| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00912/И |
| Дугаар | 155/ШШ2024/00924 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00924
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00924 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** гэх газар оршин суух, Б Б-ын Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00912/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь талийгаач эцэг С.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний аав С-ын Б- нь 1969 онд С-ын хүү болон мэндэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажилаж байсан.
1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан.
Миний аав 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд бид төрөөс олгодог оршуулгын тэтгэмжийг авах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 36 сар төлсөн байх болзол шаардлагыг хангахгүй улсад ажиллаж байсан байдал нь тооцогдохгүй байгаагаас оршуулгын тэтгэмжийг авч чадахгүйд хүрээд байна.
Иймд миний аав С.Б-ын Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, цаа маллагчаар, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Б Б-ын Бын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын Булган багийн Засаг дарга А.Цэндсүрэнгийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2/01 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн архивын лавлагаа, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шагнах тухай 8 дугаар тушаал, хавсралтын хамт, Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаартай тушаал, 1990 оны 10 дугаар сарын 77 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хамт, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1991 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтын хуулбаруудад тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Б С-ын Б-ын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/161 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-39 дугаар хуудас, 60-70 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Г-ыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Бын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-54 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь талийгаач эцэг Б.Б-ын Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, цаа маллагчаар, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эцэг Б.Б- нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд төрөөс олгодог оршуулгын тэтгэмжийг авах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар төлсөн болзол шаардлагыг хангахгүй байгаа. тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Б С-ын Б- нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын улсын бүргэлийн ажилтан Б.Д-гийн талийгаач С.Б-ыг нас барсны бүртгэлд 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0008 дугаарт бүртгэв. гэх бичилттэй ИБД: 675505872019 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Б.Б нь талийгаач С.Б-ын төрсөн охин болох нь Б Б-ын Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.Б-ын ХААТР-1 (А) маягтын 17-д Охин Б- Б ОО88888888 гэх бичилт бүхий баримтаар тус тус тогтоогдож байна.
Нас барагч Б С-ын Б- нь Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, цаа маллагчаар, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 34 дугаартай тушаал, түүний хавсралтын 11 дугаарт нэрс гэх хэсэгт С.Б-, эрхэлдэг ажил гэх хэсэгт нормчин, улсад ажилласан жил гэх хэсэгт 1, үндсэн амралт, хоног гэх хэсэгт 15, үндсэн нэмэгдэл гэх хэсэгт 11, тасралтгүй ажилласан нэмэгдэл гэх хэсэгт :, амрах бүх хоног гэх хэсэгт 26, амарч эхлэх гэх хэсэгт 15/YI гэх гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаартай ...2.Цэрэгт явах болсон цаа маллагч Ц.А, П.П, Ч.Э, малчин Ч.О, барилгачин М.Б, С.Б-, Ө.О, Д.Б, Б.Б, Ж.Т, Ж.Ц нарыг 10 дугаар сарын 01-нээс эхлэн тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлж ажилд авах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1.Аж ахуйг хөгжүүлэх ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн нэр бүхий 12 хүнийг /Хавсралт 1/ .. тус тус шагнасугай. гэх бичилт бүхий Шагнах тухай 8 дугаар тушаал, түүний хавсралтын 36-д нэрс гэх хэсэгт С.Б-, олгох шагнал гэх хэсэгт 100 гэх бичэлт бүхий хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1.Цэргийн алба хаагаад ирсэн М.Б, С.Б-, Ж.Ц нарыг 2-р сарын 18-аас загасчнаар, ...тус тус ажиллуулсугай. гэх бичилт бүхий 115 дугаар тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 1.77-р тушаалын хавсралтад заасан ажилчдын 1990 оны ээлжийн амралтыг олгосугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай 77 дугаар тушаал түүний хавсралтын 15 дугаарт нэрс гэх хэсэгт С.Б-, албан тушаал гэх хэсэгт нормчин, амрах хоног гэх хэсэгт 26, бүх амрах хоног гэх хэсэгт 26, амарч эхлэх 1/IX гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1991 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1.Хавсралтад заасан ажилчин, албан хаагчдын 1991 оны ээлжийн амралтыг олгосугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай 65 дугаар тушаал түүний хавсралтын 4 дугаарт нэрс гэх хэсэгт С.Б-, албан тушаал гэх хэсэгт барилгачин, үндсэн амралтын хоног гэх хэсэгт 21, нэмэгдэл амралт гэх хэсэгт 3, бүх амрах хоног гэх хэсэгт 24, амралт эхлэх гэх хэсэгт 1/VIII бичилт бүхий хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
С- овогтой Б-ын Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйд ажиллаж байхдаа авч байсан 1986 оны 1-4, 6, 7, 9, 1987 оны 9, 10, 1988 оны 4, 1989 оны 11, 12, 1990 оны 1-7, 9-12, 1991 оны 4-7, 9-12, 1992 оны 1, 1993 оны 1, 3, 8, 11, 12, 1994 оны 2, 11 дүгээр саруудад тус тус авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 16-51 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Цагааннуур сумын Ан агнуур, цаа бугын аж ахуй 1991, 1992 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. гэх бичилт бүхий архивын лавлагаа (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Гэрч П.Г-ын ...Намайг Цагааннуурын Ан агнуур, цаа бугын аж ахуйд загасны цехийн мастер хийж байхад загас агнуурчнаар 1986 оноос 1987 оны 6 сар хүртэл ажиллаж байсан. Үүний дараа цэрэгт явсан. 1989 оныг хүртэл барилгачнаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна (хавтаст хэргийн 54 дугаар хуудас),
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь өөрийн төрсөн эцэг талийгаач С.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд талийгаач Б С-ын Б-ын Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, цаа маллагчаар, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.Б-ын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (A), маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Б С-ын Б-ын Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур цаа бугын аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, цаа маллагчаар, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН