| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04571/И |
| Дугаар | 182/ШШ2024/04361 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/04361
2024 10 24 182/ШШ2024/04361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э.
Хариуцагч Б.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* миний бие 20*******.03.01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулан өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 2 өрөө байраа иргэн Б.*******д 1 жилийн хугацаатай сарын 1,200,000 төгрөгөөр хөлсөлсөн. Улмаар гэрээний дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.*******д хүлээлгэн өгсөн, Б.******* нь орон сууцанд гэр бүлийн бусад гишүүний хамт тавуулаа амьдарч байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т барьцаа төлбөр 1,200,000 төгрөгийг 3 сарын хугацаатай төлөх, мөн хөлсийг сар бүр төлөх үүргээ хугацаанд нь огт биелүүлж байгаагүй, дандаа шаардуулж, нэхүүлдэг байсан. Ийнхүү хариуцагч Б.******* миний өмчлөлийн байранд 1 жил амьдарсан, гэрээний хугацаа 2024.03.01-ний өдөр дууссан боловч миний орон сууцыг бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаагаа сунгая гэхлээр зөвшөөрөхгүй, бичгээр дахиж гэрээ байгуулаагүй, орон сууцыг буцаан хүлээлгэн өгөхөөс татгалзаж, өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Мөн СӨХ-ны 20******* оны 03 сараас хойш огт төлөөгүй, ус дулааны төлбөрийг 2024 оны 02 сараас хойш төлөөгүй. Гэхдээ шаардуулж, нэхүүлж байж 2024 оны 09 сарыг хүртэл 1,200,000 төгрөгийг миний дансанд төлсөн, хөлсний ямар нэгэн тооцоо байхгүй. Гэвч орон сууцаа чөлөөлж авья гэхлээр өнөөдөр, маргааш чөлөөлнө, 14 хоногийн дараа чөлөөлнө гэж намайг хэл амаар доромжилж, янз бүрээр хэлж дураараа аашилж байна. Иймд би өөрийн орон сууцыг буцаан авахыг хүсэж байгаа, бидний хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ дахиж байгуулагдаагүй. Тийм учраас орон сууцаа чөлөөлүүлэхийг хүсэж шаардлага гаргасан. Харин энэхүү шаардлагаа орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад хариуцагч миний өмчлөлийн орон сууцыг надад бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлэхгүй, хугацаа хойшлуулж амьдарсаар байгаа учир орон сууцыг бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.*******д даалгаж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
Иргэний үнэмлэхний хуулбар, 2010.11.29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20*******.03.01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн ******* банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
|
1.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлэхийг даалгах гэж тодруулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...бидний хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1 жилийн хугацаа 2024.03.01-ний өдөр дууссан боловч хариуцагч Б.******* нь орон сууцыг буцааж өгөх үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, орон сууцны хөлсийг нэхүүлж байж төлдөг, гэрээгээ сунгаж бичгээр байгуулья гэхлээр байгуулдаггүй, орон сууцаа чөлөөлж буцаан хүлээлгэж өгөөч гэхлээр өнөөдөр, маргааш, 14 хоног гэх мэтчилэнгээр хойш тавьж өөрийн дураар асуудлыг шийдвэрлэж байгаа надад хүндрэлтэй байна, би хариуцагчийг орон сууцандаа үргэлжлүүлэн амьдруулах хүсэлгүй, тийм учраас гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг буцаан хүлээлгэн өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Ж.******* нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, мянгат //, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 49 м.кв, 2 өрөө орон сууцыг дангаар өмчилдөг байх ба, тэрээр хариуцагч Б.*******тай харилцан тохиролцож 20*******.03.01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг 2024.03.01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.******* нь орон сууцаа хариуцагч Б.*******гийн эзэмшилд хүлээлгэн өгөх, хариуцагч Б.******* нь уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж сар бүр 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д төлөх, ашиглалтын төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаанд нийцжээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд Иргэний хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаардаг онцлогтой.
3.Нэхэмжлэгч Ж.******* нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, мянгат //, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 49 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.*******гийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байх ба, хариуцагч Б.******* нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар зааснаар орон сууцыг хүлээн авч, гэр бүлийн гишүүд буюу тавуулаа амьдарч, сар бүр 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны гэх мэт төлбөр, ашиглалтын зардлыг эрх бүхий этгээдэд төлөх үүргээ хугацаа хэтрүүлж байсан ч төлж байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2‑т зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.*******гийн эзэмшилд хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Б.******* нь гэрээний хугацаа дууссан 2024.03.01-ний өдөр орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******гийн өмчлөлд буцаан хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, харин зохигчдын хооронд орон сууцны хөлсний талаар ямар нэгэн маргаангүй.
4.Нэхэмжлэгч Ж.******* нь гэрээний хугацаа дууссан 2024.03.01-ний өдөр хариуцагч Б.*******д орон сууцаа чөлөөлөхийг мэдэгдсэн байх боловч хариуцагч Б.******* нь чөлөөлж өгнө гэсээр тус орон сууцанд гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч, орон сууцыг буцаан хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан, хойшлуулсан хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгийг, хамгийн сүүлд 2024.09.20-ны өдөр 2,*******0,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж байсан ч нэхэмжлэгчийн шаардлагын дагуу түүний ******* банк ХК-ийн дансаар шилжүүлж, хохирлоо барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, түүний ******* банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон.
Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан 20*******.03.01‑ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнд тохиролцсон 1 жилийн хугацаа нь 2024.03.01-ний өдөр дуусч, Иргэний хуулийн 294.1.1‑д зааснаар гэрээний харилцаа дуусгавар болсон байхад хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дугаар зүйлийн 295.1‑д зааснаар гэрээний зүйл болсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, мянгат //, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 49 м.кв, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******д бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4‑т зааснаар орон сууцыг буцаан өгөх хугацааг хойшлуулсаар байгаа хэдий ч энэ хугацааны хөлсийг хохирол байдлаар төлсөн, хариуцагч Б.******* нь орон сууцыг чөлөөлөхийг зөвшөөрдөг боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй, амьдарсаар байгаа үйл баримт нэгэнт нотлогдсон болно.
Тиймээс нэхэмжлэгч Ж.******* нь орон сууц хөлслөх гэрээ болон Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295.1.4‑д зааснаар хариуцагч Б.*******г гэрээний зүйл болсон, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, мянгат //, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 49 м.кв, 2 өрөө орон сууцыг бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, хариуцагч Б.******* нь орон сууцыг бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй, тэрээр уг үүргээ биелүүлээгүй байна.
5.Шүүх 2024.09.20-ны өдрийн 15846 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.*******г тус шүүхэд албадан ирүүлж, түүнд 2024.09.24-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь танилцуулан 2024.10.08-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Б.******* нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иймд хариуцагч Б.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, мянгат //, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 49 м.кв, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******д бүрэн бүтэн буцаан өгөхийг хариуцагч Б.*******д үүрэг болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
6.Нэхэмжлэгч Ж.*******гийн 2024.08.05-ны өдрийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 295 дугаар зүйлийн 295.1.-д зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, мянгат //, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, 49 м.кв, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******д бүрэн бүтэн буцаан өгөхийг хариуцагч Б.*******д үүрэг болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.‑д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА