Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

Х.Г, О.Б-Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

       Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх,

шүүгдэгч О.Б-Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нарыг оролцуулан,

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-Э, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч  Х.Г, О.Б-Э нарт холбогдох 2217000980073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны  01 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

       Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 25-нд Х аймгийн Д суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн - дугаар хороо, - тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 26 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овогт Х Г /РД: /,

      Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 26-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “У б” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн - дугаар хороо, - тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1038 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, орших суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан гэх ялаар тус тус шийтгүүлсэн гэх Г овогт О Б-Э /РД: /,

      Яллагдагч Х.Г  2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд  шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бүдүүний ар” гэх газраас иргэн С.Б эзэмшлийн улаан алаг зүсмийн шүдлэн насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан - УНЭ Улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

     Учрах саадыг арилгах зорилгоор “Б Г”ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг ашилаж Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бухын толгой” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Д.А өмчлөлийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

     УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сум өнгөрөөд 14 дүгээр зөрлөгийн хойд талд төмөр замын нүхэн гарцны баруун талд иргэн П.Б өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 5 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

     УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн  Баян сум өнгөрөөд 14 дүгээр зөрлөг арай хүрэлгүй засмал зам, төмөр хоёрын хооронд иргэн П.Б өмчлөлийн 1 тооны бухыг хулгайлан нядалж  4 333 000 төгрөгийн хохирол учруулсан,

        2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондуулын гуанзны ар” гэх газраас иргэн Л.Д өмчлөлийн 1 тооны үхрийг машин механизм ашиглаж хулгайлан 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

     2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэр төмөр замын 613 дугаартай нүхэн гүүрний баруун талаас иргэн С.Б эзэмшлийн хүрэн халзан зүсмийн шүдлэн насны эр үхрийг бэлчээр дээр нядлан УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  700 000 төгрөгийн хохирол учруулсан,

        2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд өөрийн хооронд Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоолтын гол” гэх газраас иргэн М.Б өмчлөлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан 2 933 200 төгрөгийн хохирол учруулсан,

        Хамтран амьдрагч О.Б-Э бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр толгой” гэх газраас иргэн Ш.Э эзэмшлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

       Яллагдагч О.Б-Э нь хамтран амьдрагч Х.Г  бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр толгой” гэх газраас иргэн Ш.Э эзэмшлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Х.Г, О.Б-Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт О Б-Э мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Х Г мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Б-Э 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-Э оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Х.Г оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч О.Б-Э, Х.Г нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2004 онд үйлдвэрлэсэн, NHW200101925 арлын дугаартай, хар саарал өнгийн Toyota Prius маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13 000 000 /арван гурван  сая/ төгрөгийг шүүгдэгч О.Б-Э, Х.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6 500 000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хар өнгийн төмөр сүхийг, ажлын хэсэг дээр Bass гэсэн бичигтэй, мод мэт хэлбэр бүхий шар өнгийн бариултай хутгыг, шар модон иштэй хутгыг тус тус устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2004 онд үйлдвэрлэсэн, NHW200101925 арлын дугаартай, хар саарал өнгийн Тоуота Prius маркийн 38-77 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шүүгдэгч О.Б-Э олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “West” гэсэн бичигтэй тамхины иш 1 ширхэг, цагаан олс 3 ширхэгийг тус тус устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Г 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 105-2 тоодод оршин суух хохирогч С.Б, 2 350 000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суух хохирогч Д.А, 9 783 000 /есөн сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багт оршин суух хохирогч П.Б, 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Багахангай дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр байрны 89 тоотод оршин суух хохирогч Л.Д, 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр  аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Ирээдүй замчин хотхоны тоотод оршин суух хохирогч С.Б, 2 933 200 /хоёр сая  есөн зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багт оршин суух хохирогч М.Б, 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг, Эхэн баян гэх газар оршин суух хохирогч Ш.Э, шүүгдэгч О.Б-Э 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг, Эхэн баян гэх газар оршин суух хохирогч Ш.Э тус  тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-Э, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Б-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

       О.Б-Э хорих ялаар шийтгэгдсэн цагдан хоригдсон мөн түүний нөхөр болох Х.Г 4 жилийн хугацаагаар ял шийтгэгдсэн гэр бүлийн хоёр хоёулаа цагдан хоригдсоны улмаас тэдний хүүхдүүд Б.С, Б.С, Б.С, Г.Г, Г.Г нар харж хандах, асран хамгаалах хүнгүй хоцорсон. Хүү Б.С нь F17 оюуны хоцрогдол хөгжлийн бэрхшээлтэйн өвчний улмаас асран хамгаалагчаар тогтоогдон түүнийг асарч халамжилж байсан. Гэвч шүүхээр ял шийтгэгдсэний улмаас 5 хүүхэд нь хүнд хэцүү байдалд байна. О.Б-Э хохирогч Ш.Э хохирлын мөнгө болох 750 000 төгрөгийг шилжүүлж төлсөн болно.

       Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/90 шийтгэх тогтоолоор О.Б-Э амьдрал ахуй, хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

     Шүүгдэгч О.Б-Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5 настай хүүхэд маань 11 дүгээр сард унаж татсан. 3 настай байх үеэсээ эхлээд нүдний харааны асуудалтай болсон. 6 сар болоод үзүүлэх шаардлагатай болдог. Хорих ял авснаас хойш унаж татаад цахилгаан бичлэг хийлгэсэн. Гэтэл тархины даралт нь хүндэрсэн байна, нүдний хараа нь бас нөлөөлсөн байна гэж онош тавьсан. 01 дүгээр сарын 31-нд нүдний цахилгаан бичлэг хийлгэсэн. Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэсэн. Ар гэрийн байдал болон хоёр хүүхдүүдийг минь бодож хорих ялаас өөр шийтгэл оногдуулж өгөөч гэв.

       Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Г, О.Б-Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 4, 2 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ялыг оногдуулсан. Тухай шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх тухай асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир прокурорын зүгээс татгалзах зүйлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     Шүүгдэгч Х.Г, О.Б-Э нар нь бүлэглэн, машин механизм ашиглан,   олон тооны мал хулгайлсан хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

   Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г, О.Б-Э нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр толгой” гэх газраас иргэн Ш.Э эзэмшлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

      Шүүгдэгч Х.Г нь дангаараа 2021 оны 08 дүгээр сараас 2022 оны 05 сарын сүүлч хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам дагуу Төв болон Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж 18366200 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

         хохирогч Ш.Э “ ...мухар улаан алаг соёолон гуна алдсан. Хохиролд 900000 төгрөг авсан. Одоо 2600000 төгрөг нэхэмжилж байна... “  гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

         хохирогч Д.А  “ ...Төв аймгийн Баян сумын нутаг Уртын тохой гэх газраас мухар хар зүсний бүдүүн гуна алдсан. Үхрээ 2350000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ....гомдолтой... “ гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,      

        хохирогч С.Б “2022 оны 5 дугаар сарын дундуур бэлчээрт байсан үхрээс хүрэн халзан шүдлэн гуна дутсан...сар гаран хайгаад олдоогүй цагдаагийн байгуулагад хандсан...1500000 төгрөгөөр үнэлнэ... “ /1-р хх-ийн 204-207/

       хохирогч С.Б “... 2021 оны 8 дугаар сарын сүүлээр малчин Ц.Д залгаад таны улаан алаг зүсмийн шүдлэн эр үхэр алга болоод хайгаад олдохгүй байна гэсэн....үхрээ 1500000-1800000 төгрөгний хооронд үнэлнэ. “ /2-р хх-ийн 33-36/

            хохирогч Л.Д “... 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой Б залгаад танай хээлтэй цагаан үнээг өнгөрсөн бүтэн сайн өдрийн шөнө бололтой ... саравчинд нядлаад, махыг нь шулаад аваад явсан байна гэсэн... би гомдолтой...” /2-р хх-ийн 244-247/

           хохирогч М.Б “... 2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө үхрээ бүртгэхэд 2 үнээ дутуу ... хайгаад олоогүй...үнээ тус бүрийг 1500000 төгрөгөөр үнэлнэ...”/3-р хх-ийн 77-79/

           хохирогч П.Б “... 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө ...залгаад танай 2 үхрийг шулаад нядалсан байна гэхээр нь би цагдаад мэдэгдээд... очиж үзэхэд бөөр алаг үнээ,...сартай улаан гуна хоёрыг нядлаад явсан байсан. Хар алаг үнээг сүүний чиглэлийнх гээд 4,5 сая төгрөгөөр худалдаж авч байсан үнээгээ 4,5 сая, улаан гуныг 3 сая төгрөгөөр үнэлнэ. 2022 оны 4 дүгээр сарын 20-н өнгөрөөд нүүдэл хийж дуусаад үхрээ хураахад цэгээн зүсний бух алга болсон байсан. ..мах, сүүний чиглэлийн Ангус үүлдрийн хязаалан бух байсан...би 2018 онд 2 сая төгрөгөөр худалдаж авсан 6000000 төгрөгөөр үнэлнэ ...” /3-р хх-ийн149-153, 218-220/ гэх мэдүүлгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүллэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээний тайлангууд, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байна.

      Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч О.Б-Э  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Х.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна гэж үзлээ.        

         Мөн дээрх зүйлчлэлээр шүүгдэгч О.Б-Э 2 жил, шүүгдэгч Х.Г 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор, шүүгдэгч нараас хохиролд  мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь ял шийтгэлийн хувьд тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хор уршигт тохирсон байна.           

        Шүүгдэгч О.Б-Э өмгөөлөгч нь “ ...хохирогч Ш.Э хохирлын мөнгө болох 750000 төгрөгийг төлсөн, ...гэр бүлийн хоёр хүн цагдан хоригдсон учраас тэдний хүүхдүүд харж хандах, асран хамгаалах хүнгүй хоцорсон... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдсан.           

       Шүүгдэгч О.Б-Э нь өөрт оногдсон төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, 2-15 насны 5 хүүхэд харж хандах хүнгүй үлдсэн ба хүү С нь оюуны хоцрогдол өвчний  улмаас хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардагддаг зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал...” шаардлагыг хангаж байгааг харгалзан үзэж давж заалдах гомдлыг хангаж ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой.          

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:         

       1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтны “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Б-Э 2 /хоёр/ жилийн хугацаагаар “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтны “... 2 /хоёр/ “ гэснийг       “... 1 /нэг/ “ гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Шүүгдэгч Х.Г, О.Б-Э нар нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон тус бүр 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

     3. Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ТЭГШСУУРЬ

 

       ШҮҮГЧ                                                       А.САЙНТӨГС

 

       ШҮҮГЧ                                                        О.ОДНЯМАА