| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00892/И |
| Дугаар | 155/ШШ2024/00910 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00910
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00910 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х А-ын М-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, И Бын чд холбогдох,
18,000,000 (арван найман сая) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М- (цахимаар),
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С (цахимаар),
Хариуцагч Б.ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Б.чд холбогдуулан 27,000,000 (хорин долоон сая) төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд зохигч дараах байдлаар эвлэрсэн талаараа тодруулав.
Нэхэмжлэгч А.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие North Benz загварын, 30 тоннын даацтай, сайн чанарын тээврийн хэрэгсэлтэй ба уг унаагаар ачаа тээвэр хийж байх үед 2022 оны 12 дугаар сард өөрийгөө Б.ч гэж танилцуулсан залуу надад машинаа зарчих гэж санал тавьж гуйсан. Хариуцагч бид хоёр хоорондоо тохиролцож, уг тээврийн хэрэгслийг Б.ч надаас 38,000,000 (гучин найман сая) төгрөгөөр үнэлж худалдаж аваад явсан. Тухайн үед Б.ч нь Хөвсгөл аймагт очингуутаа уг мөнгийг бүрэн бүтэн хийж дуусгана гэж амалсан болохоор би итгэж машинаа өгч явуулсан. Тухайн үед төлбөр бүрэн хийгдэж дууссаны дараа машиныг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр болж тохиролцсон.
Гэтэл Б.ч нь түүнээс хойш гар утсаа авахгүй, төлбөрөө бүрэн хийхгүй байсан болохоор би түүнийг арай гэж эрж хайж уулзахад хариуцагч надад: Би чиний машиныг Улаанбаатар хотын иргэн Б-ийн М гэдэг хүнд 50,000,000 төгрөгөөр зарчихсан, тэр хүнээс мөнгөө авсны дараа чиний мөнгийг өгнө. гэж хэлж *** гэсэн фэйсбүүк хаягийг болон 88070108 гэсэн гар утасны дугаарыг өгсөн. Энэ дугаар руу залгаж чгийн хэлснийг хэлэхэд Чамаас машин аваагүй, чамайг танихгүй, би чгээс машин худалдаж авсан, чамтай харьцах шаардлага байхгүй гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би эдгээр хүмүүс хоорондоо хуйвалдаж намайг залилан мэхэлсэн байж магадгүй гэж бодоод аймгийн цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан.
Гэтэл Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, уг асуудлын хүрээнд иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Гэрээний 3.6-д зааснаар хэрэглэгч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцоход 51,930,000 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 9,000,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Б.чгээс гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж, надад олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.ч нь А.М-ы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гарагж байна.
Бид North Benz загварын 30 тоннын даацтай тээврийн хэрэгслийг А.М-аас 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгөөд машиныг миний эзэмшилд шилжүүлэх, үлдэх төлбөрийг шилжүүлж өгсний дараа миний өмчлөлд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.
Мөн А.М- нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл тус машиныг эзэмшилдээ шилжүүлсний дараа машины тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх арлын дугаар болон машины арлын дугаар зөрүүтэй болохыг мэдсэн. Үүнээс болж машиныг ашиглаж чадахгүйд хүрсэн бөгөөд нэхэмжлэгч А.М-д хэлэхэд асуудалгүй янзлаад өгнө гэж хэлсэн.
Миний хувьд машины эрхийн зөрчлийг арилгаж өгсний дараа үлдэгдэл мөнгөө өгөхөө илэрхийлсээр өдийг хүрсэн.
Машины арлын дугаар зөрүүтэй тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр бүртгэж өгөхгүй, мөн түүнчлэн үзлэг оношлогоондоо ч орж чадахгүй. Үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол холбогдох хууль тогтоомжоор хариуцлага хүлээдэг.
Миний хувьд машиныг зарж борлуулсан зүйл байхгүй, миний эзэмшилд байгаа. Хэрэв нэхэмжлэгч А.М- нь гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлчих юм бол миний зүгээс 18,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэгч нь өөрөө надад эрхийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй учраас алданги болох 9,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
|
|
Нэхэмжлэгч А.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжилсэн нийт алдангаас татгалзаж эвлэрэх саналтай байна гэв.
Хариуцагч Б.ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжилсэн алдангиас татгалзсан учир эвлэрэх саналыг хүлээн авч байна. А.М-д машины үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгийг төлж барагдуулъя гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ (тээврийн хэрэгсэл) ний нотариатчаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 231300368 дугаартай мөрдөгчийн тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, А-а М-ы дипозит дансны дэлгэрэнгүй хуулга 2022 оны 12 дугаар сарын 26-ны эхлэх огноотой, 2022 оны 12 дугаар сарын 27-ны дуусах огноотой, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хохирогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэл, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогч А.М-аас дараах мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримт, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн дарга З.Онгарын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5054БӨТ улсын дугаартай Bieben North Benz маркийн тээврийн хэрэгслийн лавлагааг хүргүүлж байна. гэх бичилт бүхий албан бичиг, ч гэх фэйсбүүк хаягтай харилцсан зурвасны зураг, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд тус тус Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн талаар мэдэгдэх хуудас, А.М-ы Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлт, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн дарга З.Онгарын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаартай албан бичиг, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлийн хуудас, Автотээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбараас мэдээ лавлагаа хүссэн Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Алгадайн Сы 2024.09.09-ний өдрийн 206 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2024.09.09-ний өдрийн 32-05/4954 дугаартай албан бичиг, 5054 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.чгийн торгуулсан Шийтгэврийн хуудас 10 ширхэг, Б.чд зарсан тээврийн хэрэгсэл гэх тайлбартай гэрэл зураг, фэйсбүүк чатаар харилцсан зурвасын хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 1-22, 39-52 дугаар тал)
Хариуцагчаас 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 32 дугаар тал)
Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Б.чд холбогдуулан 27,000,000 (хорин долоон сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М- нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид нэхэмжилсэн 9,000,000 (есөн сая) төгрөгийг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.чгээс автомашины үнийн үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч А.М-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 (хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.чгээс 18,000,000 (арван найман сая)төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 247,950 (хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.ч нь энэ шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.М-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чд холбогдох гэрээний үүрэгт 18,000,000 (арван найман сая) төгрөг, алданги 9,000,000 (есөн сая) төгрөг, нийт 27,000,000 (хорин долоон сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 18,000,000 төгрөгийн хэмжээнд буюу нэхэмжлэгч А.М- нь 9,000,000 (есөн сая) төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.чгээс автомашины үнийн үлдэгдэл төлбөр 18,000,000 (арван найман сая) төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.М-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 (хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.чгээс 247,950 (хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН