Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 530

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* нарыг оролцуулан “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Ш*******” ХХК

Хаяг: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж “Өгөөмөр зах”

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

Хаяг: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 57

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын Татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актаар тогтоосон 23.447.400 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Татварын газраас манай компанийн 2007-2010 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт хийж 2011 оны 11 сарын 25-ны өдрийн ******* тоот актаар нийт 23,447,400.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Улсын их хурал 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан. Эдгээр хуулиудын дагуу актаар тогтоосон төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэж Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2016 оны 2 дугаар сард албан бичгээр хандсан боловч одоо болтол хариу өгөөгүй ба хариугаа авъя гэхээр хариу өгөх шаардлагагүй бичиг байна гэж илт хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргаж байна.

Нэг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн 1.1-д: “...Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино...”, 2.1-д: “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хуулийн дагуу албан татвар, төлөхөөр, хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” 5.1-д: “...Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө...”, 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл “ гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэжээ.

Дээрх хуулийн заалтын дагуу “Ш*******” ХХК нь 23,447,400.00 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлын тайлангаар тайлагнаж 2016 оны 01 дүгээр сард татварын албанд мэдүүлэн тайлагнасан ба Татварын алба хүлээн авч бар код олгосон.

Хоёр. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “..Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ...” гэжээ

Хуулийн 8 дугаар зүйлд хохирол нөхөн төлөх тухай заалт байна. Энэ заалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл буруу тайлбарлан, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, төсөөтэй хэрэглэж Татварын улсын байцаагчийн актаас зөвхөн хүү, торгууль, алдангийг чөлөөлж байна. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан.

Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэсэн энэхүү хохирол нөхөн төлүүлэх тухай заалт нь зөвхөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбоотой заалт юм. Энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг захиргааны акттай /хуулийн 4.3-д/ харилцаанд төсөөтэй хэрэглэж болохгүй юм.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна...” гэжээ. Үүнээс харахад бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг нь энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээдэд хамааралтай бөгөөд 4.3-д заасан этгээд буюу захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамаарахгүй байгаа тул тус актаар тогтоогдсон нөхөн татвар чөлөөлөгдөхөөр байна.

Татварын улсын байцаагчийн 2011 оны ******* дугаар акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу татварын зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги, хүү тооцон хариуцлага ногдуулсан ба эдгээр зөрчлийг Төрийн эрх бүхий захиргааны байгууллагын улсын байцаагч нар тогтоосон тул өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг хангаж байна.

Гурав. Татварын улсын байцаагч нар манай компанийн 2007-2010 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд 2007, 2008 оны үйл баримтад зөрчил илрүүлж акт гаргасан. Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актын тогтоох нь хэсгээр 2008 оны 7 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Татварын ерөнхий хуулиар хариуцлага ногдуулж хуулийг буцаан хэрэглэж хууль зөрчсөн илт хүчин төгөлдөр бус акт болсон.

Мөн 2007, 2008 онд дагаж мөрдөж байсан Монгол улсын Татварын ерөнхий хууль /1992.11.23-ны өдрийн/-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтаар “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Энэ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй” гэж заасан тул хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмыг барьснаар тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул актаар тогтоосон төлбөр хүчингүй болохоор байна.

Мөн Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актын тогтоох нь хэсгийн 2-т Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтаар акт тавьсан нь үндэслэлгүй байна. Манай компани НӨАТ-ийн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг зөрчөөгүй байхад уг заалтаар хариуцлага тооцсон нь бас үндэслэлгүй юм.

Мөн Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актын тогтоох нь хэсгийн 2.2-т “2008 онд 88,047,500 төгрөгийн үлдэгдэл бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж акт тогтоосон нь үндэслэлгүй юм. 

Иймд Татварын улсын байцаагчийн 2011 оны ******* дугаар актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу төлбөрийг чөлөөлж, өршөөлд хамруулж, өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбартаа: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа:

1. “Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх” гэжээ.

Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Да.А*******, Б.Нармандах нар нь “Ш*******” ХХК-ийн 2007-2010 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд батлагдсан графикийн дагуу санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, гааль болон хөндлөнгийн мэдээллийг үндэслэн хяналт шалгалт хийн шалгалтаар нийт 154,701,300 төгрөгийн зөрчилд 23,447,400 төгрөгийн нөхөн татварыг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот актаар тогтоосон байна.

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдан гарсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дүгээр зүйлд, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтын 2.1.1, 2.1.2-т заасны дагуу “2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг.../ гэж тус тус заасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

“Тус шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан “Ш*******” ХХК-ийн шаардлагын 2 дахь хэсэгт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Татварын улсын байцаагчийн 2011 оны ******* тоот актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах тухай гэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байх бөгөөд энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги буюу захиргааны хариуцлага нь Өршөөлийн тухай хуульд хамрагдахгүй гэж заасан. Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 дугаар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чиглэлийн 4-д Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татвараа бүрэн барагдуулсан тохиолдолд захиргааны зөрчил буюу хүү, торгууль, алданги нь хуулийн үйлчлэлд хамаарахаар байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь “...Нийслэлийн Татварын газрын Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх/-ийн дагуу Татварын улсын байцаагчийн 2011 оны ******* тоот актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч тус актыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус акт гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан боловч тус маргаантай асуудлаар дээд шатны захиргааны байгууллага болон гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий татварын маргаан таслах зөвлөлд хандаагүй байна. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад маргааны бүхий татварын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хийсэн болно. 

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу татварын улсын байцагчийн 2011 оны ******* тоот актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2016 оны 2 дугаар сард албан бичгээр гаргасанд “...хариу өгөх шаардлагагүй бичиг байна” гэж илт хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иймд шүүх “...******* тоот актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу чөлөөлүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв. 

Үндэсний татварын албаны 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22/11/0260 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Нийслэлийн татварын газраас нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн 2007-2010 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт хийж 2011 оны 11 сарын 25-ны өдрийн ******* тоот актаар нийт 154.701.300 төгрөгийн зөрчилд 23,447,400.00 төгрөгийн нөхөн татвар, хүү, алданги, торгуулийг ногдуулжээ.

“Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч нарын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заажээ.

“Ш*******” ХХК-ийн зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдож, зөрчилд Нийслэлийн татварын газрын татварын байцаагчийн 2011 оны 11 сарын 25-ны өдрийн ******* тоот актаар төлбөр ногдуулсан тул нэхэмжлэгчийн “...******* тоот актаар тогтоосон 23,447,400.00 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх...” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Татварын улсын байцаагчийн 2011 оны ******* тоот актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” хэмээн тус тус заажээ. 

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь татварын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны зөрчил гаргасан бөгөөд энэхүү зөрчилд ногдуулсан татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсэг буюу хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн тул “Ш*******” ХХК-д ногдуулсан 42.600 төгрөгийн хүү, 451.900 төгрөгийн алданги, 7.483.500 төгрөгийн торгууль нийт 7.978.000 төгрөгийн төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах явдал бөгөөд маргаан бүхий татварын актаар тогтоосон 23.447.400 төгрөгийн нөхөн татвар нь “Ш*******” ХХК-ийн төлөх ёстой төлбөр бөгөөд энэхүү нөхөн татварыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот актаар “Ш*******” ХХК-д ногдуулсан 42.600 төгрөгийн хүү, 451.900 төгрөгийн алданги, 7.483.500 төгрөгийн торгууль буюу нийт 7.978.000 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДОЛГОРСҮРЭН