| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1452/Э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 208
Б.Нд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1679 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 157 дугаар магадлалтай, Б.Нд холбогдох 1806060681448 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, С.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б.Н нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Б.Нг 5 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь бага насны хохирогч Н.Хын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Нгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Нд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж явагдсан. Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд наад захын баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш хамгаалуулах, өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэхэд шударгаар шүүлгэх эрхтэй. Шүүн таслах ажлын эрх ашиг шаардаж байвал ямар тохиолдолд өөрт нь томилсон өмгөөлөгчтэй байх талаар заажээ. Шүүгдэгч хүнд гэмт хэрэгт холбогдсон, хууль эрх зүйн мэдлэггүй, өөрийгөө өмгөөлөх чадваргүй байхад өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. Шүүх хуралд өөрийгөө өмгөөлөх боломж олгоогүй. Шүүх хуралдаан мэтгэлцээний журмаар явагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ”, 35.24 дүгээр зүйлийн 6-д “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй” гэж заасан байхад зөвхөн яллах талын баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчээр өөрийгөө өмгөөлөх талын нотлох баримтыг шинжлэн судлуулаагүй. Өөрийгөө өмгөөлөх байр сууринаас яриулаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэсэн байхад хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шалгаж тогтоогоогүй.
Шүүх хурал дээр мэтгэлцээн явагдаагүй, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар яригдаагүй зэргээс шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон. Шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөргүй зэрэг байдлууд тогтоогдож байхад шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзээгүй.
Дээрх байдлуудаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын сарын 11-ний өдрийн 1679 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 157 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр ханган мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулах боломж олгох үүднээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай гомдлын үндэслэлээ шүүгдэгчийн хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэргийн сэдэл санаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчоос уучилт гуйсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх болгон өөрчилж байна” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Нг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд ... яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг зөрчиж зөвхөн яллах талыг барьж хэргийг шалган шийдвэрлэсэн, хэргийг санаатай, эсхүл болгоомжгүй үйлдсэн эсэхийг шалгаж тогтоолгүй орхигдуулсан байна.
Гэрч Б.Цэнд-Очир, Г.Нямсүрэн, хохирогч Б.Н нарын мэдүүлгээр Б.Нямсүрэн нь Б.Нгийн эхнэр лүү “гэр орноос мөнгө төгрөг хулгайлдаг, гэр орон шатаалгаад ханахгүй байна уу” гэсэн мессеж илгээснээс Б.Н уурласан, эхнэр, хүүхдэд нь дургүй байдагт гомдож явдаг, мөн Б.Н хэрүүл маргаан эхэлж үүсгэн Б.Нг зодож унагаасан, толгойг нь хагалснаас үүдэн эгч рүүгээ шидсэн зүйл хохирогчийг оносон гэдэг нь тогтоогдож байгаа болно.
Б.Н нь 1 нас 6 сартай зээ дүүгээ зодож гэмтээх санаа зорилготой байсан гэх байдал эргэлзээгүй нотлогдож тогтоогдоогүй байхад түүнийг хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял оноосонд гомдолтой байна.
Б.Н удаа дараагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хүүхдээ газар шидсэн гэж мэдүүлжээ. Гэтэл Б.Нгийн шидсэн зүйл хүүхдийн толгойг шүргэснээс, эсхүл хохирогчийг газар шидэх үед түүнд хүнд хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоолгүй орхигдуулсан байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас харахад яг хэний буруутай үйлдлээс хүүхдэд хүнд хохирол учирсан болохыг тогтоож чадаагүй.
Б.Н нь дүүгээ цохих санаа зорилго огт агуулаагүй, эгчийнх нь буруутай үйлдлээс болж эгч рүүгээ тоосго шидсэн гэдгээ хүлээн мэдүүлж ирсэн нь түүний үйлдэл санаатай байгаагүйг баталдаг.
Иймд Б.Нгийн үйлдлийг “Хүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Н нь хохирогчийг шууд тоосгоор цохиогүй, харин шидсэн тоосго нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байх тул хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх саналтай байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж байсан боловч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоор болсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, С.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67а байрны гадна өөрийн төрсөн эгч Б.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүн рүү тоосго шидэж, тухайн үед Б.Нийн тэвэрч байсан 1 нас 6 сартай Н.Хын биед тархи доргилт, зулай яс титэм заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Н нь хохирогчийн эх Б.Нтэй маргалдаж түүн рүү чиглүүлж шидсэн тоосго Н.Хын толгойг цохиж гэмтээсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч шүүгдэгч Б.Н нь бага насны хохирогч Н.Хд гэмтэл учруулах зорилгоор түүний толгойг зориуд тоосгоор цохьсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан “Санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр өөр хүнд хохирол учруулах” гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байхад шүүх “Хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын гаргасан хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх тухай санал, дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н 2019 оны 2 дугаар сарын 18-нд шүүхэд хандаж “Миний төрсөн дүү Б.Н бид хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсанаас энэ асуудал болсон, миний хүү Н.Х эдгэрч, биеийн байдал зүгээр болсон. Дүү Б.Нд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-138/ гаргасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 3 /гурав/ жил хорих ял оногдуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Б.Нгийн өөрийн төрсөн эгч Б.Н рүү тоосго шидсэн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул “Хүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх тухай өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй болно.
Мөн шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох” хүсэлтийг бичгээр гаргаснаас /хх-71/ гадна 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-108/ тусгагдсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх талаар өмгөөлөгч Д.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1679 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нг 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “5 жил 6 сар” гэснийг “3 жил” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, С.Оюунцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН