| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0023/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 26
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б-т холбогдох эрүүгийн 17100120050010 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... шөнийн клубээр үйлчлүүлж байсан иргэн Л.Э-н “Самсунг Галакси Эс6” загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. шөнийн клубээр үйлчлүүлж байсан хохирогч О.Э-г текен дээр “Самсунг Галакси Эс6” загварын гар утсаа тавиад найз А.Ц-г дуудах хооронд эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/
3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/
4. Эд зүйлийн үнэлгээ: “...Samsung S6 edge” маркийн гар утас 1 ширхэг...400.000 төгрөг...” /хх-ийн 9/
5. Хохирогч О.Э-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед найз А.Ц-н Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5 буудалд байдаг гэрт нь очоод тэндээ бид хоёр байж байгаад гадагшаа гарч бааранд жаахан бүжиглэе гээд хамтдаа тэдний гэрээс гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ......... бааранд 23 цаг өнгөрч байхад бид хоёр дотогшоо ороод текен дээр суугаад тэндээ пиво захиалаад уугаад суусан. Тэр үед манай найз охин А.Ц бүжиглэхээр талбай хэсэг рүү явахаар нь би араас нь дуудахдаа өөрийн Samsung Galaxy S6 Edge Plus гар утсыг тек дээр нь тавьчихаад найз дээрээ очоод эргээд хартал миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд гар утсаа тэрүүгээр нь хайгаад ойр орчмын хүмүүсээс асууж байгаад баарны зохион байгуулагч, камерийн өрөө хэсэг дээр нь очоод гар утсаа алдчихсан талаар хэлээд камерийг шүүж үзэхэд бид хоёрын хажуухан сууж байсан өндөр нуруутай, саарал малгайтай цамцтай залуу авч гарч байгаа нь харагдсан. Ингээд би маргааш нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд өргөдөл гаргаж өгсөн...Би Samsung Galaxy S6 Edge Plus гар утсыг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв шуудангийн хойд талын Монтел гэх утасны дэлгүүрээс 400.000 төгрөгөөр худалдан авсан...Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Уг гар утсаа эргүүлж авсан. Харин миний гар утас дотор хадгалсан байсан зүйлүүдийг бүгдийг нь устгаж арилгасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
6. Гэрч А.Ц-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 14-ний орой манай гэрт найз О.Э...20 цагийн үед ирсэн юм. Тэгээд гэртээ жаахан сууж байгаад хамтдаа ....... баар оръё гээд манайхаас гараад 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... бааранд орсон. Тэндээ бид хоёр хүний 2 шилтэй пиво захиалаад тэрийгээ уугаад байж байгаад би..талбай дээр нь бүжиглэж байтал О.Э хүрч ирээд чи миний гар утсыг авсан уу гэхээр нь би үгүй гэж хэлтэл миний гар утас алга болчихлоо би текэн дээр нь тавьсан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гар утсыг нь хайгаад текний хэсэгт нэг цагаан малгайтай, цагаан цамцтай 3 номерийн Москва гэсэн бичигтэй нэг залуу байсан. Тэр залууг сэжиглээд байсан болохоор гадагшаа гараад хайгаад үзсэн чинь харагдахгүй байхаар нь тухайн баарны камерний өрөө рүү ороод камерийг шүүж үзсэн чинь нөгөө бид нарын сэжиглээд байсан залуу камерийн бичлэгээр авч байгаа бичлэг харагдсан. Тэрийг шүүлгэснийхээ дараагаар маргааш нь цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/
7. Яллагдагч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед найз Н.Д-той 3, 4 дүгээр хорооллын гэрийн үүдэнд нь уулзчихаад тэндээс гараад 10 айлын нутаг дэвсгэрт байрлах таних хүний ажиллуулдаг газар нь очоод тэндээ 1 шил архи хуваагаад уусан. Тэндээ нэг хэсэг хугацаанд хоорондоо юм ярьж байгаад 00 цагийн үед л байх Н.Д-н найз охин ирээд Н.Д-н машиныг бариад бид 3 хамтдаа ........ баар луу очоод манай найз найз охинтойгоо ярих зүйл байна гэж хэлээд машиндаа үлдэхээр нь би ганцаараа ...... баар луу орсон. Уг бааранд ганцаараа орчихоод 1 шил пиво аваад тэрийгээ уугаад зогсож байтал миний хажуу талд 2 охин бүжиглэж байгаа харагдсан. Тэгсэн харин тэр 2 охины 1 охин нь тек хэсэгт гар утсаа үлдээчихээд бүжиглэсэн бөгөөд тэр хоёр охины зогсож байгаа газар нь 2 залуу ирсэн. Тэгэхээр нь би нөгөө 2 залууг гар утсыг нь авчих юм болов уу гэж бодоод...нөгөө охины үлдээсэн гар утсыг нь авчихсан. Тэр үедээ л миний дотор муухай оргиод байхаар нь гадагшаа гараад хэсэг хугацаанд гадаа бөөлжөөд такси бариад хамаатныхаа айл руу очоод амарсан. Маргааш нь бие өвдөөд хэвтэж байсан чинь ....... баарнаас утасдаад та гарахдаа хүний утсыг аваад гарчихсан байна тэр утсаа яаралтай авчирч өг гэж хэлсэн тэгэхээр нь би ойлголоо гэж хэлээд ..... бааранд аваачиж өгсөн юм. Уг ....... бааранд орохдоо найз Н.Д-р яриулж байгаад такс төлөхгүйгээр DJ-гээр дамжуулан орсон юм. Тэгсэн харин тэр хөгжимчин залуу нь манай найз Н.Д руу яриад миний утасны дугаарыг авсан байсан...Би уг нь эзэн нь өөрөө текэн дээр үлдээчихээр нь өөрт нь өгөхөөр аваад өөрт нь өгөлгүй явчихсан байсан. Тэр үед архи уусан, согтуу байсан болохоор аваад явсан...Би буцаагаад авсан гар утсыг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... шөнийн клубээр үйлчлүүлж байсан хохирогч О.Э-г текен дээр “Самсунг Галакси Эс6” загварын гар утсаа тавиад найз А.Ц-г дуудах хооронд эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч О.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Уг гар утсаа эргүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Батзоригийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Н.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР