Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 24

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Л-д холбогдох эрүүгийн 1710000000218 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,  Б овогт О.Л

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Л нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... байрны орчим иргэн В.Б болон түүний найз Э.Т-г ....-.... УНХ улсын дугаартай Ниссан Тиана маркийн автомашиндаа сууж байхад нь хүргэж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж биед нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... байрны орчим хохирогч В.Б, Э.Т-г ....-.... УНХ улсын дугаартай Ниссан Тиана маркийн автомашиндаа сууж байхад нь орж ирж арын суудалд суухад нь хохирогч нар “...такси биш ээ зам дээр гараад такси барь...гэр чинь хаана юм бэ зам дагуу бол хүргээд өгье...” гэхэд “...Такси биш болохоор явдаггүй юм уу...чамд ямар хамаатай юм чамтай харьцахгүй надад таалагдахгүй байна...” гэж хэлэн маргалдаж үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч О.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч В.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны 22 цагийн үед өөрийн ....-.... УНХ улсын дугаартай Ниссан Тиана маркийн машиндаа найз Т-н хамт Хан-Уул дүүргийн ..... байрны ойролцоо сууж байтал хойд хаалгаар үл таних халамцуу 30 орчим насны эмэгтэй орж ирээд суусан. Тэгэхээр нь би такси биш ээ гэж хэлсэн. Такси биш болохоор явдаггүй юм уу гэсэн. Такси хажууханд байгаа гэж хэлээд байхад тэр эмэгтэй буухгүй суугаад байсан. Т машины урд миний хажууд сууж байсан ба танайх хаана юм зам дагуу бол дөхүүлээд өгье гэж хэлсэн. Тэр согтуу эмэгтэй чи надад таалагдахгүй байна гэж хэлсэн. Т чи буу л даа таксигаа бариад явахгүй юу даа, дөхүүлээд өгье гэж хэлээд байхад гэж хэлсэн. Тэр эмэгтэй хойноос эхлээд миний үсийг зулгаасан. Т болиулах гээд гарыг барьсан. Тэгтэл нөгөө согтуу эмэгтэй Т-н үснээс зулгаасан. Т-н үсийг тавиад миний үснээс хоёр гараараа зулгаасан. Үснээс зулгаасан байхдаа тэр эмэгтэй хоёр хөлөөрөө бид хоёрыг өшиглөөд байсан. Энэ үед би гар утсаараа цагдаа дуудсан. Тэр эмэгтэйн гарыг арай гэж тавиулсан. Ингээд 2 цагдаа ирээд нөгөө согтуу эмэгтэйг аваад явсан. Чи эмэгтэй хүн юм байж яаж байгаа юм, хүргэж өгье гэж байхад гэж хэлэхэд тэр согтуу эмэгтэй Т-н ам руу гараараа атгаад цохиод авсан...бариачаар 3 хоног бариулсан. Нэг удаа барихад 10.000 төгрөгөөр барьдаг юм билээ. Баримт өгөөгүй. Энэ мөнгийг нэхэмжлэхгүй...Зүгээр байж байгаад тэр эмэгтэйд доромжлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

            3. Хохирогч Э.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт найз Б-н Ниссан Тиана маркийн машинд сууж байхад үл таних согтуу эмэгтэй хойд хаалга онгойлгон орж ирж суусан. Б такси биш ээ зам дээр гараад такси барь гэж хэлсэн. Тэр хүүхэн такси замаас барих ёстой юм уу, хүргээд өгчих гэж хэлсэн. Би гэр чинь хаана юм бэ зам дагуу бол хүргээд өгье гэж хэлсэн. Тэр хүүхэн чамд ямар хамаатай юм чамтай харьцахгүй надад таалагдахгүй байна гэсэн. Тэгвэл буу гэж би хэлсэн. Тэгтэл тэр хүүхэн Т бид хоёрын үснээс хойноос зулгаасан. Би өөрийн үсийг арай гэж тавиулсан. Б-н үсийг тэр хүүхэн 2 гараараа зулгаасан. Би тавиулах гэсэн боловч хэцүү байсан. Б наадахаа тавиулаачээ үс мулзаллаа гэсэн. Тэр хүүхэн үс зулгаангаа хоёр хөлөөрөө бид хоёрыг хойд суудлаас өшиглөөд байсан. Б гар утсаараа цагдаа дуудсан. Тэр хүүхэн үсийг нь тавьсан ба бид нар цагдаа хүлээгээд сууцгаасан. Тэр эмэгтэй тайвширсан ба би түүнээс яагаад ингэж байгаа юм бэ, зам дагуу бол хүргээд өгье гэж хэлж байхад тэр хүүхэн ам руу гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Дээд уруулын дотор гадна хэсэг язарсан. Тэгээд 2 цагдаа ирээд нөгөө согтуу эмэгтэйг аваад явсан. Тэр хүүхнийг Б бид хоёр танихгүй. Согтуу орж ирээд агсраад байсан...Тэр эмэгтэй гэм буруугаа хүлээгээд уучлалт гуйвал гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

                        4. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №13824 тоот шинжээчийн дүгнэлт:

                                    -В.Б-н биед хүзүү, баруун шилбэний цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                                    -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                                    -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                                    -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

                                    -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 22/

            5. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №13825 тоот шинжээчийн дүгнэлт:

                                    -Э.Т-н биед дээд, доод уруулын язрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                                    -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                                    -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                                    -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

                                    -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 24/

            6. Яллагдагч О.Л-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед ганцаараа гэртээ 0,5 граммын 1 шил архи уусан. Гэрээсээ харанхуй болсон байхад нутгийн эгч Ч-тэй уулзах гээд гарсан. Тэгээд юу болсноо мэдэхгүй байна. Сэрэхэд Төмөр замын эрүүлжүүлэхэд байсан. Би хүнтэй маргалдсанаа санахгүй байна. Өглөө босоод нүүрээ харахад баруун нүдний дээд талд хөхөрсөн байсан. Бодвол хүнтэй зодолдсон байхаа...5 жилийн өмнө нөхөр Б-с салсан...Амьдралаа бодоод сэтгэлээр гутарч архи уумаар санагдаад архи уусан юм...2 хүүхэд ........ аймгийн ......... суманд ээж дээр байдаг. Ганцаараа ярих хүн байхгүй сэтгэлээр хааяа унадаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Л нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №13824, №13825 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч О.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... байрны орчим хохирогч В.Б, Э.Т нарыг ......-..... УНХ улсын дугаартай Ниссан Тиана маркийн автомашиндаа сууж байхад нь орж ирж арын суудалд суухад нь хохирогч нар “...такси биш ээ зам дээр гараад такси барь...гэр чинь хаана юм бэ зам дагуу бол хүргээд өгье...” гэхэд “...Такси биш болохоор явдаггүй юм уу...чамд ямар хамаатай юм чамтай харьцахгүй надад таалагдахгүй байна...” гэж хэлэн маргалдаж үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогч В.Б-н биед “хүзүү, баруун шилбэний цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Э.Т-н биед “дээд, доод уруулын язрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Л-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч В.Б, Э.Т нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ мөнгийг нэхэмжлэхгүй...Тэр эмэгтэй гэм буруугаа хүлээгээд уучлалт гуйвал гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 18-19/, мөн хохирогч В.Б-тэй утсаар ярьсан “...хохирогч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 64/, түүний хувийн байдал /эмэгтэй,  27 настай, ............ ХХК-д тогооч ажилтай/ зэргийг харгалзан О.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт О.Л-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт О.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Л-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  О.Л-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР