Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014418 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Д, 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын Буянт хорооллын 9 дүгээр баг 1-44 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Б, 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын Буянт хорооллын 9 дүгээр баг 2-21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Ч.Д, Ч.Б нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 11 дүгээр байрны хойно иргэн П.Ганзоригийн хоолойг нь  боож хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны ойролцоо иргэн Э.Лхагвын  биед хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн,

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6 дугаар байрны гадна иргэн Л.Тунгалагийн биед хүч хэрэглэн гар цүнхтэй мөнгийг дээрэмдсэн,

-Мөн шүүгдэгч Ч.Д нь ганцаараа 2017 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 3-73 тоотод оршин суух иргэн О.Нандинцэцэгийн гэрт хонож байхдаа 1.300.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч П.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 23.00 цагийн үед Сансарын Оакланд баарнаас гараад явж байхад 2 залуу намайг дуудаад “яриа байна уу” гэж асуусан. Хөгшөөн ийшээ хальт гурвуулаа уулзъя гэж 11 дүгээр байрны хойд талд харанхуй булан руу мөрөн дээр нэг нь гараа тавиад аваад явсан. Тэгээд харанхуй буланд ороод намайг утсаараа нэг яриулчих гэсэн. Би утсаа өгөхийн хооронд араас  нэг нь нарийхан юмаар миний ардаас боосон. Нэг нь миний гутал татаад түрүүлээд аваад явсан. Куртикны энгэрийн зүүн халаасанд байсан гар утсыг намайг боож унагаасан залуу авч явсан. Би түр хугацаанд ухаан алдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-9/,

Хохирогч Л.Тунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хармаг нэртэй өөрийн дэлгүүрийн шөнийн 00.30 минутанд хаагаад 13 дугаар хорооллын Хаан банк орж АТМ орж мөнгө оруулж, гаргачихаад гэр лүүгээ Голомт банкны хажуугийн аркаар гараад миний хажуу талаар нэг  годон гуталтай хүүхэд хальтирч унасан бөгөөд би тоохгүй алхаж байхад тэр залуу ирээд миний цүнхнээс татсан бөгөөд намайг дийлээгүй, тэгсэн ардаас нэг залуу ам дараад газар унагасан. Тэр хоёр залуу миний цүнхийг татаад аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-118/,

Хохирогч О.Нандинцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр би хохирлын мөнгө гэж 1.300.000 төгрөг аваад гэртээ ороод нөхөр Алтангэрэл болон манай ирээд нэлээн хэд хонож байсан Ч.Давааням нарт мөнгөө үзүүлээд би сая хохирлын мөнгөө авчихлаа гэж хэлээд куртикны энгэрийн халаасанд хийгээд байж байгаад унтахдаа би куртикаа дэрлээд унтсан юм. Тухайн үед Даваанямь Алтангэрэл бид хоёрын орны хажууд унтсан юм. Тэгээд маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 4-ний өглөө Алтангэрэл 8 цагийн үед намайг сэрээгээд “чи мөнгөө хаана хийсэн юм бэ? гэрийн хаалга онгорхой байна. Давааням алга болчиж” гэхээр нь би босоод куртикны халаасанд хийсэн мөнгөө үзэхэд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-136/,

Хохирогч Э.Лхагва мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Нэг мэдэхэд Цамбагарав өнгөрөөд явж байтал хаанаас ч юм 20 орчим насны 2 залуу миний 2 талд гарцан надтай юм яриад яваад байсан. Тэгж явсаар 19-н автобусны буудлын хойд талд харанхуй хэсэг рүү ороход нөгөө 2 залуу намайг хажуу тийшээ түлхсэн. Нэг залуу нь миний толгой дээр дарж байсан. Тэгээд би ухаан ороход нэг залуу нь миний хүзүүнд байсан гинжийг тайлаад авч байсан ба миний үүрч явсан цүнхийг надаас татаад авсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэр хоёр залуу миний хажууд миний цүнхийг ухаад зогсож байсан. Тэгээд би утсаа гаргаж ирээд эхнэр лүүгээ залгах гэж байхад тэр 2 залуугийн нэг нь миний гар утсыг булааж аваад цаашаа гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-193/,

Гэрч Е.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 2 дугаар сарын 3-ны шөнө Нандинцэцэг цагдаа дээр Гэрэлмаа гэх хүнд зодуулсан хэргээр хохирогчоор шалгагдаж байгаад хохирлын мөнгө 1.300.000 төгрөгөө авчихлаа гээп орж ирээд бид нарт дан 20.000 дэвсгэрт үзүүлж куртикны халаасандаа хийчихсэн юм. Тэгээд бид нар унтсан. Тухайн үед Давааням бид нар нэг өрөөнд хамт унтсан. Би маргааш өглөө нь босоод харахад Давааням босоод явсан байдалтай хөнжил нь сөхөгдөөд өөрөө байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-137/,

Яллагдагч Ч.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сансарын тунел орчим үл таних залууг Давааням хоолойг боож би өмсөж явсан годон гутлыг суга татаж тайлж аваад зугтаасан. Давааням гар утсыг авсан. Мөн 13 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд Даваанямын хамтаар би жаахан халамцуу согтуу явж байгаад үл таних эгчийн гартаа барьж явсан цүнхийг аваад бэлэн 565.000 төгрөгийг Даваанямын хамтаар аваад үрэгдүүлсэн. Гар цүнхийг замдаа хаясан. Сонгинохайрхан дүүрэгт 19-н автобусны буудлын хойно Даваанямын хамтаар явж байгаад үл таних залуугийн гар утсыг би авч зугтаагаад араас Давааням монетон гинж бариад ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-81/,

Яллагдагч Ч.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би нутгийн найз Бямбадоржийн хамтаар Сансарын тунел дээр үл таних согтуу залуу хүүхэн асуугаад мэдэхгүй гээд мөрөө хавчсан намайг мөргөөд би зөрүүлээд заамдаж хоолойг боогоод тэр залуу цагдаа дуудна гэж хэлээд баруун урд энгэрийн халааснаас гар утсаа аваад цагдаа руу ярьж чадалгүй гар утсаа газарт унагасан. Тэгсэн Бямбадорж тэр залуугийн годон гутлыг тайлж авсан. Би тэр залууг түлхэж унагаагаад газраас гар утсыг нь аваад явсан, 13 дугаар хорооллын автобусны хойд талд Бямбадоржийн хамтаар явж байгаад 40-50 насны эгчийг Бямбадорж цүнхийг нь булаагаад дийлэхгүй, би араас нь очоод хүчээр булаагаад зугтаасан, Сонгинохайрхан дүүргийн нутаг 1 дүгээр хороо 19-н автобусны буудлын хойно Бямбадоржийн хамтаар бас нэг согтуу 30-40 орчим насны залууг Бямбадорж куртикнээс татсан тэр залуу явган суусан тэгсэн гинж унах шиг болсон. Би гинжийг нь аваад зугтаасан юм. Бямбадорж араас Ай фонэ маркийн цагаан утас барьсан ирсэн. Орхон аймагт аавын талын холын хамаатан Нандинцэцэгийн гэрт нь ширээн дээр байсан 1.000.000 төгрөгийн хулгайлж аваад би өөрөө хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-73/,

Гэрч Ч.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-18/, гэрч Ч.Энхбаярын мэдүүлэг /хх-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/, хохирогч Л.Тунгалагийн мэдүүлэг /хх-118/, хохирогч О.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-136/, гэрч Е.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-137/, эд зүйлийн үнэлгээ /хх-189/, хохирогч Э.Лхагвын мэдүүлэг /хх-192/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Д, Ч.Б нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 11 дүгээр байрны хойно иргэн П.Ганзоригийн хоолойг нь  боож хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн болох нь,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны ойролцоо иргэн Э.Лхагвын  биед хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн болох нь,

-2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6 дугаар байрны гадна иргэн Л.Тунгалагийн биед хүч хэрэглэн гар цүнхтэй мөнгийг дээрэмдсэн болох нь,

Мөн шүүгдэгч Ч.Д нь ганцаараа 2017 оны 2 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 3-73 тоотод оршин суух иргэн О.Нандинцэцэгийн гэрт хонож байхдаа 1.300.000 төгрөг хулгайлсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Д-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг,

Мөн шүүгдэгч Ч.Д, Ч.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч хохирогч нарт учирсан хохирлыг төлөөгүй нөхцөл байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч Ч.Д-с хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Нандинцэцэгт,

Шүүгдэгч Ч.Д, Ч.Б нараас 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лхагвад,

Шүүгдэгч Ч.Д, Ч.Б нараас 190.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Ганзоригт,

Шүүгдэгч Ч.Д, Ч.Б нараас 573.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Д, Ч.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ялыг ялгамжтай оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Д-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг,

            - Ч.Д, Ч.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Д, Ч.Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорил ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж, Ч.Д-н бүгд биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д, Ч.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-н 228 хоног, Ч.Б-н 237 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-с 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Нандинцэцэгт,

            - Ч.Д, Ч.Б нараас 1.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Лхагвад,

            - Ч.Д, Ч.Б нараас 190.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Ганзоригт,

- Ч.Д, Ч.Б нараас 573.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Тунгалагт тус тус олгосугай.

              7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

              8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Д, Ч.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

              9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР