Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01073

 

П.Батцэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 774 дүгээр шийдвэр,         

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаар магадлалтай,

П.Батцэндийн нэхэмжлэлтэй

Б.Пүрэвсүрэнд холбогдох,

20.065.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

7.300.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван,                                                                              нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Батцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...өөрийн эзэмшлийн 18-39 ДГО улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт Б.Пүрэвсүрэнд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нийт 16.000.000 төгрөгөөр худалдсан. Б.Пүрэвсүрэн гэрээний үүргийн дагуу 2.300.000 төгрөгийг өгч үлдэх 13.700.000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөөгүй, цаашид сайн дураар төлөхгүй байх нөхцөл байдал бий болсон тул авто машины үлдэгдэл төлбөр 13.700.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу алданги 6.165.000 төгрөг нийт 19.865.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүдэн гарч буй хохирол буюу шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал, бусад зардал 200.000 төгрөгийг нэмж нийт 20.065.000 төгрөг болгож байна” гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: П.Батцэнд 2015 оны 8 дугаар сард 18-39 ДГО улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машиныг чиргүүлийн хамт зээлээр худалдах, худалдан авах харилцан тохиролцсон.  Машиныг анх худалдан авах зорилгоор үзлэг хийхэд нилээд эвдрэл гэмтэл учирсан бүрэн бус техник байсан. Тухайлбал: Чиргүүлийн 12 ширхэг дугуй бүгд муудаж, үүнээс 6 ширхэг нь шаардлага хангахгүй болсон. Тормозны аппаратууд бүгд эвдэрсэн. Чиргүүл тормозгүй, хийн хоолойнууд гэмтсэн, гэрлэн дохио байхгүй, уг машины консны дээд доод аппарат эвдэрсэн, араандаа ордоггүй, хурдны хайрцагны пирда диск буюу харьцах холбоо нь эвдэрсэн. Гэрлэн дохионууд ажилладаггүй, гэрлэн дохионы рычакнууд байхгүй гэх мэт.

Уг машины моторын эвдрэлийг бол хүлээн авахгүй. Харин мотор сайн бол бусад бүх төрлийн механик эвдрэлүүдийг Хятадаас шууд сэлбэг хэрэгсэл худалдан авч засварлах замаар ажиллагаанд оруулах боломжтой. Дээрх засвар үйлчилгээг худалдан авагч тал өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэж тохиролцсоны үндсэн дээр зээлээр худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 2.300.000 төгрөгийг төлж машиныг хүлээж авсан.

Тухайн үед П.Батцэнд нь машины мотор бол шаардлага хангахуйц, асуудалгүй үнэхээр сайн гэж надад итгүүлсэн.  Миний машин худалдаж авах болсон хамгийн гол зорилго бол Дорнод аймагт бэлтгэсэн өвсөө Улаанбаатар хот руу тээвэрлэх явдал байсан. Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хүний хамгийн наад захын мэдвэл зохих асуудлуудыг мэдэхгүй дүр эсгэж ажилд минь ихээхэн саад учруулсан. Одоо бодоход тэр намайг залилсан байна.

Эрээн хотоос шаардагдах бүх сэлбэгүүдийг шинээр худалдан авч, засварыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд байрлах нэхэмжлэгч П.Батцэндийн хашаан дотор засварчин хөлсөлж хийлгэснийг нэхэмжлэгч сайн мэднэ.

Машины зөвхөн толгойн хэсэгт гэрээ хийсэн. Харин чиргүүл нь П.Батцэндийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан болохоор гэрээнд дурдаагүй болно.

П.Батцэнд нь худалдах, худалдан авах гэрээний шаардлагын дагуу ямар ч доголдолгүй техник хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл моторт эвдрэл доголдол илэрч, гэрээний шаардлага зөрчигдсөн тул гэрээнээс татгалзаж байгаагаа удаа дараа хэлж мэдэгдсэн. Машинд эхний удаагийн засвар үйлчилгээ хийсний дараа Дорнод аймгийн чиглэлд 300 гаруй км яваад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо ус нь халж тургиад явахаа больсон. Тийм учраас 3 хоноод эзэнд нь энэ байдлыг хэлсэн. Чи мотор зүгээр гэсэн чинь яасан бэ ? гэхэд намайг унаж байхад зүгээр байсан юм гэж хэлсэн. Мотороо янзалж өг эсхүл машинаа буцааж ав гэсэн шаардлагыг тавихад тэр зөвшөөрөөгүй, та авснаараа өөрөө янзал гэсэн. Дулаан цаг байсан тул ус нэмж, моторыг нь хөргөж явсаар Дорнод аймагт ирсэн. Дорнодод зохих үйлчилгээ хийж, ачаагаа ачаад гарсан. Зам дагуу явж байсан машины жолооч нараас асууж зөвлөгөө авч гавлын жийрэг солих зэрэг боломжтой засварыг хийсээр 10 хоног явж Улаанбаатарт ирсэн. Эргэж буцаж нийт 2 удаа Дорнод орсон. Улаанбаатарт ирээд 2 ширхэг гавлын жийрэг, хийний аппарат, жийрэгнүүд порсунк, аппаратуудыг нь сольсон. Терместат шинээр авч тавьсан. Моторт нь бүрэн агрегат засвар хийгээд засвар аваагүй. 9 дүгээр сарын 20- ны өдөр машинаа ав. 2.300.000 төгрөгийг буцааж өг. Харин сэлбэг, засварт зарцуулсан 5.000.000 төгрөгөө авахгүй гэсэн санал тавихад нэхэмжлэгч бас л хүлээж аваагүй. Мөн мотор ямар үнэтэй вэ? Эрээнд аваачиж засуулахад ямар зардал гарах талаар Замын-Үүдэд оршин суудаг хүний хувьд судалж мэдээд өгөөч гэхэд харамсалтай нь ямар ч хариу өгөөгүй, 10 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүдэд уулзах гэж очиход Сэлэнгэ аймаг явчихсан байсан. Хоёр хоног хүлээж байгаад ирэхэд нь уулзаж 2.300.000 төгрөгийг буцааж өг. Харин сэлбэг, засварт зарцуулсан 5.000.000 төгрөгөө авахгүй, эсхүл мотор авах мөнгийг хасаад наймаагаа дуусга гэсэн санал тавихад үгүй би шүүхэд хандана гэсэн. Одоогийн байдлаар машин миний хадгалалт хамгаалалтанд байна. Сэлбэг засварт оруулсан 5.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8.700.000 төгрөгийг 6 сарын дотор төлнө, Машиныг биет байдлаар нь буцаан өгч, бүх зардлаа нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...П.Батцэнд машины мотор нь сайн зүгээр гэсээр байж надад өгсөн. Ингээд би машинд 2 сар шахам засвар хийж, өөрөө мөнгөөрөө Хятад улсын Эрээн хотоос сэлбэг авчирч П.Батцэндийн хашаанд засварлаад авч явсан. Гэтэл машин дөнгөж явуулж эхлээд л усаа тургиж халаад явахгүй болсон. Иймээс 3 хоноод П.Батцэндэд энэ тухай хэлж хэлцэл гэрээгээ цуцалъя машины мотор гэмтэлтэй байна гэхэд “Зүгээр байсан“ гэхээр нь би Улаанбаатар хотод ирж 2 ширхэг гавал... жийрэг хийн аппарат, порсунк зэргийг авч аппаратуудыг тохируулаад моторыг бүх агрегатаар нь сольж жийрэгнүүдийг сольсон. Мөн Терместэн шинээр авч тавьсан боловч засвар аваагүй. Ингээд би 9 дүгээр сарын 20-ны өдөр машинаа ав 2.300.000 төгрөгөө буцааж авъя харин яахав засварт зарцуулсан 5.000.000 төгрөгөө авахгүй, эсвэл, эсхүл мотор авах мөнгийг хасаад наймааг дуусгая гэсэн санал тавихад шүүхээр явна гэсэн. Иймд П.Батцэндээс урьдчилгаанд өгсөн 2.300.000 төгрөг, дээр нь машинд авч тавьсан сэлбэгийн үнэ, мөн засвар хийлгэсэн засварчинд төлсөн мөнгө 5.000.000 төгрөг бүгд 7.300.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Батцэнд сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Б.Пүрэвсүрэн бид харилцан тохиролцож Иргэний хуульд заасан нөхцөлийн дагуу гэрээг байгуулж, гэрээний үүргийн дагуу Б.Пүрэвсүрэнд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн.  Б.Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгслийг хүлээн авч явсан ба өнөөдрийг хүртэл үр шимийг хүртэж байгаа бөгөөд түүний эзэмшил, ашиглалтанд байгаа болно. Би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 774 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар П.Батцэндийн нэхэмжлэлтэй Б.Пүрэвсүрэнд холбогдох 20.065.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Батцэндээс 2.300.000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Пүрэвсүрэнд олгож, 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар'зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Батцэндийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 263925 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 51.750 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 774 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 13.700.000 төгрөг, алданги 6.850.000 төгрөг, нийт 20.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батцэндэд олгож, хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтын "хэвээр үлдээж,” гэсний дараа: “хариуцагчаас 263.925 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож" гэж тус тус өөрчилж. шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.930 төгрөгийг төрийн сангаас гаргаж шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 774 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүрийн 2016 оны 142 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Би иргэн Батцэндээс 18-39 ДГО улсын дугаартай Норд Бенз маркын машиныг чиргүүлийн хамт 2015 оны 8 дугаар сарын 19-ний тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2.300.000 төгрөгийг өгч үлдсэн 13.700.000 төгрөгийг төлөөгүй юм. Учир нь Норд Бенз маркын машиныг анх авахад эвдрэл гэмтэлтэй байсан ба тухайн үед Дорноговь аймгийн Замын-Үүд суманд машин эвдэрснээс иргэн П.Батцэндийн хашаанд Хятадаас 3.000.000 төгрөгийн сэлбэг авчирч уг машинд засвар хийснийг П.Батцэнд хүлээн зөвшөөрдөггүй, мөн машины эвдрэлийн талаар удаа дараа хэлж наймаа буцах талаар ярилцсан боловч зөвшөөрөөгүй юм. Шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мөн Норд Бенз машин нь толгой, чиргүүлийн хамт 2 тусдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ба чиргүүл нь 1177БЧ улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэсэн Даваадоржийн Галиндэв гэж иргэний нэр дээр байсан бөгөөд толгой нь чиргүүлээ чирч явдаг зориулалттай, чиргүүл нь толгойндоо залгагдаж ачаа тээвэрлэх зорилготой юм. Гэтэл тухайн үед зөвхөн Норд-Бенз машины толгойг буюу чирэх хэсгийг нотариатаар батлуулан миний нэр дээр шилжүүлэн чиргүүлийг хүн нь олгохгүй байна гээд миний нэр дээр шилжүүлээгүй. Д.Галиндэв гэдэг хүний нэр дээр явдгаас одоог хүртэл би машинаар ачаа тээвэрлэх бололцоо бүрдээгүй байгаа бөгөөд шүүх үүнийг анхаарч үзэхгүй Норд-Бензыг чиргүүлийн хамт надад шилжүүлсэн мэтээр асуудалд хандаж намайг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Норд-Бенз нь чиргүүлийн хамт иж бүрдэл болж зохих ёсоор ачаа тээвэрлэх нөхцөл бололцоо бүрдэх ёстой атал шүүх хууль ёсны дагуу 2 ширхэг буюу Норд-Бенз машины толгой, чиргүүл нь нэг гэрээгээр шилжсэн мэт асуудалд хандаж хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байна зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь бүрэн байх ёстой тээврийн хэрэгслийн нэг хэсэг нь шилжээд нөгөө хэсэг нь хууль ёсны дагуу миний эзэмшилд шилжээгүй байхад, би ямарч ачаа бараа тээвэрлэх хууль зүйн нөхцөл бүрдээгүй байхад надаар үлдэгдэл мөнгийг төлүүлэх нь үндэслэлгүй юм. Хэрэв тухайн үед тээврийн хэрэгсэл зохих журмын дагуу миний нэр дээр шилжсэн бол би үүргээ биелүүлж хугацаанд нь төлөх бололцоо нөхцөл бүрдэх байсан юм. Гэрээнд бичиг баримтыг бүрэн шилжүүлснээр төлбөр төлөгдөх тухай тусгасан ба шүүх эсрэгээр нь төлбөр төлөөгүйгээс машин шилжээгүй гэж буруу дүгнэсэн. Мөн зөвхөн машиныг толгой, чиргүүлийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ асуудлыг зээлийн гэрээний адилаар үзэж алданги төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрхи байдлуудыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх П.Батцэндийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Батцэнд нь хариуцагч Б.Пүрэвсүрэнд холбогдуулан машины үнийн үлдэгдэл 13.700.000 төгрөг, алданги 6.165.000 төгрөг, замын зардал 200.000 төгрөг нийт 20.065.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Хариуцагч доголдолтой машин шилжүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж, 7.300.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч П.Батцэнд нь 18-39 ДГО улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт 16.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч Б.Пүрэвсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг автомашины үнийг төлж дуусгах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хавтаст хэргийн 3 дугаар тал/.

Гэрээний зүйл болох машин худалдан авагчийн өмчлөлд шилжсэн, машины үнэд 2.300.000 төгрөг төлснөө хариуцагч үгүйсгээгүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц худалдан авагчийн нэр дээр тээврийн хэрэгслийн нэр шилжихээр талууд гэрээгээр тохиролцсон байх ба хариуцагч машины үнийг бүрэн төлөөгүй байхад анхан шатны шүүх “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...машины мотор сайн бол бусад бүх төрлийн механик эвдрэлүүдийг Хятадаас шууд сэлбэг хэрэгсэл худалдан авч өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр” тохирсон талаар дурдсан /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд машины мотор эвдрэлтэй байсан гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч алдангийг нэхэмжлэлд дурдсанаас илүү тооцсон, мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй алдаа гаргажээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 13.700.000 төгрөг, алданги 6.850.000 төгрөг нийт 20.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Батцэндэд олгож, хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 13.700.000 төгрөг, алданги 6.165.000 төгрөг нийт 19.865.000 /арван есөн сая найман зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Батцэндэд олгож, нэхэмжлэлээс 200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Батцэндэд холбогдох 7.300.000 төгрөг гаргуулах тухай Б.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “...263.925...” гэснийг “257.275” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 260.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ