| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00329/И |
| Дугаар | 131/ШШ2015/00330 |
| Огноо | 2015-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2015/00330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 22 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1983 оны 6 сарын 16 ны өдрөөс Баацагаан сумын Чойбалсангийн Зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилд орсон. Ажиллаж байсан байдлаа архиваас шүүлгэхэд 1987, 1988, 1990 онуудад ажиллаж байсан баримт гарч ирээгүй. Тухайн үед хөдөлмөр өдрийн хөлс бусад шагнал урамшуулал зэргийг дандаа өрхийн тэргүүнд гэж өгдөг байсан учраас надад шагналын баримт байхгүй. Архиваас нөхрийнхөө ажиллаж байсан талаарх лавлагааг авсан.
Иймд миний 1983 оны 06 сарын 16 ны өдрөөс 1990 оныг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар *******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 05 сарын 19 ний өдрийн 276 дугаар, 2014 оны 01 сарын 23 ны өдрийн 68 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, *******ын ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж.Хүлэгийн мэдүүлэг , ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар тус тус шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь нь 1983 оны 06 дугаар сарын 16 ны өдрөөс 1990 оныг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
******* нь 1983 оны 06 дугаар сарын 16 ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1983-1989 онуудад авч байсан цалинг Баянхонгор аймаг дахь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 276 дугаар албан бичиг, *******ыг нөхрийн хамт үр бүтээлтэй сайн ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Хүлэгийн мэдүүлэг, 1985-1990 онд авч байсан ажилласан хоног, тооцсон үндсэн хөлс зэргийг нь ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт бичиж тэмдэглэсэн байдал зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* 1983 оны 06 дугаар сарын 16 ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ