хэсэгт цус хуралт гэмтлийг хаалга түлхэж хаалгаар цохих үед учруулсан...Би хийсэн үйлдлээ ухамсарлаж гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.А нь 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .................. дүүргийн шүүхийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 400.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56, 59-60/-аар тус тус тогтоогдож байх бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12605/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.А нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо .................. хорооллын ...... дугаар байрны ..... тоотод эхнэр О.М-тай “цайны газрын кассыг бариулсангүй” гэх зүйлээс болж маргалдан хохирогчийг нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохих, хаалгаар түлхэж цохих зэргээр зодож биед нь зүүн хацар эрүү, баруун тохойн дотор хэсэг, шууны урд доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр тийм айхтар харгис хэрцгий аргаар зодоод байдаггүй ч гэсэн дандаа гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу өөрөө ажил төрөл хийхгүй, би амьдралын төлөө зүтгээд байхад нөхөр маань архи болон элдэв янзын гадуур дэмий тэнэж мөнгөө үрдэг, гэр бүлдээ ямар ч халамжгүйгээс нь болж би уурлаж бухимдаж хэрүүл маргаан гардаг. Манай нөхөр намайг урьд өмнө зодож цохиж байгаагүй...Одоо би өөрийнхөө аав, ээжийн гэрт 4 хүүхдээ аваад очиж амьдарч байна. Надаас ирээд уучлалт гуйвал 1 боломж олгоод гэртээ харьж амьдарна...Би нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20, 21-22/, шүүгдэгчийн хувийн байдал /...35 настай, , ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би эхнэртээ гар хүрдэггүй, би эхнэрээ гомдоосон, эхнэр бид хоёрын хооронд маргаан гараад байдаггүй, манай эхнэр жил дараалаад төрсөн...Улсын яллагчаас санал болгож байгаа 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял саналыг хүлээн зөвшөөрч байна...Би ............. цайны газрыг ажиллуулж байгаа, би тогтмол орлоготой. 1.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Э.А-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Э.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР