| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00323/И |
| Дугаар | 131/ШШ2015/00329 |
| Огноо | 2015-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2015/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийг 1981 онд төгсөж, Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт илгээлтээр гарч, 1993 оныг дуустал малчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр засвартай гэж нийгмийн даатгалаас үзсэн тул би архивын тасгаас 1981-1994 онуудад холбогдох баримт шүүлгэхэд 1983-1993 онуудын материал гарсан ба миний 1981 онд илгээлтээр ажилд томилогдсон тушаал гараагүй тул миний ажиллаж байсан 2 жил дутаад байна. Иймд 1981 оны 06 сараас 1993 оныг дуустал Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 99 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, ХАА-н нэгдлийн гишүүний 1980 хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, *******гийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ш.Далайн мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, 1989, 1990 оны баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь 1981 оны 06 сараас 1993 оныг дуустал Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
******* нь 1981 оны 06 дугаар сарын 01 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1983-1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймаг дахь төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэж лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 99 дугаар албан бичиг, 1981 онд илгээлтийн эзэн болж малчин болсон талаар мэдүүлсэн Нэгдэл дундын үйлдвэрийн дарга Ш.Далайн мэдүүлэг, 1982 онд малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, ажлын амжилт гаргаж 1989, 1990 онуудад шагнагдаж байсан баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* 1981 оны 06 дугаар сарын 01 ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ