Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0557

 

 

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0557

Улаанбаатар хот

Ө.З-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ө.З-ны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 23 дугаар зүйлийн 23.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Злиманы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2013 оны 07 дугаар сараас 2015 оны 11 сарын хугацаанд олгогдоогүй өндөр настны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ниймгийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлд өндөр настны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан байна.

Мөн тус хэлтэст ирүүлсэн Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирсэн овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй иргэдийн жагсаалтад дээрх иргэний нэр байсан бөгөөд тухайн үед Улсын бүртгэлийн мэдээллийн баазад бүртгэлгүй байсан учир 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авах эрхийг нь түр зогсоосон байна.

Нэхэмжлэгч Ө.Злиман нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж цахим үнэмлэхээ авсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ээс 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэврийг улсын байцаагчийн акт үйлдэн файлаар олгосон болно. 2013 оны 07 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх тэтгэврийг олгох боломжгүй.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ө.З нь “2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд олгогдоогүй өндөр настны тэтгэврийг нөхөн олгохыг Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд “нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэж зааснаар захиргааны байгууллага нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахтай холбоотой гарсан зөрчлийг хэрхэн арилгах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, зөрчлийг арилгуулж, даатгуулагч тэтгэврээ авах боломжийг бүрдүүлж ажиллах учиртай байжээ.

Хариуцагчаас “нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоосон үндэслэлээ Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн ирсэн овог нэр, регистрийн дугаар зөрүүтэй иргэдийн жагсаалтанд энэ иргэний нэр байсан бөгөөд тухайн үед Улсын бүртгэлийн мэдээллийн баазад бүртгэлгүй байсан” гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул тэтгэврийг олголтыг нь түдгэлзүүлсэн болохоо тайлбарлажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заажээ. Нэхэмжлэгч Ө.З-ы тэтгэвэр, тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоох нөхцөл бүрдээгүй, дээрх хуульд заасан нөхцөл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарыг хүртэл зогсоосон байна. Нэхэмжлэгчид  тэтгэвэр олгоход саад болсон гэх “иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” гэдэг нөхцөл нь нэхэмжлэгчид мэдэгдсэнээр богино хугацаанд засагдах боломжтой байсан байхад энэ нь “түдгэлзүүлсэн хугацаан дахь тэтгэврийг нөхөн олгохоос татгалзах” эрх зүйн үндэслэл болохгүй юм. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасанчлан хариуцагч тэтгэвэр тогтоох, олгохтой холбоотой харилцаа үүссэн тохиолдолд шалгаж, богино хугацаанд зөрчлийг арилгуулан тэтгэврийг олгох арга хэмжээ авах боломжтой байсан байна.

Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж тэтгэвэр авах хугацаааг зохицуулсан байна. Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн тэтгэврийг түдгэлзүүлсэн зогсоосон талаар ямар нэгэн шийдвэр буюу захиргааны акт гаргахгүйгээр зөвхөн тухайн сумын нийгмийн даатгалын байцаагч зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж өгөх байдлаар ажилласан нь захиргааны албан тушаалтны буруутай үйл ажиллагаанд тооцогдоно, ... Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Олгогдоогүй тэтгэвэр нөхөж олгуулах тухай” 32 дугаар актад Ө.З-ы 2007 онд тогтоосон тэтгэвэр тогтоолтонд ямар нэг зөрчилгүйг дурдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэрийн ямар үндэслэл, заалтыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан гомдлын агуулгад тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ