Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2024/0056

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч     Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******                     

Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдож, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан.

2.1 Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ж.*******ыг Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн.

2.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгч нь “...ажил олгогчоос намайг ажиллах боломжоор хангаж өгөөгүй, би ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж тайлагнадаг байсан...” гэж маргасан.

3.1 Хариуцагчаас ”... нэхэмжлэгч уг албан тушаалд дээр түр томилогдсон ба албан тушаалын шаардлага хангахгүй байсан тул сэлгэн ажиллах зарын дагуу шаардлага хангасан албан хаагчаар орон тоог нөхсөн нь үндэслэлтэй ...” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалын талаар Төрийн албаны салбар зөвлөлд хандан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр албан бичгээр хариу авч, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 05 сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 05 сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар чөлөөлөгдөн, 2019 оны 10 сарын 22-ны Б/46 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажилласан. Гэтэл Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 сарын 15-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар намайг Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилон ажиллуулаад 2024 оны 03 сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар сэлгэн ажиллах зарын дагуу шаардлага хангасан албан хаагч орон тоог нөхсөн тул намайг 2024 оны 03 сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2. "ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино" гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогч нь намайг ажиллах боломж, компьютер, унаа, техникээр хангаж өгөөгүй. Мөн надад мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй байна гэж анхааруулж хэлсэн зүйл байхгүй. Ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж тайлагнадаг байсан гэтэл яагаад ийм үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгааг ойлгохгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 47.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.1. хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 47.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх заалтуудыг үндэслэсэнд гомдолтой байна. Би ажил үүргээ цаг тухайд гүйцэтгэж явсан. Надад ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж анхааруулга, сануулга ирсэн удаа байхгүй. Би Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд 2024 оны 04 сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 71 дүгээр "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан тоотоор хууль бус захирамж гаргасныг тогтоосон боловч ажилд минь авахгүй байна гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манайхаас захиргааны акттай холбоотой 2 шаардлага гаргасан. 1 дүгээрт нь шилжүүлэн ажиллах, сэлгэн ажиллах журмыг зөрчсөн байна. Зөрчихдөө нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байна. Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэгч байж болно. Агуулгын хувьд түр орлон гүйцэтгэгч өөрөө тэр сул орон тоог нөхөх хүртэл ажиллах бүрэн эрхтэй гэж миний зүгээс үзэж байна. Хэрвээ өөр хүн томилогдоод албан ёсны журмынх нь дагуу ороод ирчихсэн асуудал яригдах юм бол өөр зүйл яригдана. Энэ дээр бол тэр асуудал огт яригдахааргүй байна. Мөн захиргааны актыг анх түр орон тооноос шууд халах гэсэн ийм агуулгаар гаргаж үндэслэлээ тэгж авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болохоор түр чөлөөлөх, чөлөөлөх гэсэн заалтыг оруулж ирж одоо маргаж байна. Ингэж маргахдаа хуульд заасан бусад үндэслэл гэж байгаа юм. Тэр хуульд заасан бусад үндэслэл тэр захиргааны актын агуулгад огт байхгүй байна. Ямар ч тийм хуульд заасан агуулга байхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан тухайн ажлын байран дээр тэнцэхгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан гэдэг ийм үндэслэлтэй шийдвэрлэчихсэн байгаа. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл үнэлгээний байгууллагаас тухайн хүний мэргэжил тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл тийм дүгнэлт байдаггүй. Тухайн ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа хуульд нийцүүлж гаргах ёстой байтал тийм зүйл байхгүй. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон байгаль орчны улсын байцаагчийн эрх олгох, хяналт тавих зохицуулалт байгаа. Үүн дээр яг байгаль орчны улсын байцаагч дээр ажиллаж байгаа хүнийг томилох, чөлөөлөх гэх асуудал нь 2, 3 дахь зохицуулалт байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэсэн хүсэлт гаргаж байна. Тийм учраас Ж.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ж.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдсон байдаг. Анх Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдоход төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролгүйгээр ерөнхий шалгалт нь хүчингүй болсон байхад шууд хяналтын улсын байцаагчаар түр томилогдсон нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын сул орон тоон дээр ажиллахад Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилд томилогдох бөгөөд улсын байцаагчийн эрх аваагүй байж хяналтын улсын байцаагчаар томилогдон цалинжих боломжгүй юм. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*******ыг ажиллаж байх хугацаанд Ж.******* нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлдэггүй, мэдээ, хугацаатай албан бичгийг хугацаанд нь гаргаагүй гэх мэт ажлын хариуцлага алдсан тохиолдол их байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03-р сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичгийн хүрээнд хуульд нийцүүлж ажиллах чиглэлийг ирүүлсэн байдаг. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03-р сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44-р зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2 дахь заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.2 дахь заалтуудыг үндэслэн "...сэлгэн ажиллах зарын дагуу шаардлага хангасан албан хаагч орон тоог нөхсөн тул 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн." Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар албан бичгийг үндэслэн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03-р сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтаар өөрчилсөн байна. Ж.*******ын ажиллаж байсан ажлын байран дээр Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сэлгэн ажиллуулах шаардлагыг хангасан албан хаагчийг томилох боломжтой болсон тул түүнийг чөлөөлсөн нь хууль тогтоомжид нийцэж байна гэв.

8. Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зөрчилтэй томилгоо гэдгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хугацаатай бичиг ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр энэ зөрчилтэй томилгоог зөрчилгүй болго гэж ирсэн. Үүний дагуу энэ зөрчилтэй томилгоонуудыг албан ёсоор, хууль ёсных нь дагуу Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт зарлуулах гэх мэтчилэн ажлууд хийгдсэн. Энэ хугацаанд Ж.*******ын хувьд би боломж олгосон. Яаж боломж олгосон бэ гэхээр эхний шалгалтдаа яагаад өгөөгүй байсныг мэдэхгүй. 2 дугаар улирлын шалгалтдаа би бүртгүүлж амжсангүй ээ гэсэн. 3 дугаар улирлын шалгалтад ахиад ороод шалгалтаа өг гэсэн. 3 дугаар улирлын шалгалтдаа ороод тэнцээгүй. Ахиад би энэ ондоо багтаад 4 дүгээр улирлын шалгалт өгөөд ажлын байраа баталгаажуулж ав гэдэг шаардлагыг тавьж байж 4 дүгээр улиралд 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгалтдаа тэнцсэн гэх мэтчилэн хуулийн дагуу өөрийнхөө бас албан тушаалын дагуу хэн хэнийг хохироохгүйн тулд дүрэм журамдаа захирагдаж энэ чөлөөлөх, томилох ажлыг миний хувьд хийсэн. Тэгэхээр шүүх бас харгалзан үзнэ биз. Бас энэ материалтай танилцаад миний хувьд хууль бус, буруу зөрүү хийсэн юм байхгүй. Хууль ёсны дагуу энэ томилгоог хийсэн  гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль хамгаалагчийг Байгаль орчны албаны дарга томилохоор хуульчилчихсан байгаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллах мэргэжил буюу байцаагчийн эрхийг бол холбогдох газар өгнө. Тухайн орон нутагт байгаль хамгаалагч болон байцаагчийг томилон ажиллуулж болно гэж заасан байгаа. Тэгэхээр үүнээс харахад нэгэнт бүтэц орон тоон дээр байгаль орчны мэргэжилтнээр ороод улсын байцаагчийн эрхийг Байгаль орчны тухай хуульд заасны дагуу холбогдох улсын ахлах болон улсын байцаагчийн эрхийг олгож байгаа учраас энэ томилгоо хийх эрх бүхий албан тушаалтан мөн үү гэдэг дээр мөн байна гэж үзэхээр байгаа юм. Ж.******* бол түр орлон гүйцэтгэгч буюу одоо сул орон тоон дээр ажиллаж байсан хүн гэдэг нь тодорхой байгаад байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч бол төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцсэн, тангараг өргөсөн төрийн албан хаагч л ажиллах ёстой ажлын байр. Энэ ажлын байранд буюу Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу томилогдох шалгуур, нийтлэг журмыг хангасан хүнийг ажиллуулах ёстой. Гэтэл Ж.*******ын хувьд төрийн захиргааны албан дээр тусгай шалгалтаа өгөөгүй, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир түүний орон тоог сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалтыг зарлах зарыг хүргүүлсэн нь хуульд нийцэж байгаа юм. Сонгон шалгаруулалт буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох гэж байгаа. Мөн хуулийн 27.1.2-т эхний ээлжинд сэлгэн болон шилжүүлэн ажиллахыг төрийн албан хаагчдаас нөхнө гэсэн зохицуулалт байгаа. Ингээд төрийн албан хаагчийг нөхөх хүрээнд байгаль хамгаалагч буюу Байгаль орчны газарт ажиллаж байгаа албан хаагч материалаа ирүүлсэн тул төрийн албан хаагчдаас энэ орон тоог нөхье өө гэдэг хүсэлт тавьж Байгаль орчны газраас зөвшөөрч ажлаас чөлөөлөөд энэ хүн маань одоо томилогдсон байгаа. Үүнийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон гэж үзэх бас боломжгүй юм. Шууд ажилд аваад сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэлгүйгээр шууд хэн нэгнийг томилчихсон бол хууль зөрчсөн гэж үзэх байх. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны зарыг өгөөд Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаас нөхөх зараа тавиад энэ зарын дагуу ******* гэдэг хүн маань өөрөө материалаа ирүүлсэн. Ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн энэ байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн гэдгээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ мэргэжилтний тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна. Тийм учраас би материалаа хүргүүлнэ гээд ирүүлснийг нь энэ ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, Төрийн албаны тухай хуульд байсан төрийн албан хаагчийн шаардлага хангаж байсан учраас түүнийг томилж ажиллуулж байгаа юм. Энэ нь бол заавал сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллах журам зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэсэн нь өөрөө Төрийн албаны зөвлөлөөс буруу байна гэж ирүүлсэн тул Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн бичгийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар илэрхий алдаатай адилтгаж болох алдаа байна гэж үзэж үндэслэл дээр өөрчлөлт оруулсан байх. Үндэслэлд өөрчлөлт оруулсан болохоос биш яг чөлөөлсөн 1 дэх, 2 дахь заалтад бол агуулгаараа бүтэн солигдсон зүйл байхгүй. Сул орон тоо нөхсөний улмаас түүнийг чөлөөлсөн гэдэг агуулгаар чөлөөлсөн. Тэгвэл сул орон тоог хэрхэн нөхсөн нь хуульд нийцэж байгаа. Ийм учраас түүнийг чөлөөлж байгаа илэрхий алдаагаа засаж байгаа энэ үйлдэл бол тушаал гаргаж байгаа албан тушаалтны эрх хэмжээний асуудал учраас үүнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Хуульд заасан бусад үндэслэлээр гэж чөлөөлсөн гэж үзээд байх шиг байна. Чөлөөлөх үндэслэл дээр сул орон тоо нөхөгдсөн учраас чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй л дээ. Тийм учраас Төрийн албаны тухай хуульд зааснаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүн дээр төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох хүн материал ирүүлсэн учраас түүнийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлж чөлөөлж байгаа нь бусад үндэслэл гэдэгт хамаарна. Энэ бол Төрийн албаны тухай хуульд нийцүүлж байгаа буюу Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж байгаа ажил учраас хууль тогтоомж зөрчсөн зүйл бол байхгүй. 2023, 2024 оны бүтэц орон тоон дээр Ж.*******ын цалинжуулж байсан, 2020 оноос хойш ажиллаж байсан дээр бол байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байран дээр томилж ажиллуулж байсан байдал харагддаг. Иймд ажиллуулж, цалинжуулж байсан учраас түүнийг чөлөөлж С.*******ийг ажилд авсан нь өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх бас боломжгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах, шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдсэн. Захиргааны акт бол өөрөө хуульд нийцэж гарсан учраас түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

10. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие Хөдөө Аж ахуйн их сургуулийг 2004 онд Байгаль хамгаалал, экологич мэргэжлээр төгсөж Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны албаны даргын тушаалаар 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тушаалаар Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль хамгаалагчаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Байгаль орчны тогтвортой тэнцлийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн баялгийг зөв зохистой ашиглалтад хяналт тавьж төлбөр хураамжийг төсөвт хууль дүрэм журмын хэрэгжилтийг 17 жил тасралтгүй ханган ажиллаж байна. Энэ хугацаанд ажиллахдаа 2009 онд төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч тангараг өргөж 2009 онд Байгаль орчны хүндэт жуух бичиг, 2015 онд Байгаль орчны хүндэт Жуух бичиг, 2012-2015 онуудад Завхан аймгийн Байгаль орчин, Аялал Жуулчлалын газрын байгууллагын шилдэг ажилтан 2 удаа, 2018, 2020 онуудад Завхан аймгийн хүндэт тэмдэг, Завхан аймгийн Байгаль орчин, Аялал Жуулчлалын газрын 20 жилийн хүндэт тэмдэг, 2023 онд төр захиргааны тэргүүний шилдэг ажилтан зэргээр шагнуулж ажиллаж байна. Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зарын дагуу материал бүрүүлж өгсөн. Байгаль орчин, Аялал Жуулчлалын газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12-р тушаалаар Байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 тоот захирамжаар Байгаль орчны хяналтын мэргэжилтэн гэх сул орон тоонд томилогдон ажиллаж байна. Байгаль орчин, Аялал Жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/10, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар “төрийн албаны шалгалтанд тэнцээгүй” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ба тус газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар дахин түр томилогдон ажилласан байна.

3.1 Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.*******ыг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилон ажиллуулсан ба Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагч С.*******ийг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар сэлгэн ажиллуулснаар тус Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар “сэлгэн ажиллах зарын дагуу шаардлага хангасан албан хаагч орон тоог нөхсөн тул” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

3.2 Дээрхээс үзэхэд Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ж.*******ыг Их-уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилж, 2024 оны Б/12 дугаар тушаалаар гуравдагч этгээд С.*******ийг сэлгэн ажиллуулах тушаал гаргаснаар бодит байдалд нэхэмжлэгч тухайн албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байх боловч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө”, 26.4.4/-т “байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дарга”, 26.5-д “Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролын зэрэгтэй иргэнийг томилно”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох… ”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”,  47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэжээ.

4.1 Тодруулбал; байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “энэ хуулийн 26.5-д заасан шаардлага хангасан байгаль хамгаалагч байх”-аар, байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь мөн хуулийн 26.4.4/-т зааснаар “аймгийн Байгаль орчны албаны дарга” байх бөгөөд энэхүү тохиолдолд байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрхгүй этгээд болох Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/04, 2024 оны Б/10 дугаар тушаал түүний үндэслэлд засвар оруулсан Б/16 дугаар тушаал нь илт хууль бус тул анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

4.2 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.*******ыг Их-Уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилсон тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан болох нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4/-т 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас  өмнө “байгаль хамгаалагчийг сумын Засаг дарга томилох, чөлөөлөх”, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “аймгийн Байгаль орчны албаны дарга томилох, чөлөөлөх” зохицуулалтаар тодорхойлогдож байх тул Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны Б/04, 2024 оны Б/10 дугаар тушаал илт хууль бус, гарсан өдрөөсөө эрх зүйн үйлчлэлгүй байна.

4.3 Иймд шүүхээс маргаан бүхий Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны Б/10 дугаар тушаал түүний үндэслэлд засвар оруулсан Б/16 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэх зохицуулалтын дагуу зөвхөн маргаан бүхий Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны Б/10, Б/16 дугаар тушаалыг эрх бүхий этгээд гаргасан эсэх, уг тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4/, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/10, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР