Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 115/ШШ2024/0012

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК,  регистрийн дугаар ... (хх-ийн 15, 130-131 дэх тал),

 

Хариуцагч: Дорноговь аймгийн ..сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарын хооронд үүссэн газрын мэдээллийн санд газар эзэмших эрхийн гэрчилгээг бүртгүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү, хариуцагч ..сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч газрын даамал Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэг. Хэрэг үүсгэсэн үйл баримтын талаар:

 

  1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь:

 

1.1. Дорноговь аймгийн ..сумын Засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

 

1.2. Дорноговь аймгийн ..сумын газрын даамалд холбогдуулан “Б” ХХК-д 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон ... дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г газрын мэдээллийн цахим системд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба  нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах улмаар эвлэрэх эрхээ хэрэгжүүлэх эсэхийг шүүх хуралдааны явцад удаа дараа тодруулж асуухад шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хэвээр болно хэмээн тайлбарласан болно. (хх-ийн 235-247 дэх тал),

 

 2. “Б” ХХК-ийн захирал О.Эаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ..сумын Засаг даргад хандан “... сумын Засаг даргын 73 тоот захирамжаар эзэмших эрх үүссэн газар нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, гэрчилгээ нь “Б” ХХК-иар гарсан, холбогдох татварыг компаниар төлж ирсэн,  бүртгэлийн системд иргэн миний эзэмшлээр бүртгэгдсэн асуудлыг компанид шилжүүлэн  зөрчлийг арилгуулах талаар хүсэлт гаргасан ч шийдвэрлэгдээгүй тул тухайн оны татвар төлөх, эрх, үүргийг хэрэгжүүлэх хугацаанаас өмнө асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан (хх-ийн 59 дэх тал),

3. ..сумын Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгээр “... 73 тоот захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо 2009 онд газрын даамлын зүгээс газар эзэмшигч иргэн О.Эд олгосныг “Б” ХХК-д гэж, талбайн хэмжээ 8000 м2 гэснийг 12000 м2 гэж, зориулалт нь ачаа шилжүүлэн ачих талбай, ачааны агуулах гэснийг  авто вокзал гэж бичсэн. Иймд зөрчилтэй гэрчилгээг хураалган цахим программд шинэчлүүлж, 2008 оны 73 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг мэдэгдэж байна” гэх хариу өгсөн (хх-ийн 135 дах тал),

4. Үүнтэй холбогдуулан иргэн О.Э 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /07 сарын 21/ ..сумын Засаг даргад дахин хандаж “... 2023.05.04-ний өдрийн 01/299 дугаартай албан бичгээр ... хариуг мэдэгдсэн байна, ... О.Э нэрээр олгогдох байсан гэх 100500034 дугаарын нэгж талбарын ... газрын эзэмших эрхийг “Б” ХХК-д шилжүүлэн гэрчилгээг олгож өгнө үү,  ... миний бие ... Б ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь явуулж ... ирсэн  тул миний нэрээр олгогдох 12000 м2 газрыг “Б” ХХК-ийн нэрээр эзэмших эрхийг олгож, гэрчилгээг гарган, цаашид компанийн бүртгэлээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл (хх-ийн 14 дэх тал)-ийг гаргасан, 

 5. Улмаар “Б” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ..сум дахь Сум дундын шүүхэд “маргаан бүхий гэрчилгээгээр газар эзэмшигч болохыг тогтоолгож, газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ч 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг нь буцаасан (хх-ийн 44-45 дах тал) зэрэг үйл баримтууд мөн тогтоогдож байна.

6.  Үүний дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Б” ХХК-ийн захирал О.Эаас, Дорноговь аймгийн Засаг даргад хандан “... тус компани өөрийн газар эзэмших мэдээллийг газрын кадастрын цахим сангаас авах гэтэл бүртгэгдээгүй байсан тул уг асуудлаар ..сумын Засаг даргад хандахад 2023 оны 01/299 дугаартай албан бичгээр ... хариуг хүргүүлээд байгаа, ... иргэн О.Эы нэрээр үүсгэсэн цахим сангийн мэдээллийг устгах, Б ХХК-ийн ... дугаар гэрчилгээтэй эзэмшил газрыг газрын кадастрын цахим мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт (хх-ийн 46-47 дах тал) гаргаж,  холбогдох хариуг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/118 тоот албан бичиг (хх-ийн 10 дах тал)-ээр авсан,

7. Улмаар шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дээрх хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан үйл баримтууд хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр. Хэргийн болон бусад оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

 

2.1. Нэхэмжлэгч, “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б” ХХК нь Дорноговь аймгийн ..сумын .. баг, төмөр замын гармын баруун талд 12000м2 талбай бүхий газрыг холбогдох хүсэлт, баримтыг үндэслэн 2009.09.03-ны өдрийн ... дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж энэ үндсэн дээр тухайн эзэмшил газрынхаа талбайн хэмжээгээр 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Э” ХХК-тай хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, уг газрыг хөрөнгийн хамтаар өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн.

Тус компани нь газар эзэмших эрх үүссэн цагаас өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд ... дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нийгмийн бүхий л харилцаанд оролцож, эзэмшил газрын төлбөрийг мөн л компанийн нэрээр тус гэрчилгээ дээрх мэдээллээр төлж байсан.

Цаг хугацаа өнгөрч хөгжихтэй зэрэгцээд цахим мэдээллийн системийг бий болгож, хуульд нэмэлт, өөрчлөлт орж түүнийг хэрэгжүүлэх шатанд тухайн газрын мэдээллийн нэгдсэн санд газрын эрхийг бүртгүүлэхтэй холбоотойгоор шударга эзэмшигч болох аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтээ сумын Засаг даргад хандаж гаргахад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/299 тоот албан бичгээр иргэн О.Эд олгосныг “Б” ХХК гэж, талбайн хэмжээг 8000 м2 гэснийг 12000 м2 гэж, ачаа шилжүүлэн ачих талбай, ачааны агуулах гэснийг авто вокзал гэж бичсэн тул шинээр олгох талаарх хариуг мэдэгдсэн.

Энэхүү албан бичгийн дагуу иргэн О.Эаас “Б” ХХК-нд газрыг эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн өргөдлийг ..сумын Засаг даргын нэр дээр 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан боловч шийдвэрлээгүй, хэрхэн шийдсэн нь тодорхойгүй, хариуг албан ёсоор мэдэгдээгүй тул Дорноговь аймгийн Засаг даргад уг асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдолд дурдсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж чадаагүй хэмээн үзэж  Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/118 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Б” ХХК нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Дорноговь аймгийн ..сумын .. баг, төмөр замын гармын баруун талд 12000 м2 талбай бүхий /нэгж талбарын гэрчилгээ дээрх №.., одоо байгаа мэдээлэлд №../ газрын шударга эзэмшигч болох нь холбогдох нотлох баримт, эд хөрөнгийн эрхээр нотлогдон тогтоогдоно.

Тус компани нь уг газрыг эрх бүхий үнэт цаас, бичиг баримтын үндсэн дээр 15 дах жилдээ эзэмшиж байгаа, энэ хугацаанд татварыг төлж ирсэн, хөрөнгө оруулалтыг уг олгосон газрын хэмжээгээр  хийсэн, энэхүү 15 жилийн хугацаанд үйл ажиллагааг явуулж ирэхэд хариуцагчаас мөн мэргэжлийн хяналт болоод аудитын шалгалтууд ирж хяналт шалгалт хийж байхдаа ямар нэгэн байдлаар дээрх асуудлаар албан ёсоор мэдэгдэж байгаагүй, харин ч сумаас агуулах савыг ашиглах зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнөөдөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж үйл ажиллагаа явагдаж буй байдал үргэлжилсэн дараагаар, тухайн үед нь зохих журмаар эзэмших эрхийг үүсгэсэн байхад  хэн нэгэн албан тушаалтны хариуцлагыг аж ахуйн нэгжид тохож, зөрчлийг гаргасан мэтээр хандаж буйг эс зөвшөөрч эзэмших эрхээ, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж, үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Газрыг тус компаниас хуулийн дагуу тавигдах шаардлагын дор ашиглаж, эзэмшиж ирсэн бөгөөд Дорноговь аймгийн ..сумын Засаг даргын 2023.05.04-ний өдрийн 01/299 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг зөрчилтэйд тооцсон нь компанийн эд хөрөнгийг болоод бусад харилцаанд оролцож байсан эрх, ашгийг зөрчиж байна.

Тиймээс “Б” ХХК нь Дорноговь аймгийн ..сумын .. баг, төмөр замын гармын баруун талд Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2009.09.03-ны өдрийн ... дугаартай гэрчилгээгээр газрыг эзэмшиж буй шударга эзэмшигч мөн тул уг эрхээ баталгаажуулж Газрын тухай хуулийн 23.4.6, 23.6-д заасан зохицуулалтаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг гаргуулах эрхийг зөрчсөн Дорноговь аймгийн ..сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/299 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын мэдээллийн цахим системд бүртгэхийг хариуцагч газрын даамалд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд нэмэлт тайлбар байхгүй, өмгөөлөгч тайлбараа хэлээд явна гэв.

 

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.Энь ..сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхтэй болсон байдаг. Дараа нь тухайн газрыг өөрийн эзэмшил компанийн нэр дээр шилжүүлэх, газрын хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хандаж яваад газар эзэмших эрхийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай гэрчилгээг авч улмаар 2023 он хүртэл гэрээ байгуулж, газрын төлбөр төлж байсан. Газрыг гэрчилгээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тухайн компани анх нэг хувьцааны үнэ 1,000,000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулж, 2010 онд хувьцаандаа нэмэлт өөрчлөлт оруулж 241,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотой бид нар эзэмшил талбай дээр хийгдсэн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгүүдийг гаргаж ирсэн. Тухайн газар дээр хөрөнгө оруулалт хийгдээд зураг төсөл батлаад ирэхэд компаниар солиулж, газрын хэмжээг өөрчлүүлэх асуудал гарч ирсэн. Компани тухайн орон нутгийн удирдлагаар талбайгаа заалгуулж 12000 м2 талбайгаа хашаажуулсан. Газрын хэмжээг 12000 м2 болгож шийдвэрлүүлэх нь тухайн хүний хүсэлт, яаж шийдвэрлэх нь тухайн орон нутаг, засаг захиргааны нэгжийн үүрэг гэж бодож байна.

 

Ер нь нэхэмжлэгч талын хувьд Газрын тухай хуулийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу тухайн компани 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ газрыг эзэмшиж ирсэн. Энэ гэрчилгээний үндсэн дээр холбогдох татварыг төлж, зориулалтын хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Энэ хугацаанд газрын гэрээг дүгнэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар хууль бус, газар эзэмшихтэй холбоотой зөрчил байна гэж тодорхойлоогүй. Мөн төрийн байгууллагуудын удаа дараагийн аудитууд газрын мэргэжлийн байгууллагын шалгалтуудаар ямар нэгэн байдлаар бичиг баримтын зөрчил гаргасан гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн зүйл байхгүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрчилгээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна гэж байгаа. Гэрчилгээний үндсэн дээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд олгогдсон байх тул уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр, мөн тус гэрчилгээг шударгаар эзэмших байна гэдэг нь тогтоогдож байна.

Аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байна гэсэн. Гэтэл уг компанийн хувьд анх 2009 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, тухайн гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж ойлгож байна. 2008 оны гэрчилгээг гардаж аваагүй байсан учраас 2009 оны гэрчилгээгээр тооцно гэж үзэж байгаа.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох асуудлыг зааж өгсөн бөгөөд эрхийн гэрчилгээг Засаг даргын захирамжаар хүчингүй болгохоор байгаа. Гэтэл ийм захирамж гараагүй нь компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр хадгалуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр Засаг даргаас захирамж гаргах замаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дээрх хуулийн заалтад манайх хамаарахгүй гэж үзэж  байна.

Газрын тухай хуулийн 23.4-т  сумын газрын даамал, дүүргийн газрын албаны эрх хэмжээг зааж өгсөн. 23.4.2-т эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулна гэснээр цахим бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ цахимаар гаргах ёстой. Гэтэл О.Эгэж иргэний нэр дээр ч компанийн нэр дээр ч газар байдаггүй. Цахимд бүртгэлгүй болохоор энэ хүсэлтүүдээ гаргах боломж хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр бүртгэлд бүртгээд өгөх юм бол энэ зөрчилтэй байдлуудаа арилгана гэж үзэж байгаа. Тухайн эрхийг хэрэгжүүлэхэд хүндрэл болоод байгаа зүйл нь Засаг даргын 01/299 дугаартай албан бичиг саад болж байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг Засаг даргад хамааруулж гаргасан.

Газрын тухай хуулийн 23.1-т газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд сумд газрын даамалтай байна гэж заасан. Газрын мэдээллийн санд бүртгэх эрх нь газрын даамалд бий. Нэхэмжлэгч тал төрийн байгууллагаас өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. Түүнээс захирамжаар газар эзэмшээд байгаа зүйл байхгүй. Тэгэхээр бидний зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж цахимд бүртгүүлээд, Газрын тухай хуульд заасан зөрчил гарч ирэх юм бол тухай бүрд нь захирамж шийдвэр гаргаж шийдвэрлэх юм байна гэж үзсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байхад тухайн гэрчилгээг бүртгэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэсэн үг.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд шударга эзэмшигчийн талаар заасан. Яагаад Иргэний хуулийг дурдаж байна гэхээр өнөөдөр төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийн талаарх асуудал яригдаж байгаа ч мөн өмчийн асуудал яригдана. Анх 2009 онд гэрчилгээ авснаас хойш “Б” ХХК нь хөрөнгө оруулалт хийгээд өмч бий болгоод эзэмшиж ирсэн гэж үзэж байгаа. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа, түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Тэгэхээр газар эзэмшигч нь өөрөө 15 жилийн хугацаанд газар эзэмших эрхийг аваад захиран зарцуулаад үр шимийг нь хүртээд ирсэн байгаа учраас шударга эзэмшигч гэсэн үг. Шударга эзэмшигч гэдэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр л баталгаажиж байгаа.

Бид нар захирамж гаргуулъя гэж хандаагүй. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо газрын цахим санд бүртгэхдээ газрын гэрчилгээгээр бүртгэнэ, захирамжаар бүртгэнэ гэдгээ тодорхой болгож өгөөгүй. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн хүнийг газар эзэмших эрхтэй гэдгийг нотолно гэж зааж өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өнөөдөр яагаад бүртгэлд орж болохгүй болтлоо журамлагдсан юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг цахимд бүртгэсний дараа энэ маргаантай асуудлууд, татвар төлөхтэй холбоотой асуудлууд цаашлаад газраа удирдаж явах асуудал нь хүртэл цэгцлэгдээд явах ёстой гэж үзсэн. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

2.3. Хариуцагч, сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б” ХХК-ийн захирал О.Э нь ..сумын Засаг даргын 2008 оны 32 дугаар захирамжаар зарласан хатуу хучилттай тайлбай бүхий автомашин хооронд шилжүүлэн ачих байгууламж, ачааны агуулахын зориулалттай 8000 м2 газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд иргэн О.Эы хувиар оролцохоор 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуудлага худалдаанд оролцох маягт бөглөж, 03 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдаанд бүртгүүлж, тус өдрийн 16:10 цагт ялагчаар тодорч 06 дугаар бүхий дуудлага худалдааны ялагчийн гэрээг иргэн О.Эаар байгуулсан.

Дуудлага худалдааны тэмдэглэл, ялагчийн гэрээг үндэслэн сумын Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 73 тоот захирамжаар дуудлага худалдааны ялагч О.Эд хуучнаар 1 дүгээр баг, “Ш” ХХК-ийн хойд талд, төмөр замын шилжүүлэн ачих анги руу эргэх замын хойд талд хатуу хучилттай талбай бүхий авто машин хооронд ачаа шилжүүлэн ачих байгууламж, ачааны агуулахын зориулалттай 8000 мгазрын эзэмших эрх олгосон байна.

Уг шийдвэрийг үндэслэн 8000 м2  газарт  ачаа шилжүүлэн ачих талбай, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн ... дугаар бүхий гэрчилгээг олгосон байдаг. Үүнээс хойш 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газрын даамал Г.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн ... дугаар бүхий гэрчилгээг сумын Засаг даргын 2008 оны 73 тоот шийдвэрийг үндэслэн бичихдээ дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

-  Газар эзэмшигч: иргэн О.Эд олгосныг “Б” ХХК гэж,

- Талбайн хэмжээ: 8000 м2 гэснийг 12000 м2 гэж,

- Зориулалт: Ачаа шилжүүлэн ачих талбай, ачааны агуулах гэснийг Авто вокзал гэж бичсэн.

“Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нэгдүгээрт: Сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/299 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах гэжээ. Уг албан бичигт “иргэн О.Э ... гэрчилгээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Газрын тухай хуулийн 23.4.6, 23.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаар авахад газрын даамал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн оруулна. Газрын тухай хуулийн 34.1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан тул газар эзэмшүүлэх шийдвэрийг өөрчилж бичсэн 2009.09.03-ны өдрийн ... дугаартай гэрчилгээний дагуу бүртгэх боломжгүй учир цахим программд сумын Засаг даргын 2008 оны 73 тоот шийдвэрийн дагуу бүртгэж цахим гэрчилгээ авахыг мэдэгдсэн албан бичиг болно.

Сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 тоот захирамжаар иргэн О.Эд 8000 м2 газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгосон. Газрын тухай хуулийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргана гэж заасан. Хэрэв заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол Газрын тухай хуулийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.

Сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 тоот захирамжаар

8000 м2  газар эзэмшигч О.Э нь зөрчилтэй ... дугаар бүхий газрын гэрчилгээг хүчингүй болгуулж, газрын кадастрын мэдээллийн цахим системд орсон зөв мэдээллийн дагуу цахим гэрчилгээг гаргуулан авч, Газрын тухай хуулийн 38.2-т заасан материалыг үндэслэн эзэмших эрхээ “Б” ХХК-д шилжүүлэх, газрын зориулалт өөрчлүүлэх, талбайн хэмжээг нэмэх саналыг Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

            Газрын хаягийн тухайд, багуудын нэр түүнд харьяалагдах хэсэг, гудамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ..сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баг, гудамж өөрчлөгдөж .. баг, Хөгжлийн гудамж, 12 хэсэг болсон болно.

   Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт дурдсантайгаа санал нэг байна. Анх гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  2.4. Хариуцагч, сумын газрын даамлын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн О.Эы газар эзэмших эрхийг газрын кадастрын мэдээллийн цахим системд сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 тоот шийдвэрийг үндэслэн газрын кадастрын цахим системд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нөхөн оруулах ажлын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр газрын даамал бүртгэсэн.

            Дээрх бүртгэлийг Газрын тухай хуулийн 23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах гэж заасны дагуу хийсэн болно. Иймд 2009.09.03-ны өдрийн ... дугаартай, зөрчилтэй газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газрын кадастрын мэдээллийн цахим системд бүртгэх боломжгүй.

Нэмж тайлбарлахад өмгөөлөгч газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх гэрээ, түүнийг байгуулах журам гэж заасан. 34.1-т энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж байна. Иймээс Засаг даргын эрх олгосон шийдвэрээс өөр бусад шийдвэрээр бүртгэх боломжгүй.

Хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мөн хэллээ. О.Энь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудын дуудлага худалдаанд бусад оролцогчидтой хамт оролцон 8000 мгазрыг ачаа шилжүүлэн ачих зориулалтаар авсан гэсэн. Тэгэхээр ямар зориулалттай авсан гэдгээ мэдэж байсан байж зориулалт болон талбайн хэмжээг 12000 м2 болгож бичүүлсэн. Энэ талаар тухайн үед бүртгэсэн газрын даамал, Э нар л мэдэж байгаа байх. Түүнээс Засаг дарга иргэдийн Хурлаас баталсан тогтоолын дагуу захирамжаа гаргасан, өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй.

Өмгөөлөгч анх 2009 онд газар эзэмших гэрчилгээ авсан гэж тайлбар хэлж байна. “Б” ХХК нь анх 2008 онд дуудлага худалдаанд оролцоод үүний дагуу 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захирамж гарч 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... дугаартай гэрчилгээг “Б” ХХК-д олгосон. Дараа нь газрын даамал  2009 онд гэрчилгээг шинэчилж өгөхдөө Засаг даргын 73 тоот шийдвэрийг үндэслэсэн боловч хэмжээг 12000 м2 болгоод, зориулалтыг нь  авто вокзал гэж бичсэн асуудал гаргасан.

Газар эзэмшигч О.Эы талаар цахим мэдээллийн санд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нөхөж оруулсан, дурын аж ахуйн нэгж байгууллага, иргэн дурын утас, компьютероосоо холбогдох мэдээллийг харах боломжтой.

           Анх газрыг дуудлага худалдаагаар авч гэрчилгээ авсан, ингэхдээ иргэний нэр дээр бичигдсэн байсныг аж ахуйн нэгж болгоно гэсэн хүсэлтийн дагуу газрын даамал бичихдээ шинээр захирамж гаргаагүй анх олгосон захирамжийг үндэслэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ олгож, газрын хэмжээн дээр 4000 м2 талбайг нэмж бичсэн. Дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр газрын хэмжээ нэмэгдчихлээ гэдгийг Э мэдэж байсан л байх. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал буруу бичсэн байна гэж тайлбар өгсөн байна. Зөрчлөө арилгаад цахимд бүртгүүлчих юм бол шүүхэд хандаад байх асуудал байхгүй болно, хуулийнхаа дагуу зөрчлөө арилгах талаар эвлэрч болохгүй юм уу гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Энэ хэрэгт, эрх бүхий этгээдийн шийдвэрээс өөрөөр бичиж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын мэдээллийн сан /цахим систем/-д бүртгүүлэхтэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Маргааны үйл баримтын тухайд:

 

6.1. Дорноговь аймгийн ..сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээний тухай” 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгох газрын шинэчилсэн жагсаалтыг хавсралтаар баталсан, тус хавсралт дахь нийтийн дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх газрын жагсаалтын 6-д “Газрын байршил: 1-р багийн нутаг дэвсгэр, Ш ХХК-ийн хойно, ТЗШАА руу эргэх замын хойд талд, Газрын зориулалт: хатуу хучилттай талбай бүхий авто машин хооронд ачаа шилжүүлэн ачих байгууламж, ачааны агуулах, Газрын хэмжээ: 8000 м2, Дуудлагын анхны үнэ мян.төг: 4800.0” гэж тэмдэглэгдсэн (хх-ийн 100-101 дэх тал),

            6.2. 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Эаас гаргасан “Дуудлага худалдаанд оролцох хүсэлт”-д  “... Газрын нийт хэмжээ-8000 м2 (үсгээр Найман мянган метр2), Дэнчингийн хэмжээ-480,000 (үсгээр - дөрвөн зуун наян мянган төгрөг), Гарын үсэг: Э гэж бичсэн (хх-ийн 76 дах тал),

6.3. Хаан банкны орлогын мэдүүлэгт, “2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эаас Засаг даргын тамгын газрын ... тоот дансанд дэнчингийн 10 хувь 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөг” гэж бичигдсэн (хх-ийн 143 дахь тал),

            6.4. Дуудлага худалдаанд оролцох материалын бүртгэлийн хуудасны 39 дүгээрт: Оролцогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр: О Э, ачаа ачих байгууламж, 8000 м2, бүрэн, 2008.03.28” гэж тэмдэглэгдсэн (хх-ийн 79 дэх тал),

            6.5. 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 10 минутад эхэлсэн “Дуудлага худалдааны явцын тэмдэглэл”-д Объектын нэр: “Хатуу хучилттай талбай бүхий, авто машин хооронд ачаа шилжүүлэн ачих байгууламж, ачааны агуулах”, ...Анхны үнэ: “4800.0 мян.төг” гэж, Дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, иргэдийн жагсаалтын №2-т хувийн дугаар 4, Э гэж, ... 4 хувийн дугаартай Э нь хоёр зуун дөчин нэгэн сая төгрөгөөр дуудлага худалдааны ялагчаар тодров” гэж тусгагдсан (хх-ийн 80-81 дэх тал),

            6.6. 2008 оны 03 д угаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ”-ний 1.2-т “... 8000 м2, гэрээ байгуулсан худалдан авагч О овогтой Э” гэж бичигдсэн (хх-ийн 82 дах тал),

            6.7. “Б” ХХК-иас ..сумын Засаг даргад хүсэлт гаргах нь гэсэн  2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3 тоотод “О.Э би ... дуудлага худалдаагаар ... 8000 м2 газрыг худалдан авсан. Уг газрыг өөрийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж болох “Б” ХХК-ны нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлэн олгоно уу захирал О.Э” гэж (хх-ийн 85 дах тал) бичсэн үйл баримтууд тогтоогдож байна.

6.8. Улмаар ..сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 73 дугаар захирамжийн 1 дэх заалтаар, Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар газар авсан аж ахуйн нэгж, иргэдэд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталсны 4-т Оын Э, …Газрын зориулалт: хатуу хучилттай талбай бүхий авто машин хооронд ачаа шилжүүлэн ачих байгууламж, ачааны агуулах, Газрын хэмжээ: 8000 м2  гэж тусгагдсан (хх-ийн 87-88, 94-95 дах тал),

6.9. Мөн ..сумын Засаг даргаас 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон ... дугаартай, “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд “Б” ХХК, ..сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 10050034 дугаар бүхий 8000 м2 газрыг 15 жилийн хугацаатай “Ачаа шилжүүлэн ачих талбай, агуулах” зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов” гэж бичигдсэн (хх-ийн 89, 109 дэх тал),

6.10. Түүнчлэн ..сумын газрын даамал (Г.Б)-аас 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бичиж олгосон ... дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” (цаашид “... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэх)-нд “Б” ХХК-д, ..сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 100500034 дугаар бүхий 12000 м2 газрыг 15 жилийн хугацаатай, 1-р баг, 12-р хэсэгт “авто вокзал” зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов” гэж бичсэн (хх-ийн 12,115, 90 дэх тал),

6.11. 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, сумын газрын даамал (Г.Б), “Б” ХХК (захирал О.Э)-ийн хооронд нэг жилийн хугацаатай байгуулсан №10/577 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд “сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 тоот шийдвэрийг үндэслэн” гээд, газрын хэмжээг 12000 м2, газрын төлбөрийн хэмжээг нэгжийн үнэ 5.4 төгрөг, бүгд үнэ 64,800 төгрөг, эзэмших зориулалт үйлчилгээ гэж  тус тус бичсэн (хх-ийн 117-118 дах тал) нөхцөл байдлууд тогтоогдож байх ба маргаан үүсэхээс өмнөх эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй болно

6.12. Харин “Б” ХХК-ийн захирал О.Эаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, ..сумын Засаг даргад хандан “... сумын Засаг даргын 73 тоот захирамжаар эзэмших эрх үүссэн газар нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, гэрчилгээ нь Б ХХК-иар гарсан, холбогдох татварыг компаниар төлж ирсэн, гэтэл бүртгэлийн системд иргэн миний эзэмшлээр бүртгэгдсэн асуудлыг компанид шилжүүлэн зөрчлийг арилгуулах талаар хүсэлт гаргасан ч шийдвэрлэгдээгүй тул тухайн оны татвар төлөх, эрх үүргийг хэрэгжүүлэх хугацаанаас өмнө асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан (хх-ийн 59 дэх тал),

6.13. Дээрх хүсэлттэй холбогдуулан сумын Засаг дарга, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгээр “... захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо 2009 онд газрын даамал ... газар эзэмшигч иргэн О.Эд олгосныг “Б” ХХК-д гэж, талбайн хэмжээ 8000 м2 гэснийг 12000 м2 гэж, зориулалт нь ачаа шилжүүлэн ачих талбай, ачааны агуулах гэснийг  авто вокзал гэж бичсэн. Иймд зөрчилтэй ...гэрчилгээг хураалган цахим программд шинэчлүүлж, ...2008 оны А/73 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авах”-ыг мэдэгдсэн (хх-ийн 96 дах тал)-ээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой энэхүү маргаан үүссэн байна.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/299 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2023 онд газрыг цахим бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгохтой холбоотой гэрчилгээг шинэчлүүлэх асуудлаар сумын Засаг даргад хандахад уг газрыг зөрчилтэй талаарх хариу ирүүлсэн, …сумын газрын даамал эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулна, газар эзэмшигч нь гэрчилгээ сунгуулах хүсэлтээ мөн цахимаар гаргах ёстой. Гэтэл иргэн О.Эы нэр дээр ч “Б” компанийн нэр дээр ч байдаггүй. Цахимд бүртгэлгүй болохоор хүсэлтээ гаргах боломж хэрэгжихгүй байна. Тухайн эрхийг хэрэгжүүлэхэд хүндрэл саад болоод байгаа зүйл нь сумын Засаг даргын 01/299 дугаартай албан бичиг бөгөөд компанийн эд хөрөнгийн болоод бусад харилцаанд оролцож байсан эрх, ашгийг зөрчиж байна” гэж,

Мөн ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын мэдээллийн цахим системд бүртгэхийг даалгах шаардлагынхаа үндэслэлийг “... ... дугаартай эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрынхаа талбайн хэмжээгээр 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Э” ХХК-тай хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, уг газрыг хөрөнгийн хамтаар эзэмшиж ирсэн шударга эзэмшигч, ... газар эзэмших эрх үүссэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн гэрчилгээгээр нийгмийн харилцаанд оролцож, эзэмшил газрын төлбөрийг компанийн нэрээр, гэрчилгээ дээрх мэдээллээр төлж байсан, ... 2009 онд авсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2025 онд дуусна, … Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтад манайх хамаарахгүй, Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар эзэмших эрхтэйг нотолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь төрийн байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байхад тухайн гэрчилгээг бүртгэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна” гэж,

 

8. Хариуцагч нараас “...сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар захирамжаар иргэн О.Эд 8000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Газрын тухай хуульд эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргана, уг хугацаанд хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон, ... О.Э нь зөрчилтэй ... дугаар бүхий газрын гэрчилгээг хураалган газрын мэдээллийн цахим санд байгаа зөв мэдээллийн дагуу цахим гэрчилгээ гаргуулан авч, Газрын тухай хуулийн 38.2-т заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлэн газар эзэмших эрхээ “Б” ХХК-д шилжүүлэх, газрын зориулалт өөрчлүүлэх, талбайн хэмжээг нэмэх саналаа шийдвэрлүүлэх боломжтой, ... О.Эы газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2008 оны 73 тоот шийдвэрийг үндэслэн газрын кадастрын цахим системд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нөхөн бүртгэсэн, ... дугаартай, зөрчилтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын мэдээллийн цахим системд бүртгэх боломжгүй, газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан тул сумын Засаг даргын шийдвэрээс өөр бусад баримтаар бүртгэхгүй” хэмээн маргаж байна.

 

  9. Дорноговь аймгийн ..сумын Засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

9.1. Маргаан бүхий захиргааны акт болох ..сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгээр, “2009 онд газрын даамлын зүгээс ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо газар эзэмшигч иргэн О.Эд гэхийг “Б” ХХК-д гэж, газрын хэмжээг 8000 м2 гэснийг “12000” м2 гэж, зориулалт нь ачаа шилжүүлэн ачих талбай, ачааны агуулах гэснийг “авто вокзал” гэж тус тус буруу бичиж олгосон тул уг зөрчилтэй гэрчилгээг хураалгаж, сумын Засаг даргын 2008 оны 73 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, холбогдох гэрчилгээг цахим программд шинэчлүүлж авахыг газар эзэмшигч иргэн О.Эд мэдэгджээ.

9.2. Хариуцагч сумын Засаг даргын “Хариу хүргүүлэх тухай” дээрх албан бичиг нь хэдийгээр иргэн О.Эаас 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “сумын Засаг даргын 73 тоот захирамжаар эзэмших эрх үүссэн газар нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, гэрчилгээ нь Б ХХК-иар гарсан, холбогдох татварыг компаниар төлж ирсэн, бүртгэлийн системд иргэн миний эзэмшлээр бүртгэгдсэн асуудлыг компанид шилжүүлэн зөрчлийг арилгуулах” талаарх хүсэлтэд тухайлан өгсөн хариу гэж үзэх боломжгүй байх боловч тухайн албан тушаалтнаас хуульд заасан эрхийнхээ хүрээнд “газар эзэмшигчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан” үйл ажиллагаа байх ба улмаар уг албан бичгийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын мэдээллийн цахим санд бүртгэхэд саад болж, компанийн эд хөрөнгийн болоод бусад харилцаанд оролцож байсан эрх, ашгийг зөрчиж байна” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.3. Учир нь, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, ... тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” хэмээн заасан.

9.4. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн маргаан үүсгэх үндэслэл болж буй ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хэдийгээр эрх бүхий албан тушаалтан (сумын газрын даамал)-ны зүгээс бичиж олгосон баримт бичиг байх боловч түүн дэх мэдээллүүд нь тухайн гэрчилгээг олгох үндэслэл болсон сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар захирамжаас зөрүүтэй буюу тодруулбал, газар эзэмшигчийн нэр, газрын зориулалтыг өөрчилж, газрын хэмжээг 4000 м2-аар нэмэгдүүлэн бичсэн тухайн тохиолдолд уг гэрчилгээг Газрын тухай хуулийн 34.1-д заасны дагуу олгогдсон баримт гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тус гэрчилгээ нь нэгэнт хуульд заасан журмын дагуу олгогдоогүй учир тус гэрчилгээ дээрх мэдээллээр “Б” ХХК-ийг авто вокзалын зориулалтаар 12000 м2 газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх ба ийнхүү хууль ёсны дагуу үүсээгүй аливаа эрх хуулиар хамгаалагдахгүй.

9.5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” ойлгохоор, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” хэмээн заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд  газар эзэмших эрхийн гэрчилгээ нь шууд газар эзэмших эрх олгосон баримт бус харин тухайн эрхийг олгосон шийдвэрийг баталгаажуулж буй баримт бичиг бөгөөд улмаар энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчийн маргах үндэслэл болж буй ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар эзэмших эрх олгосон шийдвэрээс нэгэнт зөрүүтэй байгаа тохиолдолд уг гэрчилгээ нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан хууль ёсны баримт бичиг болж чадахгүй.

9.6. Хариуцагч сумын Засаг даргын зүгээс, газар эзэмшигч иргэн О.Эд хандан газар эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ зохих ёсоор гаргуулан авахыг 01/299 тоот албан бичгээр шаардсан нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “... сумын Засаг дарга газрын харилцааны талаар) … газар эзэмшигч, ашиглагчаас газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу … ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах (нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх)” гэсэнтэй нийцсэн бөгөөд газар эзэмшигчээс мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан “эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” үүргээ хэрэгжүүлэхийг шаардсан хууль ёсны үйл ажиллагаа байна гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, тухайн албан бичиг нь газар эзэмшигчийн эрхийг хязгаарлах бус харин ч газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу баталгаажуулж авах боломжийг газар эзэмшигчид олгосон үйлдэл гэж үзэхээр байна.

9.7. Түүнчлэн ..сумын Засаг даргын “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгийг хүчингүй болгосноор, нэхэмжлэгч ”Б” ХХК-ийг ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй гэж үзэх нөхцөл байдал үүсэхгүй улмаар тус гэрчилгээг газрын мэдээллийн санд бүртгэх үндэслэл бий болохгүйг дурдах нь зүйтэй байна. Иймээс нэхэмжлэгч ”Б” ХХК-ийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

10. Дорноговь аймгийн ..сумын газрын даамалд холбогдуулан “Б” ХХК-д 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон ... дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” /газар эзэмших эрх/-г газрын мэдээллийн цахим системд бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

 

10.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх шаардлагынхаа үндэслэлийг “Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо газрын цахим санд бүртгэхэд газрын гэрчилгээгээр бүртгэнэ, захирамжаар бүртгэнэ гэдгийг тодорхой болгож өгөөгүй” гэх зэргээр маргана.

10.2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “...(Сумын газрын даамал) эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах...(эрхтэй)” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх”-ээр зохицуулсан байна.

10.3. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “... сум, ...(-ын) … Засаг дарга, …иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, …шийдвэр гаргана”, 12.1-д “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-д заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, … эрхийг Газрын кадастрын  мэдээллийн  сангийн нэгдсэн системд баталгаажуулах”-аар журамлажээ.

10.4. Дээр дурдсан хуулийн зохицуулалт болон захиргааны хэм хэмжээний актаар хариуцагч сумын газрын даамал нь газрын мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг Газрын кадастрын  мэдээллийн  сангийн нэгдсэн системд бүртгэж баталгаажуулахдаа эрх бүхий албан тушаалтны буюу энэхүү маргааны тухайд сумын Засаг даргын зохих шийдвэрийг үндэслэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК-д 12000 м2 газрыг авто вокзалын зориулалтаар олгосон болон иргэн О.Эы 8000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг түүний үүсгэн байгуулсан “Б” ХХК-д шилжүүлсэн, газрын зориулалтыг нь өөрчилсөн, улмаар 4000 м2 газрыг зохих журмаар нэмж олгосон талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй байгаа тохиолдолд хариуцагч сумын газрын даамал, хууль ёсны гэж үзэх боломжгүй  ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ дэх мэдээллийг газрын мэдээллийн санд бүртгэх нь хууль бус үйлдэл болно.

 

 10.5.  Харин хариуцагч сумын газрын даамал нь, Зам-Үүд сумын Засаг даргын 2008 оны 73 дугаар захирамжийг үндэслэн иргэн О.Эы 8000 м2 газрыг авто машин хооронд ачаа шилжүүлэн ачих байгууламж, ачааны агуулахын зориулалтаар эзэмших эрхийг, газрын мэдээллийн цахим санд 2022 онд нөхөн бүртгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад оролцогчдын гаргасан тайлбар, хавтаст хэргийн 136 дах талд авагдсан баримт зэргээр тогтоогдож байх ба иргэн О.Эы хувьд газрын мэдээллийн сан дах энэхүү бүртгэлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ цахим системээс гаргуулан авч газар эзэмшигчид хуулиар олгогдсон бусад эрхээ хэрэгжүүлэх нь нээлттэй болохыг хариуцагч нарын зүгээс тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй байна.

10.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс, ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй тул уг гэрчилгээ хүчин төгөлдөр гэж ойлгож байна. Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй үндэслэлд манайх хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... сум, ...(-ын) Засаг дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гэж заасан нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний тухайд буюу тодруулбал, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн хуульд заасан журмын дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигчийн тухайд 40.1.1-40.1.7-д үндэслэл бий болсон тохиолдолд тухайн зохицуулалт хэрэглэгдэнэ. Харин нэхэмжлэгч “Б” ХХК-д олгогдсон ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний тухайд нэгэнт хууль ёсны баримт бичиг гэж үзэх боломжгүй учир Газрын тухай хуулийн 40.1-д заасан аль нэг үндэслэлээр хүчингүй болгох тухай ойлголт байхгүй.

  10.7. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч сумын газрын даамлын, ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын мэдээллийн цахим системд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “Б” ХХК-иас тухайн албан тушаалтанд холбогдуулан гаргасан  даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

11. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын татгалзлын үндэслэлд шууд хамааралгүй боловч хэргийн оролцогчдын маргаж буй “газар эзэмших эрхийг аж ахуйн нэгжид шилжүүлэх хүсэлтийг өмнө нь гаргаж байсан, ...гэрчилгээг “Б” ХХК-д олгосон, газар эзэмших эрх дуусгавар болсон, ...газрын төлбөрийг “Б” ХХК-иар төлж ирсэн, ... гэрчилгээг хүчинтэй гэж үзэж төрийн байгууллага үл хөдлөх хөрөнгө бүртгэх үндэслэл болгосон учир тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр” гэх зэрэг үндэслэлүүдийн тухайд:

 

11.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ...болно ...”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, ... 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт,” гэж, мөн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ... тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, ... газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” хэмээн заасан байна.  (энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө)

  Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал О.Э нь 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдаанд оролцож худалдан авахаар болсон газраа, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг сумын Засаг даргад гаргаж байсан байх боловч тус Засаг даргын зүгээс түүний энэхүү хүсэлтийг шууд шийдвэрлээгүй дуудлага худалдааны зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэнтэйгээ холбогдуулан зохих шийдвэрийг гаргаж иргэн О.Эд 15 жилийн хугацаатай тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэх  хэсгийн 5.7, 5.8-д дурдсанаар тогтоогдсон.

Тухайн үед сумын Засаг дарга О.Эы гаргасан хүсэлтийг зохих журмаар буюу захирамж гаргах замаар шийдвэрлээгүй нөхцөл байдал нь тодорхойгүй байх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо “Б” ХХК-д гэж  бичиж олгосон нөхцөл байдал мөн тогтоогддог. Гэвч газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн (О.Э)-ээс аж ахуйн нэгж (Б ХХК)-д шилжүүлэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр нэгэнт гараагүй тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК-ийг газар эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

 

11.2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж заажээ.

..сумын Засаг даргын 2008 оны 73 дугаар захирамжаар иргэн О.Эд 8000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон, уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байх боловч газар эзэмшигчийн зүгээс уг хугацаа дуусахаас өмнө тухайн газартай холбоотойгоор эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж улмаар газар эзэмшигч болон төрийн байгууллагын хооронд маргаан үүссэн энэ тохиолдолд маргаан бүхий газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх дуусгавар болох дээр дурдсан урьдчилсан нөхцөл нь зөвхөн эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар бүрдэхгүй ийнхүү хугацаа нь дуусахад сунгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй тохиолдолд хэрэглэгдэнэ. Гэтэл газар эзэмшигч этгээдийн хувьд нэгэнт уг газартай холбогдуулан зохих хүсэлт гаргаж маргаан үргэлжилсэн байх тул тэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрх нь нээлттэй бөгөөд улмаар хариуцагч нарын зүгээс ч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах, уг шийдвэрийг үндэслэн цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулах бүрэн эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

11.3. Хавтаст хэргийн 160-162 дахь талд авагдсан Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 05 дугар сарын 06-ны өдрийн 305 тоот албан бичиг болон Эы газрын төлбөр төлөлтийн судалгаа, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтад О.Э (Б ХХК)-ны  эзэмшлийн газрын хэмжээ 1200м2, 8000м2, 10000м2, 12000м2 гэх зэргээр зөрүүтэй бичигдсэн, газрын төлбөрийн ногдуулалт нь 2009-2023 он хүртэл нийт 4,372, 800, алданги, торгууль 2,203,200 төгрөг, нийт 6,576,000 төгрөг төлөхөөс 2009-2014 он хүртэлх хугацаанд 338,000 төгрөг төлсөн. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийн үлдэгдэл 6,238,000 төгрөг хэмээн тодорхойлогдсон байх боловч тус хуулийн этгээд (газар эзэмшигч О.Э)-ийн тухайд эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон 8000м2 газрын төлбөрийг 2015 оноос хойш огт төлөөгүй байгаа болох нь тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэхүү тооцоололтой болон газрын төлбөрийн асуудлаар маргаагүй болно.  

11.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргаж өгсөн, хавтаст хэргийн 170-172 дах талд авагдсан 9019039117 улсын бүртгэлийн дугаартай “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, 000107533, 000107534 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ” зэрэг баримтаар 5253217 регистрийн дугаартай, гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК нь Дорноговь аймгийн ..сумын Нэгдүгээр баг, 12-р хэсэгт “Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-д байршилтай эрхийн улсын бүртгэлийн Y-... дугаарт бүртгэлтэй агуулахын зориулалттай 816 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Y-... дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 171 мкв талбай бүхий граш, оффис, амралтын, харуулын, дугуй засварын байрны өмчлөгч болох нь тогтоогдож байх бөгөөд улмаар тухайн үл хөдлөх хөрөнгүүд “Б” ХХК-ийн хашаажуулсан 9500 м2 газарт байрлалтай нь хавтаст хэргийн 120-128 дах талд авагдсан тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр мөн нотлогдож байна.

Гэвч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” хэмээн зааснаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газрыг эзэмшигч этгээдийн тодруулбал, газар эзэмшигчийн өөрийнх нь үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үндэслэл болохоор байх тул маргаан бүхий газар дээр хөрөнгө оруулалт хийсэн “Э” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үндэслэл болсон ... дугаартай тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр баримт” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Харин тухайн тохиолдолд газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” хэмээн заасны дагуу эрхээ хэрэгжүүлэхээр байсныг дурдах нь зүйтэй байна.

 

12. Хавтаст хэргийн 38, 87-88, 92, 96, 116 дах талд авагдсан баримтууд хэрэгт давхардаж авагдсан, 7-9, 40-42 дах талд авагдсан баримтууд судлагдах боломжгүй бөгөөд  хэрэгт давхардаж авагдсан, 13, 32, 83-84, 90-91, 109, 115, 119 дэх талд авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд хэрэгт давхардаж авагдсан, 18-20, 29-31, 33-37, 39, 43, 77-78, 86, 93, 107, 144-147, 173-175 дах талд авагдсан баримтуудыг хэрэгт хамааралгүй бөгөөд нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн ..сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/299 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Б” ХХК-д 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон  ... дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г газрын мэдээллийн цахим системд бүртгэхийг сумын газрын даамалд даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА