Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00913

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00913

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б- би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух Х Б-гийн Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 596,259 (таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00936/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- нь ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1400000690078 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Б- нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулагүй юм.

Б.Б-г хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.Б-гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 471,825 төгрөг, зээлийн хүү 103,695 төгрөг, зээлийн хүү 20,739 төгрөг нийт 596,259 төгрөг гаргуулахаар байна.

Өнгөрсөн хугацаанд Б.Б-гийн зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 596,259 (таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б- нь ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зээлийн аппликейшнээс зээл авсан ба 596,259 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 596,259 төгрөгийг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 596,259 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 596,259 (таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 596,259 (таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,538 (арван найман мянга таван зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс 9,269 (есөн мянга хоёр зуун жаран ес) төгрөгийг, улсын орлогоос 9,269 (есөн мянга хоёр зуун жаран ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 596,259 (таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 596,259 (таван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,538 (арван найман мянга таван зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс 9,269 (есөн мянга хоёр зуун жаран ес) төгрөгийг, улсын орлогоос 9,269 (есөн мянга хоёр зуун жаран ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.Б-